Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 49
(1345)
— 4647 —

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц

ЦӨМИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ КОНВЕНЦ

Удиртгал

Хэлэлцэн тохиролцогч талууд,

(i) цөмийн энергийг аюулгүй, бүрэн хяналттай, байгаль орчинд ээлтэй байдлаар ашиглах нөхцөлийг хангах нь олон улсын хамтын нийгэмлэгт чухал болохыг ухамсарлан;

(ii) дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааг өндөр түвшинд хангах асуудлыг үргэлжлүүлэн хөхиүлэн дэмжих шаардлага байгааг дахин баталж;

(iii) аливаа нэг цөмийн байгууламжийг харьяалах улс тухайн байгууламжийн цөмийн аюулгүй ажиллагааг хангах үүрэг

хариуцлагатай болохыг дахин баталж;

(iv) цөмийн аюулгүй ажиллагааны үр нөлөө бүхий соёл, ухамсарыг дэлгэрүүлэхийг эрмэлзэн;

(v) цөмийн байгууламжид гарсан осол нь хил дамнасан үр дагавартай байж болохыг ухамсарлан;

(vi) Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц (1979 он), Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц (1986 он), Цөмийн болон цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенц (1986 он)-ыг санан;

(vii) одоогийн хоёр болон олон талт механизм болон энэхүү шинэ конвенцоор дамжуулан цөмийн аюулгүй ажиллагааг бэхжүүлэх талаарх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг дахин нотолж;

(viii) энэхүү конвенц нь аюулгүй ажиллагааны нарийвчилсан стандарт гэхээсээ илүүтэй цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааны суурь зарчмуудыг мөрдөх үүргийг бий болгож байгаа бөгөөд үүний зэрэгцээ олон улсын түвшинд боловсруулсан аюулгүй ажиллагааны удирдамж, заавар (тухай бүр шинэчилж буй) нь аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангах орчин үеийн арга хэрэгслийн талаар заавар, зөвлөмжөөр хангаж болохыг хүлээн зөвшөөрч;

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

(ix) хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах хөрс суурийг бий болгоход чиглэсэн эдүгээгийн үйл хэрэг нь олон улсыг хамарсан нэгдсэн тохиролцоонд хүрсэн тохиолдолд цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах тухай олон улсын конвенцыг боловсруулах ажлыг даруй эхлүүлэх шаардлага байгааг нотлон;

(x) цөмийн түлшний циклийн бусад хэсгийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр цаашид хийх техник ажлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, энэхүү ажил нь яваандаа хүчин төгөлдөр үйлчилж буй, эсхүл ирээдүйд байгуулагдах олон улсын эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгоход дөхөм үзүүлж болохыг зөвшөөрч,

дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

1 ДҮГЭЭР БҮЛЭГ
ЗОРИЛГО, ТОДОРХОЙЛОЛТ БОЛОН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ

1 дүгээр зүйл

Зорилго

Энэхүү конвенцын зорилго нь:

(i) үндэсний арга хэмжээ болон олон улсын хамтын ажиллагаа, түүний дотор шаардлагатай үед аюулгүй ажиллагааны техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангах, тогтвортой хадгалах;

(ii) цөмийн байгууламжаас үүсэх ионжуулагч цацрагийн хортой нөлөөнөөс хувь хүн, нийгэм болон байгаль орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн аюулын эсрэг үр ашигтай хамгаалалтыг цөмийн байгууламжуудад бий болгох, хэрэгжүүлэх;

(iii) цацрагийн сөрөг үр дагавар бүхий ослоос урьдчилан сэргийлэх болон осол гарсан тохиолдолд хор уршгийг бууруулахад оршино.

2 дугаар зүйл Тодорхойлолт

Энэхүү конвенцын хүрээнд:

(i) “цөмийн байгууламж” гэж энэхүү конвенцын Хэлэлцэн тохиролцогч тал бүрийн хувьд түүний харьяалалд байгаа, газрын хөрсөн дээр байрлах энхийн зориулалттай цөмийн цахилгаан станц,

түүнчлэн тухайн цөмийн цахилгаан станцын үйл ажиллагаатай шууд холбоотой, түүнтэй нэг талбайд байрлах цацраг идэвхт материалыг хадгалах, бэлтгэх болон боловсруулах байгууламжийг хэлнэ. Реакторын голомтоос цөмийн түлшний бүх элементийг бүрмөсөн тусгаарлаж, тогтоосон журмын дагуу аюулгүй болгон хадгалсан бөгөөд тухайн станцыг ашиглалтаас гаргах хөтөлбөрийг зохицуулагч байгууллагаас зөвшөөрсөн нөхцөлд тухайн станц нь цөмийн байгууламж гэж тооцогдохоо болино.

(ii) “зохицуулагч байгууллага” гэж энэхүү конвенцын Хэлэлцэн тохиролцогч тал бүрийн хувьд тусгай зөвшөөрөл олгох болон цөмийн байгууламжийг барих газрыг сонгох, зураг төсөл

боловсруулах, барьж байгуулах, ашиглалтад оруулах, ажиллуулах, эсхүл ашиглалтаас гаргах асуудлыг зохицуулах хууль ёсны бүрэн эрхийг Хэлэлцэн тохиролцогч тухайн талаас олгосон байгууллага, эсхүл байгууллагуудыг хэлнэ.

