Далайн нэхэмжлэлийн талаар хүлээх хариуцлагыг хязгаарлах тухай конвенцийн протокол № 140
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
140. ДАЛАЙН НЭХЭМЖЛЭЛИЙН ТАЛААР ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ КОНВЕНЦИЙН ПРОТОКОЛ 1996 оны 5 дугаар сарын 2-ны өдөр баталж, 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр болсон* Энэхүү протоколд оролцогч тал, далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлах тухай 1976 оны 11 дүгээр сарын 19- ний өдөр Лондон хотноо баталсан конвенц хариуцлагыг хязгаарлах дүнг хянах, хялбарчилсан горим тогтоох болон нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай хэмээн үзэж, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: 1 дүгээр зүйл Энэхүү протоколын зорилгод: 1. “конвенц” гэж Далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлах тухай 1976 оны конвенцийг; 2. “Байгууллага“ гэж Олон улсын далайн байгууллагыг; 3. “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэж байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг ойлгоно. 2 дугаар зүйл Конвенцийн 3 дугаар зүйлийн (a) дэд хэсгийг дараахь зүйлээр солино: a) аврах ажиллагааны нэхэмжлэл, тэр дундаа хэрэв хэрэглэхээр байвал “Аврах ажиллагааны тухай” нэмэлт, өөрчлөлт оруулсан 1989 оны олон улсын конвенцийн 14 дүгээр зүйлийн дагуу тусгай нөхөн төлбөрийн болон нийтлэг ослын нөхөн төлбөрийн ерөнхий дундаж хандивын аливаа нэхэмжлэл” гэж. 3 дугаар зүйл Конвенцийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дараахь зүйлээр солино: 1. Аливаа тохиолдлоос үүссэн, 7 дугаар зүйлд зааснаас бусад нэхэмжлэлийн хариуцлагын хязгаарыг дараахь байдлаар тооцно: a) бие махбодид гэмтэл учирсан, эсхүл нас баралтаас үүссэн нэхэмжлэлийн хувьд: i) 2000 тонноос илүүгүй багтаамжтай хөлөг онгоцны хувьд – 2 сая тооцооны нэгж; ii) дээр дурдсанаас илүү багтаамжтай хөлөг онгоцны хувьд (i) дэд хэсэгт заасан дүнд дор дурдсан дүнг нэмж тооцно: 2001-ээс 30000 тонн хүртэл тонн тутамд – 800 тооцооны нэгж; 30001-ээс 70000 тонн хүртэл – тонн тутамд – 9000 тооцооны нэгж; 70000 тонноос дээш – тонн тутамд – 6000 тооцооны нэгж. b) Бусад аливаа нэхэмжлэлийн хувьд: i) 2000 тонноос илүүгүй багтаамжтай хөлөг онгоцонд – 1 сая мөнгөн нэгж; ii) дээр дурдсанаас илүү багтаамжтай хөлөг онгоцонд (i) дэд хэсэгт заасан нийлбэр дүнд дор дурдсан дүнг нэмж тооцно: 2001-ээс 30000 тонн хүртэл тонн тутамд – 400 тооцооны нэгж; 30001-ээс 70000 тонн хүртэл – тонн тутамд – 300 тооцооны нэгж; 70000 тонноос дээш – тонн тутамд – 200 тооцооны нэгж.
