Журам шинэчлэн батлах тухай № 275
2021 оны 8 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 275 хот
Журам шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1
дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 43.2.9-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг
олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Дээрх журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил
бүрийн улсын төсөвт тусган, хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхланд тус тус даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нэрэмжит тэтгэлгийн
журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 111 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2021 оны 275 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Боловсролын тухай хуульд заасан Ерөнхийлөгчийн нэрэмжит
сургалтын тэтгэлэг (цаашид “тэтгэлэг” гэх) олгохтой холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Монгол хүн бүрийг шилдэг, чанартай боловсрол эзэмших тэгш
боломжоор бүрэн хангаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах,
эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэхэд тэтгэлгийн ач холбогдол оршино.
1.3.Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцуулах мэргэжлийн
хуваарилалтыг Монгол Улсын хөгжлийн бодлогод үндэслэн Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлтэй уялдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын, боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон хөгжлийн бодлогын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран гаргана.
1.4.Тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга,
ашиг сонирхлын зөрчлөөс ангид, цаг хугацаа, орон зай, байршлаас үл хамааран суралцагч бүрд тэгш боломжийг олгоно.
1.5.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад Монгол Улсын нийт сум,
хороо тус бүрээс энэ журамд заасан шаардлага хангасан иргэнийг сайн дурын үндсэн дээр хамруулна.
1.6.Тэтгэлгийг энэ журамд заасан шаардлагыг хангасан, сонгон
шалгаруулалтад тэнцсэн иргэнд олгоно.
Хоёр.Тэтгэлгийн төрөл
2.1.Тэтгэлэг нь дараах төрөлтэй байна:
2.1.1.дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100 их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэг;
2.1.2.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн
хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт заасан бакалаврын хөтөлбөрт суралцуулах сургалтын тэтгэлэг;
2.1.3.Холбогдох төрийн захиргааны төв байгууллагын
хүлээн зөвшөөрсөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан иргэнийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон эрэмбээр дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцуулах сургалтын тэтгэлэг.
Гурав.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын
үе шат, шаардлага
3.1.Тэтгэлэгт хамрагдах иргэний сонгон шалгаруулалтыг тэтгэлгийн
бэлтгэл хөтөлбөрт сонгон шалгаруулах болон тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулах гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна.
3.2.Монгол Улсын сум, нийслэлийн хороо бүрээс дараах шалгуур
хангасан нэг иргэнийг сонгон шалгаруулж дотоодын төрийн өмчийн их, дээд сургууль болон өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль эсхүл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хөтөлбөрт багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авахад бэлтгэх бэлтгэл хөтөлбөрт элсүүлнэ:
3.2.1.сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын
сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалах сум, хороондоо суралцан төгссөн;
3.2.2.тухайн жилийн математик болон гадаад хэлний
хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх;
3.2.3.элсэлтийн ерөнхий шалгалтад гадаад хэл (англи,
эсвэл орос хэл) болон математикийн хичээлээр авсан онооны дунджаар сум, хороондоо тэргүүлэн хамгийн өндөр оноо авсан байх.
3.3.Гадаад хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноог
тооцохдоо хэрвээ тухайн иргэн англи хэл, орос хэлний элсэлтийн ерөнхий шалгалтыг зэрэг өгсөн тохиолдолд өндөр оноо авсан хичээлээр тооцно.
3.4.Энэ журмын 3.2.2-т заасан тухайн жилийн математик
болон гадаад хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан иргэн өөрийн хүсэлтээр тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт элсэхээс татгалзсан тохиолдолд хамгийн өндөр оноо авсан дарааллыг баримтлан дараагийн иргэнийг бэлтгэл хөтөлбөрт элсүүлж болно.
3.5.Тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийн сургалтад 100 хувийн
сургалтын тэтгэлэгтэйгээр хамрагдаж байгаа суралцагч нь хөтөлбөрийн хугацаанд эрүүл мэнд болон бусад шалтгаанаар сургалтыг үргэлжлүүлэх боломжгүй тохиолдолд тухайн жилд сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахгүй.
3.6.Гадаад хэлний болон ерөнхий суурь хичээлийн агуулгыг
багтаасан тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, тусгай зөвшөөрөл олгоно.
3.7.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллагын хүлээн зөвшөөрсөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан иргэн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад орохгүй байж болно.
