Журам батлах тухай № 113
2020 оны 03 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 113 хот
Журам батлах тухай
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.7, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.5, 11.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлэн ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаатай холбоотой бусад журам, заавар холбогдох тушаал, шийдвэрийг хууль, энэ журмын зохицуулалттай нийцүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инновацийг дэмжих, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Жижиг,
дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (цаашид “Сан” гэх)-гаас хөнгөлөлттэй зээл (цаашид “зээл” гэх) олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх арилжааны банкийг сонгох, эргэн төлүүлэх, хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Төсөл сонгон шалгаруулалтад Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж оролцох эрхтэй.
1.3.Санд зээлийн хүсэлт ирүүлсэн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч (цаашид “ЖДҮҮЭ” гэх)-ийн төсөл (цаашид “төсөл” гэх)-ийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах үүрэг бүхий “төсөл сонгон шалгаруулах хороо” (цаашид “хороо” гэх), аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад ирүүлсэн төслийг сонгон шалгаруулж, шийдвэр гаргах үүрэг бүхий “төсөл сонгон шалгаруулах дэд хороо” (цаашид “дэд хороо” гэх) тус тус ажиллана. Хороо, дэд хороо үйл ажиллагаандаа энэ журмыг мөрдөнө.
1.4.ЖДҮҮЭ-д дараах тохиолдолд зээл олгохгүй:
1.4.1.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.11-д заасан;
1.4.2.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.6-д заасан болон Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;
1.4.3.Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
1.4.4.Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;
1.4.5.төслийн нийт хөрөнгө оруулалтын тооцоололд өөрийн хөрөнгө оруулалт нь 30 хувьд хүрээгүй;
1.4.6.байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон; 1.4.7.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй;
1.4.8.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг
болон танилцуулдаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг бол;
1.4.9.ЖДҮҮЭ-ээр бүртгүүлсэн боловч харилцан хамаарал бүхий этгээдүүдийн сүүлийн нэг жилийн нэгтгэн тооцсон борлуулалтын орлого нь 2,5 тэрбум төгрөг болон түүнээс дээш бол;
1.4.10.ЖДҮҮЭ нь нэг төслийг Сан болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад давхардуулан ирүүлсэн;
1.4.11.ЖДҮҮЭ нь Сан болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад нэгээс илүү төсөл ирүүлсэн.
Хоёр. Зээлийн эх үүсвэр, нөхцөл
2.1.Зээлийн эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан эх үүсвэрээс бүрдэнэ.
2.2.Зээлийн эх үүсвэрийг Төрийн сан дахь Сангийн дансанд төвлөрүүлнэ.
2.3.Төсвийн эх үүсвэрээс бүрдсэн зээлийг төгрөгөөр олгоно. 2.4.Хууль тогтоомж болон Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан, зээл олгох салбар, чиглэл, зээлийн хугацаа, хүү, эх үүсвэрийн багцын хуваарилалт зэргийг болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөл, шаардлагыг (цаашид “Ерөнхий нөхцөл” гэх)-ийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.5.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.3, 16.4-т заасан эх үүсвэрээс бүрдсэн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчийн зорилго, тухайн орон нутагт зориулан зарцуулах бөгөөд үүнтэй холбоотой харилцааг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын газрын гишүүн, Сангийн ажлын албаны захирал, тухайн орон нутгийн Засаг дарга эсхүл төсөл хэрэгжүүлэгч нарын хооронд байгуулах гурван талт гэрээгээр зохицуулна. Гэрээгээр зохицуулснаас бусад харилцааг энэ журмаар зохицуулна.
Гурав. Зээл олгох хэлбэр, хэмжээ
3.1.Зээлийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.7-д заасны дагуу Сангаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгоно.
3.2.Сангаас шууд болон арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн доод хэмжээ 20,000,000 (хорин сая) төгрөг, дээд хэмжээ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.6-д заасны дагуу ЖДҮҮЭ-ийн сүүлийн жилийн борлуулалтын орлогоос хамааруулан дараах хязгаартай байна:
№ Ангилал Зээл олгох хэлбэр Борлуулалтын орлого (төгрөг) Зээлийн дээд хэмжээ (төгрөг)
1. Бичил сангаас шууд олгох
0-100,0 сая хүртэл 100,0 сая хүртэл
100,0-200,0 сая хүртэл 200,0 сая хүртэл
200,0 саяас дээш 300,0 сая хүртэл
2. Жижиг банкаар дамжуулан олгох
300,0 саяас дээш 1,0 тэрбум хүртэл
3. Дунд 1,0-2,5 тэрбум хүртэл 2,5 тэрбум хүртэл
3.3.Сангаас шууд зээл олгох тохиолдолд зээлдэгч нь зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн даатгалд жил бүр заавал даатгуулна.
