Монгол Улсын Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын
Засгийн газар (цаашид “Талууд” гэнэ) нь,
эрх тэгш, харилцан ашигтай, урт хугацааны стратегийн хамтын
ажиллагааны зарчимд тулгуурлан,
хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлэлээ
баталж,
Талуудын улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, Орос-Монголын
эрчим хүчний салбарын харилцааг цаашид гүнзгийрүүлэх зорилгоор дараах асуудлаар харилцан тохиролцов. Үүнд:
Нэгдүгээр зүйл
Энэхүү Хэлэлцээр нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Улаанбаатар
хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл (цаашид “зураг төсөл, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэл” гэх)-ийг боловсруулах, түүн дотроо Дулааны гуравдугаар цахилгаан станцын харьяа нутаг дэвсгэрт тохиролцсон хэмжээнд зураг төслийн ажил гүйцэтгэх болон инженерчлэлийн
судалгаа, шинжилгээ явуулах Талуудын хамтын ажиллагааны нөхцөлийг тодорхойлсон болно.
Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан
станцын өргөтгөл, шинэчлэл гэдэг нь Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт (1х50 МВт) хүчин чадалтай блокоор өргөтгөх, 48 МВт (4х12 МВт) хүчин чадалтай дунд даралтын хэсгийн суурин дээр 250 МВт (2х125 МВт) блок барьж шинэчлэхийг ойлгоно.
Хоёрдугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын тулд Тал ууд дараах
эрх бүхий байгууллагуудыг томилно. Үүнд:
Монголын талаас - Монгол Улсын Эрчим хүчний яам;
Оросын талаас – Оросын Холбооны Улсын Эрчим хүчний яам.
Эрх бүхий байгууллагыг солих тохиолдолд Талууд дипломат
шугамаар бие биедээ урьдчилан харилцан албан бичгээр мэдэгдэнэ.
Талуудын зураг төсөл боловсруулах эрх олгогдсон байгууллагууд нь:
Монголын талаас - захиалагчийн /цаашид “захиалагч” гэх/ чиг
үүргийг Монгол Улсын Эрчим хүчний яамны харьяа “Дулааны гуравдугаар цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компани хэрэгжүүлнэ.
Оросын талаас - “Интер РАО” Групп компанийн “ИНТЕР РАО-Экспорт”
хязгаарлагдмал хариуцлагатай компани нь гүйцэтгэгчийн (цаашид “гүйцэтгэгч” гэх) чиг үүргийг хэрэгжүүлэх ба энэхүү Хэлэлцээрийн хүрээнд холбогдох байгууллагуудыг туслан гүйцэтгэгчдээр (цаашид “туслан гүйцэтгэгчид” гэх) татан оролцуулах эрхтэй байна;
Энэхүү Хэлэлцээрийн хүрээнд талуудын эрх бүхий байгууллагууд
нь талуудын эрх олгогдсон байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах ба хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавина.
Гуравдугаар зүйл
Талуудын эрх олгогдсон байгууллагууд Дулааны гуравдугаар
цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах нөхцөл, параметрүүдийг захиалагч, гүйцэтгэгч хооронд байгуулах гэрээнд тусгана.
Захиалагч, гүйцэтгэгч хооронд байгуулах Дулааны гуравдугаар
цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах гэрээ нь (цаашид “зураг төслийн гэрээ” гэх) ажил, үйлчилгээний тодорхой агуулга, үнэ, төлбөрийн нөхцөл, үүрэг биелүүлэх хугацаа, гүйцэтгэгч болон захиалагчийн хооронд хүлээсэн үүргийн нарийвчилсан хуваарилалт, тэдгээрийн хариуцлага зэргийг тодорхойлсон байна.
Талууд эрх олгогдсон байгууллагуудаар дамжуулан зураг төслийн
гэрээнд Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдлөг болгох ба 2016 оны Сингапурын Олон Улсын Арбитрын Төвийн (SIAC) арбитрын дүрмийн дагуу маргааныг шийдвэрлэх газраар Сингапур Улсад байрлах Сингапурын Олон Улсын Арбитрын Төвийг зааж өгнө.
Монгол Улсын хууль, тогтоомжид заасан худалдан авах ажиллагаа
явуулахгүйгээр Монголын талын эрх олгогдсон байгууллага Оросын талын эрх олгогдсон байгууллагатай зураг төслийн гэрээг байгуулна.
Дөрөвдүгээр зүйл
Зураг төслийн гэрээг Монголын талаас эрх олгогдсон байгууллагын
өөрийн хөрөнгөөр, эсхүл Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ. Энэхүү зураг төслийн гэрээний санхүүжилтийг Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн гэрээ (цаашид “өргөтгөл, шинэчлэлийн гэрээ” гэх)-ний санхүүжилтэд оруулж тооцно.
