Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(722)
— 341 —

Журам батлах тухай № 340

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 340 хот Журам батлах тухай

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. ”Гамшгийн үед хүч хэрэгсэл дайчлан гаргах журам”-ыг 1 дүгээр, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам, жагсаалт батлах тухай” Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД

Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

ГАМШГИЙН ҮЕД ХҮЧ ХЭРЭГСЭЛ ДАЙЧЛАН ГАРГАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар гамшгийн үед аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Гамшгийн аюулын цар хэмжээ, нөхцөл байдал, хамарсан хүрээ, учруулах хор уршгаас шалтгаалж шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг дайчлан гаргах ажлыг бүх шатны Засаг дарга хариуцан зохион байгуулна.

1.3. Гамшгаас хамгаалах дайчилгаанд гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий албад, аж ахуйн нэгж, байгууллага, дүйцүүлэх албаны алба хаагч, мэргэжлийн анги, иргэд болон сайн дурынхан хамрагдана.

1.4. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зэвсэгт хүчнийг татан оролцуулах асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9.9-д заасны дагуу шийдвэрлүүлнэ.

1.5. Эрэн хайх, аврах, сэргээн босгох ажиллагаанд оролцохоор ирж байгаа олон улсын аврах багийн хүн хүч, техник, тоног төхөөрөмж, хүмүүнлэгийн тусламжийг улсын хилээр холбогдох хуулийн дагуу бүрдүүлэлт хийж оруулна. 1.6. Энэхүү журмыг бүх шатны Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж болон иргэд дагаж мөрдөнө.

Хоёр. Гамшгаас хамгаалах дайчилгаа зарлах тухай

2.1. Гамшгаас хамгаалах дайчилгааг зарлах шийдвэрийг дараахь тохиолдолд гаргана:

2.1.1. тухайн газар нутагт техникийн холбогдолтой осол, газар хөдлөлт, дэлбэрэлт, цацраг идэвхт бодис болон химийн хорт бодис алдагдсанаас хүн ам, мал, амьтан амьдрах орчингүй болсон;

2.1.2. хүн ам, мал, амьтны болон олон улсын хөл хориот халдварт өвчин үүссэн, уг голомтын зэргэлдээ орших суурин газрын хүн ам, мал, амьтныг урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээг авах болсон;

2.1.3. үер буусан болон үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл байдал үүссэн;

2.1.4. ой, хээрийн болон объектын түймэр гарч байгаль экологи, хот, суурин газрын хүн ам, эд хөрөнгө, барилга байгууламжид аюул учирсан;

2.1.5. бусад тохиолдолд.

2.2. Гамшгаас хамгаалах дайчилгаа зарлах шийдвэрийг баг, хороо, сум, дүүргийн хэмжээнд сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн хэмжээнд аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

2.3. Улсын хил, нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт гамшгийн аюул үүсэж, цар хүрээ нь тэлсэн, орон нутгийн хүн хүч, техник хэрэгсэл хүрэлцэхгүй болсон үед гамшгаас хамгаалах дайчилгаа явуулах шийдвэрийг Засгийн газар гаргана.

Гурав. Гамшгаас хамгаалах дайчилгааны өмнөх үеийн бэлтгэл ажил

3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөнд гамшгаас хамгаалах дайчилгааны арга хэмжээний талаар хавсаргаж жил бүр тодотгол хийнэ. Төлөвлөгөөнд тухайн орон нутгийн газрын зураг, дайчлахаар заасан хүн хүч, техник хэрэгслийн тооцоо, хангалт, зохион байгуулалт, мэргэжлийн ангиудын гүйцэтгэх үүрэг, ажиллах, цугларах газар, хугацааг тодорхой тусгасан байна.

3.2. Аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, хэлтэс нь тухайн шатны Засаг даргын Тамгын газартай хамтран гамшгийн үед дайчлах хүн хүч, техник хэрэгсэл, шаардлагатай объект, барилга байгууламж, газар нутгийн судалгаа болон тооцоог гаргаж, гамшгаас хамгаалах дайчилгааны бэлтгэл нөөцөд бүртгэх ажлыг зохион байгуулсан байна. Дээрх судалгаа, тооцоог гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд хавсаргаж жил бүр тодотгоно.

