Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1091)
— 1424 —

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
ХООРОНДЫН
ЭКСПОРТЫН ЗЭЭЛИЙН
ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларуcь Улсын Засгийн газар, цаашид “Хэлэлцэн тохиролцогч талууд” гэх,

Хоёр орны найрсаг харилцаа, худалдаа болон эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэн,

Дараах зүйлийг харилцан тохиролцов.

1 дүгээр зүйл Нэр томьёо

Энэхүү хэлэлцээрийн зорилгын хүрээнд дор дурдсан нэр томьёо дараах утгыг илэрхийлнэ. Үүнд:

а. “Зээлдэгч” - Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Сангийн яам;

б. “Зээлдүүлэгч” - Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрыг төлөөлж Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөгжлийн банк;

в. “Эцсийн зээлдэгч” - Бараа, ажил, үйлчилгээ худалдан авч буй Монгол Улсын байгууллага;

г. “Беларусийн экспортлогч” - Бараа, ажил, үйлчилгээ үйлдвэрлэж буй Беларусь Улсын байгууллага;

д. “Гэрээ” - Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай Эцсийн зээлдэгч болон Беларусийн экспортлогч хоорондын аливаа гэрээ;

е. “Тусгайлсан зээлийн хэлэлцээр” - Гэрээ тус бүрийг санхүүжүүлэх зорилгоор байгуулах тусгай зээлийн хэлэлцээр;

ё. “Зээл” - Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн дагуу зээлдүүлэгчид шилжүүлсэн нийт үнийн дүн;

2 дугаар зүйл Зээлийн хэмжээ болон зориулалт

1.Зээлдүүлэгч нь Беларусь Улсад үйлдвэрлэсэн (гүйцэтгэсэн, үзүүлсэн) бараа (ажил, үйлчилгээ)-г Монгол Улсад нийлүүлэх тухай гэрээ, цаашид “Гэрээ” гэх, тус бүрийн 85.0 хувийг санхүүжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөгжлийн банк хувьцаат компанид нийт тавин сая (50 000 000.00) еврогоос хэтрэхгүй хэмжээний зээл, цаашид “Зээл” гэх, -ийг Зээлдэгчид зээлдүүлэх бүрэн эрхийг олгохоор тохиролцов.

2.Зээлдэгч болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөгжлийн банк нар гэрээ тус бүрийг санхүүжүүлэх зорилгоор тусад нь зээлийн хэлэлцээр, цаашид “Тусгайлсан зээлийн хэлэлцээр” гэх, байгуулахаар тохиролцов.

3.Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газраас баталж гаргасан Беларусийн экспортлогчдийн жагсаалтаас Эцсийн зээлдэгч Беларусийн экспортлогчийг сонгоно.

4.Аливаа Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулагдаагүй тохиолдолд, эсхүл түүнийг байгуулах хүртэл Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөгжлийн банк ямарваа нэг төлбөр хийх үүрэг хүлээхгүй.

5.Зээлдэгч аливаа тусгайлсан зээлийн хэлэлцээрийн нийт хөрөнгийг Гэрээний үнийн дүнгийн наян таван (85%) хувийг санхүүжүүлэхэд ашиглана.

6.Зээлийн хөрөнгө ашиглах салбарыг Зээлдэгч болон Зээлдүүлэгч хэлэлцсэний үндсэн дээр тодорхойлно.

3 дугаар зүйл Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг батлах

1.Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хууль тогтоомжид нийцүүлэн бүх Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг батална.

2.Гэрээний бүх үнэ болон дүн нь еврогоор илэрхийлэгдэнэ.

3.Тусгайлсан зээлийн хэлэлцээрт тусгасан нөхцөлийн дагуу Гэрээний үнийн дүнгийн арван таван хувь (15%)-ийн санхүүжилтийг урьдчилгаа төлбөр болгон Эцсийн зээлдэгч төлнө.

4.Зээлдэгч болон Зээлдүүлэгч хооронд бичгээр өөрөөр тохиролцоогүй бол Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн хамгийн доод хэмжээ нь нэг сая (1 000 000) евро байна.

