Журам батлах тухай № 99
2023 оны 03 дугаар Улаанбаатар
сарын 15-ны өдөр Дугаар 99 хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн
1 дэх хэсэг, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32.8-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх, хөнгөлөх,
чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах
тухай” Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 41 дүгээр тогтоол, “Журамд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2023 оны 03 дугаар
сарын 15-ны өдрийн 99 дүгээр
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх, хөнгөлөх,
чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх, тайлагнахад энэ журмыг баримтална.
1.2.Гадаад ажилтны ажлын байрны төлбөр (цаашид “ажлын байрны
төлбөр” гэх) төлөх, хөнгөлөх, чөлөөлөх, төлбөрийн зөрүүг буцаан олгох, тэдгээрийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагаанд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад холбогдох хууль тогтоомж, энэ журмыг мөрдлөг болгоно.
Хоёр.Ажлын байрны төлбөр төлөх
2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа
ажил олгогч ажлын байрны төлбөрийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр хөнгөлсөн, чөлөөлснөөс бусад тохиолдолд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хугацаагаар тооцож хуульд заасан хэмжээгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд урьдчилан төлнө.
2.2.Ажлын байрны төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд
төвлөрүүлэх үйл ажиллагааг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
Гурав.Ажлын байрны төлбөрөөс
хөнгөлөх, чөлөөлөх
3.1.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32.3-т
заасны дагуу мөн хуулийн 21.2.1, 21.2.3, 21.3.1, 22.5-д заасан гадаад ажилтан, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах эмч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн багш, дасгалжуулагч авч ажиллуулах ажил олгогч болон Чөлөөт бүсийн тухай хуулийн 15.2-т заасан ажлын байрны төлбөрөөс
чөлөөлөгдөх нөхцөлийг хангасан этгээдийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх бөгөөд ажил олгогч ажлын байрны төлбөрөөс чөлөөлүүлэх тухай албан хүсэлтээ дараах баримт бичиг, материалын хамт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлнэ:
3.1.1.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн
21.2.1-д заасан гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулагчийн төлөөлөгчийн ажлын байрны төлбөрийг чөлөөлүүлэх бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл мөн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын
тодорхойлолт, мэдээлэл;
3.1.2.мөн хуулийн 21.2.3, 21.3.1-д заасан олон улсын болон
гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтан, ажилтан, сайн дурын ажилтны ажлын байрны төлбөрийг чөлөөлүүлэх бол гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, мэдээлэл;
3.1.3.мөн хуулийн 32.3-т заасан боловсрол, шинжлэх ухаан,
эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах эмч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн багш, дасгалжуулагчийн ажлын байрны төлбөрийг чөлөөлүүлэх бол тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллага, эсхүл төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, гадаад ажилтны мэргэжлийн баримт бичиг;
3.1.4.мөн хуулийн 22.5-д заасан гамшгийн эрсдэл, түүний хор
уршгийг арилгахаар ажиллаж байгаа ажилтны ажлын байрны төлбөрийг чөлөөлүүлэх бол онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, мэдээлэл;
3.1.5.Чөлөөт бүсийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу ажлын
байрны төлбөрөөс чөлөөлүүлэх бол чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны тодорхойлолт, мэдээлэл.
3.2.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32.4-т
заасны дагуу Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд, мөн хуулийн 32.5-д заасны дагуу аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит хуулийн этгээд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газрын
шийдвэрээр ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болох бөгөөд ажил олгогч ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлэх, чөлөөлүүлэх тухай албан хүсэлтээ дараах баримт бичиг, материалын хамт хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хүргүүлнэ:
3.2.1.Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй
зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд холбогдох төрийн захиргааны төв байгууллагын ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, эсхүл чөлөөлөхийг дэмжсэн албан бичиг, түүний үндэслэл, тайлбар, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн гэрээний, эсхүл холбогдох баримт бичгийн хувь, энэ хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн танилцуулга, гадаад болон монгол ажилтныг ажиллуулах ажлын байрны мэдээлэл болон холбогдох бусад мэдээлэл;
3.2.2.стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн
бүтээн байгуулалтад гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд холбогдох төрийн захиргааны төв байгууллагын стратегийн ач холбогдолтой дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт болохыг тодорхойлж, ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, эсхүл чөлөөлөхийг дэмжсэн албан бичиг, түүний үндэслэл, тайлбар, энэ хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн танилцуулга, гадаад болон монгол ажилтныг ажиллуулах ажлын байрны мэдээлэл болон холбогдох бусад мэдээлэл;
3.2.3.аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит
хуулийн этгээд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас бусад төрийн өмчит хуулийн этгээд мөн болохыг нотлох баримт бичиг, холбогдох төрийн захиргааны төв байгууллагын ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, эсхүл чөлөөлөхийг дэмжсэн албан бичиг, түүний үндэслэл, тайлбар, гадаад болон монгол ажилтныг ажиллуулах ажлын байрны мэдээлэл болон холбогдох бусад мэдээлэл.
