Зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай № 96
2023 оны 03 дугаар Улаанбаатар
сарын 15-ны өдөр Дугаар 96 хот
Зохицуулах хорооны дүрэм шинэчлэн
батлах тухай
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын
тухай хуулийн 4.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,
үйлчилгээг зохицуулах хорооны дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зохицуулах зөвлөлийн
дүрэм батлах тухай” Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоол, “Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2023 оны 03 дугаар
сарын 15-ны өдрийн 96 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,
үйлчилгээг зохицуулах хороо, түүний ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг энэ дүрмээр зохицуулна.
1.2.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,
үйлчилгээг зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх) нь үйл ажиллагаандаа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ дүрмийг удирдлага болно.
1.3.Хороо зохих журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл
хуудас хэрэглэнэ. Хороо өөрийн бэлгэдэлтэй байж болно.
1.4.Хороо орон нутагт салбартай байж болно. Хороо нь орон нутагт
салбар байгуулах асуудлыг тухайн аймгийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд салбарын үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой дүрэм, журмыг баталж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
1.5.Хороо хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох
төрийн болон нутгийн захиргааны байгууллага, бусад байгууллагатай хамтран ажиллана.
Хоёр.Хорооны дарга, гишүүний эрх, үүрэг
2.1.Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг Хорооны дарга удирдан
зохион байгуулах бөгөөд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,
үйлчилгээний зохицуулалт, үнэ тарифын талаар Засгийн газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;
2.1.2.Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тогтоох,
хуралдааныг товлох, даргалах;
2.1.3.Хорооны гадаад, дотоод харилцаанд итгэмжлэлгүйгээр
төлөөлөх;
2.1.4.Хорооны ажлын албаны дарга, бусад ажилтны ажил
үүргийн хуваарийг тогтоох, тэдгээрийг томилж, чөлөөлөх, хариуцлага хүлээлгэх, цалин хөлсийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоох;
2.1.5.Хорооны ажлын албаны ажилтны мэргэшил, ур чадварыг
дээшлүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;
2.1.6.Хорооны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж,
биелэлтийг хангуулах арга хэмжээ авах;
2.1.7.Хорооноос бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнтэй
байгуулах гэрээ, хэлэлцээрийг батлах;
2.1.8.Хорооны шийдвэрээр олгосон тусгай зөвшөөрөлд гарын
үсэг зурж баталгаажуулах;
2.1.9.хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхээ
хэрэгжүүлэх зорилгоор тушаал гаргаж биелэлтийг хангуулах;
2.1.10.Хорооны төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;
2.1.11.Хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн
бүрэн эрхэд хамаарах асуудлаар Хорооны ажлын албаны даргад үүрэг, даалгавар өгч гүйцэтгэлд нь хяналт тавих;
2.1.12.хууль тогтоомжид заасан бусад.
2.2.Хорооны гишүүн дараах эрх, үүрэгтэй байна:
2.2.1.Хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн бүрэн
эрхэд хамаарах асуудлаар Хорооны ажлын албаны даргад Хорооны даргаар уламжлуулан үүрэг, даалгавар өгч гүйцэтгэлд нь хяналт тавих;
2.2.2.Хорооны хуралдаанаар асуудал хэлэлцүүлэхээр санал
оруулах;
2.2.3.Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай
холбогдуулан нэмэлт баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах;
2.2.4.Хорооны хуралд биечлэн оролцох бөгөөд хүндэтгэн
үзэх шалтгааны улмаас хуралд биечлэн оролцох боломжгүй бол саналаа бичгээр Хорооны нарийн бичгийн даргад урьдчилан өгөх;
2.2.5.Хорооны хурлаар хэлэлцэх асуудлыг урьдчилан судалж,
өөрийн саналыг бэлтгэж оролцох;
2.2.6.хууль тогтоомжид заасан бусад.
2.3.Хорооны даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн олон жил
ажилласан Хорооны гишүүн орлоно. Хэрэв гишүүдийн ажилласан жил адил бол насаар хамгийн ахмад гишүүн гүйцэтгэнэ.
