Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 32
(1328)
— 2993 —

Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУ А-ийн конвенц

ХУЛГАЙЛАГДСАН, ЭСХҮЛ ХУУЛЬ БУСААР ЭКСПОРТЛОГДСОН
СОЁЛЫН ЭД ЗҮЙЛСИЙН ТУХАЙ ЮНИДРУА-ИЙН КОНВЕНЦ

(1995 оны 6 дугаар сарын 24-ний өдөр. Ром хот)

ЭНЭХҮҮ КОНВЕНЦОД ОРОЛЦОГЧ УЛС,

Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд

зүйлсийг олон улсын хэмжээнд буцаах тухай ЮНИДРУА-ийн конвенцын төслийг батлах Дипломат бага хуралд оролцохоор Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газрын урилгаар 1995 оны 6 дугаар сарын 07-24-ний өдөр Ром хотноо чуулж,

хүн төрөлхтний сайн сайхан ирээдүй, соёл иргэншлийн хөгжил

дэвшлийн төлөө соёлыг түгээх, ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг хөхиүлэн дэмжихэд соёлын солилцоо болон соёлын өвийг хамгаалахын ач холбогдлыг ойлгож,

соёлын эд зүйлсийн хууль бус худалдаа, түүнээс улбаатай тухайн

соёлын эд зүйлс, цаашилбал үндэстэн, овог аймаг, уугуул иргэд, нийгмийн бусад бүлгийн соёлын өв болон бүх ард түмний өвд, тэр дундаа археологийн дурсгалт газрыг ухаж тоносноос үүдэн археологи, түүх, шинжлэх ухааны мэдээлэлд нөхөшгүй хохирол бий болж буйд сэтгэл зовниж,

бүх нийтийн ашиг сонирхлын үүднээс соёлын өвийн хадгалалт,

хамгаалалтыг боловсронгуй болгох зорилгоор Хэлэлцэн тохиролцогч улсын хооронд соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон буцаах тухай нийтлэг бөгөөд хамгийн доод эрх зүйн зохицуулалтыг бий болгох тухай чухал алхмыг авч хэрэгжүүлэн соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай үр дүнтэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж,

энэхүү конвенц нь соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох болон

буцаах асуудлыг хөнгөвчлөх зорилготой бөгөөд зарим улсад эгүүлэн олгох, буцаахад шаардагдах аливаа зохицуулалтыг, тухайлбал нөхөн олговрыг, бусад улсад батлах албагүй гэдгийг цохон тэмдэглэж,

энэхүү конвенцын заалтыг үүгээр батлах нь тус конвенцыг хүчин

төгөлдөр болохоос өмнө хийгдсэн аливаа хууль бус худалдааг ямар нэгэн байдлаар дэмжсэн, эсхүл хууль ёсны гэж хүлээн зөвшөөрсөн явдал биш гэдгийг нотолж,

энэхүү конвенц нь хууль бус худалдаанаас үүдэн гарах асуудлыг

шийдвэрлэх нөхцөлийг дан ганцаар хангахгүй, харин олон улсын соёлын

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар улс хоорондын соёлын солилцооны хэлэлцээр, хууль ёсны худалдаанд зохих байр сууриа эзлэх үйл явцын эхлэл мөн гэдгийг ухамсарлаж,

соёлын эд зүйлсийн бүртгэлийг ашиглах, хөгжүүлэх, археологийн

дурсгалт газрын бодит хамгаалалт, техникийн хамтын ажиллагаа зэрэг соёлын эд зүйлсийг үр дүнтэй хамгаалах бусад арга хэмжээ энэхүү конвенцын хэрэгжилтийг дагалдах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч,

төрөл бүрийн байгууллагын соёлын үнэт зүйлсийг хамгаалах

ажил, ялангуяа хууль бус худалдаатай тэмцэх тухай 1970 оны ЮНЕСКО-ийн конвенц болон хувийн хэвшлийн ёс зүйн дүрмийг сайжруулах ажлыг зөвшөөрч,

доор дурдсан байдлаар хэлэлцэн тохиролцов:

I БҮЛЭГ - ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ БА ТОДОРХОЙЛОЛТ

1 дүгээр зүйл

Энэхүү конвенцыг олон улсын шинжтэй доор дурдсан нэхэмжлэлд

хэрэглэнэ. Үүнд:

(а) хулгайлагдсан соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох;

(b) Хэлэлцэн тохиролцогч улсын соёлын өвийг хамгаалах

зорилгоор соёлын эд зүйлсийн экспортын асуудлыг зохицуулсан хуулийг зөрчиж тухайн улсын нутаг дэвсгэрээс шилжүүлэн гаргасан соёлын эд зүйлс (цаашид “хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлс” гэх)-ийг буцаах.