3.8.Тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт шалгарсан иргэн 2.1-д заасан
тэтгэлэгт хамаарах их, дээд сургуулийн албан ёсны урилга хүлээн авсан тохиолдолд бэлтгэл хөтөлбөрт хамруулахгүй байж болно.
3.9.Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгсөж, энэ журмын 2.1-д
заасан тэтгэлэгт хамаарах их, дээд сургуулийн албан ёсны урилга хүлээн авсан иргэнд тэтгэлэг олгох асуудлыг сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг шийдвэрлэнэ.
3.10.Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай дүүргэж чадаагүй иргэдийг
дотоодын төрийн өмчийн их, дээд сургуульд хувийн хөрөнгөөр үргэлжлүүлэн суралцах боломжоор хангана.
3.11.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын
шийдвэрээр хамран суралцах тойргийг өөрчилсөн нь энэ журмын 3.2.1-д заасан хугацааны шаардлагыг хангаагүй гэж үзэхгүй.
3.12.Тэтгэлэг олгох иргэнд дараах ерөнхий шаардлага тавигдана:
3.12.1.тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн,
энэ журмын 2.1.1, 2.1.2-т заасан их, дээд сургуулиас бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах албан ёсны урилга авсан байх;
3.12.2.IELTS-ийн 6.5 буюу түүнээс дээш, IBT TOEFL-ийн
100-аас доошгүй оноотой байх эсвэл суралцах улсын хэлний шалгалтын дүнтэй дүйцэхүйц үнэлгээтэй байх.
Дөрөв.Тэтгэлгийн сонгон шалгаруулалт
4.1.Тэтгэлэгт хамрагдах иргэнийг сонгон шалгаруулах үйл
ажиллагааг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн удирдлагаар хангана.
4.2.Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг тухайн жилийн
2, бэлтгэл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 3 дугаар улиралд багтаан тус тус зохион байгуулна.
4.3.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний
шийдвэрээр тэтгэлэгт хамрагдах иргэнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох яам, агентлаг, иргэн, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
4.4.Ажлын хэсгийн нийт гишүүдийн саналд үндэслэн сонгон
шалгаруулалтын ажлын удирдамжийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд уг ажлын удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
4.5.Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэн энэ журмын 3.2, 3.12-т
заасан шаардлагыг хангасан эсэхийг нотлох бичиг баримтыг бүрдүүлэн, заасан хугацаанд Боловсролын мэдээллийн технологийн төвийн цахим санд цахимаар бүртгүүлнэ.
4.6.Тэтгэлгийн зарыг сонгон шалгаруулалт зохион байгуулахаас
30 хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сум, хорооны албан ёсны цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зарлана.
Тав.Тэтгэлэг олгох
5.1.Суралцагчийн суралцах мэргэжил, тэтгэлгийн төрлийг мэргэжлийн
хуваарилалтын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, нэмэлт шалгалтын дүнгээр эрэмбэлсний дагуу хуваарилна.
5.2.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, 5.1-д заасан
мэргэжил, тэтгэлгийн төрлөөр энэ журмын 3.12.1-д заасан албан ёсны урилга хүлээн авсан суралцагчид тэтгэлэг олгоно.
5.3.Холбогдох төрийн захиргааны төв байгууллагын хүлээн
зөвшөөрсөн олон улсын олимпиадад медальт байрт шалгарч, энэ журмын 2.1.1-д заасан эрэмбээр их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах албан ёсны урилга хүлээн авсан иргэнд тэтгэлэг олгоно.
5.4.Энэ журмын 2.1.1, 2.1.3-т заасан тэтгэлгийг жил бүр 50 иргэнд
олгоно. Бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан бусад суралцагчийг Засгийн газрын гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна.
Зургаа.Тэтгэлгийн санхүүжилтийн эх үүсвэр
6.1.Тэтгэлэг нь дор дурдсан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдэнэ:
6.1.1.Боловсролын зээлийн сангийн хөрөнгө;
6.1.2.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн
хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хөрөнгө.
Долоо.Тэтгэлэгт хамрагдах суралцагчийн эрх, үүрэг
7.1.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагч,
Боловсролын зээлийн сангийн Ажлын алба, тэтгэлэгт хамрагдсан иргэний оршин сууж байгаа аймаг, нийслэлийн Засаг дарга нар гурвалсан гэрээ байгуулан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
7.2.Сонгон шалгаруулалтад тэнцэж тэтгэлэгт хамрагдсан иргэн
эрүүл мэндийн шалтгаанаас бусад асуудлаар суралцаагүй тохиолдолд төрөөс санхүүжүүлсэн санхүүжилтийг төрд буцааж бүрэн төлнө. Эрүүл мэндийн шалтгаанаар суралцах боломжгүй болсныг эрүүл мэндийн эрх бүхий байгууллагын тодорхойлолт, дүгнэлтээр нотолсон байна.