Дөрөв. Дамжуулан зээл олгох банкийг сонгох,
хяналт тавих
4.1.Дамжуулан зээл олгох банкийг сонгон шалгаруулах, хяналт тавих ажлын удирдамж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
4.2.Дамжуулан зээл олгох банк дараах шаардлагыг хангасан байна:
4.2.1.Монголбанкнаас тогтоосон арилжааны банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, заавал байлгах нөөцийн шаардлагыг сүүлийн 2 жилийн хугацаанд ханган ажиллаж байгаа, орон нутагт салбартай байх; 4.2.2.Сантай байгуулсан ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гэрээний үүргийг зөрчөөгүй байх; 4.2.3.олгосон зээлийн эрсдэлийг бүрэн хариуцаж, Сантай байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг тухайн банкны Монголбанкин дахь харилцах данснаас гаргасан байх;
4.2.4.энэ журмын дагуу олгох хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх; 4.2.5.сүүлийн 3 жилийн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар гадаадын зээл, тусламжийн болон төсвийн хөрөнгөөр дамжуулан олгосон зээлийн хугацаа хэтэрсэн зөрчилгүй байх; 4.2.6.сонгон шалгаруулалтын баримт бичигт шаардсан бусад шаардлагыг хангасан байх.
4.3.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16.9-д заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэмэлт нөхцөл, шаардлагыг тогтоосон бол энэхүү нэмэлт нөхцөл, шаардлагыг энэ журмын 4.1-д заасан ажиллах удирдамжид тусгана.
Тав. Зээлд хамрагдах төсөлд тавигдах шаардлага
5.1.Төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна. 5.2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
5.2.1.төслийн товч агуулга; 5.2.2.хуулийн этгээдийн нэр; 5.2.3.а.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;
б.хуулийн этгээдийн албан ёсны хаяг;
в.төсөл хэрэгжих байршил;
5.2.4.төслийн нийт хөрөнгө оруулалтын 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээс бүрдүүлэхээр санхүүгийн тооцоололд тусгасан байх; 5.2.5.үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл, танилцуулга;
5.2.6.одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл.
5.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
5.3.1.үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;
5.3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц; 5.3.3.үйлдвэрлэлийн хүчин чадал; 5.3.4.хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.
5.4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
5.4.1.бүтэц, орон тоо; 5.4.2.ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар; 5.4.3.шинээр бий болгох ажлын байрны тоо. 5.5.Зах зээлийн судалгаанд дараах мэдээллийг тусгана:
5.5.1.зах зээлийн судалгаа; 5.5.2.хэрэглэгчийн судалгаа; 5.5.3.гадаад, дотоод орчны (SWOT) шинжилгээ. 5.6.Эдийн засгийн тооцоонд дараах мэдээллийг тусгана:
5.6.1.үндсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого;
5.6.2.төслийн борлуулалтын орлогын тооцоо; 5.6.3.үйлдвэрлэлийн зардлын тооцоо; 5.6.4.бүтээгдэхүүний өртгийн тооцоо; 5.6.5.бүтээгдэхүүний борлуулалтын төлөвлөгөө; 5.6.6.үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үр ашгийн тооцоо; 5.6.7.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
5.6.8.хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);
5.6.9.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.
5.7.Шинээр бизнес эхэлж байгаа тохиолдолд энэ журмын 5.2.6 дахь заалт хамаарахгүй.
5.8.Төслийн дүгнэлтэд энэ журмын 5.4-5.6-д заасан тооцоо судалгаанд үндэслэн төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн, эрсдэл зэргийг тооцоолсон мэдээллийг тусгана.
