“Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай № 001/ХТ2025/0098
2025 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 11-ний өдөр Дугаар 001/ХТ2025/0098 хот
“Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн
шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Батбаатар
Ц.Цогт
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны
07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0532 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09
дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2025/0602 дугаар магадлалтай,
Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025
оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0472 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ичинхорлоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, Д.Цэцэнхүү нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс
татгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1900 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, татварын хөнгөлөлтөд хамруулахыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгах”.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
2.1.“... иргэн Э.Билгүүн нь “Өмгөөллийн авалон лекс” ХХК болон
“Уан партнерс ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул “Өмгөөллийн авалон лекс” ХХК болон “Уан партнерс ҮЦК” ХХК нь харилцан хамааралтай этгээд гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь эдгээр компанийн хөрөнгө болон удирдлага зэрэг бүхий л хүрээнд тусдаа, бие даасан хуулийн этгээдүүд юм. Мөн Өмгөөллийн тухай хуульд заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дээр үндэслэн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн удирдлага, хувьцаа эзэмшигчээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй аливаа этгээд оролцох нь хууль зүйн хувьд боломжгүй.
2.2.Өмгөөллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д
заасны дагуу манай компанийн хувьцаа, хувь оролцоог аливаа байдлаар “Уан партнерс ҮЦК” ХХК эзэмшдэггүй бөгөөд хяналт, удирдлагад шууд болон шууд бусаар оролцдоггүй, хуулийн дагуу оролцох боломжгүй. Компанийн зүгээс ийнхүү үүсгэн байгуулагдаад нэг жил болоогүй аж ахуйн нэгж тул хуульд заасан татварын хөнгөлөлтийг эдлэхээр хүсэлт гаргахад түүний зөвхөн нэг хувьцаа эзэмшигчийн өөр тусдаа компанид эзэмшдэг хувьцааг үндэслэн харилцан хамааралтай гэж шууд хамаатуулж, татварын хөнгөлөлт үзүүлэхээс татгалзсан нь татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
2.3. ... Компанийн бусад хоёр хувьцаа эзэмшигчийн хувьд ч
хуульд нийцсэн байх, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн шударга бус үйл ажиллагаа болсон” гэх агуулгаар маргажээ.
3.Хариуцагчийн хариу тайлбар:
3.1.“... Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс “Өмгөөллийн авалон
лекс” ХХК-ийн 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хүлээн авч баталгаажуулан, Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтэст хүргүүлсэн. Татварын ерөнхийн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсээс 13 татвар төлөгчийн буцаан олголтын гүйлгээг хянаж, өмнө нь баталсан тушаалд өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн.
3.2.“Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн тайланг ямар шалтгааны
улмаас буцаасан талаар Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсээс тодруулахад тус компанийн үүсгэн байгуулагч, 40 хувийн хувьцаа эзэмшигч Э.Билгүүн нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй “Уан партнерс ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 50 хувийн хувьцаа эзэмшдэг байна. “Уан партнерс ҮЦК” ХХК нь 2024 оны
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа 10 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлоготой гэж тусгасан тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасанд хамрагдах боломжгүй тухай хэлсэн.
3.3.Иймд байгууллага болон харилцан хамаарал бүхий этгээдийн
албан татвар ногдох нийт байгуулалтын орлогын дүн 1.5 тэрбум төгрөгөөс давсан тул хамрагдах боломжгүй” гэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргасан байна.
4.Хэргийн нөхцөл байдал:
4.1.“Өмгөөллийн авалон лекс” ХХК нь 2024 оны Аж ахуйн нэгжийн
орлогын албан татварын жилийн эцсийн тайландаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу ногдуулсан албан татвараас 90 хувиар хөнгөлөлт эдлэх тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр татварын цахим системээр гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр www.etax.mta.mn татварын цахим системд татварын тайланг шалгаж улмаар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буцаан олголтыг зөвшөөрчээ.
4.2.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны
03 дугаар сарын 07-ны өдрийн “Буцаан олголт авах татвар төлөгчдийн жагсаалт батлах тухай” А/13 дугаар тушаалын хавсралт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны тайлангаар буцаан олголт авах аж ахуйн нэгжийн жагсаалтын 774-т “Өмгөөллийн авалон лекс” ХХК бичигдсэн, уг тушаал, хавсралтыг Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтэст хүргүүлсэн байна.