3.3.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага энэ журмын 3.2-т заасны дагуу гаргасан хүсэлтүүдийг нэгтгэж, холбогдох шийдвэрийн төслийг бэлтгэн жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.
3.4.Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 32.6-д
заасны дагуу Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан тохиолдолд ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн
нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг уг бодлогын баримт бичгээр тогтоосон хэмжээгээр хөнгөлж болох бөгөөд ажил олгогч ажлын байрны төлбөрөөс хөнгөлүүлэх тухай албан хүсэлтээ тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлдгийг тодорхойлсон холбогдох төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолт болон ажлын байрны төлбөрөөс хөнгөлөхийг дэмжсэн албан бичиг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулга, гадаад болон монгол ажилтныг ажиллуулах ажлын байрны мэдээлэл, холбогдох бусад мэдээллийн хамт хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
3.5.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага энэ журмын 3.1, 3.4-т заасан ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг тухай бүр судалж, шийдвэрлэнэ.
3.6.Засгийн газар энэ журмын 3.2-т заасан ажлын байрны төлбөрөөс
хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг хугацаа харгалзахгүйгээр шийдвэрлэж болох бөгөөд ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх хувь хэмжээг тухай бүр шийдвэрлэнэ.
3.7.Энэ журмаар зохицуулсан ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх,
чөлөөлөх шийдвэр нь тухайн төсвийн жилд хүчинтэй байна.
Дөрөв.Ажлын байрны төлбөрийн зөрүүг буцаан олгох
4.1.Ажил олгогчийн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлэх
зөвшөөрлийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 26.1-д заасны дагуу цуцалснаас бусад тохиолдолд ажлын байрны төлбөрийн зөрүү (цаашид “төлбөрийн зөрүү” гэх)-г буцаан олгоно.
4.2.Ажил олгогч төлбөрийн зөрүү буцаан авах хүсэлтээ энэ журмын
4.1-д заасан тохиолдлыг нотлох баримт бичгийн хамт төлбөрийн зөрүү үүсэх нөхцөл байдал бий болсноос хойш хуанлийн 90 хоногийн дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хандан гаргана. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтэрсэн хүсэлтийг хүлээн авахгүй. Хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлохдоо Улсын дээд шүүхээс гаргасан зөвлөмж болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан нөхцөл байдлыг ойлгоно.
4.3.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага төлбөрийн зөрүү буцаан авах хүсэлтийг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор энэ журмын 4.1-д заасан тохиолдлыг нотлох баримт бичиг болон гадаадын иргэний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тооцож, тухайн төсвийн жилд багтаан төлбөрийн зөрүүг буцаан олгоно.
Тав.Ажлын байрны төлбөрийн бүртгэлийг хөтлөх, тайлагнах
5.1.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага ажлын байрны төлбөр төлсөн, хөнгөлсөн, чөлөөлсөн, төлбөрийн зөрүүг буцаан олгосон тухай бүртгэлийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний мэдээллийн сангаар дамжуулан дараах байдлаар тухай бүр хөтөлж, холбогдох мэдээллийг өөрийн цахим хуудсанд байршуулна:
5.1.1.ажлын байрны төлбөр төлсөн бүртгэлийн тухайд төлбөр
төлсөн баримт, мэдээлэлд үндэслэн ажил олгогчийн мэдээлэл, хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, мэдээлэл, Монгол Улсад хөдөлмөр эрхэлсэн болон эрхлэх хугацаа, төлсөн төлбөрийн хэмжээ;
5.1.2.ажлын байрны төлбөрийг хөнгөлсөн, чөлөөлсөн
бүртгэлийн тухайд энэ журмын 5.1.1-д зааснаас гадна хуульд ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөхөөр заасан үндэслэл, энэ талаар гарсан эрх бүхий этгээдийн шийдвэр, түүнийг нотлох баримт;
5.1.3.ажлын байрны төлбөрийн зөрүүг буцаан олгосон
бүртгэлийн тухайд ажил олгогч, ажилтны мэдээлэл, холбогдох шийдвэр.
5.2.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага ажлын байрны төлбөрийн талаарх улирлын тайланг дараа улирлын эхний сарын 08-ны өдрийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, жилийн эцсийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бусад төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
5.3.Энэ журмын 5.2-т заасан тайланд ажлын байрны төлбөр төлсөн
нийт дүн, хөнгөлсөн, чөлөөлсөн, төлбөрийн зөрүүг буцаан олгосон дүн, ажил олгогч, гадаад ажилтны тоо, тухайн жилийн төлөвлөгөөт орлогын гүйцэтгэлийн явц, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн тайлан, мэдээллийг тусгана.
----o0o----