* Монгол Улс 2011.12.27-ны өдөр нэгдэн орсон.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
4 дүгээр зүйл Конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дараахь зүйлээр солино: 1. Нэг ижил хэргээс хөлөг онгоцны зорчигчид нас барсан, эсхүл бие махбодид нь гэмтэл учирснаас үүссэн нэхэмжлэлийн хувьд хөлөг онгоц эзэмшигчийн хариуцлагын хязгаар нь 175 000 тооцооны нэгжийг тухайн хөлөг онгоцонд олгосон зорчигч тээвэрлэх эрхийн гэрчилгээнд заасан тээвэрлэхийг зөвшөөрсөн зорчигчдын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх дүн болно. 5 дугаар зүйл Конвенцийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дараахь зүйлээр солино: 2. Гэвч Олон улсын валютын сангийн гишүүн бус улс бөгөөд тэдгээрийн хуулиар 1 дүгээр хэсгийн дүрмиг хэрэглэх боломжгүй бол тайлбар хийлгүйгээр соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах тухай гарын үсэг зурах үедээ, эсхүл соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох үедээ, эсхүл эдгээрийн дараа хэдийд ч энэхүү конвенцид урьдчилан заасан тэдний нутаг дэвсгэр дээр хэрэглэж буй хариуцлагын хязгаарыг дараахь байдлаар тогтооно гэдгээ мэдэгдэж болно: a) 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн а) дэд хэсгийн хувьд – нийлбэр дүнгээр: i)2000 тонноос илүүгүй багтаамжтай хөлөг онгоцонд – 30 сая мөнгөн нэгж; ii)дээр дурдсанаас илүү багтаамжтай хөлөг онгоцонд (i) дэд хэсэгт заасан нийлбэр дүнд дор дурдсан дүнг нэмж тооцно: 2001-ээс 30 000 тонн хүртэл – тонн тутамд 12 000 мөнгөн нэгж; 30 001-ээс 70 000 тонн хүртэл – тонн тутамд 9 000 мөнгөн нэгж; 70 001-ээс тонноос дээш – тонн тутамд 6 000 мөнгөн нэгж. b) 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн b) дэд дэд хэсгийн хувьд – нийлбэр дүнгээр: i) 2000 тонноос илүүгүй багтаамжтай хөлөг онгоцонд – 15 сая мөнгөн нэгж; ii) дээр дурдсанаас илүү багтаамжтай хөлөг онгоцонд (i) дэд хэсэгт заасан нийлбэр дүнд дор дурдсан дүнг нэмж тооцно: 2001-ээс 30 000 тонн хүртэл – тонн тутамд 6 000 мөнгөн нэгж; 30 007-ээс 70 000 тонн хүртэл – тонн тутамд 4 500 мөнгөн нэгж; 70 001-ээс тонноос дээш – тонн тутамд 3 000 мөнгөн нэгж. c) 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тухайд – 2 625 000 валютын нэгжийг тухайн хөлөг онгоцонд олгосон зорчигч тээвэрлэх эрхийн гэрчилгээнд заасан тээвэрлэхийг зөвшөөрсөн зорчигчдын тоогоор үржүүлсэнтэй тэнцэх дүнгээр. 6 дугаар зүйл Конвенцийн 15 дугаар зүйлд 3 bis хэсэг болгож дараахь зүйлийг нэмнэ: 3 bis. 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хариуцлагын хязгаарыг хэдийгээр тодорхойлсон ч оролцогч улс хөлөг онгоцны зорчигчид нь нас барсан, эсхүл бие махбодид нь гэмтэл учирснаас үүссэн нэхэмжлэлд хэрэглэх хариуцлагын хязгаарын тогтолцоог 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилан тодорхойлсон хариуцлагын хязгаараас багагүй хариуцлагын хязгаар тогтоосон нөхцөлд дотоодын хуулийн тусгай зохицуулалтаар зохицуулж болно. Энэ хэсэгт урьдчилан заасан сонголтыг ашигласан Оролцогч улс хүлээн зөвшөөрсөн хариуцлагын хязгаарын, эсхүл тийм хязгаарыг урьдчилан тусгаагүй талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. 7 дугаар зүйл Конвенцийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дараахь зүйлээр солино: 1. Аливаа улс энэхүү конвенцид гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох үедээ, эсхүл аль ч үед дараахь эрхийнхээ талаар тайлбар хийж болно: a) 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (d) болон (e) дэд хэсгийг хэрэглэхээс татгалзах;
