Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 38
(1091)
— 1428 —

Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНД БАЙГУУЛСАН САНХҮҮЖИЛТИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР

ЭНЭХҮҮ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр

(1) Нэг талаас, МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, түүнийг төлөөлж Монгол Улсын Сангийн яам (цаашид “Засгийн газар” гэх); болон (2) Нөгөө талаас, олон талт хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан олон улсын байгууллага болох ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНК (цаашид “ЕСБХБ” эсхүл “Банк” гэх) нарын хооронд байгуулав. Удиртгал: (A) ЕСБХБ нь 1990 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Банкийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр (“цаашид “Банкийг үүсгэн байгуулах хэлэлцээр” гэх)-т заасныг үндэслэж олон улсын нийтийн эрх зүйн дагуу байгуулагдсан олон улсын байгууллага бөгөөд Монгол Улс Банкийг үүсгэн байгуулах хэлэлцээрт нэгдэн орж, 2000 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ЕСБХБ-ны гишүүн улс болсон. (B) Засгийн газар нь ЕСБХБ-ны Захирлуудын Зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Монгол Улстай хамтран ажиллах Стратегийн баримт бичгийн дагуу дэд бүтэц, зам тээврийн салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд ЕСБХБ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа баталгаажуулж, илэрхийлсэн. (C) Банк нь Засгийн газарт удиртгал (B)-д тусгасан салбарт төсөл арга хэмжээ (цаашид “Төсөл” гэх)-д нийт 300,000,000 ам.доллараас хэтрэхгүй хэмжээний Засгийн газрын зээл (тус бүрийг “Зээл” гэх)- ийг олгох замаар санхүүжилт олгож болно. Ийнхүү санхүүжүүлэх Төсөл тус бүрийг Банк Засгийн газартай харилцан тохиролцож тухай бүр тодорхойлох бөгөөд санхүүжилтийг тусгайлсан зээлийн хэлэлцээр (“Зээлийн хэлэлцээр” гэх)-ийн дагуу олгоно. (D) Банк нь Засгийн газартай (дор тодорхойлсон) Санхүүжилтийн хэлэлцээрийг Төсөл тус бүрт байгуулахтай холбогдуулан, Засгийн газар нь Төсөл тус бүрт энэхүү хэлэлцээрийн 2, 3 дугаар зүйлд заасан нөхцөлийн дагуу дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон болно.

Төрийн мэдээлэл · 2019 · № 38 (1091)1428-р хуудас