7.3.Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан иргэн энэ журмын 1.3-т
заасан хуваарилалтад заасан мэргэжлээр суралцан төгсөөд мөн журмын 7.1-д заасан гэрээний дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид 5 ба түүнээс дээш жил ажиллана.
Найм.Бусад
8.1.Сонгон шалгаруулах үйл ажиллагааг суралцагчийн цахимаар
ирүүлсэн баримт бичигт үндэслэн шалгах бөгөөд баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, хугацаандаа бүртгүүлээгүй тохиолдолд тухайн иргэнийг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
8.2.Тэтгэлэгтэй холбогдуулж баримт бичгийг хуурамчаар
бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
8.3.Сонгон шалгаруулалттай холбогдон гарсан маргааныг энэ
журмын 4.3-т заасан Ажлын хэсэг шийдвэрлэнэ.
8.4.Энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль
тогтоомж, Боловсролын зээлийн сангийн журмаар зохицуулна.
8.5.Энэ журам нь хоёр дахь удаагаа бакалаврын хөтөлбөрөөр
суралцаж байгаа суралцагчид хамаарахгүй.
---o0o---
Засгийн газрын 2021 оны 275 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Өмчийн хэлбэр үл харгалзан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн
төв болон дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-д зохих журмын дагуу бакалаврын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа шилдэг суралцагчид болон гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах иргэнд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг (цаашид “тэтгэлэг” гэх) олгохтой холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Тэтгэлгийн зорилго нь олон улсад өрсөлдөх мэдлэг чадвартай,
нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрүүл, төлөвшсөн, эх оронч иргэнийг хөгжүүлэх, урамшуулах, дэмжих, сурталчлах, шилдэг мэргэжилтэн-манлайлагчийг бэлтгэхэд оршино.
1.3.Тэтгэлэг олгох үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй, шударга,
ашиг сонирхлын зөрчлөөс ангид, цаг хугацаа, орон зай, байршлаас үл хамааран суралцагч бүрд тэгш боломж олгосон байна.
1.4.Тэтгэлэгт энэ журмын 2.1-2.3-т заасан шаардлагыг хангасан
иргэнийг хамруулна.
1.5.Тэтгэлгийг дотоодын дээд боловсролын сургалтын байгууллага
болон гадаадын их сургуульд суралцах иргэнд тус тус олгоно.
Хоёр.Тэтгэлгийн шаардлага
2.1.Тэтгэлгийг дараах шаардлага хангасан мэргэжлийн боловсрол,
сургалтын байгууллагын суралцагч, дээд боловсролын сургалтын
байгууллагын бакалаврын хөтөлбөрт суралцагчид олгоно:
2.1.1.сургалтын байгууллагын өдрийн ангид суралцдаг
байх;
2.1.2.бакалаврын хөтөлбөрөөр суралцагч сүүлийн 3
улирал дараалан 3.6 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;
2.1.3.техникийн боловсролын сургалтын байгууллагын
суралцагч сүүлийн 2 улиралд 3.4 голч дүнтэй, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сүүлийн 2 улиралд “чадамжтай” гэж үнэлэгдсэн байх;
2.1.4.техник, мэргэжлийн боловсролын сургалтын
байгууллагад суралцагч нь Монгол Улсын болон дэлхийн хэмжээний ур чадварын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон, шинэ бүтээл, шинэлэг санааг хичээл, сургалтын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн бол давуу тал болно;
2.1.5.суралцагч нь нийгмийн сайн сайхны төлөө бусдыгаа
манлайлж сайн дурын үйл ажиллагаа санаачлан, зохион байгуулсан байх.
2.2.Соёл, урлаг, спортын чиглэлээр дараах шаардлагыг хангасан
иргэнд гадаадад суралцах сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно:
2.2.1.олон улсын болон үндэсний хэмжээнд зохиогддог
соёл, урлагийн наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээнд оролцож 1, 2, 3 дугаар байрт шалгарч энэ журмын шаардлага хангасан;
2.2.2.Спортын төрлөөр суралцагч (тамирчин) нь олон
улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож медальт байрт шалгарсан, шатар, даамын төрлөөр “олон улсын холбооны мастер” цол хүртсэн.
