Хөлөг онгоцны шатахууны савны тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай олон улсын конвенц № 136
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
136. ХӨЛӨГ ОНГОЦНЫ ШАТАХУУНЫ САВНЫ ТОСНЫ БОХИРДЛООС УЧИРСАН ХОХИРЛЫН ТӨЛӨӨ ХҮЛЭЭХ ИРГЭНИЙ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ 2001 оны 03 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон Энэхүү конвенцид оролцогч улс, далайн хүрээлэн буй орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, түүнийг багасгах болон хянахын тулд улс шаардлагатай бүх арга хэмжээг авах ёстой хэмээн заасан “Далайн эрх зүйн тухай” Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1982 оны конвенцийн 194 дүгээр зүйлийг эргэн санаж, далайн хүрээлэн буй орчны бохирдлоос учирсан бүх хохирлын төлөө тохирох нөхөн олговрыг шуурхай олгох зорилгоор улс олон улсын эрх зүйн холбогдох дүрмийг цаашид боловсруулах талаар хамтран ажиллах ёстой хэмээн заасан дээрх конвенцийн 235 дугаар зүйлийг мөн эргэн санаж, далайд хөлөг онгоцонд ачиж тээвэрлэхэд асгарсан, эсхүл асгарсан тосноос үүссэн бохирдлоос хохирол амссан хувь хүнд нөхөн төлбөр олгох боломжийг “Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” 1992 оны олон улсын конвенц болон “Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө олгох нөхөн олговрын олон улсын сан байгуулах тухай” 1992 оны олон улсын конвенц амжилттай бүрдүүлснийг тэмдэглэж, далайгаар аюултай болон хортой бодис тээвэрлэхтэй холбоотой үүссэн хохирлын төлөө тохирох нөхөн төлбөрийг шуурхай бөгөөд үр дүнтэйгээр олгохын тулд “Далайгаар аюултай болон хортой бодис тээвэрлэхтэй холбоотой хохирлын төлөө хүлээх хариуцлагын болон нөхөн төлбөрийн тухай” 1996 оны олон улсын конвенц баталсныг мөн тэмдэглэж, хариуцлагын түвшний тохирох хязгаарлалттай холбоотой бөгөөд газрын тосны бүх төрлийн бохирдлын төлөө хүлээх хатуу хариуцлагыг бий болгохын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, хөлөг онгоцны шатахууны савнаас асгарсан, эсхүл гоожсон тосноос үүссэн бохирдлоос учирсан хохирлын төлөө тохирох нөхөн олговрыг шуурхай бөгөөд үр дүнтэйгээр олгоход нэмэлт арга хэмжээ авах шаардлагатайг харгалзан үзэж, ийм тохиолдолд хариуцлагын асуудлыг зохицуулж, тохирох нөхөн төлбөрийг олгох талаар олон улсын нэгдсэн дүрэм болон журам батлахыг хүсч, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов: 1 дүгээр зүйл Нэр томьёо Энэхүү конвенцийн зорилгоор: 1. “хөлөг онгоц” гэж далайд хөвөх аливаа хөлөг онгоц болон далайн зориулалттай ямар нэгэн төрлийн онгоцыг;
Монгол Улс 2011.11.28-ны өдөр нэгдэн орсон.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
2. “хувь хүн” гэж аливаа хувь хүн, эсхүл нөхөрлөл, эсхүл улсын, эсхүл хувийн хувь нийлүүлсэн, эсхүл дангаараа хувь хүн, түүний дотор улс, эсхүл түүний аливаа бүрэлдэхүүн хэсгийг; 3. “хөлөг онгоц эзэмшигч” гэж хөлөг онгоцны өмчлөгч (үүнд бүртгэгдсэн өмчлөгч багтана), хөлөг онгоцыг дангаар нь түрээслэгч, менежер болон операторыг; 4. “бүртгэгдсэн өмчлөгч” гэж хөлөг онгоцны өмчлөлөөр бүртгэгдсэн хувь хүн, эсхүл хувь хүмүүс, эсхүл бүртгэлгүй тохиолдолд хөлөг онгоцыг өмчилж буй хувь хүн, эсхүл хувь хүмүүсийг хэлнэ. Гэхдээ хөлөг онгоцыг улс өмчилж, түүнийг тухайн улсад хөлөг онгоцны оператороор бүртгэгдсэн компани ажиллуулж буй тохиолдолд уг компанийг бүртгэгдсэн эзэмшигчийг; 5. “шатахууны савны тос” гэж хөлөг онгоцны ажиллагаанд, эсхүл хөтлөгчид хэрэглэж буй, эсхүл хэрэглэх зориулалттай аливаа нүүрстөрөгчийн эрдэс тос, түүний дотор тосолгооны тос, мөн ийм тосны аливаа үлдэгдлийг; 6. “Иргэний хариуцлагын тухай конвенц” гэж “Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” 1992 оны олон улсын конвенцийг түүний нэмэлт, өөрчлөлтийг; 7. “урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж осол гарсны дараа бохирдлын хохирлоос урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг бууруулахаар аливаа хувь хүний авсан аливаа үндэслэлтэй арга хэмжээг; 8. “осол” гэж бохирдлын хохирол үүсгэж буй, эсхүл ийм хохиролд удахгүй хүрэх ноцтой аюул үүсгэж буй аливаа нэгэн үзэгдэл, эсхүл нэг эх үүсвэртэй хэд хэдэн үзэгдлийг; 9. “бохирдлын хохирол” гэж : a) хаана гоожсон, эсхүл асгарснаас үл хамааран, хөлөг онгоцонд буй шатахууны савны тос гоожих, эсхүл асгарснаас үүдэн хөлөг онгоцны гадна талыг бохирдуулснаас үүссэн гарз, эсхүл хохирлыг. Хүрээлэн буй орчинд хохирол учруулсан (уг хохирлын улмаас учирсан ашгийн алдагдлаас бусад)-ны төлөө олгох нөхөн төлбөр нь нөхөн сэргээх талаар бодитоор авч хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үндэслэлтэй арга хэмжээний зардлаар хязгаарлагдана; b) урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний дүнд үүсэх нэмэлт гарз, эсхүл хохирлыг. 10. “хөлөг онгоцны бүртгэлийн улс” гэж бүртгэгдсэн хөлөг онгоцны хувьд хөлөг онгоцыг бүртгэсэн улс, бүртгэгдээгүй хөлөг онгоцны хувьд тухайн хөлөг онгоц далбааг нь мандуулах эрхтэй улсыг; 11. “бохир даац” гэж “Хөлөг онгоцны даацын хэмжилтийн тухай” 1969 оны олон улсын конвенцийн 1 дүгээр хавсралтад тусгасан даацын тэмдэглэгээний журмын дагуу тооцоолсон бохир даацыг; 12. “Байгууллага” гэж Олон улсын Далайн Байгууллагыг; 13. “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэж Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг хэлнэ. 2 дугаар зүйл Хамрах хүрээ Энэхүү конвенц дараахь тохиолдолд л үйлчилнэ: a) доорх газарт бохирдлоос үүссэн хохиролд: i) оролцогч улсын нутаг дэвсгэрт, түүний дотор нутаг дэвсгэрийн далайд; ii) олон улсын эрх зүйн дагуу тогтоосон оролцогч улсын эдийн засгийн онцгой бүс, эсхүл хэрэв оролцогч улс тийм бүс тогтоогоогүй бол тухайн улсын Олон улсын эрх зүйн дагуу тогтоосон нутаг дэвсгэр дэх далайгаас гадагш бөгөөд түүнтэй залгаа, нутаг дэвсгэрийн далайн өргөнийг хэмжиж эхлэх үндсэн шугамаас 200 далайн милээс хэтрэхгүй бүс дотор. b) хаана авч хэрэгжүүлснээс үл хамааран, ийм хохирлоос урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээнд.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
3 дугаар зүйл Хөлөг онгоц эзэмшигчийн хүлээх хариуцлага 1. 3 болон 4 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд осол тохиолдох үед байсан хөлөг онгоц эзэмшигч хөлөг онгоцны тавцан дээр байсан, эсхүл хөлөг онгоцноос үүссэн шатахууны савны тосны бохирдлын хохирлын төлөө хариуцлага хүлээх бөгөөд хэрэв тухайн осол нь нэг эх үүсвэр бүхий хэд хэдэн үл явдлаас бүрдэж байвал хариуцлага хөлөг онгоц эзэмшигчийн хувьд эхний үйл явдлаас эхлэн ногдоно. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу нэгээс дээш хувь хүн хариуцлага хүлээхээр бол тэдний хүлээх хариуцлага хамтын болон тусдаа байна. 3. Хэрэв хөлөг онгоц эзэмшигч дараахь зүйлийг нотолбол бохирдлын хохирлын төлөө хариуцлага хүлээхгүй: a) Тухайн бохирдол нь дайн, байлдаан, иргэний дайн, бослого, эсхүл онцгой, зайлшгүй, давагдашгүй шинж чанартай байгалийн гоц үзэгдлээс үүдэлтэй; b) Тухайн хохирол нь бүхэлдээ хохирол учруулах санаатайгаар гуравдагч талын зүгээс хийсэн үйлдэл, эсхүл эс үйлдлээс үүдэлтэй; эсхүл c) Тухайн хохирол нь бүхэлдээ гэрэлтүүлэг болон хөлөг онгоц удирдахад шаардлагатай бусад төхөөрөмжийг хариуцсан Засгийн газар, эсхүл эрх бүхий бусад байгууллага үүргээ биелүүлэх үедээ хайхрамжгүй байдал гаргасан, эсхүл бусад буруу үйлдэл хийсний улмаас үүссэн. 4. Хэрэв тухайн бохирдлын хохирол нь учирсан хувь хүний хохирол учруулах санаатайгаар хийсэн үйлдэл, эсхүл эс үйлдэл, эсхүл тухайн хувь хүний хайхрамжгүй байдлаас бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн үүссэн болохыг хөлөг онгоц эзэмшигч нотолбол тэрээр тухайн хувь хүний өмнө хүлээх хариуцлагаас бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн чөлөөлөгдөнө. 