5.9.ЖДҮҮЭ нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:
5.9.1.зээлийн өргөдөл (Сангаас баталсан загварын дагуу); 5.9.2.захирлын иргэний үнэмлэхийн хуулбар; 5.9.3.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
5.9.4.хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;
5.9.5.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
5.9.6.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;
5.9.7.сүүлийн 2 жилийн санхүүгийн баталгаажсан тайлан (хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс);
5.9.8.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;
5.9.9.нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;
5.9.10.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
5.9.11.төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
5.9.12.энэ журмын 5.2.4-т заасныг нотлох баримт; 5.9.13.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.
5.10.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч ЖДҮҮЭ бүрэн хариуцна.
Зургаа. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны бүрэлдэхүүн
6.1.Хороо, дэд хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй байна.
6.2.Дэд хорооны бүрэлдэхүүнд аймгийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллагын дарга болон хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагын төлөөлөл орох бөгөөд нарийн бичгийн даргаар аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн (цаашид “аймгийн мэргэжилтэн” гэх) байна.
6.3.Төлөөлөл оролцуулах төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан байна.
6.4.Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд 4 төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оруулах бөгөөд төлөөлөл нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:
6.4.1.эдийн засаг, санхүү, бизнес, инженер, эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
6.4.2.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байсан эсхүл тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай;
6.4.3.сүүлийн гурван жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй;
6.4.4.Сантай бизнесийн холбоогүй; 6.4.5.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
6.4.6.шүүх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй байх.
6.5. Хороо, дэд хороо хуралдааны зарчмаар шийдвэр гаргах ба хороо, дэд хорооны дарга, гишүүд нь хуралд тус бүр саналын нэг эрхтэй, нарийн бичгийн дарга саналын эрхгүй байна.
6.6.Хороо, дэд хорооны гишүүдийн дийлэнх олонх ирснээр хурал хүчинтэйд тооцогдох ба хурлын явцыг дуу хураагуур, дүрс бичлэгт хуулах болон цаасан хэлбэрээр тэмдэглэл хөтөлж, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар шийдвэр гаргана.
6.7.Хурлын тэмдэглэлд хуралд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
6.8.Хорооны бүрэлдэхүүнийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд хорооны бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга тус тус батална.
6.9.Хороо, дэд хорооны шийдвэр нь тухайн төсвийн жилдээ хүчин төгөлдөр байна.
6.10.Хороо, дэд хороо нь өөрийн хуралдааны дэгийг батална.
6.11.Хороо, дэд хорооны үйл ажиллагаатай холбоотой зардлыг Сангаас санхүүжүүлж болно.
Долоо. Хороо, дэд хорооны эрх
7.1.Хороо нь Сангийн ажлын албаны судалсан төслийг хуралдаанаар хэлэлцэх, сонгон шалгаруулах, холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу шийдвэр гаргах эрхтэй.
7.2.Дэд хороо нь Сангийн ажлын алба болон аймгийн мэргэжилтний судалсан төслийг хуралдаанаар хэлэлцэх, сонгон шалгаруулах, холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу шийдвэр гаргах эрхтэй.
Найм. Хороо, дэд хорооны үүрэг
8.1.Хороо, дэд хорооны гишүүн нь дараах үүрэгтэй байна:
8.1.1.хороо, дэд хорооны гишүүн нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд оролцох тухай бүрт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.1-д заасан мэдэгдлийг гаргах, Албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл бүрт албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай хороо болон дэд хорооны даргад мэдэгдэх;
8.1.2.хороо, дэд хорооны гишүүд хурлын шийдвэр, зөвлөлдсөн асуудлын талаар бусдад задруулахгүй байх, үнэн зөв шалгаруулах, бусдад давуу байдал бий болгохгүй байх;
8.1.3.хороо, дэд хорооны гишүүн холбогдох хууль, дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах;
8.1.4.хороо, дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга нь олонхын шийдвэрийг баталгаажуулан хурлын шийдвэрт гарын үсэг зурах;
8.1.5.хороо, дэд хороо нь гаргасан шийдвэрээ болон хорооны гишүүд өгсөн үнэлгээг бүрэн хариуцах.