Дөрөв. Гамшгаас хамгаалах дайчилгааны үеийн зохион байгуулалт, удирдлага

4.1. Гамшгаас хамгаалах дайчилгааг зохион байгуулах Засаг даргын үүрэг:

4.1.1. төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийг дайчлах, гамшгийн хор уршгийг арилгасан үед дайчилгааг цуцлах тухай шийдвэрийг гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх;

4.1.2. гамшгийн нөхцөл байдлыг үнэлж, шийдвэр гаргахдаа гамшгаас хамгаалах дайчилгаа явуулах нөхцөл боломж, гамшгийн голомтын байршил, цар хүрээ, тархалтын байдал, шаардагдах хүч хэрэгслийн тооцоо, үүрэг гүйцэтгэх бүлгүүд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, ажиллах, цугларах байр, хугацааг тодорхой зааж өгөх;

4.1.3. гамшгийн нөхцөл байдал, хамарсан нутаг дэвсгэр, тархаж болзошгүй чиглэл, үүсэж болзошгүй үр дагавар, гамшиг болсон нутгийн заагийг тогтоосон талаар хөрш зэргэлдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт мэдээлэх;

4.1.4. гамшгаас хамгаалах дайчилгааны үеийн хангалтын (хоол хүнс, ус, шатахуун г.м) зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гарган зарцуулах;

4.1.5. автомашин, техникийг дайчлан ажиллуулах үед авто тээврийн цуваа зохион байгуулж, цувааны ахлагчийг томилон бүлгийн зохион байгуулалтад шилжүүлэх;

4.1.6. гамшгаас хамгаалах дайчилгааны үеийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах, эмх замбараагүй байдал гаргуулахгүй байх арга хэмжээг авах;

4.1.7. орон нутгийн төсвөөс давсан зардалтай холбоотой асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

4.2. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үүрэг:

4.2.1. дайчилгаа зохион байгуулж байгаа тухайн шатны Засаг даргад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, оролцогч байгууллагуудыг удирдлага зохицуулалтаар хангах;

4.2.2. гамшгаас хамгаалах дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор дадлага, сургуулийг зохион байгуулах;

4.2.3. гамшгаас хамгаалах дайчилгааны ажлын явц байдал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

4.2.4. шаардлагатай гэж үзвэл гамшгаас хамгаалах дайчилгааг зохион байгуулах явцад гарах орон нутгийн төсвөөс давсан зардалтай холбоотой асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

4.3. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг:

4.3.1. гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр дайчлагдах өөрийн байгууллагын хүн хүч, тээврийн хэрэгсэл, барилга байгууламжийн бэлэн байдлыг хангах;

4.3.2. өөрийн байгууллагын дайчлагдсан хүн хүч, техник хэрэгсэл, барилга байгууламжийн мэдээ, гарсан зардлын тайлан тооцоог тухайн шатны Засаг даргын Тамгын газарт танилцуулах;

4.3.3. тухайн шатны Засаг дарга, мэргэжлийн байгууллага, төв, орон нутгийн Онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх. 4.4. Иргэний үүрэг:

4.4.1. өөрийн бичиг баримт, хүнс, хувцас хэрэглэлийг бэлтгэж, дайчилгаа зарласан газарт тогтоосон хугацаанд очих;

4.4.2. өөрийн үүрэг, гүйцэтгэх ажлын чиглэлээр жилд нэгээс доошгүй удаа гамшгаас хамгаалах дадлага, сургуульд хамрагдах;

4.4.3. дайчилгааг явуулж байгаа байгууллагын удирдлагын зүгээс тавьсан шаардлага, тогтоосон дэглэм, зөвлөмжийг чанд сахиж мөрдөх;

4.4.4. гамшгаас хамгаалах дайчилгааг зарласан үед тухайн нутаг дэвсгэрээс гадагш албан болон хувийн хэргээр зорчихгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих шаардлага гарсан тохиолдолд оршин суугаа газрын Засаг даргаас зөвшөөрөл авах;

4.4.5. дайчилгаанд хамрагдах багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг үүрэг гүйцэтгэхэд байнга бэлэн байлгах.

Тав. Санхүүжилт, хяналт

5.1. Гамшгаас хамгаалах дайчилгаанд ажилласан иргэний албан тушаалын цалин, ажил эрхлээгүй иргэний хөдөлмөрийн хөлс, бусад нөхөх олговрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно.

5.2. Гамшгаас хамгаалах дайчилгаанд дайчлагдан ажилласан хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн техник хэрэгслийг дайчлан ажиллуулах үеийн шууд зардлыг мөрдөж байгаа жишиг үнийн дагуу тухайн орон нутгийн төсвөөс гаргана.

5.3. Тухайн орон нутгийн төсвөөс давсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

5.4. Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эрх бүхий бусад байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар эрх хэмжээнийхээ хүрээнд энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавина.