(iii) “тусгай зөвшөөрөл” гэж цөмийн байгууламжийг барих газрыг сонгох, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглалтад оруулах, ажиллуулах, эсхүл ашиглалтаас гаргах үүрэг, хариуцлагыг хүлээлгэхээр өргөдөл гаргагчид зохицуулагч байгууллагаас олгосон аливаа зөвшөөрлийг хэлнэ.

3 дугаар зүйл Үйлчлэх хүрээ

Энэхүү конвенц нь цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг

хангахад үйлчилнэ.

2 ДУГААР БҮЛЭГ
ҮҮРЭГ

(а). Ерөнхий заалт

4 дүгээр зүйл

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэлэлцэн тохиролцогч тал бүр үндэснийхээ хууль тогтоомжийн

хүрээнд энэхүү конвенцын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхэд

шаардлагатай эрх зүйн, зохицуулалтын болон захиргааны арга хэмжээ болоод шаардлагатай бусад алхмыг авч хэрэгжүүлнэ.

5 дугаар зүйл

Тайлан

Хэлэлцэн тохиролцогч тал бүр энэхүү конвенцын 20 дугаар зүйлд

заасан хурал бүрийн өмнө конвенцын дагуу хүлээсэн үүрэг нэг бүрийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг хянуулахаар хүргүүлнэ.

6 дугаар зүйл

Ашиглаж буй цөмийн байгууламж

Хэлэлцэн тохиролцогч тал бүр энэхүү конвенц тухайн талын хувьд

хүчин төгөлдөр болох үед өөрийн ашиглаж буй цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг аль болох хурдан хянаж үнэлэх чиглэлээр зохих арга хэмжээг авна.

Энэхүү конвенцын зорилгыг хангах хүрээнд шаардлагатай бол

Хэлэлцэн тохиролцогч тал цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг шинэчлэх үүднээс хэрэгжүүлж болох бүхий л сайжруулалтын арга хэмжээг яаралтай хэрэгжүүлнэ. Хэрэв ийм шинэчлэлийг хийх боломжгүй бол тухайн цөмийн байгууламжийг хаах төлөвлөгөөг аль болох хурдан хэрэгжүүлнэ. Байгууламжийг хаах цаг хугацааг тодорхойлохдоо эрчим хүчний цогц асуудал, боломжит бусад хувилбар болоод түүнийг хааснаас үүдэн гарах байгаль орчин болон нийгэм, эдийн засгийн үр нөлөө зэргийг харгалзан үзэж болно.

(б). Хууль тогтоомж болон зохицуулалт

7 дугаар зүйл

Эрх зүйн болон зохицуулалтын тогтолцоо

1.Хэлэлцэн тохиролцогч тал бүр цөмийн байгууламжийн аюулгүй

ажиллагааг хангах харилцааг зохицуулсан эрх зүйн болон зохицуулалтын тогтолцоог бий болгож хэрэгжүүлнэ.

2.Эрх зүйн болон зохицуулалтын тогтолцоо нь дараах

зохицуулалтыг агуулсан байна. Үүнд:

(i) аюулгүй ажиллагааг хангахад тавигдах үндэсний

шаардлага болон дүрэм, журмыг бий болгосон байх;

(ii) цөмийн байгууламжийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ажиллуулах болон тусгай зөвшөөрөлгүйгээр

ажиллуулахыг хориглосон тогтолцоог бүрдүүлсэн байх;

(iii) холбогдох дүрэм, журам болон тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор цөмийн байгууламжид зохицуулагч

байгууллагын хяналт шалгалт, үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлсэн байх;

(iv) холбогдох дүрэм, журам болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, түүний дотор тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх, өөрчлөх, эсхүл хүчингүй болгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлдэг байх.

8 дугаар зүйл

Зохицуулагч байгууллага

1.Хэлэлцэн тохиролцогч тал бүр 7 дугаар зүйлд заасан эрх зүйн

болон зохицуулалтын тогтолцооны хэрэгжилтийг хангаж ажиллах чиг үүрэг бүхий зохицуулагч байгууллагыг шинээр байгуулах, эсхүл томилох бөгөөд хүлээсэн чиг үүргээ биелүүлэхэд нь шаардагдах хангалттай хэмжээний эрх мэдэл, чадавх, санхүүгийн болон хүний нөөцөөр хангана.

2.Хэлэлцэн тохиролцогч тал бүр зохицуулагч байгууллага болон

цөмийн эрчим хүчийг ашиглах, эсхүл ашиглахыг дэмжих зорилготой аливаа бусад байгууллагын чиг үүргийг хооронд нь сайтар зааглахад чиглэсэн арга хэмжээ авна.

9 дүгээр зүйл

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг, хариуцлага

Хэлэлцэн тохиролцогч тал бүр цөмийн байгууламжийн аюулгүй

ажиллагааг хангах үндсэн үүргийг холбогдох тусгай зөвшөөрлийг эзэмшигч хүлээдэг байх, түүнчлэн тэдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч бүр хүлээсэн үүргээ биелүүлдэг байх нөхцөлийг хангахад чиглэсэн зохих арга хэмжээг авна.