4.3.Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын
хэлтсээс 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “... Танай албаны баталгаажуулсан тушаалаас 13 татвар төлөгчийн буцаан олголтын гүйлгээг хянах шаардлагатай. Хянах шаардлагатай татвар төлөгчдөд дараах арга хэмжээг хэрэгжүүлэн, өмнөх батлагдсан тушаалд өөрчлөлт оруулах бол буцаан олголтод өөрчлөлт оруулах тухай нэмэлт тушаал гарган тайлбарын хамт ирүүлэх”-ийг мэдэгдсэн.
4.4.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны
04 дүгээр сарын 08-ны өдрийн А/22 дугаар тушаалаар буцаан олголт авах аж ахуйн нэгжийн жагсаалтаас “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийг хассан, үндэслэлээ “... танай байгууллага болон харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох нийт байгуулалтын орлогын дүн 1.5 тэрбум
төгрөгөөс давсан тул хамрагдах боломжгүй” гэжээ. Улмаар нэхэмжлэгч “Өмгөөллийн авалон лекс” ХХК-аас 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25/99 дүгээр албан бичгээр Татварын ерөнхий газарт хандсан, Татварын ерөнхий газраас 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 05/1253 дугаар албан бичгээр “... Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу танай байгууллагын гүйцэтгэх захирал Э.Билгүүн нь “Уан партнерс ҮЦК” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд тухайн татварын жилд “Өмгөөллийн авалон лекс” нь “Уан партнерс ҮЦК” ХХК-тай ажил гүйлгээ хийсэн, албан татвар ногдох нийт борлуулалтын орлогын нийлбэр 1.5 тэрбум төгрөгөөс давсан тул хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй” гэх хариу өгсөн байна.
5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шийдвэр:
5.1.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн
6.1.7, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 27.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.
5.1.1.“... Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 04 дүгээр
сарын 04-ний өдрийн 4/1900 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр өгсөн хариу нь захиргааны акт мөн. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Татварын ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 81.1.2, 81.2-т зааснаас үзэхэд захиргааны актын шинжийг агуулж байна.
5.1.2.Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3-т
тус тус заасан нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Э.Билгүүн нь “Уан партнерс ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байна. Э.Билгүүн нь нэхэмжлэгч “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн 40 хувийн, “Уан партнерс ҮЦК” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой гэж үзнэ.
5.1.3.“Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн болон “Уан партнерс
ҮЦК” ХХК нар хоорондоо ажил гүйлгээ хийсэн бөгөөд хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. “Өмгөөллийн авалон лекс” ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 54 минут 27 секундэд 4,671,896.22 төгрөгийн гүйлгээг “Уан партнерс ҮЦК” ХХК-д шилжүүлжээ. Мөн “Уан партнерс ҮЦК” ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 14 цаг 24 минут 18 секундэд “Өмгөөллийн авалон лекс” ХХК-д 34,491,580 төгрөгийн гүйлгээг
тус тус хийсэн байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно.
5.1.4.“Өмгөөллийн авалон лекс” ХХК нь Татварын ерөнхий хуулийн
6 дугаар зүйлийн 6.1.7-д заасны дагуу татварын тайлангаа илгээхдээ хамаарал бүхий этгээдийн тайланг хамтад нь илгээх нь нэхэмжлэгч компанийн үүрэг тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
5.1.5.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2025 оны 04
дүгээр сарын 08-ны өдрийн А/22 дугаар тушаал хүчинтэй хэвээр байгаа, энэ талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.
6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал:
6.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн:
6.1.1.“... Э.Билгүүн нь “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн 40
хувийн хувьцаа, “Уан партнерс ҮЦК” ХХК-ийн 50 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3-т заасны дагуу дээрх хоёр хуулийн этгээдийг харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ.
6.1.2. ... Харилцан хамаарал бүхий этгээдүүд болох “Уан партнерс
ҮЦК” болон “Өмгөөллийн авалон лекс” ХХК нар хоорондоо 2024 онд ажил гүйлгээ хийсэн, уг этгээдүүдийн тухайн татварын жилд албан татвар ногдох орлогын нийлбэр дүн 1,5 тэрбум төгрөгөөс илүү байгаа энэ тохиолдолд хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй бөгөөд “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн албан татварыг 90 хувиар хөнгөлөх хууль зүйн үндэслэлгүй.
