Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1107)
— 265 —

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээр

үнэлгээний 90 хувиар газрын үнийг тооцож, газрын дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлно.

Жишээ 6. Төв аймгийн Баянчандмань суманд газар тариалангийн зориулалтаар дуудлага худалдаагаар өмчлүүлэх 5 га газрын дуудлага худалдааны анхны үнийг нь тодорхойлох нь:

Иү = Сү * И * Т

Иү – иргэнд өмчлүүлэх газрын үнэ; Сү – 1 га газрын суурь үнэлгээ; И – итгэлцүүр; Т – талбайн хэмжээ.

Баянчандмань сум нь Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу газрын үнэлгээний Х-7 дугаар бүхий Сэлэнгэ-Орхоны хөндийн хээрийн тойрогт хамаарагдах бөгөөд 1 га тариалангийн газрын суурь үнэлгээ 4 000 000 төгрөг байна.

Тодорхойлбол:

Иү = 4 000 000 төг/га * 0.9 * 5 га = 18 000 000 төгрөг болно.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
БОЛОН
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
ХООРОНДЫН
САНХҮҮГИЙН ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар (цаашид “Талууд” гэх)

Найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжихийг эрмэлздэгээ илэрхийлж,

Олон улсын худалдааны үйл ажиллагаан дахь авлигын эсрэг тэмцэх, нийгмийн болон байгаль орчны хариуцлагад тууштай байр суурь сахихын чухлыг дурдан

Дараахь зүйлийг харилцан тохиролцов:

1 дүгээр зүйл САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ДҮН, АГУУЛГА

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх ач холбогдол бүхий Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөлд зориулан Монгол Улсын Засгийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрөв. Уг дэмжлэгийн нийт дүн болох 57,985,000 евро (тавин долоон сая есөн зуун наян таван мянган евро)-оор дээр дурдсан энэхүү Хэлэлцээрийн хавсралтад агуулгыг нь нарийвчлан тодорхойлсон төслийн гүйцэтгэлийг санхүүжүүлнэ. Үүнд: - Франц Улсаас францын бараа, үйлчилгээ худалдан авах; - Олгосон санхүүгийн дэмжлэгийн 30-аас хэтрэхгүй хувийг монголын болон гуравдагч орны бараа, үйлчилгээ худалдан авахад зарцуулах, холбогдох гэрээг францын гүйцэтгэгчийн хариуцлагын дор хэрэгжүүлэх.

2 дугаар зүйл ТӨСӨЛ САНХҮҮЖҮҮЛЭХ ХЭЛБЭР

Энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд заасан төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн сангийн зээлээр санхүүжүүлнэ. Төслийн хүрээнд францын талаас худалдан авах бараа, үйлчилгээг урьдчилан тохиролцсон Франц Улсын гүйцэтгэгчидтэй гэрээ шууд байгуулах аргаар бараа нийлүүлэх гэрээ байгуулан гүйцэтгэнэ. Монгол Улсын болон гуравдагч орны бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад Монгол Улсын хуулийн дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр худалдан авалт хийнэ. Гэрээ тус бүрийн санхүүжилтийн эхний хэсэг нь тээвэр, даатгалыг оролцуулалгүйгээр гэрээний үнийн дүнгийн 10-20 хувь байна.

3 дугаар зүйл САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН НӨХЦӨЛ, ХЭЛБЭР

Францын Төрийн сангийн зээлийн хугацаа 30 жил бөгөөд үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөнө. Зээлийн хүү жилийн 0.08 хувь байна. Үндсэн зээлийг хагас жил тутам ижил хэмжээтэй, дараалсан 40 удаагийн төлбөрөөр эргүүлэн төлнө. Эхний төлбөрийг тухайн зээл олгогдсон улирал дууссанаас хойш 126 сарын дараа хийнэ (төлбөрийг жил бүрийн 5 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 30-нд хийнэ). Хүүг үндсэн зээлийн үлдэгдэл дүнгээс бодох ба Францын Төрийн сангаас санхүүжилт олгосон огноо тус бүрээс эхлэн тооцож, хагас жил тутам төлнө. Үндсэн зээл, эсхүл хүү төлөх огноо нь Францад ажлын бус өдөр таарвал, төлбөрийг дараагийн ажлын өдөр хүртэл хойшлуулна. Хугацаандаа хийгдээгүй үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрт төлбөр

хийх ёстой байсан өдрөөс эхлэн хийгдсэн өдөр хүртэл хугацаа хэтэрсний хүү тооцно. Хугацаа хэтэрсний хүүгийн хэмжээг Еврогийн овернайт дундаж индекс (EONIA), эсхүл түүнийг орлох бусад хүүн дээр 4 хувийг нэмж тооцох ба энэ нь жилийн 5 хувиас багагүй байна. Хугацаа хэтэрсний хүүг бүтэн жилээр хожимдуулбал дээрх ханшаар хүүгийн хүү тооцно. Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрыг төлөөлж Натиксис банк (банкийг төлөөлж Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны удирдлагын газар), Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Зээлийн гэрээг байгуулна. Уг зээлийн гэрээнд Францын Төрийн сангийн зээлийг ашиглах болон эргэн төлөх хэлбэрийг тодотгож өгнө.