ГАМШГИЙН ҮЕД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод байгаа хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэх, байршуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Засгийн газрын 2011 оны 340 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

1.2. “Нүүлгэн шилжүүлэлт” гэж болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтоос хүн ам, мал, амьтан, эд хөрөнгийг зохион байгуулалттайгаар аюулгүй орчинд шилжүүлэн байрлуулах арга хэмжээг хэлнэ.

1.3. Гамшигт өртсөн болон өртөж болзошгүй нутаг дэвсгэрээс хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг авран хамгаалах зорилгоор гамшигт өртсөн нөхцөл байдлыг харгалзан түр хугацаагаар буюу бүрмөсөн аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлэлт хийж болно.

1.4. Энэхүү журмыг бүх шатны Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж болон иргэд мөрдөнө.

Хоёр. Нүүлгэн шилжүүлэлт зарлах тухай шийдвэр гаргах

2.1. Нүүлгэн шилжүүлэлт зарлах шийдвэрийг дараахь тохиолдолд гаргана:

2.1.1. газар хөдлөлт болж хот, суурин газар нурж, хүн амьдрах нөхцөлгүй болсон;

2.1.2. тухайн газар нутагт техникийн холбогдолтой осол, дэлбэрэлт, цацраг идэвхт бодис болон химийн хорт бодис алдагдсанаас хүн ам, мал, амьтан амьдрах орчин үгүй болсон;

2.1.3. террорист үйлдлээс урьдчилан сэргийлэх, алан хядах ажиллагааны улмаас үүссэн нөхцөл байдалд зайлшгүй арга хэмжээ авах;

2.1.4. ган, зуд тохиолдох, хот, суурин газар, газар тариалан, мал аж ахуй усны хомсдолд орох ноцтой үр дагавар үүссэн;

2.1.5. үер буусан болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл байдал үүссэн;

2.1.6. хүн ам, мал, амьтны болон олон улсын хөл хориот халдварт өвчин үүссэн болон уг голомтын зэргэлдээ орших суурин газрын хүн ам, мал, амьтныг урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээг авах болсон;

2.1.7. ой, хээрийн болон объектын түймэр гарч байгаль экологи, хот, суурин газрын хүн ам, эд хөрөнгө, барилга байгууламжид бодит аюул учирсан.

2.2. Баг, хороо, сум, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарч гамшиг үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулах зорилгоор түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэрийг тухайн сум, дүүргийн Засаг дарга гаргана.

2.3. Хоёр болон түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарч гамшиг үүссэн буюу үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагаа явуулах зорилгоор түр хугацаагаар нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэрийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.

2.4. Нийслэлийн болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарч гамшиг үүссэн буюу үүсэж болзошгүй үед түр нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэрийг Улсын Онцгой комиссын саналыг үндэслэн Засгийн газар гаргана. Бүрмөсөн нүүлгэн шилжүүлэлт явуулахыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

2.5. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд тухайн нутаг дэвсгэрт тохиолдсон гамшгийн эмзэг байдал, бодит аюулын цар хэмжээ, хүн ам, үйлдвэрлэлийн нягтрал, байршил, байгаль цаг уурын нөхцөл, гамшгийн улмаас цаашид гарч болох хор уршгийг тодорхой тусгасан байна.

Гурав. Нүүлгэн шилжүүлэлтийн өмнөх үеийн бэлтгэл ажил

3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь гамшгаас хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээний төлөвлөгөөг хавсаргаж, жил бүр тодотгол хийнэ. Төлөвлөгөөнд тухайн орон нутгийн газрын зураг, дайчлахаар заасан хүн хүч, техник хэрэгслийн тооцоо, нүүлгэн шилжүүлэх хүн ам, эд материалын болон соёл, урлагийн үнэт зүйлс, тэдгээрийн тоо хэмжээ, хангалт, зохион байгуулалт, мэргэжлийн ангиудын гүйцэтгэх үүрэг, ажиллах, цугларах байр, шилжүүлэх, хүлээн авах байр, хугацааг тодорхой тусгасан байна.

3.2. Нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 3 цагийн дотор цугларах болон хүлээн авах байрууд, нүүн шилжигсдийн тоо, бүртгэлийг хариуцан ажиллах бүртгэл мэдээллийн бүлгийг байгуулсан байна.