6.1.3.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 38 дугаар
зүйлийн 38.4-т заасны дагуу “Уан партнерс ҮЦК” болон “Өмгөөллийн авалон лекс” ХХК нар нь харилцан хамаарал бүхий этгээд байх энэ тохиолдолд “... мэдээлэл шууд автоматаар гарч ирсэн ба тус мэдээллийг хасах, засах боломжгүйгээр заавал илгээхээр гарч ирсэн ...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй” гэжээ.
7.Хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ичинхорлоогоос
2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс Э.Билгүүн нь нэхэмжлэгч “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн 40 хувийн, “Уан партнерс ҮЦК” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой гэж үзнэ” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс “Э.Билгүүн нь “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн 40 хувийн хувьцаа, “Уан партнерс ҮЦК” ХХК-ийн 50 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3-д заасны дагуу дээрх хоёр хуулийн этгээдийг харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ” гэж зөвтгөсөн боловч хуулийг ийнхүү хэрэглэх болсон үндэслэлээ огт тайлбарлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй гэж үзэж байна.
7.1.1.Учир нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн
27.1 дэх хэсэгт “Нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ”, 27.1.3 дахь хэсэгт “хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд” гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг задлан авч үзвэл: “Нэг этгээд нь нөгөө этгээдийн” хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой. Энэ тохиолдолд “Өмгөөллийн авалон лекс” ХХК нь “Уан партнерс ҮЦК” ХХК, эсхүл “Уан партнерс ҮЦК” ХХК нь “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцож буйг ойлгохоор байгаа бөгөөд; “Эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдүүдийн” хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой. Энэ тохиолдолд “Өмгөөллийн авалон лекс” ХХК болон “Уан партнерс ҮЦК” ХХК-ууд нь өөр 2 болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцож буйг ойлгохоор байна.
7.1.2.Гэвч Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,
27.1.3 дахь заалтууд нь нэг нэгнийхээ хувьцааг эзэмшдэг /шууд/ болон
гинжин хэлхээний дундах /шууд бус/ компаниудыг хамааруулан авч үзэх агуулгатай байна. Иймд хуулийг нэг иргэний 2 өөр компанид эзэмшдэг хувь эзэмшлээр нь тухайн компаниудыг харилцан хамааралтай гэж холбож үзэх нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хувийн аж ахуй эрхлэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж хуулиар олгосон үндсэн эрхийг хязгаарлаж байна.
7.1.3.Мөн “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн хувьд Өмгөөллийн
тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, 19.6-д тус тус заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч, удирдлага нь өмгөөлөгч бус этгээд байх нь хориотой. Харин нөгөө талаас “Уан партнерс ҮЦК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ТЗ 309/15 дугаар тусгай зөвшөөрөл авсан ба энэ нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д “хөрөнгө оруулалтын менежментийн компани гэж хөрөнгө оруулалтын сантай байгуулсан гэрээний дагуу түүний удирдлагыг хэрэгжүүлж байгаа тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны зах зээлийн зохицуулалтай хуулийн этгээдийг” гэж заасны дагуу хөрөнгө оруулалтын менежментийн компани юм.
7.1.4.Иймд хөрөнгө оруулалтын менежмент, бизнесийн чиглэлээр
зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлдэг нэг аж ахуйн нэгж нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын хөрөнгийн өмчлөл болоод удирдлага, хяналт, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох боломжгүй, эдийн засгийн нэгдмэл ашиг сонирхолтой байх боломжгүй бөгөөд харилцан хамааралтай гэж үзэх нь учир дутагдалтай.