Зураг төслийн боловсруулалтын үр дүнд гүйцэтгэгч болон
захиалагч Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үнэ ба хэрэгжүүлэх боломжит хугацааг тодорхойлно. Энэ нь цаашид Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн санхүүжилтийн нөхцөл болон хэмжээг тодорхойлох болон Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн
төслийн ханган нийлүүлэлт, ажил, үйлчилгээг санхүүжүүлэхийн (цаашид “санхүүжүүлэлтийн хүсэлт” гэх) тулд Монголын талаас Оросын талд Оросын Засгийн газрын экспортын зээлийг Монголын талд олгох хүсэлтийг илгээх зорилгоор хийгдэнэ.
Оросын талаас санхүүжүүлэлтийн хүсэлтийг зөвшөөрсөн нөхцөлд
Талууд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн ханган нийлүүлэлт, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх зорилгоор Монголын талд Оросын Засгийн газрын экспортын зээл олгох тухай болон Монгол Улсын нутаг дэвсгэрт Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тусад нь байгуулна.
Эдгээр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүднээс Талуудын
эрх олгогдсон байгууллагууд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн гэрээг тусад нь байгуулна.
Тавдугаар зүйл
Зураг төсөл боловсруулах зорилгоор Монголын тал нь:
Зураг төсөл боловсруулахад шаардлагатай бүх төрлийн
зөвшөөрлийн баримт бичгүүд, зөвшилцөл, тусгай зөвшөөрөл (шаардлагатай тохиолдолд) олгоход дэмжлэг үзүүлнэ.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг
хэрэгжүүлэх болон зураг төсөл боловсруулах хүрээнд ОХУ-ын эрх олгогдсон байгууллага, түүний Монгол Улсын нутаг дэвсгэр дэх төлөөлөгчийн газар (салбар) болон (эсвэл) охин компани, туслан гүйцэтгэгч, тэдгээрийн гэрээт
гүйцэтгэгч нарын ажилчдад Монгол Улсын нутаг дэвсгэрт саадгүй нэвтрэх, гарах, оршин суух, ажиллахад шаардлагатай бүх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг
хэрэгжүүлэх болон зураг төсөл боловсруулахтай холбоотой бүх баримт бичгийг (гэрээ, зураг төсөл-шинжилгээ, судалгааны баримт бичиг) бэлтгэхэд орос, монгол болон англи хэлийг ашиглах ба орос хэлийг давуу хэл болгон баталгаажуулна.
Зураг төсөлтэй холбоотой ОХУ-ын норм, дүрэм, стандартуудын
дагуу зураг төсөл боловсруулахыг баталгаажуулах ба энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу экологи, иргэний хамгаалалт, галын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал ба ариун цэвэрт тавигдах заавал мөрдөх норм, дүрмүүдийг харгалзан үзнэ.
Зураг төсөлд дараах тоног төхөөрөмжүүд болон материалууд
ашиглахыг баталгаажуулна.
- энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй ОХУ-ын норм, дүрэм, стандартын дагуу ОХУ-аас үйлдвэрлэсэн, нийлүүлсэн;
- энэхүү Хэлэлцээрт гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй гуравдагч улсын норм, дүрэм, стандартын дагуу гуравдагч улсаас үйлдвэрлэсэн, нийлүүлсэн;
ОХУ-ын эрх олгогдсон байгууллагад одоо байгаа тоног төхөөрөмж,
инженерийн шугам сүлжээ, геодезийн (лавлагаа) цэг болон зураг төслийг боловсруулахад шаардлагатай бусад мэдээллийг цуглуулан бэлтгэж, гаргаж өгөх.
Зургаадугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрт заасан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн
тулд Оросын талын эрх олгогдсон байгууллага дараах үйл ажиллагааны хэрэгжилтийг хангана.
1) зураг төслийн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө:
захиалагчтай тохиролцсон техникийн үндсэн шийдэлд үндэслэн
зураг боловсруулах гэрээний техникийн ажлын даалгавар болон техник-арилжааны саналыг бэлтгэх;
2) Зураг төслийн гэрээнд гарын үсэг зурсны дараа түүний
нөхцөлийн дагуу:
Монголын талын гүйцэтгэсэн барилгын талбайн инженерийн анхан
шатны судалгааны үр дүнд ханган нийлүүлэлтийн үзүүлэлт, ажлын цар хүрээг тодорхойлох зорилгоор ОХУ-ын хууль, тогтоомжийн дагуу ОХУ-ын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн баталгаат тоног төхөөрөмж дээр суурилсан Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах;
Гүйцэтгэгч нь зураг төсөл боловсруулахын тулд Оросын болон
Монголын зураг төслийн байгууллагыг туслан гүйцэтгэгчээр татан оролцуулах;
Оросын талын экспертизийн байгууллагаар зураг төслийн баримт
бичгийн хараат бус шалгалтыг зохион байгуулах;
Захиалагч нь зураг төслийн хүрээнд Монгол Улсын хууль,
тогтоомжийн дагуу шаардагдах зураг төслийн баримт бичгийн экспертизийн дүгнэлт хийх зөвшөөрөл авахад мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
Өргөтгөл, шинэчлэлийн гэрээний дагуу ханган нийлүүлэлт,
ажил, үйлчилгээ, үндсэн болон туслах тоноглолын нарийвчилсан зургийн /ажлын баримт бичиг/ үр дүнгээр Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн төсвийг тодорхойлох;
Зураг төслийн гэрээний хүрээнд гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч
болон тэдгээрийн гүйцэтгэгч нарын ажилчдыг Монгол Улсад томилолтоор ажиллуулах.
Долдугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрт заасан хамтын ажиллагааг хэрэгжүүлэх
зорилгоор Монголын талын эрх олгогдсон байгууллага дараах үйл ажиллагааны хэрэгжилтийг хангана. Үүнд:
1) зураг төслийн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө:
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн
зураг төсөл боловсруулахад шаардлагатай анхдагч өгөгдлүүдийг гүйцэтгэгч талтай тохиролцсон хэмжээ болон хугацаанд гаргаж өгөх;
2) зураг төслийн гэрээнд гарын үсэг зурсны дараа түүний
нөхцөлийн дагуу:
Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу зураг төслийн
баримт бичгийн экспертизийн дүгнэлтийг цаг тухайд нь хүлээн авах, шаардлагатай бол Монгол Улсын мэргэжлийн байгууллагуудыг оролцуулах ;
Өргөтгөл, шинэчлэлийн гэрээний дагуу гүйцэтгэгчийн зураг
төслийн үр дүнд тодорхойлсон ханган нийлүүлэлт, ажил, үйлчилгээ, үндсэн ба туслах тоног төхөөрөмжийн төсвийг зөвшилцөх;
Судалгаа, шинжилгээ хийх зорилгоор гүйцэтгэгчийг талбайгаар
хангах, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, тэдгээрийн гүйцэтгэгч нарын ажилтныг талбайд нэвтрэх боломжоор хангах;
Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу тухайн талбайд
ажил гүйцэтгэхэд, түүний дотор судалгаа, зураг төсөл боловсруулахад шаардагдах зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, бусад баримт бичгийг (шаардлагатай тохиолдолд) цаг тухайд нь авах, шаардлагатай мэргэжлийн б айгууллагыг татан оролцуулах;
Монгол Улсын хууль, тогтоомжид заасан байгаль орчны нормын
дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, Монгол Улсын эрх бүхий байгууллагаас байгаль орчны лиценз, зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх;
Зураг төслийн гэрээний хэрэгжилтийг хангахад шаардлагатай
тоног төхөөрөмж түр хугацаанд нийлүүлэх зөвшөөрөл авах болон шаардлагатай бүх гаалийн процедур, албан ёсны бүрдлийг хангахад дэмжлэг үзүүлэх;
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг
хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсад төлөөлөгчийн газар (салбар) болон (эсвэл) охин компаниа нээхэд гүйцэтгэгчид дэмжлэг үзүүлэх;
Дулааны гуравдугаар цахилгаан станцын нутаг дэвсгэрт
гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, тэдгээрийн гүйцэтгэгч нарын ажилчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх;
Энэхүү Хэлэлцээр болон зураг төслийн гэрээний дагуу хийгдэх
бүх ажлын холбогдох санхүүжилтийг тогтмол, зохих ёсоор, цаг тухайд нь хангах.
Наймдугаар зүйл
Монголын тал гүйцэтгэгч, түүний туслан гүйцэтгэгчдийг Монгол
Улсын нутаг дэвсгэр дээрх гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан
татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс тус тус чөлөөлнө.
Есдүгээр зүйл
Энэхүү Хэлэлцээрийг хэрэглэх болон (эсвэл) тайлбарлахтай
холбоотой Талууд хоорондын маргааныг Талуудын эрх бүхий байгууллагууд зөвшилцөх, хэлэлцээ хийх замаар шийдвэрлэнэ.
Хэрэв эдгээр маргаан, санал зөрөлдөөнийг Талуудын эрх бүхий
байгууллага хооронд зөвшилцөх замаар шийдвэрлэх боломжгүй бол Талууд найрсаг хэлэлцээгээр шийдвэрлэнэ.
Аравдугаар зүйл
Энэхүү Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлтийг Талуудын бичгээр өгсөн
зөвшөөрлөөр үйлдэх бөгөөд тухай бүр тэмдэглэл үйлдэнэ.
Арван нэгдүгээр зүйл
Энэхүү Хэлэлцээр нь түүнийг хүчин төгөлдөр болгоход
шаардлагатай Засгийн газрын дотоод үйл ажиллагааг Талууд биелүүлсэн талаарх мэдэгдлийг дипломат шугамаар хамгийн сүүлийн бичгээр хүлээн авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
Гүйцэтгэгч нь энэхүү Хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйлд заасан
Засгийн газар хоорондын тусдаа хэлэлцээрийн хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийг хийж дууссаны дараа энэхүү Хэлэлцээр дуусгавар болно. Талууд энэхүү Хэлэлцээрийг цуцлах өдрийг дипломат шугамаар нот бичиг солилцох замаар тогтооно.
Хэлэлцээрийг Улаанбаатар хотноо 2024 оны 9 дүгээр сарын 03-ны
өдөр тус бүрийг нь монгол, орос хэлээр хоёр хувь үйлдсэн ба хувь тус бүр нь адил хүчинтэй байна.





