Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 08
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 08 хот
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13:00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар /илтгэгч/, Д.Наранчимэг, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.
Хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Иргэн С.Номынбаясгалан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргажээ:
“Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд “өмгөөлөгч”, “прокурор”-ын мэргэжлийн үйл ажиллагааны чиг үүрэг, бүрэн эрхийг адилтган авч үзсэн нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч төрийн тусгай албан хаагч болох прокурорын суурь зарчмуудыг зөрчиж, улмаар Үндсэн хуулиар бие даасан эрх зүйн үйл ажиллагаа явуулдаг өөр өөр институт байхад Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэх малгай ойлголтын дор хамтатган зохицуулж прокурор, өмгөөлөгчийн үйл ажиллагааг нэг мэт үнэлсэн нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг илэрхийлж байна.