5. Энэхүү конвенцид зааснаас бусад тохиолдолд бохирдлын хохирлын төлөө хөлөг онгоц эзэмшигчээс нөхөн төлбөр нэхэмжилж болохгүй. 6. Энэхүү конвенцийн аль ч заалт хөлөг онгоцны эзэмшигчйн тусламж авах аливаа эрхийг хөндөхгүй бөгөөд энэ эрхийг энэхүү конвенцоос үл хамааран эдэлнэ. 4 дүгээр зүйл Хамрахгүй хүрээ 1. Энэхүү конвенц “Иргэний хариуцлагын тухай” конвенцид тодорхойлсон бохирдлын хохиролд үйлчлэхгүй бөгөөд энэ нь тус конвенцийн дагуу нөхөн төлбөр төлөхөөр заасан эсэхээс үл хамаарна. 2. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд энэхүү конвенцийн заалт цэргийн хөлөг онгоц, усан цэргийн нэмэлт туслах хөлөг онгоц, эсхүл аль нэг улс өмчилдөг, эсхүл ажиллуулдаг бөгөөд тухайн үед зөвхөн Засгийн газрын худалдааны бус үйлчилгээнд ашиглагдаж байгаа хөлөг онгоцонд үйлчлэхгүй. 3. Аль нэг оролцогч улс энэхүү конвенцийн өөрийн цэргийн хөлөг онгоц, эсхүл 2 дахь хэсэгт тодорхойлсон бусад хөлөг онгоцныхоо хувьд мөрдөхөөр шийдвэрлэж болох бөгөөд энэ тохиолдолд ийнхүү мөрдөх нөхцөл, болзлыг тодорхойлон Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ. 4. Аль нэг оролцогч улсын өмчилж байгаа болон худалдааны зорилгоор ашиглаж байгаа хөлөг онгоцны хувьд улс бүрийн эсрэг 9 дүгээр зүйлд заасан харьяалалын дагуу нэхэмжлэл гаргах эрх нээлттэй бөгөөд улс бүр өөрийн бүрэн эрхт улсын статус дээр үндэслэн бүх хамгаалалтаас татгалзана. 5 дугаар зүйл Хоёр, эсхүл түүнээс дээш тооны хөлөг онгоц хамарсан осол Хэрэв хоёр, эсхүл түүнээс дээш тооны хөлөг онгоц хамарсан осол болж түүний улмаас бохирдлын хохирол учирсан бол холбогдох бүх хөлөг онгоцны эзэмшигчид 3
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
дугаар зүйлийн дагуу хариуцлагаас чөлөөлөгсөнөөс бусад тохиолдолд хооронд нь салгаж болохгүй бүх хохирлын төлөө хамтран болон тусдаа хариуцлага хүлээнэ. 6 дугаар зүйл Хариуцлагын хязгаарлалт Энэхүү конвенцийн заалт нь “Далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлах тухай” 1976 оны олон улсын конвенц (нэмэлт, өөрчлөлтийн хамт) зэрэг үндэсний болон олон улсын аливаа хүчинтэй журмын дагуу хариуцлагыг хязгаарлах хөлөг онгоц эзэмшигчийн болон даатгал, эсхүл санхүүгийн бусад баталгаагаар хангаж буй хувь хүн, эсхүл хувь хүмүүсийн эрхэд нөлөөлөхгүй. 7 дугаар зүйл Заавал даатгуулах даатгал, эсхүл санхүүгийн баталгаа 1. Оролцогч улсад бүртгэгдсэн, 1000 тонноос илүү бохир даацтай хөлөг онгоцны бүртгэгдсэн эзэмшигч үндэсний болон олон улсын хязгаарлалтын дагуу хариуцлагын хязгаарын хэмжээтэй тэнцэх дүнтэй бохирдлын хохирлыг төлөө хүлээх хариуцлагыг даатгуулсан байх, эсхүл банкны, эсхүл түүнтэй төстэй санхүүгийн байгууллагын баталгаа зэрэг бусад санхүүгийн баталгаатай байх шаардлагатай. Гэхдээ бүх тохиолдолд энэ нь “Далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлах тухай” 1976 оны конвенц болон түүний нэмэлт, өөрчлөлтийн дагуу тооцоолсон хэмжээнээс хэтрэхгүй байна. 2. Даатгал, эсхүл санхүүгийн бусад баталгаа нь энэхүү конвенцийн нөхцлийн дагуу хүчин төгөлдөр гэдгийг баталгаажуулж буй гэрчилгээг 1 дэх хэсгийн шаардлага хангасан хэмээн оролцогч улсын холбогдох эрх бүхий байгууллага тодорхойлсны дараа хөлөг онгоц бүрд олгоно. Оролцогч улсад бүртгэгдсэн хөлөг онгоцны хувьд ийм гэрчилгээг Хөлөг онгоцны бүртгэлийн улсын холбогдох хөлөг онгоцны байгууллага олгох, эсхүл гэрчилнэ. Оролцогч улсад бүртгэлгүй хөлөг онгоцны хувьд ийм гэрчилгээг аль нэг оролцогч улсын холбогдох эрх бүхий байгууллага олгох, эсхүл гэрчилж болно. Энэ гэрчилгээ нь энэхүү конвенцийн хавсралтад заасан загварын дагуу байх бөгөөд дараахь зүйлийг тусгасан байна: a) хөлөг онгоцны нэр, ялгагдах дугаар, эсхүл үсэг, бүртгэлийн боомт; b) бүртгэгдсэн эзэмшигчийн нэр болон үндсэн үйл ажиллагааны газар; c) ОУДБ-аас олгосон хөлөг онгоцны таних дугаар; d) баталгааны төрөл болон хугацаа; e) даатгагч, эсхүл баталгаа өгсөн бусад хувь хүний нэр болон үндсэн үйл ажиллагааны газар, мөн зохих тохиолдолд даатгал, эсхүл баталгаа хийгдсэн үйл ажиллагааны газар; f) даатгал, эсхүл баталгааны хүчинтэй байх хугацаанаас илүүгүй байх ёстой гэрчилгээний хүчинтэй хугацаа. 