7.2.Үүнээс гадна шүүхээс Аж ахуйн нэгжийн орлогын албан
татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т татварын 90 хувийн хөнгөлөлт эдлүүлэх шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо “... албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч компанийг “Уан партнерс ҮЦК” ХХК-тай “харилцан хамааралтай этгээдүүд” гэж “улсын бүртгэл дэх мэдээллийг үндэслэн” шууд үзсэний дараа “тухайн жилд хоорондоо ажил гүйлгээ хийсэн тул” гэж 2 компанийн орлогын нийлбэр дүнгээр татвар ногдох орлогыг тодорхойлсныг үндэслэлтэй гэж үзсэн. Гэвч харилцан хамааралтай этгээдүүдийн орлогын нийлбэр дүнгээр татварын хөнгөлөлт эдлүүлэх эсэхийг тогтоосон энэхүү заалт нь харилцан хамааралтай этгээд нь өөрөө “жижгэрээд” 90 хувийн хөнгөлөлт эдлэхээр эдийн засгийн үр дүнд нөлөөлөх эрсдэлээс сэргийлэх агуулгатай заалт байсныг тухайн үеийн хууль тогтоогчдын үзэл санаа хуулийн хувийн хэрэг дэх хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгагдсанаас харж болохоор байна. /2-р хавтаст хэргийн 4-р тал/
7.2.1.Гэтэл хуулийн хүрээнд, дээр дурдсан тусгай зөвшөөрлийн
үндсэн дээр явуулдаг 2 өөр мэргэжлийн үйл ажиллагааны онцлог, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хувь нийлүүлэгчээр өмгөөлөгчөөс бусад мэргэжлийн этгээд оролцохгүй байх шаардлага, 2 компанийн хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөр бусад хамааралгүй этгээдүүд оролцсон байдал зэргээс “Өмгөөллийн авалон лекс” ХХК болон “Уан партнерс ҮЦК” ХХК-ууд нь татвар ногдох орлогоо харилцан хуваах замаар (хуульд зааснаар хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар) 1.5 тэрбум төгрөгөөс бууруулж, хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжгүй гэдэг нь нотлогддог. Хууль тогтоогчийн үзэл санаанаас харвал, жишээлбэл 1.5 тэрбумаас дээш татвар ногдох орлоготой, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг компани нь өөрийн охин компаниараа дамжуулж зарим үйл ажиллагаагаа шилжүүлж, орлого олох замаар татвар ногдох орлогоо бууруулж тайлагнасны дүнд татварын хөнгөлөлтөд хамрагдахаас сэргийлсэн гэж үзэхээр байна. Гэтэл дээр тайлбарласны дагуу нэхэмжлэгч компанийн хувьд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааны орлого олох, удирдлага, хяналтад оролцох, эсвэл хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг компани өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, хууль зүйн туслалцаа үзүүлж орлого олох аливаа боломжгүй.
7.2.2.Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 156 дугаар
тогтоолоор “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг батлахдаа жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой хөгжлийг дэмжих эрх зүй, санхүү, татварын таатай орчин бүрдүүлэхийг зорьсон. Үүний дагуу 2019 онд батлагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний цар хүрээ, хөгжлийн үе шат, байдлыг нь харгалзан төрөөс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх чиглэлийн дэмжлэгийг үзүүлнэ” гэж заасан. Үүний дагуу жижиг үйлчилгээ эрхлэгчийн хувьд нэхэмжлэгч компани цаашид тогтвортой хөгжихөд татварын дарамтыг багасгуулах, үүгээр төвлөрсөн орлогоор ажилтнуудынхаа цалинг зах зээлийн тогтворгүй, хүндрэлтэй нөхцөлөөс үл хамаарч, урт хугацаанд тасралтгүй олгож, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь нэн тэргүүний зорилт юм. Гэвч ийнхүү татварын алба, шүүхээс хуулиар олгогдсон хөнгөлөлт эдлэх энэхүү эрхийг шударга бусаар хязгаарлаж байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт заасны дагуу татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд “шударга байх” зарчмыг баримтлах шаардлагатай.
7.2.3.Ийнхүү хэрэв цаашид шүүхээс Татварын ерөнхий хуулийн
27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу “харилцан хамааралтай
этгээд” гэх ойлголтыг хэт хавтгайруулж тайлбарлавал шинээр үүсгэн байгуулагдсан бичил, эсхүл жижиг аж ахуйн нэгж нь аль нэг хөрөнгө оруулагчийн хувийн бөгөөд тухайн аж ахуйн нэгжид огт хамааралгүй эд хөрөнгийн эрхээс хамаарч татварын хөнгөлөлт эдлэх, эдлэхгүй нь шийдэгдэхээр байна. Энэ нь хууль болон Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилттой нийцэхгүй гэж үзэж байна. Хуулийг ийнхүү буруу хэрэглэх нь зөвхөн нэхэмжлэгч компанийн тохиолдлоор хязгаарлагдах биш, бичил, эсхүл жижиг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч аливаа хөрөнгө оруулалт татахдаа хөрөнгө оруулагчийн хувийн байдал, бусад аливаа компанид эзэмшиж буй хувьцааны хэмжээг “урьдчилан шалгаж байж”, хөрөнгө оруулахыг зөвшөөрч байх бодит нөхцөл байдалд нийцэхгүй шаардлагыг тавьж байгаатай ижил бөгөөд ирээдүйд бичил, жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг хязгаарлах, хумих, эдийн засгийн сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй гэж үзэж байна.