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
b) “Далайгаар аюултай болон хортой бодис тээвэрлэхтэй холбогдон учирсан хохирлыг нөхөн төлбөрийн болон харицлагын тухай” 1996 оны олон улсын конвенц, түүний аливаа нэмэлт, өөрчлөлт буюу протоколын ойлголтын хүрээнд хохиролд хамаарах нэхэмжлэлээс татгалзах. Энэхүү конвенцийн гол утгыг хөндсөн асуудлаар бусад ямар ч тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. 8 дугаар зүйл Хариуцлагын хязгаарыг өөрчлөх 1. Энэхүү протоколоор өөрчилсөн конвенцийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлагын хязгаарыг өөрчлөх аливаа саналыг энэхүү протоколд оролцогч улсын талаас цөөнгүй, гэхдээ ямар ч тохиолдолд 6-аас доошгүй улсын хүсэлтээр Ерөнхий нарийн бичгийн дарга Байгууллагын бүх гишүүдэд болон хэлэлцэн тохирогч бүх улсад хүргүүлнэ. 2. Дээр дурдсанаар санал болгосон болон хүргүүлсэн аливаа нэмэлт, өөрчлөлтийг хүргүүлсэн өдрөөс хойш дор хаяж 6 сарын дараа түүнийг хянуулахаар Байгууллагын Хууль зүйн хороонд шилжүүлнэ. 3. Энэхүү протоколоор өөрчилсөн конвенцийн хэлэлцэн тохиролцогч бүх улс Байгууллагын гишүүн болон гишүүн бус байхаас үл хамаарч нэмэлт, өөрчлөлтийг хянах болон батлах талаар Хууль зүйн хорооны ажилд оролцох эрхтэй. 4. Энэхүү протоколоор өөрчилсөн конвенцийн хэлэлцэн тохиролцогч улсын талаас санал хураах үед хүрэлцэн ирсэн нөхцөлд 3 дахь хэсэгт заасны дагуу бүрэлдэхүүнийг нь өргөтгөсөн Хууль зүйн хорооны санал хураалтад хүрэлцэн ирсэн буюу оролцож буй энэхүү протоколоор өөрчилсөн конвенцийн хэлэлцэн тохиролцогч улсын 2/3- ын саналаар нэмэлт, өөрчлөлтийг батлана. 5. Хууль зүйн хорооны хариуцлагын хязгаарыг өөрчлөх тухай саналыг хянах үедээ болсон хэргийн тухай мэдээлэл, түүний дотор тэдний учруулсан хохирлын хэмжээ, мөнгөний ханшны өөрчлөлт болон санал болгож буй нэмэлт, өөрчлөлт зэрэгт даатгалын өртгийн нөлөөлөл зэргийг анхаарч ажиллана. 6. a) Энэхүү протоколыг гарын үсэг зурахад нээлттэй болгосон өдрөөс хойш 5-аас доошгүй жил, энэхүү зүйлийн дагуу оруулсан өмнөх нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5-аас доошгүй жилийн хугацаанд энэхүү зүйлд нийцүүлэн оруулсан хариуцлагын хязгаарын ямар ч өөрчлөлтийг үл хянана; b) Энэхүү протоколоор нэмэлт, өөрчлөлт оруулсан конвенцид заасан хязгаарыг протоколд гарын үсэг зурахад нээлттэй болсон өдрөөс эхлэн нийлмэл үндэслэлээр тооцож жил тутам 6 хувиар нэмэгдүүлсэнтэй дүйсэн хэмжээнээс ямар ч хязгаарыг хэтрүүлэн нэмэгдүүлж болохгүй; c) Энэхүү протоколоор өөрчилсөн конвенцоор тогтоосон хязгаарт нийцэж буй гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээс илүү хэтэрч байхаар хязгаарыг нэмэгдүүлж болохгүй. 7. Байгууллага нь 4 дэх хэсэгт нийцүүлэн баталсан аливаа нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэн тохиролцогч бүх улсад мэдэгдэнэ. Нэмэлт, өөрчлөлтийг батлах үед хэлэлцэн тохиролцогч талууд байсан улсын 1/4-ээс доошгүй хувь нь Ерөнхий нарийн бичгийн даргад нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэл хүргүүлсэн өдрөөс хойшхи 18 сарын хугацаанд мэдэгдээгүй бол тус хугацааны төгсгөлд нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Хүлээн зөвшөөрөхгүй талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийг хүлээж авахгүй ба хүчин төгөлдөр болохгүй. 8. 7 дахь хэсэгт нийцүүлэн хүлээн зөвшөөрсөн нэмэлт, өөрчлөлт нь тэдгээрийг хүлээн зөвшөөрсний дараа 18 сарын дараа хүчин төгөлдөр болно. 9. Хэлэлцэн тохиролцогч бүх улс нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос доод тал нь 6 сарын өмнө 12 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт нийцүүлэн энэхүү протоколыг цуцлаагүй бол нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөнө. Тийм цуцлалт нь нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон үеэс хүчин төгөлдөр болно.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