(в). Аюулгүй ажиллагаатай холбоотой ерөнхий асуудал

10 дугаар зүйл

Аюулгүй ажиллагааг тэргүүн ээлжид хангах

Хэлэлцэн тохиролцогч тал бүр цөмийн байгууламжтай шууд

холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй бүх байгууллага цөмийн аюулгүй ажиллагааг тэргүүн ээлжид хангах бодлого боловсруулж мөрдөх нөхцөлийг хангахад чиглэсэн зохих арга хэмжээг авна.

11 дүгээр зүйл

Санхүүгийн болон хүний нөөц

1.Хэлэлцэн тохиролцогч тал бүр цөмийн байгууламж нэг бүрийн

ашиглалтын хугацааны туршид тэдгээрийн аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай санхүүгийн хүрэлцэхүйц нөөцтэй байх нөхцөлийг хангахад чиглэсэн зохих арга хэмжээг авна.

2.Хэлэлцэн тохиролцогч тал бүр цөмийн байгууламж нэг бүрийн

ашиглалтын хугацааны туршид тэдгээрийн аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой бүх үйл ажиллагаанд шаардлагатай зохих түвшний боловсрол эзэмшсэн, сургалт болон дахин сургалтад хамрагдсан хүрэлцэхүйц тооны мэргэжлийн боловсон хүчинтэй байх нөхцөлийг хангахад чиглэсэн зохих арга хэмжээг авна.

12 дугаар зүйл

Хүний хүчин зүйл

Хэлэлцэн тохиролцогч тал бүр цөмийн байгууламж нэг бүрийн

ашиглалтын хугацааны туршид хүний ажил гүйцэтгэх хүчин чадал болон түүний хэмжээ хязгаарыг харгалзан үзэх нөхцөлийг хангахад чиглэсэн зохих арга хэмжээг авна.

13 дугаар зүйл

Чанарын баталгаа

Хэлэлцэн тохиролцогч тал бүр цөмийн байгууламж нэг бүрийн

ашиглалтын хугацааны туршид цөмийн аюулгүй ажиллагааг хангахад ач холбогдолтой бүх үйл ажиллагаанд тавигдах тодорхой шаардлагуудыг дагаж биелүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор чанарын баталгааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд чиглэсэн зохих арга хэмжээг авна.

14 дүгээр зүйл

Аюулгүй ажиллагааны үнэлгээ хийх, баталгаажуулах

Хэлэлцэн тохиролцогч тал бүр дараах нөхцөлийг хангахад

чиглэсэн зохих арга хэмжээг авна. Үүнд:

(i) цөмийн байгууламжийг барьж байгуулах, түүнийг ашиглалтад оруулахын өмнө болон ашиглалтын хугацааны туршид аюулгүй ажиллагааны иж бүрэн, системтэй үнэлгээ хийх. Ийм үнэлгээг сайтар баримтжуулах шаардлагатай бөгөөд үйл ажиллагааны явцад хуримтлуулсан туршлага болон аюулгүй ажиллагаанд ач холбогдолтой шинэ мэдээллийг харгалзан тогтмол шинэчлэх ба

түүнийг зохицуулагч байгууллагын зүгээс эрх мэдлийнхээ хүрээнд хянаж байх.

(ii) цөмийн байгууламжийн биет байдал, түүний үйл ажиллагаа нь зураг төсөл, аюулгүй ажиллагааны холбогдох үндэсний шаардлагууд болон үйл ажиллагааны нөхцөл, хориг хязгаарлалтад нийцэж буй эсэхийг судалгаа шинжилгээ явуулах, туршилт, шалгалт хийх замаар тогтоож баталгаажуулах.

15 дугаар зүйл

Цацрагийн хамгаалалт

Хэлэлцэн тохиролцогч тал бүр цөмийн байгууламжийн үйл

ажиллагааны бүхий л үе шатанд тухайн байгууламжаас тэнд ажиллагсад болон хүн амд үзүүлэх цацрагийн шарлагыг байж болохуйц хамгийн бага хэмжээнд байлгах, нэг ч хүн үндэсний стандартаар тогтоосон тунгийн хязгаараас хэтэрсэн цацрагийн нөлөөнд өртөхгүй байх нөхцөлийг хангахад чиглэсэн зохих арга хэмжээг авна.

16 дугаар зүйл

Ослын үеийн бэлэн байдал

1.Хэлэлцэн тохиролцогч тал бүр ослын үед голомт дээр болон

байгууламжийн гадна хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамарсан ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, цөмийн байгууламжид тогтмол туршиж байх нөхцөлийг хангахад чиглэсэн зохих арга хэмжээг Хэлэлцэн тохиролцогч тал бүр авна.

Цөмийн аливаа шинэ байгууламж бүрд уг төлөвлөгөөг

боловсруулж, тус байгууламжийг ажиллуулж эхлэхийн өмнө зохицуулагч байгууллагаас тогтоосон эрчим хүчний доод түвшнээс илүү утгад турших шаардлагатай.