7.2.4.Дээрхээс үзвэл, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар
зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “харилцан хамааралтай этгээд”-ийн тухай ойлголтыг зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс шийдвэрлэх нь ижил төстэй хэргүүдийг цаашид нэг мөр, зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
7.2.5.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт “Шүүх хяналтын журмаар хэргийг дараахь байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гээд тус зүйлийн 127.2.4-т “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах” гэж заасны дагуу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0532 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2025/0602 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
8.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт
шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0472 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар
гомдол гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр цахимаар хүргүүлэв. Хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
10.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, анхан болон
давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
11.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22
дугаар зүйлийн 22.1-д “Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар жилийн эцсийн татварын тайланд тусгасан, … /ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах; согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох; газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах-аас бусад салбарт/ үйл ажиллагаа явуулдаг, энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж заасны дагуу “Өмгөөллийн авалон лекс” ХХК-аас 2024 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлүүлэх хүсэлтийг татварын албанд гаргажээ.
12.Хариуцагчаас “... “Өмгөөллийн авалон лекс” ХХК болон
харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох нийт байгуулалтын орлогын дүн 1.5 тэрбум төгрөгөөс давсан тул хамрагдах боломжгүй” гэх үндэслэлээр татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан, энэ хэргийн тухайд хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох зорилгын хүрээнд дараах асуудлуудыг шийдвэрлэж хариу өгөх нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан “албан татвар ногдох орлого нь тухайн жилд 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байгаа аж ахуйн нэгжид ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөх”-тэй холбоотой зохицуулалтыг цаашид зөв хэрэглэхэд зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэв. Үүнд:
12.1.а/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн
22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “албан татвар ногдох орлого нь тухайн жилд 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байгаа аж ахуйн нэгжид ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөх” зохицуулалтыг мөн хуулийн 22.3 дахь заалтын “албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцох” зохицуулалттай харилцан уялдаанд нь, хуулийн зохицуулалтын зорилгод нийцүүлэн тайлбарлах, маргааны үйл баримтад холбогдуулан уг заалтыг шүүхүүд зөв хэрэглэсэн эсэх;
12.2.б/ Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Нэг
этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ” гэх зохицуулалтын тусгай нөхцөлүүдийг энэ тохиолдолд шүүхүүд маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх;
13.Нэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн
22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсгийн зохицуулалтуудын харилцан уялдаа холбооны талаар:
13.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн
22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт албан татвар ногдох орлого нь тухайн татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байгаа нь жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлогдсон бөгөөд хөнгөлөлт эдлүүлэхгүй байхаар хуульд тусгайлан зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчид тухайн жилд ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр заасан, уг зохицуулалтын зорилго нь жижиг, дунд үйлдвэрлэл, бага, дунд орлоготой аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих явдал бөгөөд энэ зорилгоор нэг жилд 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй орлого олдог аж ахуйн нэгжийг албан татвараас хөнгөлөх, нэг жилд ногдуулсан албан татварыг 90 хувиар багасгах замаар татварын бодлогоор дэмжих зорилготой болох нь хэрэгт авагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл, хуулийн төслийн үзэл баримтлалаар тогтоогдож байна.
13.2.Харин аж ахуйн нэгжүүд албан татварын хөнгөлөлтөд
хамрагдахын тулд орлогын хэмжээгээ багасгах, энэ зорилгоор орлогыг хуваахаас сэргийлж, харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн гүйлгээг хамтад нь хянах шаардлагатай талаар мөн хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаж, хууль тогтоогчоос энэ зорилгоор хуулийн 22.3 дахь заалтыг оруулж буй талаар тодорхой хэлэлцэгдсэн нь мөн хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэлд тусгагджээ.
13.3.Эдгээрээс дүгнэвэл, хөнгөлөлт эдлүүлэхгүй байхаар
хуульд тусгайлан зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн нэг жилд олсон орлогыг бодитой, обьектив шалгуураар тодорхойлж, бодит байдалд 1,5 тэрбум төгрөг хүрээгүй нь тогтоогдож буй тохиолдолд уг аж ахуйн нэгжийг тухайн жилд төлвөл зохих албан татвараас 90 хувь хөнгөлөх нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн уг зохицуулалтад нийцэхээр байна.