10. Хэрэв нэмэлт, өөрчлөлтийг баталсан, гэхдээ түүнийг хүлээн зөвшөөрөхөд шаардагдах арван найман сарын хугацаа дуусаагүй байх үед тус хугацаанд хэлэлцэн тохиролцогч улс болж буй тухайн улс нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр болсон тохиолдолд дагаж мөрдөх үүрэг хүлээнэ. Энэ хугацааг дууссаны дараа хэлэлцэн тохиолцогч улс болж буй улс 7 дахь хэсэгт нийцүүлэн хүлээн зөвшөөрсөн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөнө. Энэ хэсэгт дурдсан тохиолдолд, тухайн улс нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон үеэс буюу хэрэв энэ нь илүү сүүлд болж буй бол, энэхүү протокол энэ улсын хувьд хүчин төгөлдөр болсон үеэс нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөнө. 9 дүгээр зүйл 1. Энэхүү протоколд оролцогчид хоорондын харилцаанд энэхүү конвенц болон протокол нь хоёулаа нэгдмэл нэг баримт гэж уншигдаж ойлгогдоно. 2. Энэхүү протоколын оролцогч хэдий ч конвенцийн оролцогч биш улс протоколын оролцогч бусад улсын хувьд энэхүү протоколоор өөрчилсөн конвенцийн заалтыг биелүүлэх болон харин зөвхөн конвенцийн оролцогч улсын хувьд конвенцийн заалтыг биелүүлэхгүй. 3. Энэхүү протоколоор өөрчилсөн конвенцийг улс бүрийн хувьд энэхүү протокол хүчин төгөлдөр болсны дараа өнгөрсөн хэргээс үүссэн нэхэмжлэлд зөвхөн хэрэглэнэ. 4. Энэхүү протоколын аливаа заалт конвенцийн болон энэхүү протоколын оролцогч болсон улсын хувьд конвенцийн оролцогч боловч энэхүү протоколын оролцогч бус улсын хувьд хүлээсэн үүргийг хөндөхгүй. 10 дугаар зүйл ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах болон нэгдэн орох 1. Энэхүү протокол нь 1996 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Байгууллагын төв байранд гарын үсэг зурахад бүх улсад нээлттэй байна. 2. Аливаа улс энэхүү протоколоор хүлээх үүргийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа дараахь аргаар илэрхийлж болно: a) соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлахад тайлбар хийхгүйгээр гарын үсэг зурах; b) соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах болон цаашид соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батлах нөхцөлтэйгөөр гарын үсэг зурах; c) нэгдэн орох. 3. Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орохдоо энэ тухай албан ёсны баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар өгөх замаар хэрэгжүүлнэ. 4. Энэхүү протоколоор өөрчилсөн конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа хадгалалтад өгсөн соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох тухай аливаа баримт нь түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөгдсөн конвенцид хамаарна. 11 дүгээр зүйл Хүчин төгөлдөр болох 1. Энэхүү протокол нь дагаж мөрдөх үүрэг хүлээхээр 10 улс зөвшөөрснөө илэрхийлсэн өдрөөс хойш 90 өдрийн дараа хүчин төгөлдөр болно. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр болоход шаардлагатай нөхцөл хангагдсаны дараа энэхүү протоколыг даган мөрдөх үүрэг хүлээхээр зөвшөөрсөн аливаа