3. a) Оролцогч улс нь 2 дахь хэсэгт дурдсан гэрчилгээг олгох эрхийг өөрийн хүлээн зөвшөөрөгдсөн газар, эсхүл байгууллагад олгож болно. Ийм газар, эсхүл байгууллага нь гэрчилгээ олгосон бүрдээ тухайн улсдаа мэдэгдэнэ. Бүх тохиолдолд оролцогч улс олгосон гэрчилгээнийхээ бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг бүрэн батлах бөгөөд ийм үүргээ биелүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авах үүрэг хүлээнэ. b) Оролцогч улс нь Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад дараахь зүйлийг мэдэгдэнэ: i) өөрийн хүлээн зөвшөөрсөн газар, эсхүл байгууллагад шилжүүлсэн эрхтэй холбогдох тодорхой хариуцлага болон нөхцөл; ii) тухайн эрхийг буцаан авсан тухай; iii) тухайн эрхийг шилжүүлсэн, эсхүл буцаан авсан нь хүчин төгөлдөр болох он, сар, өдөр.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
Шилжүүлсэн эрх нь энэ тухай Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэл өгсөн өдрөөс гурван сарын хугацаа өнгөрөхөөс өмнө хүчинтэй болохгүй. a) Энэ хэсгийн дагуу гэрчилгээ олгох эрх авсан газар, эсхүл байгууллага нь хэрэв гэрчилгээ олгосон нөхцөл мөрдөгдөөгүй бол наад зах нь эдгээр гэрчилгээг хураан авна. Бүх тохиолдолд тухайн газар, эсхүл байгууллага нь ийнхүү хураан авсан талаар нэрийн өмнөөс нь тухайн гэрчилгээ олгосон улсад мэдээлнэ. 4. Гэрчилгээ нь түүнийг олгож буй улсын албан ёсны хэлээр байна. Хэрэв тухайн хэл нь англи, испани, эсхүл франц хэл биш бол бичвэрийг дээрх хэлний аль нэгэнд орчуулан хавсаргасан байх бөгөөд энэ тохиолдолд тухайн улс өөрийн албан ёсны хэлийг хэрэглэхгүй байхаар шийдвэрлэж болно. 5. Гэрчилгээг хөлөг онгоцны тавцан дээр авч явах бөгөөд түүний хуулбарыг хөлөг онгоцны бүртгэл хөтөлж буй эрх бүхий байгууллагад хадгалуулна. Хэрэв хөлөг онгоцыг оролцогч улсад бүртгээгүй бол гэрчилгээ олгож буй, эсхүл гэрчилж буй эрх бүхий байгууллагад хадгалуулна. 6. Хэрэв дуусгавар болж буй тухай энэ зүйлийн 5 дахь хэсэгт дурдсан эрх бүхий байгууллагад мэдэгдэл өгсөн өдрөөс хойш гурван сар өнгөрөхөөс өмнө энэ зүйлийн 2 дахь хэсгийн дагуу гэрчилгээнд заасан даатгал, эсхүл санхүүгийн баталгааны хүчинтэй байх хугацаа дууссанаас бусад шалтгаанаар даатгал, эсхүл санхүүгийн бусад баталгааны үйлчлэл зогсож болохоор бол уг даатгал, эсхүл санхүүгийн бусад баталгаа нь гэрчилгээг эдгээр эрх бүхий байгууллагад өгсөн, эсхүл дээрх хугацааны дотор шинэ гэрчилгээ олгосноос бусад тохиолдолд энэ зүйлийн шаардлагыг хангахаа болино. Тухайн даатгал, эсхүл баталгаа нь энэ зүйлийн шаардлагыг цаашид хангахгүй болоход хүргэхүйц аливаа өөрчлөлтийн хувьд дээрх заалт мөн адил үйлчилнэ. 7. Хөлөг онгоцны бүртгэлийн улс гэрчилгээ олгох болон хүчинтэй байх нөхцөлийг энэ зүйлийн нөхцөлийн дагуу тодорхойлно. 8. Оролцогч улсыг энэхүү конвенцийн зорилгоор бусад улсаас, эсхүл байгууллага, эсхүл олон улсын бусад байгууллагаас авсан даатгал, эсхүл санхүүгийн баталгаагаар хангагчдын санхүүгийн байдалтай холбоотой мэдээлэлд тулгуурлахад саад болно гэж энэхүү конвенцийн аль ч заалтыг ойлгохгүй. Ийм тохиолдолд ийм мэдээлэлд тулгуурлаж буй оролцогч улс 2 дахь хэсгийн дагуу шаардлагатай гэрчилгээ олгож буй улсын хувьд хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. 9. Оролцогч улсын эрхийн хүрээнд олгосон, эсхүл гэрчилсэн гэрчилгээг энэхүү конвенцийн зорилгоор оролцогч бусад улс хүлээн зөвшөөрөх бөгөөд түүнийг оролцогч бусад улс тэдгээр улсаас олгосон, эсхүл гэрчилсэн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзнэ. Чингэхдээ гэрчилгээг аль нэг оролцогч улсад бүртгэгдээгүй хөлөг онгоцны хувьд олгосон, эсхүл гэрчилсэн байсан ч гэсэн тйинхүү үзнэ. Даатгалын гэрчилгээнд нэр заасан даатгагч, эсхүл баталгаа гаргагч нь энэхүү конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх санхүүгийн чадваргүй гэж үзвэл оролцогч улс гэрчилгээ олгосон, эсхүл гэрчилсэн улстай зөвлөлдөх хүсэлтийг хэдийд ч гаргаж болно. 