2.Цацрагийн осолд өртөх магадлалтай байвал цөмийн

байгууламжийн хөрш зэргэлдээ орших өөрийн хүн ам болон эрх бүхий байгууллагуудыг ослын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө болон авах хариу арга хэмжээний талаар зохих мэдээллээр хангахад чиглэсэн зохих арга хэмжээг Хэлэлцэн тохиролцогч тал бүр авна.

3.Өөрийн нутаг дэвсгэр дээр цөмийн байгууламжгүй Хэлэлцэн

тохиролцогч талууд түүний хөрш зэргэлдээ орших цөмийн байгууламжид үүссэн цацрагийн осолд өртөх магадлалтай байвал ослын үед өөрийн нутаг дэвсгэрт авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамарсан арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, турших чиглэлээр зохих арга хэмжээг авна.

(г). Байгууламжийн аюулгүй ажиллагаа

17 дугаар зүйл Байршил сонгох

Хэлэлцэн тохиролцогч тал бүр дараах нөхцөлийг хангахад

чиглэсэн зохих журмуудыг бий болгож, хэрэгжүүлэхэд чиглэсэн зохих арга хэмжээг авна. Үүнд:

(i) цөмийн байгууламжийн ашиглалтын хугацаанд түүний аюулгүй ажиллагаанд нөлөөлж болзошгүй байршилтай холбоотой бүх хүчин зүйлийг үнэлж тооцоолох;

(ii) шинээр барих цөмийн байгууламжийн хувь хүн, нийгэм болон байгаль орчинд учруулж болзошгүй аюулгүй ажиллагааны нөлөөллийг үнэлж тооцоолох;

(iii) цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг тогтмол хангах үүднээс (I) болон (II) заалтад дурдсан бүх хүчин зүйлийг дахин үнэлж тооцоолох;

(iv) шинээр барих цөмийн байгууламж нь түүний хөрш зэргэлдээ орших Хэлэлцэн тохиролцогч талуудад нөлөөлж болзошгүй учир тухайн Хэлэлцэн тохиролцогч талуудтай зөвлөлдөх, хүсэлт гаргасан тохиолдолд тэдгээр талуудыг шаардлагатай мэдээллээр хангаж, уг байгууламжаас нутаг дэвсгэрт нь үзүүлж болзошгүй аюулгүй байдлын нөлөөллийг үнэлж тооцоолох боломжийг олгох.

18 дугаар зүйл

Зураг төсөл боловсруулах болон барьж байгуулах

Хэлэлцэн тохиролцогч тал бүр дараах нөхцөлийг хангахад

чиглэсэн зохих арга хэмжээг авна. Үүнд:

(i) цөмийн байгууламжийн зураг төсөл боловсруулах болон

барьж байгуулахдаа ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд цацрагийн үр дагаврыг бууруулах үүднээс цацраг идэвхт материалын тархалтын эсрэг тодорхой үе шатлалтайгаар авах хамгаалалтын хэд хэдэн найдвартай арга хэрэгсэл (нарийвчилсан хамгаалалт)-ийг төлөвлөж бий болгох;

(ii) цөмийн байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж

байгуулахад ашиглах технологи нь туршлагаар батлагдсан, эсхүл туршилт болон дүн шинжилгээгээр шаардлага хангасан байх;

(iii) цөмийн байгууламжийн зураг төсөл нь байгууламжийг найдвартай, тогтвортой, хялбар удирдаж ажиллуулдаг байхаар хийгдсэн байх бөгөөд чингэхдээ хүний хүчин зүйл болон хүн төхөөрөмжтэй хялбар харьцах боломжтой байхад тусгайлан анхаарч тооцсон байх.

19 дүгээр зүйл

Байгууламжийг ажиллуулах

Хэлэлцэн тохиролцогч тал бүр дараах нөхцөлийг хангахад

чиглэсэн зохих арга хэмжээг авна. Үүнд:

(i) цөмийн байгууламжийг ажиллуулах анхны зөвшөөрлийг тус байгууламж зураг төсөл болон аюулгүй ажиллагааны шаардлагад нийцсэн эсэхийг нотолсон зохих аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ болон ашиглалтад оруулах хөтөлбөрт үндэслэж олгодог байх;

(ii) аюулгүй ажиллагааны дүн шинжилгээ, туршилт болон үйл ажиллагааны туршлагад үндэслэн үйл ажиллагааны нөхцөл, зааг хязгаарыг тодорхойлж, шаардлагатай бол үйл ажиллагааны аюулгүйн хэмжээ заагийг тогтоох үүднээс хянан шинэчилж байх;

(iii) цөмийн байгууламжийг ажиллуулах, ашиглах, хяналт шалгалт хийх болон турших ажиллагааг тогтоосон журмын дагуу явуулах;

(iv) үйл ажиллагаанд гарч болзошгүй эрсдэл болон ослын эсрэг авах хариу арга хэмжээний журмыг бий болгох;

(v) цөмийн байгууламжийн ашиглалтын хугацааны туршид

түүний аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой бүх салбарт шаардлагатай инженер, техникийн нөөцтэй байх;

