Журам батлах тухай № 164
2024 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 17-ны өдөр Дугаар 164 хот
Журам батлах тухай
Дээд боловсролын тухай хуулийн 32.5, 32.8-д заасныг тус тус
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын
эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагад нэмэлт санхүүжилт олгох журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын
эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын нэмэлт санхүүжилтэд шаардагдах зардлыг 2025 оны улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
3.Журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 164 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Дээд боловсролын тухай хуулийн 32.2.3-т заасан төрийн
өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургууль” гэх)-ын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал (цаашид “тогтмол зардал” гэх)-ыг санхүүжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Энэ журмын 1.1-д заасан тогтмол зардалд гэрэл, цахилгаан,
түлш, халаалт, цэвэр, бохир усны хэрэглээтэй холбогдон гарах зардал хамаарна.
1.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага энэ журмын 1.1-д заасан тогтмол зардалд шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.
1.4.Тогтмол зардлыг Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины
ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны баталсан үнэ тарифын дагуу олгоно.
1.5.Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын
орон нутаг дахь салбар сургууль дулааны эх үүсвэрт уурын зуух ашигладаг тохиолдолд тус сургуульд олгох тогтмол зардлыг сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажсан тайланд тусгагдсан дулааны зардлын дунджаар тогтооно.
Хоёр.Тогтмол зардал олгоход тавих шаардлага
2.1.Эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгө нь төрийн өмчийн асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгэлтэй, сургалтын болон оюутны дотуур байрны зориулалтаар эзэмшиж, ашиглаж байгаа төрийн өмчийн барилга байгууламж байна.
2.2.Тогтмол зардлаар санхүүжих сургууль доор дурдсан
шаардлагыг хангасан байна:
2.2.1.төрийн өмчийн сургууль байх;
2.2.2.улсын бүртгэлийн байгууллагад боловсролын
сургалтын байгууллага (дээд боловсрол) гэсэн бүртгэлтэй, гэрчилгээ авсан байх;
2.2.3.цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны
хэрэглээг хэмнэх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлсэн байх;
2.2.4.эрчим хүчний хэрэглээнд эрчим хүчний аудит
хийлгэн, дүгнэлт гаргуулсан байх;
2.2.5.нэгдсэн халаалтын системд холбогдсон барилга
байгууламжийг хэмнэлтийн горимд тохируулан тоолуур ашигладаг байх.
2.3.Тогтмол зардлын санхүүжилтийг олгохдоо энэ журмын
2.2-т заасан шаардлагаас гадна доор дурдсан гүйцэтгэл, үр дүнг харгалзан олгоно:
2.3.1.дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ,
чансааны үзүүлэлтээр 60-аас доошгүй хувиар үнэлэгдсэн байх;
2.3.2.оюутны дотуур байрны орчин, нөхцөлийг
сайжруулах арга хэмжээнд өмнөх жилд тухайн сургуулиас оруулсан хөрөнгө оруулалт нийт тогтмол зардлын 30, түүнээс дээш хувьтай дүйцэх хөрөнгийг зарцуулсан байх;
2.3.3.их сургуулийн салбар, харьяа сургуулийн багшийн
хөгжлийг дэмжих, багшийг чадавхжуулах, багш солилцох хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн хэмжээ харьяалах их сургуулийн багшийн хөгжилд зориулсан нийт зардлын 30-аас доошгүй хувийн мөнгөн хөрөнгө зарцуулсан байх;
2.3.4.орон нутаг дахь салбар, харьяа сургуультай
хамтарсан болон шаталсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх сургалтын орчин, материаллаг баазыг бүрдүүлэхэд тухайн хөтөлбөрийн орлогын 15-аас доошгүй хувьтай дүйцэх хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн байх.
2.4.Энэ журмын 2.3-т заасан гүйцэтгэл, үр дүнг хангахгүй
тохиолдолд тогтмол зардлын санхүүжилтийг тухайн дүнгээр хорогдуулан олгоно.
