Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн
газар (цаашид “Талууд” гэх),
Эрх тэгш, харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааны
зарчим дээр тулгуурлан,
Талуудын хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, нийгэм эдийн
засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, эрчим хүчний салбарт Монгол, Оросын харилцааг цаашид гүнзгийрүүлэх эрмэлзлээ нотолж,
Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын Найрсаг харилцаа,
иж бүрэн стратегийн түншлэлийн тухай 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээ болон Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1995 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хэлэлцээрийг тус тус харгалзан,
Дараах зүйлсийг хэлэлцэн тохиролцов:
Нэгдүгээр зүйл
Энэхүү Хэлэлцээрийн гуравдугаар зүйлд заасан Талуудын
итгэмжлэгдсэн байгууллагууд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх болон энэхүү Хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйлд заасан хамтарсан компанийн үйл ажиллагааг эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд Хэлэлцээрийн зорилго оршино.
Хоёрдугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрийн хэрэгжилтийг дараах эрх бүхий
байгууллагууд гүйцэтгэнэ. Үүнд:
Монголын талаас - Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн
яам;
Оросын талаас - Оросын Холбооны Улсын Эрчим хүчний яам.
Эрх бүхий байгууллагууд өөрчлөгдсөн тохиолдолд Талууд бие
биедээ энэ тухай дипломат шугамаар бичгээр мэдэгдэнэ.
Гуравдугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд Талууд дараах итгэмжлэгдсэн
байгууллагуудтай байна. Үүнд:
Монголын талаас – “Эрчис ойл” ХХК ба/эсхүл түүний хамаарал
бүхий байгууллагууд;
Оросын талаас – “НК Роснефть” НХН ба/эсхүл түүний хамаарал
бүхий байгууллагууд.
Дөрөвдүгээр зүйл
1. Талуудын эрх бүхий байгууллагууд нь Монгол Улсын “Чингис
хаан” олон улсын нисэх буудлын (ІСАО-ийн нисэх буудлын код: ZMCK) (цаашид “Байгууламж” гэх) дэд бүтцийг удирдах болон ашиглах Хамтарсан компани байгуулна.
2. Хамтарсан компани нь “Чингис хаан” нисэх буудалд агаарын
хөлгийн түлшийг тасралтгүй, тогтвортой, саадгүй хангах болон агаарын хөлгийг түлшээр цэнэглэх үйлчилгээ үзүүлэх зорилгоор Байгууламжийг удирдах болон ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3. Хамтарсан компанид агаарын хөлгийн түлш нийлүүлэх ажлыг
Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ.
4. “Чингис хаан” нисэх буудалд агаарын хөлгийн түлш худалдах
(үүнд нийлүүлэх, хадгалах, цэнэглэх, борлуулах, хүргэх, тээвэрлэх) үйл ажиллагааг хамтарсан компани хийж гүйцэтгэнэ.
5. Монголын тал хамтарсан компанийн үйл ажиллагаанд Монгол
Улсын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүнийг борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэхгүй байх асуудлыг хангана.
6. Байгууламжийн хэрэгцээнд агаарын хөлгийн түлш тасралтгүй
нийлүүлэх үйл ажиллагаанд саад учруулсан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Талуудын итгэмжлэгдсэн байгууллагууд даруй хэлэлцээ хийж, эрх бүхий байгууллагуудад энэ тухай мэдээлнэ.
Тавдугаар зүйл
Хамтарсан компани нь Байгууламжийг үр дүнтэй ашиглах
зорилгын хүрээнд Монголын тал дараах баталгааг өгнө. Үүнд:
Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад Байгууламжийг
ашиглахад шаардлагатай зөвшөөрлийн баримт бичгүүд, лиценз болон бусад баримт бичгийг олгох,
Байгууламжийн удирдлага, ашиглалт, хөгжүүлэлттэй холбоотой
үйл ажиллагааны хүрээнд Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагын албан хаагчдад Монгол Улсын хилээр нэвтрэх, гарах, Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суух, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх,
Байгууламжийг ашиглах, хөгжүүлэхэд шаардлагатай бараа
материал, барилга угсралтын техник болон тоног төхөөрөмжийг Монгол, Оросын улсын хилээр хил, гаалийн хялбарчилсан горимоор нэвтрүүлэх,
Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан
гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанд эрх тэгш орчныг бүрдүүлэх, түүнчлэн хөрөнгө оруулалтыг ялгаварлан гадуурхахгүй, хууль ёсны дагуу хамгаалах,
Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага Монгол Улсын аж
ахуйн нэгжтэй байгуулсан гэрээний дагуу шаардлагатай хэмжээгээр агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд Монгол Улсын хуулийн этгээд болон гуравдагч улсын хуулийн этгээдэд ижил төрлийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхэд Монголын талаас олгодог нөхцөлөөс дутуугүй таатай нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх,
Хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой төлбөр тооцоо, тэр дундаа
Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын оруулсан хөрөнгө оруулалтыг нь хураан авсны нөхөн төлбөрийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс саадгүй шилжүүлэх.
Зургаадугаар зүйл
Монголын тал энэхүү Хэлэлцээрийн дагуу Оросын талын
итгэмжлэгдсэн байгууллагын Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалт хийсний үр дүнд авах орлого, тэр дундаа ногдол ашиг, хувь, хүү, лиценз болон комиссын урамшуулал, мөн бусад хөрөнгийг шууд болон шууд бусаар өмч хураах, улсын өмч болгох эсхүл албадан хураах, мөн өмч хураах, улсын өмч болгох эсхүл албадан хураахтай дүйцэхүйц бусад арга хэмжээнээс хамгаалах баталгаа олгоно.
Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага арилжааны гэрээг
хэрэгжүүлэх зорилгоор, эсхүл түүний үр дүнд олсон хөрөнгөө мөнгөн, эсхүл биет хэлбэрээр чөлөөтэй буцаан авахад, түүнчлэн арилжааны гэрээг хэрэгжүүлэх явцад Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад төлбөр тооцоог цаг тухайд нь бүрэн гүйцэд хийхэд Монголын тал баталгаа олгоно.
Шууд эсхүл шууд бусаар өмч хураах, улсын өмч болгох эсхүл
албадан хураах мөн үр дагавраараа тэдгээртэй адил бусад арга хэмжээний үр дүнд хөндөгдсөн актив, эд хөрөнгө, эрх эсхүл ашиг сонирхлын нөхөн олговрыг Монголын тал нэн даруй олгоно. Нөхөн олговор нь Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын тодорхойлсон хараат бус үнэлгээний байгууллагын тогтоосон зах зээлийн үнэлгээний бүтэн үнийн дүнгээр олгогдох бөгөөд нөхөн олговрын хэмжээ нь хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээнээс багагүй байна. Мөн үнэлгээг хийхдээ өмч хураах, улсын өмч болгох эсхүл албадан хураах мөн эд хөрөнгө, эрх, ашиг сонирхлыг хураах бусад арга хэмжээ болон тэдгээртэй холбоотой эд хөрөнгө, эрх, ашиг сонирхлын зах зээлийн үнэлгээнд нөлөөлж болзошгүй сөрөг үр дагаврыг тооцохгүй.
Долдугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс хойш Монгол
Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжид Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон/эсхүл хамтарсан компанийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх Байгууламжийн үйл ажиллагаа болон бүх төрлийн хөрөнгө оруулалт, нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлыг доройтоход хүргэсэн өөрчлөлт орсон тохиолдолд тэдгээр нь үйлчлэхгүй болно.
Энэ зүйлд зааснаар энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс
хойш Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт орж, татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр нэмэгдэх, гадаадын ажилчдын квот нэмэгдэх эсхүл багасах; эсхүл энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш шинэ татвар, тариф, хураамж, үүний дотор гаалийн болон бусад бүх төрлийн татварын төлбөр, гадаадын ажилчдын квот шинээр нэвтрүүлэх; түүнчлэн энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурах үед Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад болон/эсхүл Хамтарсан компанид энэхүү Хэлэлцээрээр болон Монгол Улсын хууль тогтоомжоор олгож байсан хөнгөлөлт, давуу эрхийг цуцлах нь Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагын нөхцөл байдал нь доройтсон гэж үзнэ.
Наймдугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрийн зүйл, заалтыг хэрэгжүүлэх болон/эсхүл
тайлбарлахад Талуудын хооронд үүссэн маргаан, санал зөрөлдөөнийг Талууд зөвлөлдөх замаар шийдвэрлэнэ.
Есдүгээр зүйл
1. Энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад Оросын талын
итгэмжлэгдсэн байгууллагын хийсэн хөрөнгө оруулалттай холбоотой маргаан, санал зөрөлдөөнийг Монголын болон Оросын талын
итгэмжлэгдсэн байгууллагын хооронд зөвшилцсөний үндсэн дээр
шийдвэрлэж, тэдгээр нь цаашид маргаанд оролцогч Талууд гэгдэнэ.
2. Хэрэв маргаан эхэлсэн өдрөөс хойш 2 сарын дотор
шийдвэрлэгдэхгүй тохиолдолд Талуудын аль нэг талын хүсэлтээр маргааныг Оросын Холбооны Улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим дахь Олон улсын арилжааны арбитрын шүүхэд түүний холбогдох дүрэм, журмын дагуу шилжүүлнэ.
3. Арбитрын шүүхийн шийдвэр нь эцсийн бөгөөд Талууд заавал
биелүүлнэ.
Аравдугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрт Талууд бичгээр харилцан тохиролцсоны
үндсэн дээр тусдаа протокол үйлдэн өөрчлөлт оруулж болно.
Арван нэгдүгээр зүйл
Энэхүү Хэлэлцээрийн заалтууд нь Монгол Улс болон Оросын
Холбооны Улсын хооронд үйлчилж буй адил асуудал зохицуулсан бусад олон улсын гэрээний заалтуудаас давуу эрхтэй байна.
Энэхүү Хэлэлцээрт тусгагдаагүй бусад асуудалд Хөрөнгө
оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1995 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хэлэлцээрийн заалтууд үйлчилнэ.
Арван хоёрдугаар зүйл
Энэхүү Хэлэлцээр нь Монголын талын хууль тогтоомжид заасан
процедурыг хангаж, зохих шийдвэр гарсны дараа үйлчилж эхэлнэ.
Талууд хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын
процедурыг Талууд хангасан тухай оролцогч талын сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хойш 20 /хорин/ жилийн хугацаатай хүчин төгөлдөр байна.
Энэхүү Хэлэлцээрийг цуцалсан тохиолдолд хүчинтэй байх
хугацаанд энэхүү Хэлэлцээрийн хүрээнд байгуулсан гэрээ (хэлэлцээр)-ийн дагуу хүлээсэн үүргийг биелүүлэхэд нөлөөлөхгүй. Хүлээсэн үүргийг биелүүлж дуусах хүртэл энэхүү Хэлэлцээрийн 5, 6, 7 болон 9 дүгээр зүйлийн заалтууд хүчин төгөлдөр хэрэглэгдэнэ.
Энэхүү Хэлэлцээрийг Улаанбаатар хотноо 2024 оны 9 дүгээр
сарын 03-ны өдөр монгол, орос хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдсэн бөгөөд эдгээр эх бичвэр нь адил хүчинтэй байна.