(vi) тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд нь аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тохиолдлын талаар хяналтын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж байх;

(vii) үйл ажиллагааны туршлага хуримтлуулж, түүнд дүн шинжилгээ хийхэд чиглэсэн хөтөлбөр боловсруулах, түүний дүнд олж авсан үр дүн болон гарсан дүгнэлтийн мөрөөр арга хэмжээ авах, мөн хүчин төгөлдөр үйлчилж буй механизмаар дамжуулан олон улсын байгууллага, холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бусад байгууллага болон зохицуулагч байгууллагатай чухал ач холбогдолтой туршлагын талаар хуваалцах;

(viii) цөмийн байгууламжийн үйл ажиллагаанаас гарах цацраг идэвхт хаягдлыг цацрагийн түвшин болон овор хэмжээний хувьд практикт байж болохуйц хамгийн бага түвшинд барьж байх, цөмийн байгууламжийн үйл ажиллагаатай шууд холбоотой, тухайн байгууламж байрлаж буй газарт байгаа ашигласан түлш болон хаягдлыг хадгалах, аливаа шаардлагатай боловсруулалт хийхэд тэдгээрийг зохистой төлөвт оруулах болон булшлах асуудлыг харгалзан үзэх.

3 ДУГААР БҮЛЭГ
ХЭЛЭЛЦЭН ТОХИРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ХУРАЛ

20 дугаар зүйл

Тайлан хэлэлцэх хурал

1.Хэлэлцэн тохиролцогч талууд 5 дугаар зүйлд заасны дагуу

хүргүүлсэн тайланг 22 дугаар зүйлийн дагуу баталсан журмын дагуу хэлэлцэх зорилгоор хурал (цаашид “Тайлан хэлэлцэх хурал” гэх) зохион байгуулна.

2.Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд, тайлан хэлэлцэх хурлын

үеэр тайланд туссан тодорхой асуудлыг хэлэлцэх зорилгоор Хэлэлцэн тохиролцогч талуудын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын дэд хэсгийг 24 дүгээр зүйлийн заалтыг харгалзан байгуулж, ажиллуулж болно.

3.Хэлэлцэн тохиролцогч тал бүр бусад талаас ирүүлсэн тайланг

хэлэлцэх, тайлангийн талаар тодруулга авах бодит боломжоор хангагдана.

21 дүгээр зүйл

Хуваарь

1.Хэлэлцэн тохиролцогч талуудын бэлтгэл хурлыг энэхүү конвенц

хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор зохион байгуулна.

2.Энэхүү бэлтгэл хурлаар Хэлэлцэн тохиролцогч талууд тайлан

хэлэлцэх анхны хурлын товыг тогтооно. Тайлан хэлэлцэх анхны хурлыг аль болох богино хугацааны дотор, гэхдээ энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гучин сараас хэтрэхгүй хугацааны дотор зохион байгуулна.

3.Тайлан хэлэлцэх хурал хийх бүрд Хэлэлцэн тохиролцогч талууд

дараагийн хурлын товыг тогтооно. Тайлан хэлэлцэх хурал хоорондын хугацаа нь гурван жилээс хэтрэхгүй байна.

22 дугаар зүйл

Үйл ажиллагааны зохицуулалт

1. 21 дүгээр зүйлд заасны дагуу хуралдсан бэлтгэл хурлаар

Хэлэлцэн тохиролцогч талууд Үйл ажиллагааны дүрэм болон Санхүүгийн дүрмээ боловсруулж, санал нэгтэйгээр батална. Хэлэлцэн тохиролцогч талууд Үйл ажиллагааны дүрэмд нийцүүлэн дараах зүйлсийг тусгайлан тогтооно. Үүнд:

(i) 5 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлэх тайлангийн хэлбэр, бүтцийн талаарх зааварчилгаа;

(ii) тэрхүү тайланг хүргүүлэх өдөр;

(iii) тэрхүү тайланг хэлэлцэх үйл ажиллагааны дэг.

2.Шаардлагатай тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч талууд тайлан

хэлэлцэх хурлаар дээрх (i)-(iii) заалтын дагуу тогтоосон зохицуулалтыг дахин хянан хэлэлцэж болох бөгөөд Үйл ажиллагааны дүрэмд өөрөөр заагаагүй бол санал нэгтэйгээр шинэчлэн баталж болно. Түүнчлэн Үйл ажиллагааны дүрэм болон Санхүүгийн дүрэмд санал нэгтэйгээр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

23 дугаар зүйл

Ээлжит бус хурал

Хэлэлцэн тохиролцогч талуудын ээлжит бус хурлыг:

i. хуралд оролцож, санал өгсөн Хэлэлцэн тохиролцогч талуудын олонхын саналаар ээлжит бус хурал хийхээр тохиролцсон бол /үүнд, санал өгөхөөс татгалзсаныг санал өгсөнд тооцно/; эсхүл

ii. Хэлэлцэн тохиролцогч аль нэг талаас ээлжит бус хурал хийх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг 28 дугаар зүйлд заасан Нарийн бичгийн дарга нарын газар Хэлэлцэн тохиролцогч талуудад мэдэгдсэн бөгөөд Хэлэлцэн тохиролцогч талуудын олонх нь хүсэлтийг дэмжиж буйгаа мэдэгдсэн тохиолдолд хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш зургаан сарын дотор хуралдуулна.