5.Зээл үүссэн өдөр гэж Зээлдэгчээс ирүүлсэн холбогдох төлбөрийн хүсэлтийн дагуу Беларусийн экспортлогчид Зээлийн эх үүсвэрийг шилжүүлсэн өдрийг хэлнэ.

4 дүгээр зүйл Ерөнхий нөхцөл

Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд зээлийн ерөнхий нөхцөлийг дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

а. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 7 жилээс хэтрэхгүй байна; б. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна; в. Зээлийн хүү нь аливаа Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрийн байдлаар тогтоосон еврогоор олгох зээлийн арилжааны нөхцөлийн жишиг хүү (АНЖХ) (ЭЗХАХБ-ийн гишүүн орнууд тухай бүр тогтоосон)-тэй тэнцүү байна. г. Зээлийн хүүгийн хугацаа нь жилийн 360 өдрийн суурь дээр бодогдоно. д. Зээлдэгч нь хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны хураамж төлөхгүй.

5 дугаар зүйл Зээлийн эргэн төлөлт

1. Тусгайлсан зээлийн хэлэлцээр бүрийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сар тутамд тэнцүү хэмжээгээр төлнө.

2. Зээлдэгч нь Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд тохиролцсон төлбөр төлөх огноо, зээлийн хүү төлөх хугацааны дагуу тооцсон зээлийн хүүгийн төлбөрийг төлнө.

6 дугаар зүйл Татвар, хураамжаас чөлөөлөгдөх

1. Зээлдэгч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт энэхүү зээлээр санхүүжүүлж буй бараа, ажил болон үйлчилгээг гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон онцгой албан татвар, эсхүл түүнтэй адилтгах ямарваа нэгэн татвар, хураамжаас чөлөөлнө.

2. Энэхүү Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хийгдэж буй үндсэн төлбөр нь Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын эрх бүхий байгууллагаас ногдуулах аливаа татвар, хураамжийн дүнг хасахгүйгээр тооцсон болно.

7 дугаар зүйл Маргаан шийдвэрлэх

Энэхүү Ерөнхий хэлэлцээрийг тайлбарлах болон хэрэглэхтэй холбогдон гарсан аливаа маргаан болон зөрчлийг Хэлэлцэн тохиролцогч талууд хэлэлцэх, зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

8 дугаар зүйл Бусад

1. Энэхүү Ерөнхий хэлэлцээр нь Хэлэлцэн тохиролцогч талууд түүнийг хүчин төгөлдөр болгох дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасан тухайгаа дипломат шугамаар харилцан мэдэгдсэн сүүлийн мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

2. Энэхүү Ерөнхий хэлэлцээр нь тус хэлэлцээрт, түүнчлэн гэрээ болон тусгайлсан зээлийн хэлэлцээрт заасан бүхий л үүрэг бүрэн дуусгавар болох, Хэлэлцэн тохиролцогч талууд энэ тухай бичгээр тохиролцох хүртэл хүчин төгөлдөр байна.

3. Энэхүү хэлэлцээрт бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээр байгуулах замаар нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэ нь тус хэлэлцээрийн салшгүй хэсэг болно. Ийм нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцээр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно.

4. Бүх бичиг баримтыг Англи хэлээр, эсхүл Монгол, Орос хэлээр үйлдэж, Англи хэлээрх баталгаат орчуулгыг хавсаргана. Энэ тохиолдолд Англи орчуулга давуу хүчинтэй байна.

Улаанбаатар хотноо 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол, Орос, Англи хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд адил хүчинтэй.

Энэхүү Ерөнхий хэлэлцээрийг тайлбарлахад зөрүү гарсан тохиолдолд Англи хэлээрх эх бичвэрийг баримтална.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТӨЛӨӨЛЖ
ЧИМЭДИЙН ХҮРЭЛБААТАР САНГИЙН САЙД АЛЕКСАНДР ОГОРОДНИКОВ АЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯАМНЫ ОРЛОГЧ САЙД
Төрийн мэдээлэл · 2019 · № 38 (1091)1424–1427-р хуудас