10. Бохирдлын хохирлын төлөө нөхөн олговор авах тухай аливаа нэхэмжлэлийг бүртгэгдсэн эзэмшигчийн бохирдлын хохирлын хариуцлагын даатгагч, эсхүл санхүүгийн баталгаа гаргаж буй бусад хувь хүний эсрэг шууд гаргаж болно. Ийм тохиолдолд хариуцагч хөлөг онгоцны эзэмшигчийн тавих эрхтэй тайлбар (хөлөг онгоцны эзэмшигчийн дампуурсан, эсхүл татан буугдсанаас бусад тохиолдолд)-ыг гаргаж болох бөгөөд үүнд 6 дугаар зүйлд заасан хязгаарлалт үйлчилнэ. Мөн түүнчлэн хөлөг онгоц эзэмшигч 6 дугаар зүйлийн дагуу хязгаарлалт авах эрхгүй ч гэсэн хариуцагч 1 дэх хэсгийн дагуу хийгдэх шаардлагатай даатгалын, эсхүл бусад санхүүгийн баталгааны хэмжээтэй тэнцэх дүнгээр хариуцлагаа хязгаарлуулж болно. Түүнээс гадна хариуцагч нь бохирдлын хохирол хөлөг онгоц эзэмшигчийн санаатай буруу үйлдлээс үүссэн хэмээн тайлбар гаргаж болох боловч хариуцагч түүний эсрэг хөлөг онгоцны эзэмшигчийн гаргасан шүүхийн ажиллагаанд гаргах эрхтэй байж болох бусад аливаа тайлбарыг гаргаж болохгүй. Хариуцагч хөлөг онгоцны эзэмшигчийг шүүхийн ажиллагаанд оролцохыг ямар ч тохиолдолд шаардах эрхтэй. 11. Гэрчилгээг 2, эсхүл 14 дэх хэсгийн дагуу олгосноос бусад тохиолдолд оролцогч улс энэ зүйл үйлчлэх өөрийн далбаатай хөлөг онгоцыг ажиллуулахыг хэдийд ч зөвшөөрөхгүй.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
12. Энэ зүйлийн заалтыг мөрдөхийн хамт оролцогч улс бүр даатгал, эсхүл санхүүгийн бусад баталгаа нь бохир даац нь 1000-аас дээш тонн аливаа хөлөг онгоцны хувьд хаана бүртгэгдсэнээс нь үл хамааран тухайн хөлөг онгоц түүнийг нутаг дэвсгэр дэх боомтоор орох, эсхүл гарахад, эсхүл түүнийг нутаг дэвсгэрийн далай дахь эрэг орчмын байгууламжид ирэх, эсхүл түүнээс хөдлөхөд 1 дэх хэсэгт заасан хэмжээнд хүчинтэй байх явдлыг өөрийн үндэсний хуулийн дагуу хангана. 13. Энэ зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг үл харгалзан оролцогч улс хөлөг онгоц түүний нутаг дэвсгэр дэх боомтоор орох, эсхүл гарах, эсхүл эрэг орчмын байгууламжид ирэх, эсхүл түүнээс хөдлөхдөө 2 дахь хэсгийн дагуу шаардлагатай гэрчилгээг 12 дахь хэсгийн зорилгоор хөлөг онгоцны тавцан дээр авч явах, эсхүл үзүүлэх шаардлагагүй гэж Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэж болно. Гэхдээ 2 дахь хэсгийн дагуу шаардлагатай гэрчилгээг олгодог тухайн оролцогч улс гэрчилгээ байгааг баталгаажуулж буй, 12 дахь хэсгийн дагуу хүлээх үүргээ гүйцэтгэх боломжийг оролцогч талуудад олгож буй, оролцогч бүх улсад нэвтрэхэд нээлттэй бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлдөг гэдгээ Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсэн байх ёстой. 14. Хэрэв оролцогч улсын өмчилж буй хөлөг онгоцны хувьд даатгал, эсхүл санхүүгийн бусад баталгаа хийгдээгүй бол түүнтэй холбоотой энэ зүйлийн заалт ийм хөлөг онгоцонд үйлчлэхгүй. Гэвч тухайн хөлөг онгоцыг тухайн улс өмчилж байгааг болон хөлөг онгоцны хариуцлагыг 1 дэх хэсгийн дагуу тодорхойлсон хязгаарын хүрээнд хамруулсан гэдгийг заасан бөгөөд хөлөг онгоцны бүртгэлийн улсын холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээг хөлөг онгоцон дээр авч явах ёстой. Ийм гэрчилгээ нь 2 дахь хэсэгт тодорхойлсон загвартай аль болох адил байна. 15. Аль нэг улс энэ зүйл зөвхөн тухайн улсын 2 дугаар зүйлийн (a)-ийн (i) дэд хэсэгт дурдсан нутагт үйл ажиллагаагаа явуулж буй хөлөг онгоцонд үйлчлэхгүй гэдгийг энэхүү конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орох үедээ, эсхүл түүнээс хойш хэдийд ч мэдэгдэж болно. 