24 дүгээр зүйл Хуралд оролцох

1.Хэлэлцэн тохиролцогч тал бүр Хэлэлцэн тохиролцогч талуудын

хуралд оролцох бөгөөд тухайн талыг төлөөлөн нэг төлөөлөгч хуралд оролцоно. Шаардлагатай тохиолдолд түүнтэй адилтгах бусад төлөөлөгчид, мэргэжилтнүүд болон зөвлөхүүд оролцож болно.

2.Хэлэлцэн тохиролцогч талууд санал нэгтэйгээр шийдвэрлэсэн

тохиолдолд энэхүү конвенцоор зохицуулсан асуудал эрх хэмжээнд нь хамаарах Засгийн газар хоорондын аливаа байгууллагыг аливаа хурал, эсхүл тусгай хуралд ажиглагчаар оролцохыг урьж болно. Ажиглагч нь 27 дугаар зүйлийн заалтуудыг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр урьдчилан мэдэгдэх шаардлагатай.

25 дугаар зүйл

Тайлангийн дүгнэлт

Хэлэлцэн тохиролцогч талууд хурлаар хэлэлцсэн асуудал болон

хүрсэн дүгнэлтийг тусгасан баримт бичгийг санал нэгтэйгээр батлах ба тухайн баримт бичгийг олон нийтэд нээлттэй байлгана.

26 дугаар зүйл

Хэл

1.Үйл ажиллагааны дүрэмд өөрөөр заагаагүй бол Хэлэлцэн

тохиролцогч талуудын хурлын хэл нь араб, хятад, англи, франц, орос болон испани хэл байна.

2. 5 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлсэн тайланг түүнийг

хүргүүлсэн Хэлэлцэн тохиролцогч талын албан ёсны хэлээр, эсхүл Үйл ажиллагааны дүрмээр тохирох тодорхой нэг хэлээр боловсруулна. Тайланг /Үйл ажиллагааны дүрэмд/ заасан тодорхой нэг хэлээр бус, Хэлэлцэн тохиролцогч талын албан ёсны хэлээр боловсруулсан бол тухайн Хэлэлцэн тохиролцогч тал тайлангийн тохиролцсон хэл дээрх орчуулгыг хүргүүлнэ.

3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас үл хамааран, Нарийн

бичгийн дарга нарын газар нь хурлын бусад хэлээр боловсруулж ирүүлсэн тайланг тодорхой тохиролцсон хэлнээ орчуулах ажлыг төлбөртэйгээр гүйцэтгэж болно.

27 дугаар зүйл

Нууцлал

1.Энэхүү конвенцын заалтууд нь Хэлэлцэн тохиролцогч талуудын

дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу эдлэх буюу хүлээх, мэдээллийг задруулахаас хамгаалах эрх, үүргийг хөндөхгүй. Энэ зүйлийг тодорхой болгох зорилгоор “мэдээлэл” гэдэгт (i) хувийн мэдээлэл, (ii) оюуны өмчийн эрхээр, эсхүл үйлдвэрлэлийн болон худалдааны нууцлалын хүрээнд хамгаалагдсан мэдээлэл болон (iii) үндэсний аюулгүй байдал, эсхүл цөмийн материал болон цөмийн байгууламжийн биет хамгаалалттай холбоотой мэдээлэл зэрэг багтана.

2.Энэхүү конвенцын хүрээнд Хэлэлцэн тохиролцогч аль нэг талаас

энэ зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсны дагуу хамгаалагдсан мэдээлэл гэж тодорхойлон аливаа мэдээллийг гаргаж өгсөн тохиолдолд уг мэдээллийг зөвхөн тухайн гаргаж өгсөн зорилгоор ашиглах бөгөөд түүний нууцлалд хүндэтгэлтэй хандана.

3.Хэлэлцэн тохиролцогч талуудын тайлан хэлэлцэх хурал бүрийн

үеэр өрнөсөн хэлэлцүүлгийн агуулга нууц байна.

28 дугаар зүйл

Нарийн бичгийн дарга нарын газар

1.Олон улсын атомын энергийн агентлаг (цаашид “Агентлаг” гэх)

нь Хэлэлцэн тохиролцогч талуудын хурлын хувьд Нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг гүйцэтгэнэ.

2.Нарийн бичгийн дарга нарын газар нь:

(i) Хэлэлцэн тохиролцогч талуудын хурлыг хуралдуулах, бэлтгэл ажлыг хангах болон хурлын үеэрх үйлчилгээг хариуцах;

(ii) энэхүү конвенцын заалтын дагуу хүлээн авсан,

эсхүл боловсруулж бэлтгэсэн мэдээллийг Хэлэлцэн тохиролцогч талуудад хүргэх үүргийг гүйцэтгэнэ.