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
улсын хувьд энэхүү протокол нь зөвшөөрснөө илэрхийлсэн өдрөөс хойш 90 өдрийн дараа хүчин төгөлдөр болно. 12 дугаар зүйл Цуцлалт 1. Аливаа оролцогч улсын хувьд энэхүү протокол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэдийд ч тухайн оролцогч улс энэхүү протоколыг цуцлаж болно. 2. Цуцлах тухай баримтаа хадгалуулахаар Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх замаар цуцлалтыг хэрэгжүүлнэ. 3. Цуцлалт нь цуцлах тухай баримтыг хадгалуулахаар Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлснээс хойш арван хоёр сарын дараа буюу цуцлах тухай баримтад тусгайлан заасан байж болох илүү урт хугацааны дараа хүчин төгөлдөр болно. 4. Энэхүү протоколын оролцогч улсын хоорондын харилцаанд тэдгээрийн аль нэг нь 19 дүгээр зүйлд нийцүүлэн конвенцийг цуцалбал энэхүү протоколоор өөрчилсөн конвенцийг цуцалсан гэж ямар ч байдлаар ойлгогдох ёсгүй. 13 дугаар зүйл Хяналт болон нэмэлт, өөрчлөлт 1. Байгууллага энэхүү протоколыг хянах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор хурал зарлан хуралдуулж болно. 2. Байгууллага 1/3-ээс доошгүй хэлэлцэн тохиролцогч талуудын хүсэлтийн дагуу энэхүү протоколыг хянах буюу түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилготой протоколын хэлэлцэн тохиролцогч улсын хурлыг зарлан хуралдуулна. 14 дүгээр зүйл Хадгалагч 1. Энэхүү протокол болон 8 дугаар зүйлийн дагуу хүлээн зөвшөөрсөн аливаа нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. 2. Ерөнхий нарийн бичгийн дарга: a) Энэхүү протоколд гарын үсэг зурсан буюу түүнд нэгдэн орсон бүх улсад дор дурдсаныг мэдээлнэ: i) шинээр гарын үсэг зурсан, эсхүл баримт бичгийг хадгалалтад өгсөн тохиолдол бүрийн он, сар, өдрийг зааж; ii) Конвенцийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг болон энэхүү протоколоор өөрчилсөн конвенцийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу мэдэгдэл, мэдээлэл бүрийн тухай; iii) энэхүү протокол хүчин төгөлдөр болсон он, сар, өдрийн тухай; iv) 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн хийсэн хязгаарыг өөрчлөх аливаа саналын тухай; v) 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нийцүүлэн баталсан аливаа нэмэлт, өөрчлөлтийн тухай; vi) 8 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн дагуу хүлээн зөвшөөрсөн гэж үзэж буй аливаа нэмэлт, өөрчлөлт тэдгээрийн хүчин төгөлдөр болсон он, сар, өдрийг энэ зүйлийн 8 болон 9 дэх хэсэгтэй нийцүүлэн зааж; vii) энэхүү протоколыг цуцалсан тухай аливаа баримтыг хадгалалтад хүлээлгэн өгсөн он, сар, өдрийг болон хүчин төгөлдөр болох өдрийг зааж. b) Энэхүү протоколын албан ёсны хувийг протоколд гарын үсэг зурсан бүх улсад болон нэгдэн орсон бүх улсад хүргүүлнэ. 3. Энэхүү протокол хүчин төгөлдөр болмогц түүний эх бичвэрийг Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлд нийцүүлэн бүртгүүлж хэвлэн нийтлүүлэхээр тус байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
15 дугаар зүйл Хэл Энэхүү протоколыг араб, хятад, англи, франц, орос, испани хэлээр тус бүр нэг хувь үйлдсэн бөгөөд эх бичвэр тус бүр адил хүчинтэй. Үүнийг баталж дор дурдсанаар гарын үсэг зурсан, үүнд өөр өөрийн Засгийн газраас бүрэн эрх олгосон этгээд энэхүү протоколд гарын үсэг зурав. Нэг мянга есөн зуун ерэн зургаан оны тавдугаар сарын хоёрны өдөр Лондон хотноо байгуулав.