8 дугаар зүйл Хөөн хэлэлцэх хугацаа Хохирол гарсан өдрөөс хойш гурван жилийн дотор нөхөн олговор авах нэхэмжлэл гаргаагүй бол энэхүү конвенцийн дагуу нөхөн олговор авах эрх хүчингүй болно. Гэхдээ ямар ч тохиолдолд тухайн хохирлыг учруулсан осол болсон өдрөөс хойш зургаан жилээс дээш хугацаа өнгөрвөл нэхэмжлэл гаргаж болохгүй. Хэрэв осол нь хэд хэдэн үйл явдлаас бүрдэж байвал зургаан жилийн хугацаа нь эхний үйл явдал босон өдрөөс эхлэн тоологдоно. 9 дүгээр зүйл Шүүхийн харьяалал 1. Хэрэв нэг, эсхүл түүнээс дээш оролцогч улсын нутаг дэвсгэр, түүний дотор нутаг дэвсгэрийн далайд, эсхүл 2 дугаар зүйлийн (a)-ийн (i) дэд хэсэгт дурдсан нутаг дэвсгэрт ослын улмаас бохирдлын хохирол учирсан, эсхүл тухайн нутаг дэвсгэр, түүний дотор нутаг дэвсгэрийн далайд, эсхүл тухайн нутаг дэвсгэрт бохирдлоос урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг багасгах арга хэмжээ авагдсан бол хөлөг онгоцны эзэмшигч, даатгагч эсхүл хөлөг онгоцны эзэмшигчийн хариуцлагад баталгаа гаргаж буй бусад хувь хүний эсрэг нөхөн олговор авах нэхэмжлэлийг зөвхөн тухайн Оролцогч улсын шүүхэд гаргаж болно. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу гаргасан нэхэмжлэл бүрийн талаар үндэслэлтэй мэдэгдлийг хариуцагч бүрд өгнө. 3. Оролцогч улс бүр өөрийн шүүхийг энэхүү конвенцийн дагуу нөхөн олговор авах нэхэмжлэлийг хүлээж авах харьяалалтай гэдгийг батална.
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
10 дугаар зүйл Хүлээн зөвшөөрөх болон хүчин төгөлдөр болох 1. Энэ зүйлийн 9 дүгээр зүйлийн дагуу харьяалал бүхий шүүхээс гаргасан бөгөөд ердийн журмаар дахин хянахгүйгээр тухайн улсад хүчин төгөлдөр болсон шийдвэрийг аливаа оролцогч улсад дараахаас бусад тохиолдолд хүлээн зөвшөөрнө: a) шийдвэрийг залилан мэхлэх замаар гаргуулсан; b) хариуцагчид үндэслэлтэй мэдэгдэл өгөөгүй бөгөөд хэргийн талаар тайлбар хийх шударга боломж олгоогүй. 2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болгоход тухайн Оролцогч улсад шаардлагатай журмыг гүйцэтгэж дуусмагц тухайн шийдвэр оролцогч улс бүрд хүчин төгөлдөр болно. Дээрх журам нь тухайн хэргийн агуулгыг задлах ёсгүй. 11 дүгээр зүйл Орлох заалт Энэхүү конвенцид нь гарын үсэг зурахад нээлттэй байх өдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа, эсхүл гарын үсэг зурах, соёрхон батлах, нэгдэн ороход нээлттэй байгаа аливаа конвенцийг энэхүү конвенц орлох боловч зөвхөн уг конвенц энэхүү конвенцтой зөрчилдөж буй хэмжээнд орлоно. Гэхдээ энэ зүйлийн заалт энэхүү конвенцийн оролцогч улсын оролцогч бус улсын өмнө хүлээх үүрэгт нөлөөлөхгүй. 12 дугаар зүйл Гарын үсэг зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох 1. Энэхүү конвенц Байгууллагын төв байранд 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл гарын үсэг зурахад нээлттэй байх бөгөөд түүнээс хойш нэгдэн ороход нээлттэй хэвээр байна. 2. Оролцогч улс энэхүү конвенцийг заавал биелүүлэхээ зөвшөөрснөө дараахь байдлаар илэрхийлж болно: a) соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлахгүй гэсэн тайлбаргүйгээр гарын үсэг зурах; b) дараа соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлахаар гарын үсэг зурж байгаа нь соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах; c) нэгдэн орох. 3. Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон нь холбогдох баримт бичгийг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар хүчин төгөлдөр болно. 4. Энэхүү конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт тухайн үед байгаа оролцогч бүх улсын хувьд хүчин төгөлдөр болсны дараа, эсхүл нэмэлт, өөрчлөлтийг тэдгээр оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болгоход шаардлагатай бүх арга хэмжээг авсны дараа хадгалуулсан соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичиг нь энэхүү конвенцид тухайн нэмэлт, өөрчлөлтийн хамт үйлчилнэ гэж үзнэ. 13 дугаар зүйл Эрх зүйн нэгээс дээш тогтолцоотой улс 1. Хэрэв аль нэг улс энэхүү конвенцид тусгасан асуудалтай холбоотой эрх зүйн хэд хэдэн тогтолцоо үйлчилдэг нэг, эсхүл түүнээс дээш нутаг дэвсгэрийн нэгжтэй бол соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орох үедээ энэхүү конвенцийг өөрийн нутаг дэвсгэрийн бүх нэгждээ, эсхүл зөвхөн нэг, эсхүл түүнээс олон нэгжид үйлчилнэ гэдгийг мэдэгдэж болох бөгөөд энэ мэдэгдлийг өөр мэдэгдэл өгөх замаар хэдийд ч өөрчилж болно.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