Ес. Сангийн ажлын алба болон аймгийн мэргэжилтний үүрэг, хариуцлага
9.1.Сангийн ажлын алба болон аймгийн мэргэжилтэн дараах үүрэгтэй:
9.1.1.Төслийг судлах явцад олж авсан мэдээлэл, баримт бичиг, судалгааны явц, хурлын шийдвэрийн талаар бусдад задруулахгүй байх;
9.1.2.Сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийг хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд үйлчлэх зорилгоор ашиглахгүй байх;
9.1.3.Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид журам зөрчиж, давуу байдал бий болгохгүй байх;
9.1.4.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, бусад хууль тогтоомж, энэ журам болон эдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, зааврыг мөрдлөг болгон ажиллах;
9.1.5.Ирүүлсэн төслийн мэдээллийг Сангийн зээлийн мэдээллийн санд (SMEF) тогтоосон хугацаанд үнэн зөв бүрэн оруулах.
9.2.Сангийн ажлын алба болон аймгийн мэргэжилтэн нь өөрийн судалсан төсөлд өгсөн үнэлгээг бүрэн хариуцна.
Арав. Төсөл сонгон шалгаруулалт зарлах, хүлээн авах
10.1.Төсөл хүлээн авах товыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
10.2.Сангийн ажлын алба улсын хэмжээнд төсөл хүлээн авах зарыг өдөр тутмын мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээнэ. Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага
нь энэхүү зарыг тухайн орон нутагт мэдээлэх үүргийг хүлээнэ. Төсөл хүлээн авах зард төсөл хүлээн авч эхлэх, дуусах хугацаа, байршил, цахим хаяг, зээлийн нөхцөл, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллийг тусгасан байна.
10.3.Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь тухайн орон нутагт хэрэгжих 20,000,000 (хорин сая) төгрөгөөс 300,000,000 (гурван зуун сая) хүртэл төгрөгийн санхүүжилт хүссэн, тухайн орон нутгийн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна.
10.4.Сангийн ажлын алба нь 20,000,000 (хорин сая) төгрөгөөс 2,500,000,000 (хоёр тэрбум таван зуун сая) төгрөг хүртэл санхүүжилт хүссэн, энэ журмын 10.3-т заасан байгууллагад ирүүлснээс бусад бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна.
10.5.Сангийн ажлын алба болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төсөл хүлээн авах хугацааг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, тухайн өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн хугацаанд цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна.
10.6.Сангийн ажлын алба аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төсөл хүлээн авах хугацаа зарлагдахаас бусад үед төсөл хүлээн авахгүй.
Арван нэг. Төсөл сонгон шалгаруулах үнэлгээний аргачлал, үе шат 11.1.Төслийн урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээг төслийн эрсдэлийн үнэлгээний олон улсын арга, аргачлалд суурилан хийнэ.
11.2.Үнэлгээний арга, аргачлалыг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албаны захирал батална.
11.3.Сангаас шууд олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг дараах 4 үе шаттайгаар үнэлнэ:
11.3.1.төслийн иж бүрдлийг Сангийн ажлын албаны ажлын хэсэг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;
11.3.2.төслийн урьдчилсан судалгааг Сангийн ажлын албаны мэргэжилтэн хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;
11.3.3.төсөлд нарийвчилсан судалгааг Сангийн ажлын албаны нарийвчилсан судалгааны ажлын хэсэг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;
11.3.4.төслийг хороо, дэд хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 100 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргах.
11.4.Хороо нь үе шат бүрт авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргаж, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслүүдийн болон эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална.
11.5.Аймгийн төсөл сонгон шалгаруулалтыг дараах үе шаттайгаар онооны системээр үнэлнэ:
11.5.1.төслийн иж бүрдлийг тухайн аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг дараагийн шатанд шилжүүлнэ;
11.5.2.төслийн урьдчилсан судалгааг тухайн аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлнэ;
11.5.3.төсөлд нарийвчилсан судалгааг Сангийн ажлын алба хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийн жагсаалтыг аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад шилжүүлнэ;
11.5.4.төслийг дэд хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 100 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргана;
11.5.5.дэд хороо нь үе шат бүрт авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргаж, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслүүдийн болон эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална; 11.5.6.аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь энэхүү журмын 11.5.3-т заасан шаардлага хангасан төслийг дэд хороогоор яаралтай хэлэлцүүлэх арга хэмжээ авна;
11.5.7.дэд хорооны шийдвэрийг эрэмбэлсэн жагсаалтын хамт ажлын 5 хоногт багтаан тухайн аймгийн Засаг даргаар баталгаажуулж сангийн ажлын албанд хүргүүлнэ.