2 дугаар зүйл

Энэхүү конвенцын хавсралтад дурдсан ангиллын аль нэгд

харьяалагдах болон шашны, эсхүл шашны бус шинж чанартай археологи, түүхийн өмнөх үе, түүх, уран зохиол, урлаг, эсхүл шинжлэх ухааны чухал ач холбогдолтой зүйлсийг энэхүү конвенцын зорилгоор соёлын эд зүйлс гэж ойлгоно.

II БҮЛЭГ - ХУЛГАЙЛАГДСАН СОЁЛЫН ЭД ЗҮЙЛСИЙГ ЭГҮҮЛЭН ОЛГОХ

3 дугаар зүйл

(1) Хулгайлагдсан соёлын эд зүйлийг эзэмшигч тэрхүү зүйлийг

буцаана.

(2) Хууль бус малтлагын үр дүнд олдсон, эсхүл хууль ёсны

малтлагын үр дүнд олдсон боловч хууль бусаар авч үлдсэн соёлын эд зүйлийг тухайн малтлага хийгдсэн улсын хуульд нийцэж буй бол энэхүү конвенцын зорилгоор хулгайлагдсан гэж үзнэ.

(3) Аливаа эгүүлэн олгох нэхэмжлэлийг, тухайн хулгайлагдсан

эд зүйлийн байршил, түүнийг эзэмшигч этгээдийг нэхэмжлэгч нь тогтоосон цагаас хойш 3 жилийн дотор, аль ч тохиолдолд тухайн эд зүйл хулгайлагдсан цагаас хойш тавин жилийн дотор мэдүүлнэ.

(4) Харин тодорхой хөшөө дурсгал, археологийн дурсгалт газар,

эсхүл нийтийн цуглуулгын салшгүй хэсэг болох соёлын эд зүйлийг эгүүлэн олгох нэхэмжлэл нь цаг хугацаагаар хязгаарлагдахгүй бөгөөд гагцхүү соёлын эд зүйлийн байршил болон эзэмшигчийг нэхэмжлэгч нь тогтоож, мэдсэн цагаас хойш гурван жилийн хугацаанд мэдүүлнэ.

(5) Хэлэлцэн тохиролцогч аливаа улс өмнөх хэсгийн заалтыг

үл харгалзан нэхэмжлэл гаргах хугацааг 75 жил, эсхүл өөрийн хуульд зааснаар илүү урт хугацаагаар тогтоосноо мэдэгдэж болно. Ийм мэдэгдэл хийсэн Хэлэлцэн тохиролцогч улсад байгаа хөшөө дурсгал, археологийн дурсгалт газар, эсхүл нийтийн цуглуулгаас салган авсан соёлын эд зүйлийг эгүүлэн олгох нэхэмжлэлийг өөр Хэлэлцэн тохиролцогч улсад гаргахдаа заасан хязгаарлах хугацаанд захирагдана.

(6) Өмнөх хэсэгт дурдсан мэдэгдлийг гарын үсэг зурах, соёрхон

батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орох үед хийнэ.

(7) Энэхүү конвенцын зорилгоор бүртгэгдсэн, эсхүл өөр байдлаар

тодорхойлогдсон соёлын бүлэг эд зүйлсээс бүрдэх “нийтийн цуглуулга” нь доор дурдсан өмчлөлд байна.

(a) Хэлэлцэн тохиролцогч улсын;

(b) Хэлэлцэн тохиролцогч улсын бүс нутгийн, эсхүл орон

нутгийн эрх бүхий байгууллагын;

(c) Хэлэлцэн тохиролцогч улсын шашны байгууллагын; эсхүл

(d) соёл, боловсрол болон шинжлэх ухааны зорилгоор

Хэлэлцэн тохиролцогч улсад байгуулагдан нийтийн ашиг сонирхлын төлөө үйлчлэхээр хүлээн

зөвшөөрөгдсөн аливаа нэгэн байгууллагын.

(8) Үүнээс гадна Хэлэлцэн тохиролцогч улсын уугуул иргэд, овог

аймагт хамааралтай бөгөөд тэдний уламжлалт зан үйлд хэрэглэдэг тухайн нийгмийн бүлэгт ач холбогдолтой, ариун нандин соёлын эд зүйлийг эгүүлэн олгох нэхэмжлэл нь нийтийн цуглуулгын хувьд мөрдөж буй хугацааны хязгаарт хамрагдана.