Гурав.Тогтмол зардлыг санхүүжүүлэх
3.1.Сургууль доор дурдсан баримт бичгийн хамт тогтмол зардалд
шаардагдах төсвийн саналыг тухайн жилийн 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
3.1.1.тогтмол зардлын мэдээлэл (тайлан, баланс);
3.1.2.цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны
хэрэглээг хэмнэх хөтөлбөр, төлөвлөгөө, хэрэгжилтийн тайлангийн хуулбар;
3.1.3.эрчим хүчний аудитын дүгнэлтийн хуулбар;
3.1.4.халаалт, цэвэр, бохир усны тоолуурын заалт;
3.1.5.тогтмол зардал олгох шаардлага, гүйцэтгэл үр дүнг
хангаж байгаа эсэхийг тодорхойлсон сургуулийн гүйцэтгэх удирдлагын албан бичиг.
3.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага тогтмол зардал олгоход шаардагдах төсвийн саналыг нэгтгэн төсвийн ерөнхийлөн захирагчийн дараагийн жилийн төсвийн төсөлд тусган 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.3.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага батлагдсан төсвийн хүрээнд сургууль тус бүрд олгох санхүүжилтийг холбогдох хуваарийн дагуу олгох ажлыг зохион байгуулна.
Дөрөв.Бусад
4.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага энэ журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж, тайлагнана.
4.2.Сургууль улсын төсвөөс олгосон тогтмол зардлыг зориулалтын
дагуу зарцуулах үүрэг хүлээнэ.
4.3.Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд
заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----о0о----
Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 164 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Дээд боловсролын тухай хуулийн 6.6-д заасан ерөнхий
боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн болон дээд боловсрол эзэмшүүлэх шаталсан сургалттай хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллага Консерваторт хуулиар зөвшөөрсөн нийтлэг санхүүжилтийн эх үүсвэрээс гадна үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэл, онцлогоос хамаарч улсын төсвөөс нэмэлт санхүүжилт (цаашид “нэмэлт санхүүжилт” гэх) олгох үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Улсын төсвөөс олгох нэмэлт санхүүжилтийг Консерваторын
сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг, хөгжмийн зэмсгийн дагалдах хэрэгсэл худалдан авах болон хөгжмийн зэмсгийн засвар үйлчилгээний зардалд олгоно.
Хоёр.Нэмэлт санхүүжилт олгох, нэмэлт
санхүүжилтийн зарцуулалт
2.1.Консерватор доор дурдсан баримт бичгийг боловсролын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүргүүлнэ:
2.1.1.нэмэлт санхүүжилтээр хэрэгжүүлэх арга хэмжээний
төлөвлөгөөг хэлэлцэн баталсан Консерваторын Удирдах зөвлөлийн шийдвэр;
2.1.2.худалдан авах сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн
зэмсэг, түүний дагалдах хэрэгсэл, засвар үйлчилгээний үнийн харьцуулалт, сургалтын орчныг сайжруулах арга хэмжээний үнийн судалгаа;
2.1.3.нэмэлт санхүүжилтээр зайлшгүй худалдан
авах шаардлагатайг нотлох үндэслэл бүхий тайлбар, танилцуулга, Консерваторын гүйцэтгэх удирдлагын хүсэлт.
2.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг судлан төсвийн ерөнхийлөн захирагчийн дараагийн жилийн төсвийн төсөлд тусган тухайн жилийн
07 дугаар сарын 25-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.3.Консерватор нэмэлт санхүүжилтээр худалдан авах сургалтын
хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг, түүний дагалдах хэрэгсэл болон хөгжмийн зэмсгийн засвар, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулна.
2.4.Консерваторын гүйцэтгэх удирдлага нэмэлт санхүүжилтийг
зориулалтын дагуу, батлагдсан төсвийн хүрээнд зарцуулах үүрэг хүлээнэ.
Гурав.Бусад
3.1.Консерватор Төсвийн тухай хуульд заасны дагуу нэмэлт
санхүүжилтийн төсвийн гүйцэтгэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.
3.2.Консерватор нэмэлт санхүүжилттэй холбогдох мэдээллийг
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу ил тод, нээлттэй байршуулна.
3.3.Нэмэлт санхүүжилтийн зарцуулалтад боловсролын асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд арилгуулах арга хэмжээ авна.
3.4.Нэмэлт санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан нь
тогтоогдвол тухайн албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
----о0о----