4 дүгээр зүйл ТӨЛБӨР, ТООЦООНЫ МӨНГӨН ТЭМДЭГТ

Энэхүү хэлэлцээртэй холбоотой төлбөр, тооцооны мөнгөн тэмдэгт нь евро байна.

5 дугаар зүйл ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

Энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд заасан төсөлтэй холбоотой гэрээ бүрийг байгуулахдаа дараахь нөхцөлүүдийг хангасан байх шаардлагатай. Үүнд: (i) Урьдчилсан байдлаар төсөлд хийсэн дүгнэлтээс гарсан зааварчилгаатай гэрээ нийцэж байх; (ii) Албан ёсны дэмжлэг бүхий экспортын зээлийн талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын дүрэм, журамтай төсөл нийцэж буй эсэхийг шалгасан байх; (iii) Монгол Улсын Засгийн газар нь Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газартай байгуулсан өмнөх зээлүүдийн хувьд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх; (iv) Монгол Улсын Засгийн газарт эсхүл түүний аль нэг төрийн байгууллагад олгосон, эсхүл Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргасан этгээдэд Францын нийтийн хөрөнгө оруулалтын банк (BPIfrance)-ны экспортын даатгалын баталгаа бүхий хугацаандаа төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл байгаа эсэхийг шалгасан байх; (v) Энэхүү хэлэлцээрийн 6 болон 7 дугаар зүйлд заасан үүрэг амлалтын биелэлтийн нөхцөлийг хангах; Энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд заасан төсөлтэй холбоотой гэрээ тус бүр дээрх нөхцөлүүдийг бүрэн гүйцэд хангаж байна гэж францын эрх бүхий байгууллага үзвэл, түүний зөвшөөрлийг үндэслэн Монгол дахь Францын Элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Монгол Улсын Сангийн яамтай захидал солилцсоноор уг гэрээ энэхүү хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж эхлэх үндэс бүрдэнэ.

6 дугаар зүйл АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ТАЛААР ХҮЛЭЭХ ҮҮРЭГ АМЛАЛТ

Талууд энэхүү хэлэлцээрийн оршилд олон улсын худалдааны үйл ажиллагаан дахь авлигын эсрэг тэмцлийг дэмждэгээ илэрхийлсэн. Уг хэлэлцээрийн хүрээнд гэрээ байгуулах талууд нь өөрсдийн болон өөр нэг талын ашиг сонирхлын тулд гуравдагч этгээдэд шууд болон шууд бус замаар хууль бус үйл ажиллагаа, авлига авах нөхцөлийг бүрдүүлж болохуйц шударга бус, мөнгөтэй холбоотой, эсхүл бусад давуу талыг санал болгох, олгох, амлах, мөн түүнтэй адилтгах зүйлийг тэднээс шаардаж болохгүй. Талууд уг төслийн хүрээнд авлигын аливаа үйлдэл бий болгохгүй байх үүрэгтэй. Талууд нь сэжиг бүхий нөхцөл байдлын талаар мэдмэгцээ харилцан мэдээлэх, нөхцөл байдлыг арилгахын тулд шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын сэтгэл ханамжид нийцүүлэх үүрэг хүлээнэ. Дээр дурдсан үүргийг биелүүлээгүй тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар нь өөрийн зүгээс хамгийн зохимжтой гэж үзэх гэрээ байгуулахаас татгалзах, эсхүл Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцсон санхүүгийн тусламжийн төлбөрийг түдгэлзүүлэх, эсхүл Монгол Улсын Засгийн газарт олгосон санхүүжилтийг нийтэд нь, эсхүл хэсгийг нь тохирсон хугацаанаас эрт төлөхийг шаардах эрхтэй.

7 дугаар зүйл НИЙГМИЙН БОЛОН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ХҮЛЭЭХ ҮҮРЭГ АМЛАЛТ

Тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Талууд нь Олон улсын хамтын нийгэмлэгээс хүлээн зөвшөөрсөн байгаль орчны болон нийгмийн хэм хэмжээ, үүний дотор Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл мөн хүрээлэн буй орчны талаарх олон улсын конвенцуудыг, тухайлбал удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцыг дагаж мөрдөхийг хөхиүлэн дэмжих шаардлагатайг санал нэгтэй зөвшөөрөв.