Дээрх (i) болон (ii) заалтад заасан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан

Агентлагаас гаргасан зардлыг Агентлаг өөрийн төсвийн хүрээнд хариуцна.

3.Хэлэлцэн тохиролцогч талууд санал нэгтэйгээр Хэлэлцэн

тохиролцогч талуудын хурлыг дэмжиж бусад үйлчилгээ үзүүлэхийг Агентлагаас хүсэж болно. Агентлаг нь тухайн үйлчилгээг хэрэв боломжтой бол өөрийн хөтөлбөр болон батлагдсан төсвийн хүрээнд үзүүлж болно. Хэрэв тийм боломжгүй бол Агентлаг тухайн үйлчилгээг бусад эх үүсвэрээс авах сайн дурын санхүүжилтийн үндсэн дээр үзүүлж болно.

4 ДҮГЭЭР БҮЛЭГ
ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ БОЛОН БУСАД ЗОХИЦУУЛАЛТ

29 дүгээр зүйл

Маргаан шийдвэрлэх

Энэхүү конвенцыг тайлбарлах, эсхүл хэрэгжүүлэхтэй

холбоотойгоор хоёр буюу түүнээс дээш Хэлэлцэн тохиролцогч талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд Хэлэлцэн тохиролцогч талууд тухайн

маргааныг шийдвэрлэх зорилгоор Хэлэлцэн тохиролцогч талуудын хурлын хүрээнд зөвлөлдөнө.

30 дугаар зүйл

Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн

зөвшөөрөх, батлах, нэгдэн орох

1.Энэхүү конвенцод Вена хотод байрлах Агентлагийн төв байранд

1994 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн түүнийг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд бүх улс гарын үсэг зурахад нээлттэй байна.

2.Энэхүү конвенцод гарын үсэг зурсан улс түүнийг соёрхон батлах,

хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах үүрэгтэй.

3.Энэхүү конвенцод түүнийг хүчин төгөлдөр болсноос хойш бүх

улс нэгдэн ороход нээлттэй байна.

4. (i) Гишүүнчлэл нь тусгаар улсуудаас бүрдэх, энэхүү конвенцоор зохицуулсан асуудлаар олон улсын хэлэлцээр байгуулах хэлэлцээ хийх, байгуулах, хэрэгжүүлэх эрх хэмжээ бүхий бүс нутгийн нэгдлийн буюу бусад төрлийн байгууллага энэхүү конвенцод гарын үсэг зурах, эсхүл нэгдэн ороход нээлттэй байна.

(ii) Тэдгээр байгууллага нь эрх хэмжээнийхээ хүрээнд энэхүү конвенцын дагуу Оролцогч Улсуудын хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагыг өөрийн нэрийн өмнөөс эдэлж, хэрэгжүүлнэ.

(iii) Энэхүү конвенцод нэгдэн орох үедээ тэрхүү байгууллага нь аль улс тухайн байгууллагын гишүүн болох, тус байгууллагын хувьд энэхүү конвенцын аль заалт үйлчлэх болон тэдгээр заалтаар зохицуулсан салбар дахь тухайн байгууллагын эрх хэмжээний талаар тусгасан мэдэгдлийг 34 дүгээр зүйлд заасан Эх хадгалагчид хүргүүлнэ.

(iv) Тэрхүү байгууллага нь өөрийн гишүүн улсуудын саналын эрхээс гадна нэмэлт санал өгөх эрхгүй байна.

5.Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн

орсон тухай батламж жуух бичгийг Эх хадгалагчид хадгалуулна.

31 дүгээр зүйл

Хүчин төгөлдөр болох

1.Энэхүү конвенц нь түүнийг соёрхон баталсан, хүлээн

зөвшөөрсөн, эсхүл баталсан тухай хорин хоёр дахь батламж жуух бичгийг Эх хадгалагч хүлээн авсан өдрөөс хойш ер дэх өдөр хүчин төгөлдөр

болно. Чингэхдээ эдгээр хорин хоёр батламж жуух бичгийн арван долоо нь цөмийн реакторын голомт нь критик утгандаа хүрч ажилладаг доод тал нь нэг цөмийн байгууламж бүхий улсуудаас ирсэн байх ёстой.

2.Энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан нөхцөлийг хангахад

шаардлагатай сүүлийн батламж жуух бичгийг хүлээн авсан өдрөөс хойш энэхүү конвенцыг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон улс, эсхүл бүс нутгийн нэгдлийн буюу бусад төрлийн байгууллагын хувьд энэхүү конвенц нь тухайн улс, эсхүл байгууллага зохих батламж жуух бичгээ Эх хадгалагчид хадгалуулсан өдрөөс хойш ер дэх өдөр хүчин төгөлдөр болно.

32 дугаар зүйл

Конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах

1.Хэлэлцэн тохиролцогч аливаа тал энэхүү конвенцод нэмэлт,

өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг тайлан хэлэлцэх хурал, эсхүл ээлжит бус хурлаар хэлэлцэнэ.