4 дүгээр зүйл

(1) Буцаах шаардлагатай хулгайлагдсан соёлын эд зүйлийг

эзэмшигч нь тухайн эд зүйлийг хулгайлагдсан гэдгийг мэдэх ямар ч боломжгүй байсан бөгөөд тухайн эд зүйлийг худалдан авах үедээ зохих идэвх зүтгэл гаргаснаа нотолж чадсан тохиолдолд шударга бөгөөд зохих нөхөн олговрыг авах эрхтэй.

(2) Нэхэмжлэлийг хүлээн авсан улсын хуульд нийцсэн

тохиолдолд өмнөх хэсэгт дурдсан эзэмшигчийн нөхөн олговор авах эрхийг хөндөхгүйгээр эзэмшигчид тухайн соёлын эд зүйлийг шилжүүлсэн, эсхүл түүнийг урьд нь шилжүүлж байсан этгээдээр нөхөн олговор төлүүлэхэд тодорхой хүчин чармайлтыг гаргана.

(3) Шаардлагатай тохиолдолд нэхэмжлэгч нь эзэмшигчид нөхөн

олговрыг аливаа бусад этгээдээр төлүүлэх эрхийг хөндөхгүй.

(4) Эзэмшигч нь зохих идэвх зүтгэл гаргасан эсэхийг тогтооход

худалдан авалтын үеийн бүхий л нөхцөл байдал, тухайлбал талуудын тухай мэдээлэл, төлсөн үнэ, эзэмшигч нь хулгайлагдсан соёлын эд зүйлсийн талаарх хялбар олох боломжтой бүртгэл, баримт болон аливаа бусад холбогдох мэдээлэлтэй танилцсан эсэх, хандаж болох эрх бүхий байгууллагаас зөвлөгөө авсан эсэх болон эзэмшигч нь тухайн нөхцөл байдалд эрх зүйн чадамжтай этгээд авч чадах бүхий л арга хэмжээг авсан эсэхийг харгалзаж үзнэ.

(5) Эзэмшигч нь түүнд тэрхүү соёлын эд зүйлийг өвлүүлсэн, эсхүл

бэлгийн журмаар өгсөн этгээдээс илүү эрх эдлэхгүй.

III БҮЛЭГ - ХУУЛЬ БУСААР ЭКСПОРТЛОГДСОН
СОЁЛЫН ЭД ЗҮЙЛСИЙГ БУЦААХ

5 дугаар зүйл

(1) Хэлэлцэн тохиролцогч нэг улсын нутаг дэвсгэрээс хууль

бусаар экспортолсон соёлын эд зүйлийг буцаах шийдвэр гаргах талаар тухайн улс Хэлэлцэн тохиролцогч нөгөө улсын шүүх болон эрх бүхий бусад байгууллагад хүсэлт гаргаж болно.

(2) Хүсэлт гаргагч улсын соёлын өвөө хамгаалах болон соёлын эд

зүйлсийг тухайн улсын нутаг дэвсгэрээс экспортын асуудлыг зохицуулсан холбогдох хуулийн дагуу экспортлох зөвшөөрөлтэйгөөр, тухайлбал үзэсгэлэн, шинжилгээ судалгаа болон сэргээн засварлах зорилгоор түр хугацаагаар экспортолсон соёлын эд зүйлс зөвшөөрлийн хугацаандаа эх орондоо эргэж ирээгүй бол хууль бусаар экспортолсон гэж үзнэ.

(3) Хүсэлт гаргагч улс нь тухайн эд зүйлийг өөрийнх нь нутаг

дэвсгэрээс шилжүүлснээр доор дурдсан нэг болон түүнээс дээш ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байгааг хүсэлт гаргагч улс тогтоовол хүсэлтийг хүлээн авагч улсын шүүх болон бусад эрх бүхий байгууллага тухайн хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийг буцаах шийдвэрийг гаргана. Үүнд:

(a) эд зүйлийн биет, эсхүл агуулгын хадгалалт;

(b) иж бүрэн эд зүйлийн бүрэн бүтэн байдал;

(c) шинжлэх ухааны, эсхүл түүхийн шинж чанартай

мэдээллийн хадгалалт;

(d) уугуул иргэд, овог аймгийн уламжлал, эсхүл зан үйлд

хэрэглэдэг эд зүйл,

эсхүл тухайн эд зүйл нь хүсэлт гаргагч улсын соёлын чухал ач холбогдолтойг тогтоосон тохиолдолд.