2.3.Гадаадын их, дээд сургуульд магистр, докторын үндсэн
хөтөлбөрт суралцах иргэн дараах тусгай шаардлагыг хангасан байна:
2.3.1.дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100 их, дээд сургуулийн магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан;
2.3.2.IELTS-ийн 7, IBT TOEFL-ийн 100 онооны шаардлага
хангасан.
Гурав.Тэтгэлгийн сонгон шалгаруулалт
3.1.Тэтгэлэгт хамрагдах иргэний сонгон шалгаруулалтыг Засгийн
газрын Хэрэг эрхлэх газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулна.
3.2.Сонгон шалгаруулалтыг тухайн жилийн 2 дугаар улиралд
багтаан зохион байгуулна.
3.3.Тэтгэлэгт хамрагдах иргэнийг сонгон шалгаруулах Ажлын
хэсгийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яам, агентлаг, иргэд, олон нийтийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
3.4.Ажлын хэсгийн нийт гишүүдийн саналд үндэслэн сонгон
шалгаруулалтын ажлын удирдамжийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд уг ажлын удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
3.5.Тэтгэлгийн зарыг сонгон шалгаруулалт зохион байгуулахаас
30 хоногийн өмнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон цахимаар нээлттэй, ил тод зарлана.
3.6.Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн иргэн энэ журмын 2.1-2.3-т
заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичгийг сонгон шалгаруулалт зарласан хугацаанд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим санд ирүүлнэ.
3.7.Сонгон шалгаруулах үйл ажиллагааг суралцагчийн цахимаар
ирүүлсэн баримт бичигт үндэслэн зохион байгуулах бөгөөд хугацаа хожимдуулсан, баримт бичгийн бүрдүүлэлт дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
Дөрөв.Тэтгэлэг олгох
4.1.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн суралцагчид дараах
тэтгэлэг олгоно:
4.1.1.энэ журмын 2.1, 2.2-т заасан шаардлагыг хангасан
50 хүртэлх суралцагчид 3,000,000.0 (гурван сая) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг;
4.1.2.энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан
50 хүртэлх суралцагчийг дэлхийн шилдэг их, дээд сургууль эсхүл зохих журмын дагуу байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд магистр, докторын хөтөлбөрөөр суралцах тэтгэлэг.
4.2.Энэ журмын 4.1.2-т заасан суралцагчид тэтгэлгийг сургалтын
хөтөлбөрт заасан хугацаанд олгоно.
4.3.Энэ журмын 2.3-т заасан шаардлагыг хангасан иргэнийг өндөр
хөгжилтэй орны их, дээд сургуульд суралцахад бэлтгэл хөтөлбөрийн сургалтад хамруулж болно.
Тав.Тэтгэлгийн санхүүжилтийн эх үүсвэр
5.1.Тэтгэлэг нь дор дурдсан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдэнэ:
5.1.1.Боловсролын зээлийн сангийн хөрөнгө;
5.1.2.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн
хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хөрөнгө.
Зургаа.Тэтгэлэгт хамрагдах суралцагчийн хариуцлага
6.1.Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн сонгон
шалгаруулалтад тэнцсэн суралцагчтай Боловсролын зээлийн сангийн Ажлын алба гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
6.2.Сонгон шалгаруулалтад тэнцэж тэтгэлэгт хамрагдсан
суралцагч эрүүл мэндийн шалтгаанаас бусад шалтгаанаар суралцаагүй тохиолдолд төрөөс санхүүжүүлсэн санхүүжилтийг төрд буцааж бүрэн төлнө. Эрүүл мэндийн шалтгаанаар суралцах боломжгүй болсныг эрүүл мэндийн эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор нотолно.
6.3.Энэ журам нь хоёр дахь удаагаа мэргэжлийн боловсрол,
сургалтын байгууллага болон магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчид хамаарахгүй.
Долоо.Бусад
7.1.Тэтгэлэгтэй холбогдуулж сонгон шалгаруулалтад ашиг
сонирхлын зөрчил үүсгэсэн, баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, суралцагчийн мэдээллийг буруу гаргасан буюу сурлагын үнэлгээг бодитой бус үнэлсэн нь тогтоогдвол буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.