2.Санал болгосон аливаа нэмэлт, өөрчлөлтийн бичвэр болон

нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлийг Эх хадгалагчид хүргүүлнэ. Эх хадгалагч нь тухайн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Хэлэлцэн тохиролцогч талуудад шуурхай тараах бөгөөд чингэхдээ тухайн асуудлыг хэлэлцэх хурал болохоос дор хаяж ер хоногийн өмнө тараасан байх шаардлагатай. Тухайн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан ирүүлсэн аливаа саналыг Эх хадгалагч Хэлэлцэн тохиролцогч талуудад тараана.

3.Хэлэлцэн тохиролцогч талууд нэмэлт, өөрчлөлтийн төслийг

хэлэлцсэний үндсэн дээр тухайн нэмэлт, өөрчлөлтийг батлах эсэх асуудлыг санал нэгтэйгээр шийдвэрлэх бөгөөд тийнхүү санал нэгтэйгээр шийдвэрлэж чадахгүй тохиолдолд уг асуудлыг Дипломат зөвлөгөөнөөр хэлэлцүүлэх эсэх шийдвэрийг гаргана. Нэмэлт, өөрчлөлтийн төслийг Дипломат зөвлөгөөнөөр хэлэлцүүлэх шийдвэрийг тухайн хуралд оролцож, саналаа өгсөн Хэлэлцэн тохиролцогч талуудын гуравны хоёрын саналаар гаргах бөгөөд чингэхдээ тухайн хурлаар санал хураах үед Хэлэлцэн тохиролцогч бүх талын талаас доошгүй хувь нь оролцсон байх ёстой. Санал өгөхөөс татгалзсаныг санал өгсөнд тооцно.

4.Энэхүү конвенцод оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг

хэлэлцэж, батлах Дипломат зөвлөгөөнийг Эх хадгалагч зарлан хуралдуулах бөгөөд чингэхдээ энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу зохих шийдвэр гарснаас хойш нэг жилийн дотор хуралдуулна. Дипломат зөвлөгөөн нь тухайн нэмэлт, өөрчлөлтийг аль болох санал нэгтэйгээр батлах нөхцөлийг хангахад чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээг авна. Хэрэв санал нэгтэйгээр баталж чадахгүй бол Хэлэлцэн тохиролцогч бүх талын гуравны хоёрын саналаар нэмэлт, өөрчлөлтийг батална.

5.Хэлэлцэн тохиролцогч талууд энэ зүйлийн 3 болон 4 дэх хэсэгт

заасны дагуу баталсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл батламжлах бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл батламжилсан Хэлэлцэн тохиролцогч талын хувьд Хэлэлцэн тохиролцогч талуудын дөрөвний гурав нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл батламжилсан тухай батламж жуух бичгээ Эх хадгалагчид хүргүүлсэн өдрөөс хойш ер дэх өдөр хүчин төгөлдөр болно. Нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа уг нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл батламжилсан Хэлэлцэн тохиролцогч талын хувьд нэмэлт, өөрчлөлт нь тухайн тал энэ тухай батламж жуух бичгээ Эх хадгалагчид хүргүүлсэн өдрөөс хойш ер дэх өдөр хүчин төгөлдөр болно.

33 дугаар зүйл

Цуцлах

1.Хэлэлцэн тохиролцогч аливаа тал Эх хадгалагчид бичгээр

мэдэгдэл хүргүүлэх замаар энэхүү конвенцыг цуцалж болно.

2.Ийнхүү цуцлах нь энэ тухай мэдэгдлийг Эх хадгалагч хүлээн

авсан өдрөөс хойш нэг жилийн дараа, эсхүл мэдэгдэлд тусгайлан заасан түүнээс хойшхи өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

34 дүгээр зүйл Эх хадгалагч

1.Агентлагийн Ерөнхий захирал нь энэхүү конвенцын Эх хадгалагч

байна.

2.Эх хадгалагч нь Хэлэлцэн тохиролцогч талуудыг дараах

мэдээллээр хангана. Үүнд:

(i) 30 дугаар зүйлд заасны дагуу энэхүү конвенцод гарын үсэг зурсан тухай болон түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг хүлээн авсан тухай;

(ii) 31 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болох өдөр;

(iii) 33 дугаар зүйлд заасны дагуу гаргасан энэхүү конвенцыг цуцлах тухай мэдэгдэл болон тухайн цуцлалт хүчинтэй болох өдөр;

(iv) 32 дугаар зүйлд заасны дагуу энэхүү конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Хэлэлцэн тохиролцогч

талуудаас ирүүлсэн санал, холбогдох Дипломат

зөвлөгөөнөөр, эсхүл Хэлэлцэн тохиролцогч талуудын хурлаар баталсан нэмэлт, өөрчлөлт болон тухайн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдөр.

35 дугаар зүйл

Эх бичвэр

Энэхүү конвенцын араб, хятад, англи, франц, орос болон испани

хэлээрх эх бичвэрүүд нь адил хүчинтэй байх бөгөөд эх бичвэрүүдийг Эх хадгалагчид хадгалуулна. Эх хадгалагч нь эх бичвэрүүдийн баталгаат хуулбарыг Хэлэлцэн тохиролцогч талуудад хүргүүлнэ.

Төрийн мэдээлэл · 2024 · № 49 (1345)4647–4663-р хуудас