(4) Энэхүү зүйлийн 1 дэх хэсгийн дагуу гаргасан аливаа хүсэлт

нь, хүсэлт хүлээн авагч улсын шүүх болон эрх бүхий байгууллагад тус зүйлийн 1-ээс 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоход дөхөм болохуйц баримт, эсхүл эрх зүйн үндэслэлтэй мэдээллийг агуулсан, эсхүл хавсаргасан байна.

(5) Хүсэлт гаргагч улс буцаах хүсэлтийг соёлын эд зүйлийн

байршил, эзэмшигчийг тогтоосон цагаас хойш гурван жилийн дотор гаргах бөгөөд аль ч тохиолдолд тухайн эд зүйл хууль бусаар экспортлогдсон өдрөөс, эсхүл энэхүү зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөвшөөрлийн хугацаанд буцаагдаагүй тохиолдолд тавин жилийн хугацаанд гаргана.

6 дугаар зүйл

(1) Соёлын эд зүйлийг хууль бусаар экспортлогдсоны дараа

худалдан авсан эзэмшигч тухайн соёлын эд зүйлийг хууль бусаар экспортолсныг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан тохиолдолд

түүнийг буцаахдаа хүсэлт гаргагч улсаас шударга, зохих нөхөн олговор авах эрхтэй.

(2) Эзэмшигч нь тухайн соёлын эд зүйлийг хууль бусаар

экспортолсныг мэдэж байсан, эсхүл мэдэх боломжтой байсан эсэхийг тогтоохдоо эзэмшилд авсан үеийн бүхий л нөхцөл байдал, тухайлбал хүсэлт гаргагч улсын хуулийн дагуу шаардагдах экспортын гэрчилгээ байсан эсэхийг харгалзаж үзнэ.

(3) Хүсэлт гаргагч улсад соёлын эд зүйлийг буцаах шаардлагатай

эзэмшигч нь тухайн улстай тохиролцсоны үндсэн дээр нөхөн олговрын оронд доор дурдсан шийдвэрийг гаргаж болно. Үүнд:

(a) соёлын эд зүйлийг өмчлөх эрхийг хэвээр нь

үлдээх; эсхүл

(b) хүсэлт гаргагч улсад оршин суудаг, шаардлагатай

баталгааг гаргаж өгсөн, өөрийн сонгосон этгээдэд төлбөртэй, эсхүл бэлгийн журмаар өмчлөх эрхийг шилжүүлэх.

(4) Энэхүү зүйлийн дагуу буцааж байгаа соёлын эд зүйлийг

буцаахтай холбогдсон зардлыг хүсэлт гаргагч улс хариуцна. Энэ нь хүсэлт гаргагч улс аливаа бусад этгээдээр зардлыг нөхөн төлүүлэх эрхийг хөндөхгүй.

(5) Эзэмшигч нь түүнд тэрхүү соёлын эд зүйлийг өвлүүлсэн, эсхүл

бэлгийн журмаар өгсөн хуучин эзэмшигчээс давуу эрх эдлэхгүй.

7 дугаар зүйл

(1) Энэхүү бүлгийн заалтыг доор дурдсан нөхцөлд хэрэглэхгүй.

Үүнд:

(a) буцаах хүсэлт гаргах үед соёлын эд зүйлийн экспорт

нь хууль бус байхаа больсон; эсхүл

(b) эд зүйлийг бүтээсэн этгээдийг амьд байх хугацаанд,

эсхүл түүнийг нас барснаас хойш тавин жилийн дотор экспортолсон тохиолдолд.

(2) Уугуул иргэд, овог аймгийн нэг буюу хэсэг гишүүд уламжлалт

зан үйлд зориулан бүтээсэн соёлын эд зүйлийг өмнөх хэсгийн нэмэлт хэсгийн заалтыг (b) үл харгалзан энэхүү бүлгийн заалтыг хэрэглэх бөгөөд эд зүйлийг тухайн нийгмийн бүлэгт буцаана.

IV БҮЛЭГ - ЕРӨНХИЙ ЗААЛТ

8 дугаар зүйл

(1) II бүлгийн дагуу гаргах нэхэмжлэл болон III бүлгийн дагуу гаргах

хүсэлтийг тухайн соёлын эд зүйл байрлаж байгаа Хэлэлцэн тохиролцогч улсын шүүх болон эрх бүхий бусад байгууллагад гаргахаас гадна Хэлэлцэн тохиролцогч улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар шүүн таслах бүрэн эрхтэй шүүх болон эрх бүхий бусад байгууллагад гаргаж болно.