Дөрөв. Нүүлгэн шилжүүлэлт

4.1. Нүүлгэн шилжүүлэлт зарласан үед дараахь ажиллагааг зохион байгуулна:

4.1.1. нүүлгэн шилжүүлэлт явуулах тухай гарсан шийдвэрийг тухайн орон нутгийн албан байгууллага, нийт хүн амд зарлан мэдээлэх;

4.1.2. нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэх бүлгийн удирдагч нарыг томилон ажилд нь оруулж, эхний ээлжинд аюулгүй бүс рүү хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн гишүүд, эд материалын болон түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч ажиллах;

4.1.3. нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан хүн амын тоо, бүртгэлийг явуулж, орон байр, хоол хүнсээр хангах, эд материалын болон түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийг тээвэрлэлтэд бэлтгэх, байршуулах аюулгүй бүс (урьдчилан тогтсон) рүү тээвэрлэх ажлыг зохион байгуулах;

4.1.4. нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдийг авто тээвэр болон бусад тээврийн хэрэгслээр цуваанд эмхлэн зохион байгуулж, хэв журам сахиулах бүлгийн хяналт дор нүүлгэнэ. Хэв журам сахиулах бүлэг нь байршуулах бүс нутаг хүртэлх замын турш аюулгүй байдлыг хангаж ажиллах;

4.1.5. түр нүүлгэн шилжүүлэлт хийгдсэн үед хот, суурин газрын үлдсэн барилга байгууламж, дэд бүтцийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хэв журам сахиулах болон харуул хамгаалалтын бүлэг хариуцан ажиллах;

4.1.6. хүн амыг нүүлгэн шилжүүлэх үед бүх төрлийн тээврийн хэрэгслийг тодорхой зааж оноосон бүртгэлийн дагуу дайчилж, бүлэг, хэсэг болгон зохион байгуулж, материал хэрэгслээр ханган хүн ам, эд хөрөнгийг тээвэрлэх ажилд бэлэн болгох.

4.2. Нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдаж байгаа Засаг дарга нь дараахь бүлгүүдийг томилж ажиллуулна:

-тээврийн бүлэг; -эмнэлэг, эрүүл ахуй, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх бүлэг; -хэв журам сахиулах, зохицуулах бүлэг; -инженерийн бүлэг; -нөөцийн материал, орон сууцны хангалтын бүлэг; -холбоо, мэдээлэл, лавлагааны бүлэг; -хоол, хүнсний хангалтын бүлэг; -шатахуун, нефтийн бүтээгдэхүүний хангалтын бүлэг; -банк, санхүү, нийгмийн хамгааллын бүлэг; -хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг тоолох иргэний бүртгэл, мэдээллийн бүлэг.

4.3. Бүлгийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн орон тооны бус гамшгаас хамгаалах албадын дарга нар удирдах бөгөөд нэг бүлэгт 5-7 хүн байна.

4.4. Энэ журмын 4.1.2, 4.1.3-т заасан эд материалын үнэт зүйл гэдэгт дараахь зүйл хамрагдана: 4.4.1. төрийн үнэт зүйл (алт, валютын нөөц, банкны активууд, үнэт цаас, хэмжүүрийн эталон, үнэт металл болон чулууны нөөц, төрийн байгууллагуудын архив, тамга, тэмдэг, албан бичиг, шинжлэх ухааны онцгой чухал баримт бичгүүд, цахим тооцоолох системүүд, өгөгдлийн бааз г.м);

4.4.2. үйлдвэрлэлийн болон шинжлэх ухааны үнэт зүйл (өндөр үнэ бүхий шинжлэх ухааны болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, өндөр үнэ бүхий шинжлэх ухааны баримт бичгүүд, цахим сүлжээний баазууд г.м);

4.4.3. хүнсний нөөц, эрүүл мэндийн байгууллагын багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, ус хангамжийн тоног төхөөрөмж, хүн амын хангалтад зориулагдсан эд материалын нөөц;

4.4.4. хөдөө аж ахуйн мал, амьтан, тарих үр, ургамлын нөөц, үрийн нөөц, бордоо тэжээлийн нөөц;

4.4.5. аврах ажиллагааны болон бусад хойшлуулшгүй сэргээн босгох ажлын үед хэрэглэх багаж, эд материалын нөөц. 4.5. Энэ журмын 4.1.2, 4.1.3-т заасан түүх, соёл, урлагийн үнэт зүйлс гэдэгт дараахь зүйл хамрагдана:

4.5.1. Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл; 4.5.2. номын сангийн ховор, үнэт ном судар; 4.5.3. урлагийн үнэт бүтээл; 4.5.4. цахим мэдээллийн сан. 4.6. Эд материалын болон түүх, соёл, урлагийн үнэт зүйлсийн бүртгэлд оруулах шаардлага гарвал соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас мэргэжлийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан байна.