2. Аливаа ийм мэдэгдлийн талаар Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэх бөгөөд түүнд энэхүү конвенц үйлчлэх нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхой заана. 3. Ийм мэдэгдэл хийсэн оролцогч улсын хувьд: a) 1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тусгасан “бүртгэгдсэн эзэмшигч” гэсэн тодорхойлолтод дурдсан улс гэдгийг нутаг дэвсгэрийн ийм нэгж гэж мөн ойлгоно; хөлөг онгоцны бүртгэлийн улсын дурдах, мөн заавал даатгуулах даатгалын гэрчилгээний хувьд түүнийг олгож буй, эсхүл гэрчилж буй улсыг дурдахад тухайн хөлөг онгоц бүртгэгдсэн болон тухайн гэрчилгээг олгодог, эсхүл гэрчилдэг нутаг дэвсгэрийн нэгжийг тус тус мөн дурдаж байна гэж ойлгоно; b) үндэсний хуулийн шаардлагыг энэхүү конвенцид дурдахад холбогдох нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн шаардлагыг мөн дурдаж байна гэж ойлгоно; c) шүүх болон оролцогч улсад хүлээн зөвшөөрөх ёстой шүүхийн шийдвэрийн талаар 9 болон 10 дугаар зүйлд дурдахад холбогдох нутаг дэвсгэрийн нэгжийн шүүхийг болон холбогдох бүс нутгийн нэгжид хүлээн зөвшөөрөх ёстой шүүхийн шийдвэрийг тус тус мөн дурдаж байна гэж ойлгоно. 14 дүгээр зүйл Хүчин төгөлдөр болох 1. Энэхүү конвенц нь нийт 18 улс, түүний дотор улс тус бүр бохир даацын нийлбэр нь 1 саяас доошгүй тонны хөлөг онгоцтой 5 улс, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлахгүй гэсэн тайлбаргүйгээр гарын үсэг зурсан, эсхүл соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан өдрөөс нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно. 2. Хүчин төгөлдөр болох тухай 1 дэх хэсгийн нөхцөл хангагдсаны дараа соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, баталж, нэгдэн орж буй аливаа улсын хувьд энэхүү конвенц тухайн улс холбогдох баримт бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гурван сарын дараа хүчин төгөлдөр болно. 15 дугаар зүйл Цуцлах 1. Оролцогч аль ч улс энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэдийд ч энэхүү конвенцоос гарч болно. 2. Конвенцоос гарах нь Ерөнхий нарийн бичгийн даргад холбогдох баримт бичгийг хадгалуулснаар хүчин төгөлдөр болно. 3. Конвенцоос гарсан тухай баримт бичгийг Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаас хойш 1 жилийн дараа, эсхүл тухайн баримт бичигт заасан илүү урт хугацааны дараа конвенцоос гарах нь хүчин төгөлдөр болно. 16 дугаар зүйл Хянаж өөрчлөх эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах 1. Энэхүү конвенцийг хянаж өөрчлөх, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор байгууллага хурал зарлан хуралдуулж болно. 2. Байгууллага нь конвенцийг хянаж өөрчлөх, эсхүл нэмэлт, өөрчлөлт оруулах зорилгоор оролцогч улсын хурлыг оролцогч улсын 1/3-ээс доошгүй хүсэлтээр зарлан хуралдуулна. 17 дугаар зүйл Эх хадгалагч 1. Энэхүү конвенцийг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна. 2. Ерөнхий нарийн бичгийн дарга:
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