8 дугаар зүйл САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ХУГАЦАА

Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд заасан санхүүгийн дэмжлэгийг авахын тулд, францын гүйцэтгэгч болон монголын захиалагчийн хооронд гарын үсэг зурсан гэрээний эрх 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор нээгдсэн байна.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд олгож буй Францын Төрийн Сангийн зээлийн хөрөнгийг 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор ашиглаж дууссан байна. Шаардлагатай тохиолдолд, эдгээр хугацааг Талууд хоорондоо тохиролцож, захидал солилцох хэлбэрээр сунгаж болно.

9 дүгээр зүйл ТАТВАР, ХУРААМЖ

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд олгож буй санхүүжилтийг Монгол Улсад ямар нэгэн татвар, хураамж төлөхөд ашиглахгүй. Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд 1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан “Давхар татвараас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр”-т өөрөөр заасан байсан ч, уг хэлэлцээрийн хүрээнд төлөвлөсөн санхүүжилтийг Монгол Улсын хөгжилд бүрэн ашиглах үүднээс хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд заасан төслийн хэрэгжилт, уг төсөлд олгосон санхүүгийн дэмжлэгийг эргүүлэн төлөхтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа энэхүү хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсны дараа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ногдуулах албан татвар, хураамж (онцгой албан татвар, гаалийн татвар болон НӨАТ)-аас чөлөөлөгдөнө. Хэрэв Монгол Улсад мөрдөгддөг дүрэм, журмын дагуу агуулга, зориулалтаас үл хамааран зайлшгүй татвар, хураамж төлөхөөр болсон тохиолдолд түүнийг францын тал, эсхүл францын компаниуд хариуцахгүй.

10 дугаар зүйл ТӨСЛИЙН ҮНЭЛГЭЭ

Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар өөрийн зардлаар энэхүү хэлэлцээрт тусгасан төслийн Монгол Улсын эдийн засгийн хөгжилд үзүүлсэн үр нөлөөг эдийн засаг, санхүү болон нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлтүүдээр гарган дүгнэж болно. Монгол Улсын Засгийн газар энэхүү судалгаанд оролцох, судалгааны үр дүнг шууд хүртэх боломжтой. Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас томилсон дээрх судалгаа, дүгнэлт хийх шинжээчдийг Монгол Улсын Засгийн газар хүлээн авах, тэднийг шаардлагатай мэдээллээр хангах үүргийг хүлээнэ.

11 дүгээр зүйл ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

Энэхүү хэлэлцээр нь Талууд түүнийг хүчин төгөлдөр болгох дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухайгаа харилцан мэдэгдсэн сүүлчийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

12 дугаар зүйл ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

Энэхүү хэлэлцээрт Талуудын бичгээр тохиролцсоныг үндэслэн нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

13 дугаар зүйл МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

Энэхүү хэлэлцээрийг тайлбарлах, эсхүл хэрэгжүүлэхтэй холбоотой үүдэн гарах аливаа маргааныг Талууд харилцан зөвлөлдөх, хэлэлцэх замаар эв зүйгээр шийдвэрлэнэ. Дээр дурдсаныг хүлээн зөвшөөрч хоёр улсын Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчид энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурав. Улаанбаатар хот 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр монгол, франц хэлээр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ

ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАР Сангийн сайд

БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ

ФИЛИПП МЭРЛИН Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

ХАВСРАЛТ

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд олгож буй 57,985,000 евро (тавин долоон сая есөн зуун наян таван мянган евро)-гийн санхүүгийн дэмжлэг нь Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг таатай нөхцөлөөр санхүүжүүлэх зорилготой.

Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд заасан төслийн бүрэлдэхүүн хэсгийг дараахь байдлаар тодорхойлно. Үүнд:

- Гал унтраах, аврах ажиллагааны 42 автомашин нийлүүлэх ба дүн нь 14,985,000 евро (арван дөрвөн сая есөн зуун наян таван мянган евро);

- Ашиглаж байсан 3 нисдэг тэрэг, онцгой байдлын ажиллагааны холбогдох тоног төхөөрөмж, нисгэгч, механикчдын сургалт, үүнтэй холбогдох тоног төхөөрөмжүүд (1 шинэ Кабри нисдэг тэрэг, нислэгийн 1 симулятор)-ийг нийлүүлэх болон сургалт явуулах, нисэх үйл ажиллагаа гүйцэтгэхэд шаардлагатай дэд бүтцийг барих ба дүн нь 43,000,000 евро (дөчин гурван сая евро);

Энэхүү хавсралт нь Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн салшгүй хэсэг болно.

Төрийн мэдээлэл · 2020 · № 5 (1107)265–270-р хуудас