(2) Талууд маргаанаа шүүх, арбитр, эрх бүхий бусад байгууллагаар

дамжуулан шийдвэрлүүлэхээр тохиролцож болно.

(3) Эд зүйлийг эгүүлэн авах, эсхүл буцаах хүсэлтийг Хэлэлцэн

тохиролцогч өөр нэг улсын шүүх болон эрх бүхий байгууллагад гаргасан байсан ч соёлын эд зүйл байрлаж байгаа Хэлэлцэн тохиролцогч улс нь өөрийн хуульд заасан түр зуурын хамгаалалтын арга хэмжээг авч болно.

9 дүгээр зүйл

(1) Хэлэлцэн тохиролцогч улс хулгайлагдсан, эсхүл хууль бусаар

экспортлогдсон соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох, буцаах талаар энэхүү конвенцод зааснаас илүү таатай дүрмийг мөрдөхөд тус конвенцоор хязгаарлахгүй.

(2) Энэхүү зүйлийг Хэлэлцэн тохиролцогч бусад улсын шүүх болон

эрх бүхий байгууллага тус конвенцод зааснаас ангид шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эсхүл хэрэгжүүлэх үүргийг бий болгохоор тайлбарлахгүй.

10 дугаар зүйл

(1) II бүлгийн заалтыг зөвхөн нэхэмжлэл хүргүүлсэн улсад энэхүү

конвенц хүчин төгөлдөр болсны дараа хулгайлагдсан соёлын эд зүйлийн хувьд доор дурдсан нөхцөлд хэрэглэнэ. Үүнд:

(a) энэхүү конвенц Хэлэлцэн тохиролцогч улсын хувьд

хүчин төгөлдөр болсноос хойш тухайн улсын нутаг дэвсгэрээс соёлын эд зүйл хулгайлагдсан; эсхүл

(b) энэхүү конвенц Хэлэлцэн тохиролцогч улсын хувьд

хүчин төгөлдөр болсноос хойш тухайн улсын нутаг дэвсгэрт эд зүйл байрлаж байгаа тохиолдолд.

(2) Хүсэлт гаргагч болоод түүнийг хүлээн авагч улсын хувьд энэхүү

конвенц хүчин төгөлдөр болсноос хойш III бүлгийн заалтыг зөвхөн хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлийн хувьд мөрдлөг болгоно.

(3) Энэхүү конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн

аливаа хууль бус шинжтэй, эсхүл энэхүү зүйлийн (1) ба (2) дахь хэсэгт заасан аливаа төрлийн хууль бус арилжааг аль ч байдлаар хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө хулгайлагдсан болон хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлийг энэхүү конвенцын хүрээнээс гаднах бусад эрх зүйн зохицуулалтаар эгүүлэн олгох, буцаах нэхэмжлэл гаргах аливаа улс, хувь хүний эрхийг хязгаарлаагүй.

V ДУГААР БҮЛЭГ - ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

11 дүгээр зүйл

(1) Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд

зүйлсийг олон улсын хэмжээнд буцаах тухай ЮНИДРУА-ийн конвенцын төслийг батлах Дипломат бага хурлын хаалтын хуралдааны үеэр тус конвенцод гарын үсэг зурахад нээлттэй байх бөгөөд үүнээс хойш 1996 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Ром хотноо бүх улс гарын үсэг зурахад нээлттэй хэвээр байна.

(2) Энэхүү конвенцод гарын үсэг зурсан улс түүнийг соёрхон

баталж, хүлээн зөвшөөрч, эсхүл батална.

(3) Энэхүү конвенцод гарын үсэг зурах нээлттэй хугацаанд гарын

үсэг зураагүй бусад улс нэгдэн ороход нээлттэй байна.

(4) Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн

орсон тухай албан ёсны баримт бичгийг эх хадгалагчид хадгалуулна.

12 дугаар зүйл

(1) Энэхүү конвенц нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн,

баталсан,эсхүл нэгдэн орсон тухай тав дахь баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш зургаа дахь сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болно.

(2) Энэхүү конвенцыг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн,

баталсан, эсхүл нэгдэн орсон улс бүрийн хувьд соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай тав дахь баримт бичгийг хадгалуулахаар өгсөний дараа соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш зургаа дахь сарын эхний өдрөөс энэхүү конвенц хүчин төгөлдөр болно.