11.6.Сангаас банкаар дамжуулан олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг дараах үе шаттайгаар, онооны системээр үнэлнэ:
11.6.1.төслийн иж бүрдлийг Сангийн ажлын албаны ажлын хэсэг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;
11.6.2.төслийн урьдчилсан судалгааг Сангийн ажлын албаны мэргэжилтэн хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;
11.6.3.төслийг хорооны хурлаар хэлэлцэж гишүүн тус бүр 50 хүртэл оноогоор дүгнэн дундаж оноог гаргах.
11.7.Хороо нь үе шат бүрт авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргаж, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх төслийн болон эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална.
11.8.Сангийн ажлын албанаас томилогдсон мэргэжилтэн тухайн төслийг зөвхөн нэг үе шатанд үнэлнэ. Тухайн төслийг өөр үе шатанд дахин үнэлэхийг хориглоно. Арван хоёр. Гэрээ байгуулах, санхүүжилт олгох
12.1.Сангаас шууд олгох зээлийг дараах байдлаар санхүүжүүлнэ:
12.1.1.хороо болон тухайн аймгийн Засаг дарга нь шийдвэрээ гарсан даруйд битүүмжлэн Сангийн ажлын албанд хүргүүлнэ;
12.1.2.Сангийн ажлын алба хорооны шийдвэрийг хүлээн авч нэн даруй Сангийн ажлын албаны захирлын тушаалаар баталгаажуулна;
12.1.3.Сан энэ журмын 11.4, 11.5.7-т заасан хороо, аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн аж ахуйн нэгжтэй Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, санхүүжилтийг олгоно;
12.1.4.Сан нь гарааны бизнесийг дэмжих болон бичил бизнес эрхлэгчдэд итгэл үзүүлэх зорилгоор 20 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төслийн зээлд барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгийн шаардлагыг 30 хүртэл хувиар бууруулан гэрээ байгуулж, санхүүжилтийг олгож болно;
12.1.5.зээлийн санхүүжилтийг төслийн хэрэгжилттэй уялдуулан зээлдэгчийн худалдан авалт, төслийн гүйцэтгэлээр санхүүжилтийг олгож болно.
12.2.Банкаар дамжуулан олгох зээлийг дараах байдлаар санхүүжүүлнэ:
12.2.1.хороо нь шийдвэрээ гарсан даруйд битүүмжлэн Сангийн ажлын албанд хүргүүлнэ;
12.2.2.Сан нь энэ журмын 11.7-т заасан хорооны шийдвэрийг хүлээн авч Сангийн ажлын албаны захирлын тушаалаар баталгаажуулж, тухайн ЖДҮҮЭ-ийн сонгосон банкинд хүргүүлнэ;
12.2.3.банк жагсаалтаар хүргүүлсэн төслийн зээлийн судалгааны материалыг 14 хоногийн дотор төсөл хэрэгжүүлэгчээс бүрэн хүлээн авч, түүнээс хойш хуанлийн 30 хоногт багтаан судалж, шаардлага хангасан төслийн жагсаалт банкны зээлийн хорооны шийдвэр, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон нэхэмжлэлийн хамт баталгаажуулан Сангийн ажлын албанд хүргүүлнэ;
12.2.4.банк барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг зээлийн хорооны шийдвэрийн хамт Зээлийн батлан даалтын санд хүргүүлэх ба зээлийн батлан даалтын сан 14 хоногт багтаан батлан даалт гаргах эсэх асуудлаар шийдвэр гаргана. Банк зээлийн батлан даалтын сангийн шийдвэрийг гарсан даруйд баталгаажуулан Сангийн ажлын албанд хүргүүлнэ;
12.2.5.Сан нь энэ журмын 12.2.3, 12.2.4-т заасан хугацаанд банкнаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэн банкинд санхүүжилтийг шилжүүлнэ; 12.2.6.банк нь Сангаас санхүүжилт шилжүүлснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төсөл хэрэгжүүлэгчид зээлийг олгоно;
12.2.7.банк нь энэ журмын 12.2.3, 12.2.4-т заасан хугацаанд холбогдох шийдвэрийг баталгаажуулж ирүүлээгүй тохиолдолд холбогдох шийдвэрийг хүчингүй болсонд тооцно. Үүнээс үүдэн гарах хохирлыг холбогдох этгээд хариуцна;
12.2.8.ЖДҮҮЭ нь 2 хүртэл банкаар төслийн зээлийн судалгааны материалыг судлуулж болох бөгөөд энэ журмын 12.2.3, 12.2.4- т заасан хугацааг нэгэн адил дагаж мөрдөнө.
