Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(1105)
— 117 —

Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ ГЕРМАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

2016-2017 он

Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх II

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар-

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд тогтсон найрсаг харилцааны үзэл санаанд тулгуурлан,

энэхүү найрсаг харилцааг түншилсэн Санхүүгийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэн, гүнзгийрүүлэхийг эрмэлзэж,

уг харилцааг хэвээр хадгалах нь энэхүү Хэлэлцээрийн үндсийг бүрдүүлнэ гэдгийг ухамсарлан,

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд байгаль орчны тогтвортой байдалд тулгуурлан хувь нэмэр оруулах зорилгоор,

хоёр орны Засгийн газар хоорондын 2016 оны 11 дүгээр сарын 25- ны өдрийн хэлэлцээний протоколыг үндэслэн-

дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов.

1 ДҮГЭЭР ЗҮЙЛ

(1) Хэрэв дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж судалгааны дүнд тогтоовол Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар нь Монгол Улсын Засгийн газарт “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх II” төсөлд 10 450 000 (үсгээр: арван сая дөрвөн зуун тавин мянга) хүртэлх еврогийн зээлийг Сэргээн босголтын зээлийн банк (KfW)-наас авах боломж олгоно.

(2) Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар харилцан тохиролцсоноор 1 дэх заалтад дурдсан төслийг өөр төслүүдээр орлуулж болно.

(3) Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар нь 1 дэх заалтад дурдсан төслийн бэлтгэл ажлыг хангахад зориулан нэмэлт зээл эсвэл санхүүгийн хөрөнгө, эсхүл 1 дэх заалтад дурдсан төслийг хэрэгжүүлэх, дэмжихэд шаардагдах дагалдах арга хэмжээнд зориулан нэмэлт санхүүгийн хөрөнгө Сэргээн босголтын зээлийн банкнаас авах боломжийг Монгол Улсын Засгийн газарт хожим олгох тохиолдолд энэхүү Хэлэлцээр нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ.

2 ДУГААР ЗҮЙЛ

(1) Энэхүү Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад дурдсан хөрөнгийг ашиглах, олгох нөхцөл болон ажил гүйцэтгүүлэх журам зэргийг Сэргээн босголтын зээлийн банк, зээл хүлээн авагчийн хооронд байгуулах, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хууль тогтоомжийг мөрдлөг болгох гэрээгээр зохицуулна.

(2) Энэхүү Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад дурдсан хөрөнгийг олгох амлалт өгснөөс хойш зургаан жилийн дотор холбогдох зээлийн гэрээнүүд байгуулагдаагүй тохиолдолд уг амлалт хүчингүй болно. Дээрх заалтад дурдсан хөрөнгийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр уг хугацаа дуусгавар болно.

(3) Монгол Улсын Засгийн газар нь зээл хүлээн авагч биш байх тохиолдолд энэ зүйлийн 1 дэх заалтын дагуу байгуулах гэрээг үндэслэн зээл хүлээн авагчийн бүх төлбөрийг еврогоор буцаан төлөх баталгааг Сэргээн босголтын зээлийн банкинд гаргана.

3 ДУГААР ЗҮЙЛ

Монгол Улсын Засгийн газар нь энэхүү Хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалтад дурдсан гэрээнүүдийг байгуулах, хэрэгжүүлэхтэй холбогдон ногдуулж болох Монгол Улсын шууд татвар, хураамжаас Сэргээн босголтын зээлийн банкийг чөлөөлнө. Дээр дурдсантай холбогдуулан ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад адил төрлийн шууд бус татвар, ноогдуулсан онцгой албан татварыг Монгол Улсын Засгийн газар хариуцна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар нь бусад албан татвар, хураамжаас Сэргээн босголтын зээлийн банкийг чөлөөлнө.

4 ДҮГЭЭР ЗҮЙЛ

Монгол Улсын Засгийн газар нь зээл олгосонтой холбоотойгоор зорчигч болон ханган нийлүүлэгчдийг хуурай болон усан зам, агаараар хүн болон бараа тээвэрлэх тээврийн байгууллагыг чөлөөтэй сонгох боломжоор ханган, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад байрладаг тээврийн байгууллагуудыг үүнд тэгш эрхтэй оролцоход саад тотгор болох, эсхүл хязгаарлах аливаа арга хэмжээг авахаас түдгэлзэн, шаардлагатай нөхцөлд тэдэнд зохих зөвшөөрлийг олгоно.

5 ДУГААР ЗҮЙЛ

(1) Энэхүү Хэлэлцээр нь түүнийг хүчин төгөлдөр болгох дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухай мэдэгдлийг Монгол Улсын Засгийн газраас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газарт хүргүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Энэхүү Хэлэлцээрийн хүчин төгөлдөр болох өдөр нь дээрх мэдэгдлийг хүлээн авсан өдөр байна.

(2) Энэхүү Хэлэлцээрийг хүчин төгөлдөр болмогц Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлнэ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар бүртгэж авснаа баталгаажуулмагц хэлэлцэн тохиролцогч нөгөө талд Хэлэлцээрийг бүртгүүлсэн тухай НҮБ-ын бүртгэлийн дугаарыг заан мэдээлнэ.

(3) Хэлэлцэн тохиролцогч Талууд энэхүү Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тохиролцож болно.

(4) Энэхүү Хэлэлцээрийг тайлбарлах, хэрэглэхэд үүсэх маргааныг хэлэлцэн тохиролцогч Талууд яриа, хэлэлцээний замаар эв зүйгээр шийдвэрлэнэ.

Энэхүү Хэлэлцээрийг Улаанбаатар хотноо 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр монгол, англи, герман хэл дээр тус бүр хоёр эх хувь байгуулсан бөгөөд эх хувь бүр нь адил хүчинтэй байна. Герман, монгол хэл дээрх эх бичвэрийг тайлбарлахад зөрүү гарвал англи хэл дээрх эх бичвэрийг баримтална. Монгол Улсын Холбооны Бүгд Найрамдах Герман Засгийн газрыг төлөөлж Улсын Засгийн газрыг төлөөлж

Төрийн мэдээлэл · 2020 · № 3 (1105)117–119-р хуудас