13 дугаар зүйл

(1) Олон улсын аливаа баримт бичгээр үүрэг хүлээсэн Хэлэлцэн

тохиролцогч улс тухайн баримт бичгээр хүлээсэн үүргийн эсрэг аливаа мэдэгдэл хийснээс бусад тохиолдолд энэхүү конвенцоор зохицуулж буй

асуудалтай холбогдох заалтыг агуулсан олон улсын баримт бичигт энэхүү конвенц нөлөөлөхгүй.

(2) Энэхүү конвенцын хэрэгжилтийг сайжруулах үүднээс Хэлэлцэн

тохиролцогч аливаа улс Хэлэлцэн тохиролцогч нэг болон хэд хэдэн улстай өөр хоорондын харилцаагаа зохицуулсан хэлэлцээр байгуулж болно. Хэлэлцээр байгуулсан улс хувийг нь эх хадгалагчид хүргүүлнэ.

(3) Эдийн засгийн интеграц, эсхүл бүс нутгийн байгууллагын

гишүүн болох Хэлэлцэн тохиролцогч улсын өөр хоорондын харилцаа нь эдгээр байгууллагын дотоод дүрмээр зохицуулагдаж байгаа бөгөөд энэхүү дотоод дүрэм нь тус конвенцын хэрэглэх хүрээтэй давхцаж байвал энэхүү конвенцын заалтыг хэрэглэхгүй талаар мэдэгдэл хийж болно.

14 дүгээр зүйл

(1) Хоёр болон түүнээс дээш нутаг дэвсгэрийн нэгжтэй Хэлэлцэн

тохиролцогч улс эдгээр нутаг дэвсгэртээ тус конвенцын зохицуулж буй асуудлаар эрх зүйн өөр өөр тогтолцоотой эсэхээс үл шалтгаалан гарын үсэг зурах, эсхүл соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан баримт бичгээ хадгалуулах үедээ энэхүү конвенц нь тухайн улсын бүх нутаг дэвсгэрт, эсхүл нэг болон хэд хэдэн нэгжид нь хүчин төгөлдөр байх тухай мэдэгдэл хийж болох бөгөөд энэхүү мэдэгдлийг хүссэн цагтаа өөр мэдэгдлээр сольж болно.

(2) Энэхүү мэдэгдлээ эх хадгалагчид хүргүүлэх бөгөөд энэхүү

конвенц хүчин төгөлдөр үйлчлэх нутаг дэвсгэрийг тодорхой заана.

(3) Энэхүү зүйлийн дагуу хийсэн мэдэгдлээр энэхүү конвенц

Хэлэлцэн тохиролцогч улсын бүх нутаг дэвсгэрт бус, нэг буюу хэд хэдэн нутаг дэвсгэрийн нэгжид хүчин төгөлдөр байгаа бол доор дурдсанаар ойлгоно. Үүнд:

(a) 1 дүгээр зүйлд заасан Хэлэлцэн тохиролцогч улсын

нутаг дэвсгэр гэж тус улсын нутаг дэвсгэрийн нэгжийн газар нутгийг;

(b) Хэлэлцэн тохиролцогч улсын, эсхүл хүсэлт гаргагч

улсын шүүх буюу эрх бүхий байгууллага гэж тус улсын нутаг дэвсгэрийн нэгжийн шүүх буюу эрх бүхий байгууллагыг;

(c) 8 дугаар зүйлийн (1) дүгээр заалтад зааснаар соёлын

эд зүйл байрлаж байгаа Хэлэлцэн тохиролцогч улс гэж тухайн эд зүйл байгаа улсын нутаг дэвсгэрийн нэгжийг;

(d) 8 дугаар зүйлийн (3) дугаар заалтад зааснаар соёлын

эд зүйл байрлаж байгаа Хэлэлцэн тохиролцогч улсын хууль гэж тухайн эд зүйл байгаа улсын нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийг;

(e) 9 дүгээр зүйлд заасан Хэлэлцэн тохиролцогч улс гэж

тус улсын нутаг дэвсгэрийн нэгжийг ойлгоно.

(4) Хэрэв Хэлэлцэн тохиролцогч улс энэ зүйлийн 1 дэх хэсгийн

дагуу мэдэгдэл хийгээгүй бол энэ конвенц тухайн улсын нутаг дэвсгэрийн бүх нэгжид хэрэгжинэ.