Тав. Нүүлгэн шилжүүлэх үеийн зохион байгуулалт, удирдлага

5.1. Нүүлгэн шилжүүлэлтийг удирдан зохион байгуулах Засаг даргын үүрэг:

5.1.1. нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах тусгай бүлгүүдийн удирдлагыг томилж, бүлгийн гүйцэтгэх үүргийг тодотгож, нүүлгэх ажиллагааг эхлүүлэх;

5.1.2. төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд гамшгаас хамгаалах дайчилгаа, нүүлгэн шилжүүлэлт явуулах шийдвэр гарсан тухай зарлах, гамшгийн хор уршгийг арилгасан тухай шийдвэрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд мэдээлэх;

5.1.3. гамшгийн нөхцөл байдлыг үнэлж, шийдвэр гаргахдаа гамшгаас хамгаалах дайчилгаа явуулах, нүүлгэн шилжүүлэх боломж нөхцөл, гамшгийн голомтын бүс нутаг, цар хүрээ, тархалтын байдал, ажиллах мэргэжлийн анги, хүч хэрэгслийн тооцоо, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, цугларах байр, цаг хугацааг тодорхой зааж өгөх;

5.1.4. гамшгийн нөхцөл байдал, хамарсан нутаг дэвсгэр, тархаж болзошгүй чиглэл, үүсэж болзошгүй үр дагавар, гамшиг болсон нутгийн заагийг тогтоосон тухайгаа хөрш зэргэлдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт нэн даруй мэдээлэх;

5.1.5. нүүлгэн шилжүүлэлтийн үеийн хангалтын (хоол хүнс, ус, шатахуун г.м) зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гаргах;

5.1.6. шилжиж ирсэн иргэдийг жагсаалтын дагуу бүртгэн байршуулах нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоон өгөх, байршуулж, нүүлгэн шилжүүлэх явцад хүн ам, эд хөрөнгө, мал, амьтны тоо, бүртгэлийн талаар гарсан өөрчлөлтийн мэдээг Улсын Онцгой комисст мэдээлэх;

5.1.7. иргэдийн амьдрах нэн тэргүүний хэрэгцээг хангах (орон байр, ус, хоол хүнс, эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах) бүх төрлийн хангалтыг зохион байгуулах; 5.1.8. хүн ам, эд хөрөнгийг тээвэрлэн шилжүүлэх үеийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах, эмх замбараагүй байдал гаргуулахгүй байх арга хэмжээг авах;

5.1.9. нүүлгэн шилжүүлэлтэд шаардагдах орон нутгийн төсвөөс давсан зардлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх;

5.1.10. нүүлгэн шилжүүлэлт хийгдэх үед энэ журмын 4.1-д заасан бүх арга хэмжээг зохион байгуулах.

5.2. Онцгой байдлын асуудал хариуцсан байгууллагын үүрэг: 5.2.1. Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу нүүлгэн шилжүүлэлтийг удирдан зохион байгуулж байгаа бүх шатны Засаг даргад мэргэжлийн дэмжлэг үзүүлж, оролцогч байгууллагыг удирдлага зохицуулалтаар хангах;

5.2.2. аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс нь харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулан тухайн шатны Засаг даргаар батлуулж, жил бүр тодотгол хийх;

5.2.3. нүүлгэн шилжүүлэх бэлэн байдлыг хангах зорилгоор дадлага, сургууль зохион байгуулах;

5.2.4. нүүлгэн шилжүүлэлтийг удирдан зохион байгуулж байгаа Засаг даргын Тамгын газар, түүний бүлгүүдийн удирдлага, цугларах болон хүлээн авах байруудыг радио болон хөдөлгөөнт холбооны хэрэгслээр хангах үүрэг хүлээх;

5.2.5. нүүлгэн шилжүүлэлтэд дутагдаж байгаа материал хэрэгслийн нөөцийг хангах ажлыг зохион байгуулах;

5.2.6. нүүлгэн шилжүүлэх ажлын явц байдалд болон Засгийн газраас гаргасан шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавих;

5.2.7. шаардлагатай гэж үзвэл нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулах явцад гарсан нэмэлт зардлын асуудлыг Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэх.

5.3. Аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг:

5.3.1. нүүлгэн шилжүүлэлтэд шаардагдах тээврийн хэрэгслийг гарган дэмжлэг үзүүлэх, үйлдвэрийн тоног төхөөрөмж, байгууллагын эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэх, нүүлгэх, ачих, буулгах ажлыг зохион байгуулах;

5.3.2. өөрийн байгууллагад байгаа материал хэрэгслийн нөөцийг гаргаж зарцуулах;

5.3.3. байгууллагаас дайчлагдсан хүч хэрэгсэл, нүүн шилжигсдийн мэдээ гаргах, нүүлгэн шилжүүлэлтийн явц байдал, гаргасан

Төрийн мэдээлэл · 2012 · № 5 (722)341–351-р хуудас