2.4.Хорооны дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Хот,
суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9.12-т заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд шинээр томилогдсон дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа нь өмнөх дарга, гишүүний үлдсэн хугацаатай адил байна.
Гурав.Хорооны бүрэн эрх
3.1.Хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын
ашиглалтын тухай хуулийн 10.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.1.1.Хорооны ажлын албаны орон тоо, нэгжийн чиг үүргийг
батлах;
3.1.2.Хорооны даргын санал болгосноор Хорооны ажлын
албаны даргыг Хорооны нарийн бичгийн даргаар томилох, чөлөөлөх, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
3.1.3.Хорооны төсвийн төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайланг
хэлэлцэн дүгнэлт гаргах;
3.1.4.Хорооны дотоод үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам,
зааврыг баталж, биелэлтэд нь хяналт тавих;
3.1.5.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын
тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох бусад этгээдээс тайлан, мэдээ, мэдээлэл, тодорхойлолт гаргуулан авах;
3.1.6.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүний нөөцийн чадавхыг
дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;
3.1.7.цэвэр, бохир усны үйлчилгээ холбогдох стандартын
шаардлага хангаж байгаа эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах;
3.1.8.салбарын үйл ажиллагаатай холбоотой судалгааны
ажлыг зохион байгуулах.
3.2.Хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үзүүлэх үйлчилгээний
тарифыг хянан батлахдаа Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10.2-т заасан зарчмыг баримтална.
Дөрөв.Хорооны ажлын алба
4.1.Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг түүний ажлын алба
хариуцан гүйцэтгэнэ.
4.2.Хорооны ажлын алба нь зохион байгуулалтын нэгжтэй байж
болно.
4.3.Ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.3.1.Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах;
4.3.2.Хорооны дарга, гишүүнийг шаардлагатай мэдээлэл,
судалгаагаар хангах;
4.3.3.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа болон
тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтэд хяналт тавьж, санал, дүгнэлт гаргах;
4.3.4.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,
үйлчилгээний үнэ тарифын талаар бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх;
4.3.5.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн санхүү, эдийн засгийн
байдал, үйл ажиллагааны зардалд дүн шинжилгээ хийх;
4.3.6.Хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлаар холбогдох
дүрэм, журам, зааврын төсөл боловсруулах;
4.3.7.Хорооны ажлын албаны хүний нөөцийг бэлтгэх,
мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх;
4.3.8.Хорооны шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийн
хэрэгсэл, олон нийтэд мэдээлэх;
4.3.9.хууль тогтоомжид заасан бусад.
Тав.Хорооны зохион байгуулалт
5.1.Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Хорооны хуралдаан
байна.
5.2.Хорооны хуралдааныг гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор
хүчинтэйд тооцох бөгөөд саналыг илээр гаргаж, асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Хэрэв Хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бол хуралдаанд хэлэлцэх асуудлаарх тодорхой саналаа бичгээр гарган Хорооны нарийн бичгийн даргад урьдчилан ирүүлж, Хорооны дарга зөвшөөрснөөр түүнийг хуралдаанд оролцсонд тооцно.
5.3.Хорооны нарийн бичгийн дарга нь саналын эрхгүй байна.
5.4.Хорооны хуралдааны шийдвэр тогтоол хэлбэртэй байна.
Хуралдааны тэмдэглэлийг Хорооны нарийн бичгийн дарга хөтөлнө.
5.5.Хорооны тогтоолд Хорооны дарга, гишүүд, хуралдааны
тэмдэглэлд Хорооны дарга, Хорооны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
5.6.Хорооны хуралдааныг сард 1-ээс доошгүй удаа хийх бөгөөд
шаардлагатай тохиолдолд ээлжит бус хуралдааныг хуралдуулж болно.
5.7.Хорооноос гарсан хууль ёсны шийдвэрийг холбогдох иргэн,
албан тушаалтан, байгууллага, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
----o0o----