13.4.Өөрөөр хэлбэл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын
тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Энэ хуулийн … 22.1-д тухайн албан татвар төлөгч хамаарах эсэхийг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогын дүнг тухайн албан татвар төлөгч болон тухайн татварын жилд түүнтэй ажил гүйлгээ хийсэн харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тооцно” гэж заасныг хэрэгжүүлэхдээ тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдүүдийн тухайн татварын жилд хоорондоо хийсэн ажил гүйлгээ нь татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд орлогыг хуваах зорилготой эсэх, уг ажил гүйлгээний үнийн дүн нь аль нэгийнх нь хувьд хуулиар тогтоосон 1.5 тэрбум төгрөгийн хязгаарлалтын босго дүнд нөлөөлж буй эсэхийг харгалзан үзэх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзлээ.
13.5.Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч “Өмгөөллийн
авалон лекс” ХХК нь “өмгөөллийн үйл ажиллагаа” эрхэлдэг, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2024 онд бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын нийт орлого нь 889,730,111 төгрөг буюу 1.5 тэрбум төгрөг хүрээгүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу татварын хөнгөлөлт эдлэх суурь болзлыг хангасан байжээ. Түүнчлэн тус компани нь тайлант хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 4,671,896.22 төгрөгийг “Уан партнерс ҮЦК” ХХК-д шилжүүлсэн, бусдад шилжүүлсэн уг 4,7 сая орчим төгрөгийн гүйлгээ нь “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан татварын хөнгөлөлт эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх албан татвар ногдох орлогын босго дүн болох 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан эсэхэд нөлөөлөхгүй байх тул уг гүйлгээг татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд орлогыг хуваах зорилготой гэж үзэхгүй.
13.6.Иймд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
хуулийн “татварын хөнгөлөлт эдлүүлэх”-тэй холбоотой уг зохицуулалт нь тодорхой этгээдэд чиглэсэн, тодорхой зорилготой, хэрэгжүүлэх арга замыг хуулиар тусгайлан тогтоосныг харилцан хамаарал, уялдаанд нь тайлбарлан хэрэглэж, энэ тохиолдолд татвар төлөгчид хуулиар тусгайлан олгогдсон эрхийг шүүх хамгаалах нь татварын хөнгөлөлт эдлүүлэхэд тавигдах хязгаарлалтын зорилго, агуулгад нийцнэ.
14.Хоёр. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх
хэсгийн “харилцан хамаарал бүхий этгээд”-ийг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тодорхойлох талаар:
14.1.Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар татвар
бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд баримтлах зарчим нь “зайлшгүй байх”, “тодорхой байх”, “шударга байх”, “үр ашигтай байх” гэж заасан, аливаа татварын ногдуулалт, төлөлтийн үйл ажиллагаанд хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ, маргаан гарвал эдгээр зарчмуудын агуулгад нийцүүлэн тодорхойлно.
14.2.Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Нэг
этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой доор дурдсан этгээдийг хоорондоо харилцан хамааралтай этгээд гэж үзнэ” гээд 11 тохиолдол буюу хэлбэрийг нэрлэн заажээ.
14.3.Энэ тохиолдолд, иргэн Э.Билгүүн нь нэхэмжлэгч “Өмгөөллийн
авалон лекс” ХХК-ийн 40 хувийн, “Уан партнерс ҮЦК” ХХК-ийн 50 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг, хэргийн оролцогчид уг үйл баримттай маргаагүй, энэ нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд” гэх шалгуурт нийцсэн гэж хариуцагч болон шүүхүүд үзсэн байна.
14.4.Энэ маргааны тухайд, Татварын ерөнхий хуульд заасан
“харилцан хамаарал бүхий этгээд”-ийн зохицуулалтыг хэрэглэж буй зорилго нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасан “албан татвар ногдох орлогын дүн”-г тодорхойлох буюу харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн гүйлгээг хянах замаар хуулийн 22.1 дэх хэсэгт заасан татварын хөнгөлөлт эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд чиглэгдэж байх тул эдгээр зохицуулалтуудыг мөн харилцан хамааралд нь тайлбарлан хэрэглэх шаардлагатай.
