Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай олон улсын конвенц № 132
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ 2016 он №10 /X боть/ УИХ-ын Тамгын газар, Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам
132. ХӨЛӨГ ОНГОЦНООС ҮҮДЭЛТЭЙ БОХИРДЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦ 1973 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр баталж, 1983 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүчин төгөлдөр болсон Энэхүү конвенцид Оролцогч тал, Хүний оршин амьдрах хүрээлэн буй орчин болон далайн орчинг хадгалан, хамгаалах шаардлагатай гэдгийг ухамсарлан, газрын тос болон бусад хортой бодисыг санаатайгаар, анхааралгүйгээр, эсхүл санамсаргүйгээр хөлөг онгоцноос гаргах нь бохирдлын ноцтой эх үүсвэрийг бүрдүүлэхийг хүлээн зөвшөөрөн, байгаль орчныг хамгаалах тэргүүн зорилготой баталсан “Далайг газрын тосоор бохирдуулахаас сэргийлэх тухай” 1954 оны анхны олон улсын конвенцийн ач холбогдол болон далай болон эргийн хүрээлэн буй орчныг бохирдлоос хамгаалахад оруулсан тус конвенцийн жинтэй хувь нэмрийг хүлээн зөвшөөрөн, далайн орчныг газрын тос болон бусад хортой бодисоор санаатайгаар бохирдуулахыг бүрэн зогсоох болон иймэрхүү бодисыг санамсаргүйгээр алдахыг багасгахыг эрмэлзэн, газрын тосоор бохирдуулах асуудлаас илүү түгээмэл утга санаа бүхий дүрмийг тогтоосноор энэхүү зорилгыг биелүүлж болно гэж үзэж, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов, 1 дүгээр зүйл Конвенцийн ерөнхий үүрэг 1. Конвенцийг зөрчин хортой бодис, эсхүл хортой бодис агуулсан бохир усыг далайд гарган далайн орчинг бохирдуулахаас сэргийлэх зорилгоор конвенцийн талууд энэхүү конвенцийн болон хавсралтын заалтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. 2. Өөрөөр тодорхойлж заагаагүй бол энэхүү конвенцийг иш татах явдал нь түүний протокол болон хавсралтад нэгэн адил хамаарна.
2 дугаар зүйл Нэр томьёо Өөрөөр тодорхой заагаагүй бол энэхүү конвенцийн зорилгоор нэр томьёог дараахь утгаар ойлгоно: 1. “журам” гэж энэхүү конвенцийн хавсралтад тусгасан журмыг; 2. “хортой бодис” гэж далайд гарснаар хүний эрүүл мэндэд аюул учруулах, амьд нөөц болон далайн амьдралд хохирол учруулах, далайг хууль ёсоор ашиглах таатай нөхцөлийг алдагдуулах, эсхүл саад учруулах аливаа бодис тухайлбал, энэхүү конвенцийн хяналтад хамрагдах аливаа бодисыг; 3. a) “далайд гаргах” гэж хортой бодис, эсхүл иймэрхүү бодис агуулсан бохир устай холбоотой тохиолдолд хөлөг онгоцноос аль нэг хэлбэрээр гаргах, тухайлбал, алдах, хаях, асгах, гоожих, шахан гаргах, ялгаруулах эсхүл суллах зэргийг; b) “далайд гаргах” гэдэгт дараахь зүйлийг хамааруулахгүй: Монгол Улс 2004.01.15-ны өдөр нэгдэн орсон.