a) Энэхүү конвенцид гарын үсэг зурсан, эсхүл нэгдэн орсон бүх улсад дараахь зүйлийг мэдээлнэ: i) шинээр гарын үсэг зурсан, баримт бичгийг хадгалуулсан тухай бүрд энэ тухай тухайн он, сар, өдрийн хамт; ii) энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон он, сар, өдрийн тухай; iii) энэхүү конвенцоос гарсан тухай баримт бичгийг хадгалуулсан тухай тийнхүү хадгалуулсан он, сар, өдөр, мөн конвенцоос гарах нь хүчин төгөлдөр болох он, сар, өдрийн тухай; iv) энэхүү конвенцийн дагуу хийсэн бусад мэдэгдлийн тухай. b) Энэхүү конвенцийн баталгаат үнэн хуулбарыг гарын үсэг зурсан бүх улс болон энэхүү конвенцид нэгдэн орсон бүх улсад хүргүүлнэ. 18 дугаар зүйл Нэгдсэн Үндэстний Байгууллагад хүргүүлэх Энэхүү конвенц хүчин төгөлдөр болмогц түүний эх бичвэрийг Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн даргын газарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 102 дугаар дүрмийн дагуу бүртгүүлэх болон хэвлүүлэхээр хүргүүлнэ. 19 дүгээр зүйл Хэл Энэхүү конвенцийг англи, араб, испани, орос, франц, хятад хэлээр тус бүр нэг хувь хийсэн бөгөөд эх бичвэр адил хүчинтэй. Хэмээснийг нотолж холбогдох засгийн газраасаа эрх олгогдсон доор гарын үсэг зурагч энэхүү конвенцид гарын үсэг зурав. Хоёр мянга нэг оны гуравдугаар сарын хорин гуравны өдөр Лондон хотноо үйлдэв.
2016 он №11 /XI боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
САНХҮҮГИЙН БУСАД БАТАЛГААНЫ ГЭРЧИЛГЭЭ Шатахууны савны тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай 2001 оны олон улсын конвенцийн 7 дугаар зүйлийн заалтын дагуу олгов.
Хөлөг онгоцны нэр
Ялгагдах дугаар, эсхүл үсэг
ОУДБ-аас олгосон хөлөг онгоцны таних дугаар
Бүртгэсэн боомт
Бүртгэгдсэн эзэмшигчийн нэр болон үндсэн үйл ажиллагааны газрын бүтэн хаяг
“Шатахууны савны тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” 2001 оны олон улсын конвенцийн 7 дугаар зүйлийн шаардлагыг хангаж буй даатгал, эсхүл санхүүгийн бусад баталгаа дээр нэрлэсэн хөлөг онгоцны хувьд хүчин төгөлдөр үйлчилж байгааг үүгээр гэрчилж байна. Баталгааны төрөл ............................................................................................................ Баталгааны хугацаа ......................................................................................................... Даатгагч/даатгагчдын болон/эсхүл баталгаа гаргагч/гаргагчдын нэр, хаяг Нэр .......................................................................................................... Хаяг ........................................................................................................ ................................................................................................................. Энэхүү гэрчилгээ нь .................................................... хүртэл хүчинтэй. Олгосон, эсхүл гэрчилсэн ..................................................................................... ................................................................................................................................... улсын Засгийн газар /улсын бүтэн нэр/ ЭСХҮЛ Оролцогч улс 7 дугаар зүйлийн (3) дахь хэсгийг хэрэглэж буй тохиолдолд доорх бичвэрийг хэрэглэнэ. Энэхүү гэрчилгээг ....................................................... /улсын бүтэн нэр/ улсын Засгийн газраас эрх олгосны дагуу .................................................. /газар, эсхүл байгууллагын нэр/ олгов. ............................................ ................................................ /Газар/ /он, сар, өдөр/ ............................................................................................. /Гэрчилгээ олгосон, эсхүл гэрчилсэн албан тушаалтны гарын үсэг болон албан тушаал/ Тайлбар: 1. Хэрэв хүсвэл улсын нэр дээр гэрчилгээ олгосон улсын эрх бүхий төрийн байгууллагын нэрийг зааж болно. 2. Хэрэв баталгааны нийт дүнг нэгээс дээш эх үүсвэрээс гаргасан бол тэдний тус бүрийн дүнг заана. 3. Хэрэв баталгааг хэд хэдэн төрлөөр гаргасан бол тэдгээрийг тоочно. 4. “Баталгааны хугацаа” гэсэн хэсэгт уг баталгаа хүчинтэй болох он, сар, өдрийг заана. 5. Даатгагч (даатгагчдын болон) эсхүл баталгаа гаргагч/гаргагчдын “Хаяг” гэсэн хэсэгт даатгагч (даатгагчдын болон), эсхүл баталгаа гаргагч/гаргагчдын үндсэн үйл ажиллагааны газрыг заах ёстой. Хэрэв боломжтой бол даатгал, эсхүл санхүүгийн баталгаа хийгдсэн үндсэн үйл ажиллагааны газрыг заана.