15 дугаар зүйл

(1) Энэхүү конвенцод гарын үсэг зурах үед хийсэн мэдэгдлийг

соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах үедээ баталгаажуулна.

(2) Мэдэгдэл, түүний баталгааг бичгээр үйлдэж, эх хадгалагчид

албан ёсоор мэдэгдэнэ.

(3) Мэдэгдэл хийсэн улсын хувьд энэхүү конвенц хүчин төгөлдөр

болсон өдрөөс мэдэгдэл нь хүчин төгөлдөр болно. Харин энэ хугацаанаас хойш албан ёсоор хадгалагчид ирүүлсэн мэдэгдэл нь мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш зургаа дахь сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болно.

(4) Аливаа улс энэхүү конвенцын дагуу хийсэн мэдэгдлээ эх

хадгалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэн татан авч болно. Ийнхүү эх хадгалагчид мэдэгдсэн өдрөөс хойш зургаа дахь сарын эхний өдрөөс хүчин төгөлдөр болно.

16 дугаар зүйл

(1) Хэлэлцэн тохиролцогч улс бүр энэхүү конвенцод гарын үсэг

зурах, соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, эсхүл нэгдэн орох үедээ 8 дугаар зүйлд заасан соёлын эд зүйлийг эгүүлэн олгох нэхэмжлэл, эсхүл буцаах хүсэлтээ доор дурдсан нэг буюу хэд хэдэн журмын дагуу гаргаж болохоо мэдэгдэнэ. Үүнд:

(a) шууд тухайн улсын шүүх болон эрх бүхий байгууллагад;

(b) энэ төрлийн нэхэмжлэл, эсхүл хүсэлтийг хүлээн авч

шүүх болон эрх бүхий байгууллагад дамжуулах үүрэг бүхий тухайн улсын томилсон нэг буюу хэд хэдэн газарт;

(c) дипломат болон консулын шугамаар.

(2) Хэлэлцэн тохиролцогч улс бүр II болон III бүлгийн заалтын

дагуу соёлын эд зүйлсийг эгүүлэн олгох, буцаах шийдвэр гаргах шүүх болон эрх бүхий байгууллагыг томилж болно.

(3) Энэхүү зүйлийн 1 ба 2 дахь хэсгийн дагуу хийсэн мэдэгдлийг

хэдийд ч өөр мэдэгдлээр шинэчилж болно.

(4) Энэхүү зүйлийн 1-ээс 3 дахь хэсгийн заалт Хэлэлцэн

тохиролцогч улсуудын хооронд байгуулсан байж болзошгүй иргэний болон худалдааны асуудлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хоёр талт болон олон талт хэлэлцээрт нөлөөлөхгүй.

17 дугаар зүйл

Хэлэлцэн тохиролцогч улс бүр соёрхон баталсан, хүлээн

зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс эхлэн зургаан сарын дотор соёлын эд зүйлсийн экспортын асуудлыг зохицуулсан хууль тогтоомжийн тухай мэдээллийг энэхүү конвенцын албан ёсны хэлний аль нэгээр үйлдэн эх хадгалагчид бичгээр хүргүүлнэ. Мэдээллийг тухай бүрд шинэчилнэ.

18 дугаар зүйл

Энэхүү конвенцоор тусгайлан эрх олгосноос бусад тохиолдолд

тайлбар хийхийг хориглоно.

19 дүгээр зүйл

(1) Аливаа Оролцогч улс тухайн улсын хувьд энэхүү конвенц хүчин

төгөлдөр болсон өдрөөс эхлэн албан ёсны баримт бичгийг эх хадгалагчид хүргүүлэн цуцалж болно.

(2) Цуцлах тухай баримт бичгийг эх хадгалагчид хүргүүлсэн өдрөөс

хойш зургаа дахь сарын эхний өдрөөс эхлэн цуцлалт нь хүчин төгөлдөр болно. Цуцлах тухай баримт бичигт цуцлалт хүчин төгөлдөр болоход илүү урт хугацаа шаардагдахаар заасан бол эх хадгалагчид хүргүүлснээс хойш тэрхүү хугацаа дуусгавар болмогц цуцлалт хүчин төгөлдөр болно.

(3) Цуцлалт хүчин төгөлдөр болохоос өмнө соёлын эд зүйлийг

эгүүлэн авах нэхэмжлэл, эсхүл буцаах хүсэлт гаргасан бол дээрх цуцлалтыг үл харгалзан энэхүү конвенцыг хэрэглэнэ.