14.5.Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч “Өмгөөллийн
авалон лекс” ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 4,671,896.22 төгрөгийг “Уан партнерс ҮЦК” ХХК-д шилжүүлсэн, мөн “Уан партнерс ҮЦК” ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Өмгөөллийн авалон лекс” ХХК-д 34,491,580 төгрөгийг шилжүүлсэн, эдгээр харилцан шилжүүлсэн гүйлгээнүүд нь “Өмгөөллийн авалон лекс” ХХК нь татварын хөнгөлөлтөд хамрагдах шалгуур хангасан эсэхтэй холбоотой энэ маргааны тохиолдолд “Өмгөөллийн авалон лекс” ХХК, “Уан партнерс ҮЦК” ХХК-ууд нь “нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд
бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой” байх хуулийн шалгуур хангаагүй гэж үзлээ.
14.6.Тодруулбал, “Өмгөөллийн авалон лекс” ХХК нь татварын
хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй эсэх буюу уг компанийн “албан татвар ногдох орлогын дүн”-г тодорхойлох зорилгоор түүний харилцан хамаарал бүхий этгээдийг тодорхойлох шаардлага үүссэн, энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хоорондоо харилцан хамааралтай этгээд”-үүдийг тодорхойлохдоо “нэг этгээд нөгөө этгээдийн, эсхүл уг этгээдүүд нь хоёр болон түүнээс дээш хуулийн этгээдийн хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар хоорондоо хийх ажил гүйлгээний нөхцөл, эдийн засгийн үр дүнд нөлөөлөх боломжтой” байх шалгуур тавьсныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахаар байжээ.
14.7.Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон “Өмгөөллийн авалон
лекс” ХХК, “Уан партнерс ҮЦК” ХХК-уудын 2024 онд харилцан хийгдсэн 39 сая орчим төгрөгийн гүйлгээ нь бодит байдалд тус компаниудын хооронд хөрөнгө, хяналт, удирдлагын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцох замаар “тусгай нөхцөлөөр ажил гүйлгээ хийж, эдийн засгийн үр дүн үүсгэсэн”, тийм боломжийг харилцан бий болгосон гэж үзэхээргүй, уг гүйлгээний улмаас “Өмгөөллийн авалон лекс” ХХК-нд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан татварын хөнгөлөлт эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд ямар нэг давуу байдал, үр дагавар үүсгээгүй байна.
14.8.Иргэн Э.Билгүүн нь нэхэмжлэгч “Өмгөөллийн авалон лекс”
ХХК-ийн 40 хувийн, “Уан партнерс ҮЦК” ХХК-ийн 50 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг, энэ нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан “хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн 20 ба түүнээс доошгүй хувийг шууд болон шууд бусаар эзэмшдэг этгээд” гэх хэлбэрийн шалгуурт нийцэж байх хэдий ч энэ тохиолдолд 27.1 дэх заалт нь “Өмгөөллийн авалон лекс” ХХК-д татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан шийдвэрийн үндэслэл болсон энэ маргааны тухайд дээрх агуулгаар “харилцан хамаарал бүхий этгээд” байх ерөнхий шалгуурт нийцээгүй гэж үзлээ.
14.9.Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн хуулиар тусгайлан заасан
татварын хөнгөлөлт эдлэх эрхийг эдлүүлэхээс татгалзахдаа хариуцагчаас Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг буруу хэрэгжүүлснийг шүүхүүд анхаараагүй, уг заалтын тусгай нөхцөлүүдийг маргаан бүхий энэ тохиолдолд тайлбарлан хэрэглээгүй, хуульд заасан шалгуур хангасан татвар төлөгчийн хөнгөлөлт эдлэх эрхийг эдлүүлэхээс
татгалзаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуульд заасан татвар “тодорхой байх”, “шударга байх” зарчмын агуулгад нийцэхгүй байна.
14.10.Хяналтын шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь гагцхүү Аж
ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасан “татвар төлөгчийг тухайн жилд ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлөх”-тэй холбоотой харилцаанд “хоорондоо харилцан хамааралтай этгээд”-ийг тодорхойлоход буюу энэ маргааны тухайд хамааралтай болохыг дурдах нь зүйтэй.
15.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч “Өмгөөллийн авалон
лекс” ХХК-ийн гаргасан “Татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1900 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, татварын хөнгөлөлтөд хамруулахыг Баянзүрх дүүргийн татварын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
16.Хариуцагч нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын
тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгч “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн 2024 оны жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгож, хяналтын шатны шүүхийн энэ шийдвэрийг биелүүлнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127
дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2025/0532 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 221/МА2025/0602 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Өмгөөллийн авалон лекс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын хөнгөлөлт эдлүүлэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4/1900 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, татварын хөнгөлөлтөд хамруулахыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн
орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс хяналтын
журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127
дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.