Арван гурав. Ил тод байдал
13.1.Төсөл сонгон шалгаруулалтын үе шат бүрт шалгараагүй төслүүдийн баримт бичгийг үндэслэл, тайлбарын хамт төсөл ирүүлэгчид буцаана.
13.2.Хороо, дэд хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулна.
13.3.Сан, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь төслийн судалгааны явцыг тухай бүр цахим хуудсаараа дамжуулан нийтэд мэдээлнэ.
13.4.Хороо болон дэд хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгарсан аж ахуйн нэгжийн мэдээллийг Сан болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ. Төсөл ирүүлэгчийн хүсэлтийн дагуу албан бичгээр хариуг өгнө.
13.5.Зээл авсан иргэний овог нэр, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу байгууллагын шилэн данс, цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
Арван дөрөв. Зээлдэгчийн мэдээллийн сан
14.1.Сангийн ажлын алба зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн холбогдох мэдээллийг агуулсан Зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтөлнө.
14.2.Сангийн ажлын алба зээлийн ангиллыг тогтоохдоо Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг баримтална.
14.3.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тогтмол нийлүүлнэ.
Арван тав. Зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагаа
15.1.Сангийн ажлын алба зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү, алдангийг тухай бүр төлүүлнэ.
15.2.Зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хугацааны дотор эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Сангийн ажлын алба нь чанаргүй активын ангилалд оруулж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчийн ангилалд бүртгэнэ.
15.3.Дамжуулан олгосон банк гэрээний үүргээ биелүүлээгүй, эрсдэл үүссэн тохиолдолд зээлийн хөрөнгийг эргүүлэн татах ажиллагааг Сангийн ажлын алба хариуцан зохион байгуулна. Энэхүү зохицуулалтыг Сан, банктай байгуулах гэрээгээр нарийвчлан зохицуулна.
Арван зургаа. Зээлийн зарцуулалтад хяналт тавих
16.1.Сангийн ажлын алба нь сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
16.1.1.зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн төслийн үр дүнгийн тайлан, санхүүгийн буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн талаарх тайланг зээлдэгчээс улирал бүр гаргуулан авах;
16.1.2.Сангийн үйл ажиллагаа, орлого, зарлагын гүйцэтгэлд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэж, аудитын дүгнэлтийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дотоод аудитын хороогоор хэлэлцүүлэх.
16.2.Сангийн ажлын алба жилд нэгээс доошгүй удаа зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд иж бүрэн эсхүл түүвэрчилэн хяналт, шалгалт хийнэ. Хяналт, шалгалтын дүнг тухай бүр нэгтгэн жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
16.3.Дамжуулан зээл олгож буй арилжааны банкны гэрээний биелэлтэд Сангийн ажлын алба болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт тавина.
16.4.Банкаар дамжуулан олгосон зээлийг зориулалт бусаар ашигласан, хууль, журам зөрчиж олгосон нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тохиолдолд зээл авсан өдрөөс эхлэн уг зээлийг дамжуулан олгосон банкны арилжааны зээл рүү шилжүүлэх арга хэмжээ авч, тухайн зээлийн эх үүсвэрийг банкны эх үүсвэрээс бүрэн дүнгээр нь Санд буцаан төвлөрүүлнэ. Энэ зохицуулалтыг Сан, банктай хамтран ажиллах гэрээгээр нарийвчлан зохицуулна.
16.5.Сангаас шууд олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь Сангийн хяналт, шалгалтаар тогтоогдсон бол зээлдэгчийн эх үүсвэрийг буцаан татаж, холбогдох байгууллагад шилжүүлнэ. Энэ зохицуулалтыг Сан, зээлдэгчтэй байгуулах гэрээгээр нарийвчлан зохицуулна.