20 дугаар зүйл

Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн (ЮНИДРУА)-ийн

ерөнхийлөгч нь тогтмол, эсхүл Хэлэлцэн тохиролцогч таван улсын

хүсэлтээр энэхүү конвенцын хэрэгжилтийг шалгах зорилгоор тусгай хороог зарлан хуралдуулж болно.

21 дүгээр зүйл

(1) Энэхүү конвенцыг Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар

хадгална.

(2) Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар:

(a) энэхүү конвенцод гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон

бүх улс болон Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн (ЮНИДРУА)-ийн ерөнхийлөгчид доор дурдсан зүйлийг мэдээлнэ. Үүнд:

i. соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон болон шинээр гарын үсэг зурсан тухай баримт бичиг бүрийг, түүний огнооны хамт;

ii. энэхүү конвенцын дагуу хийсэн мэдэгдэл бүрийн тухай;

iii. хүчингүй болгосон аливаа мэдэгдлийн тухай;

iv. энэхүү конвенц хүчин төгөлдөр болох хугацаа;

v. 13 дугаар зүйлд заасан хэлэлцээрийн тухай;

vi. энэхүү конвенцыг цуцлах тухай баримт бичиг, түүний хүргүүлсэн огноо болон хүчингүй болох огнооны тухай.

(b) энэхүү конвенцод гарын үсэг зурсан болон нэгдэн

орсон бүх улс болон Хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэн (ЮНИДРУА)-ийн ерөнхийлөгчид

энэхүү конвенцын баталгаат хуулбарыг хүргүүлнэ.

(c) эх хадгалагчид оногддог бусад холбогдох ажлыг гүйцэтгэнэ.

Дээрхийг нотолж доор дурдсан эрх бүхий төлөөлөгчид бүрэн

эрхийнхээ дагуу энэхүү конвенцод гарын үсэг зурав.

Нэг мянга есөн зуун ерэн таван оны зургаадугаар сарын хорин

дөрөвний энэ өдөр Ром хотноо англи болон франц хэлээр нэг эх хувь үйлдсэн бөгөөд эх бичвэр нь адил хүчинтэй байна.

Хавсралт

(a) ан амьтан, ургамал, эрдэс, анатомийн ховор цуглуулга, загвар, палеонтологийн эд өлгийн зүйлс;

(b) түүхэн үнэт зүйлс, тодруулбал шинжлэх ухааны болон техникийн түүх, зэвсэгт хүчний болон нийгмийн түүх, үндэсний удирдагчид, сэтгэгчид, эрдэмтэд, зураачид болон жүжигчдийн амьдрал, үндэсний хэмжээний үйл явдалтай холбоотой эд зүйлс;

(c) археологийн малтлагаар (хууль ёсны болон хууль бус), эсхүл археологийн нээлтээр олдсон эд өлгийн зүйлс;

(d) урлагийн, эсхүл түүхийн дурсгал болон археологийн олдвороос салгасан хэсэг;

(e) зуун жилээс дээш насжилттай эртний эдлэл, тухайлбал бичээс, зоос, сийлбэр тамга;

(f) угсаатны зүйн эд өлгийн зүйлс;

(g) урлагийн ач холбогдол бүхий зүйлс. Үүнд:

(i) аливаа эд зүйл дээр бүх төрлийн материалаар бүхэлд нь

гараар үйлдсэн зураг (үйлдвэрийн гаралтай гараар

чимэглэсэн зураг, үйлдвэрийн бүтээгдэхүүнийг оруулахгүй);

(ii) бүх төрлийн материалаар хийсэн уран баримлын эх бүтээл;

(iii) өвөрмөц сийлбэр, бар, чулуун барын эх хувь;

(iv) бүх төрлийн материалаар хийсэн уран сайхны эвлүүлэг,

цуглуулгын эх хувь;

(h) дангаараа, эсхүл цуглуулгад буй ховор гар бичмэл, эртний хэвлэмэл ном, (түүх, урлаг, шинжлэх ухаан, уран зохиолын гэх мэт) онцгой ач холбогдол бүхий эртний ном, хэвлэл, баримт бичиг;

(i) дангаараа, эсхүл цуглуулгад буй шуудангийн, татварын

болон бусад ижил төстэй марк;

(j) дуу бичлэг, гэрэл зураг, киноны болон бусад архив;

(k) зуун жилээс дээш насжилттай тавилга болон эртний хөгжмийн зэмсэг.

Төрийн мэдээлэл · 2024 · № 32 (1328)2993–3005-р хуудас