Журам батлах тухай № 251
2023 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 05-ны өдөр Дугаар 251 хот
Журам батлах тухай
Зөвшөөрлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсгийг
тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг
санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллахыг зөвшөөрөл
олгох эрх бүхий этгээдэд, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосугай.
Засгийн газрын 2023 оны 07 дугаар
сарын 05-ны өдрийн 251 дүгээр
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан (цаашид
“зөвшөөрлийн нэгдсэн сан” гэх)-г үүсгэж, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой мэдээллийг
зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид мэдээлэх, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн олгосон зөвшөөрөл, түүнд оруулсан өөрчлөлтийн шийдвэрийг зөвшөөрлийн нэгдсэн санд бүртгэж байршуулах, лавлагаа, мэдээлэл өгөхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Зөвшөөрлийн нэгдсэн сан нь Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-д
заасан “тусгай зөвшөөрөл”, 8.2-т заасан “энгийн зөвшөөрөл”-ийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгосон шийдвэрүүдээс бүрдэнэ.
1.3.Зөвшөөрлийн нэгдсэн санг үүсгэхдээ “Монгол хэлний
компьютерын орчны тогтолцоо, кирилл болон монгол үсгийн нэгдсэн код “MNS 5552:2005” стандарт”-ыг дагаж мөрдөнө.
Хоёр.Зөвшөөрлийн нэгдсэн санг бүрдүүлэх
2.1.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь зөвшөөрөл хүсэгч,
эзэмшигчийн зөвшөөрөл шинээр авах болон сунгуулах хүсэлтийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (цаашид “систем” гэх), эсхүл зөвшөөрлийн нэгдсэн сангаар дамжуулан хүлээн авч, хариу мэдэгдлийг хүсэлт гаргагчид цахим хэлбэрээр илгээнэ.
2.2.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч нь зөвшөөрөл шинээр авах болон
сунгуулахдаа системээс өгөгдөх зааврын дагуу зөвшөөрлийн төрлийг сонгож, хүсэлтээ илгээнэ.
2.3.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч нь зөвшөөрөл шинээр авах болон
сунгуулахдаа шаардагдах баримт бичгийг системээс өгөгдөх зааврын дагуу цахим хэлбэрээр хавсаргана.
2.4.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь зөвшөөрөл эзэмшигчийн
хүсэлтийг үндэслэн зөвшөөрлийг сунгахдаа тухайн зөвшөөрөлтэй холбоотой системд байгаа мэдээллийг дахин шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
2.5.Зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчийн хүсэлтийн явцын мэдээллийг
зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь тухай бүр зөвшөөрлийн нэгдсэн санд илгээх бөгөөд зөвшөөрөл хүсэгч, эзэмшигч нь өөрийн хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг системээс харах боломжтой байна.
2.6.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь зөвшөөрөл хүсэгч,
эзэмшигчийн хүсэлт болон холбогдох баримт бичиг хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, зөвшөөрөл олгох, сунгах, эсхүл зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзах шийдвэр гаргана.
2.7.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу
зөвшөөрлийн мэдээллийг агуулсан дахин давтагдашгүй QR код бүхий зөвшөөрлийн гэрчилгээг зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчид цахим хэлбэрээр олгоно.
2.8.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь зөвшөөрөл олгосон
болон зөвшөөрөлд оруулсан өөрчлөлтийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 9-д заасны дагуу шийдвэр гарснаас хойш ажлын 2 өдрийн дотор зөвшөөрлийн нэгдсэн санд бүртгүүлэх хүсэлтийг гаргана.
2.9.Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь зөвшөөрөл олгосон болон
зөвшөөрөлд оруулсан өөрчлөлтийг зөвшөөрлийн нэгдсэн санд бүртгэж, зөвшөөрөл олгосон болон түүнд оруулсан өөрчлөлтийн шийдвэрийн хамт эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ.
2.10.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага нь энэ журмын 2.9-д заасан нөхцөлийг ханган ирүүлсэн зөвшөөрөл олгосон болон зөвшөөрөлд оруулсан өөрчлөлтийг зөвшөөрлийн кодоор ажлын 3 хоногийн дотор бүртгэнэ.
2.11.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага нь энэ журмын 2.9-д заасан нөхцөлийг хангаагүй хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд буцаах бөгөөд буцаасан үндэслэлийг тодорхой дурдана.
2.12.Энэ журмын 2.9-д заасан нөхцөлийг хангаагүй хүсэлтийг
буцаасан тохиолдолд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд нь буцаасан шалтгаан, нөхцөлийг арилгаж, ажлын 3 хоногт багтаан эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дахин бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.
2.13.Зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл бүрэн, алдаагүй, үнэн
зөв байдлыг зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд хариуцна.
2.14.Зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн нэгдсэн санд орсон
зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг бүрэн бус, алдаатай гэж үзвэл залруулах хүсэлтийг зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд гаргана.
Гурав.Зөвшөөрлийн нэгдсэн санг эрхлэн хөтлөх
3.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага нь зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээллийг цахим хэлбэрээр эрхлэн хөтөлнө.
3.2.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага нь зөвшөөрлийн нэгдсэн санд зөвшөөрлийн мэдээллийг байршуулах, нийтлэх, шинэчлэх, цахим хуудасны хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хариуцаж, хяналт тавина.
3.3.Цахим хуудсанд байршуулж нийтэлсэн зөвшөөрлийн
мэдээллийг шинэчлэх тохиолдолд хуучин холбоос дээрх мэдээллийг шинэчилж, өмнөх хувилбарыг цахим хэлбэрээр архивлаж, хандах боломжийг бүрдүүлнэ.
3.4.Цахим хуудсыг шинэчлэх, шинээр үүсгэх тохиолдолд
архивласан болон байршуулж нийтэлсэн мэдээллийг огноогоор нь шинэ цахим хуудсанд хуулах, эсхүл устгахгүй байх боломжийг бүрдүүлсэн байна.
Дөрөв.Зөвшөөрлийн нэгдсэн сангаас
лавлагаа, мэдээлэл өгөх
4.1.Зөвшөөрлийн нэгдсэн сангаас олгох лавлагаа, мэдээлэл нь
QR кодоор баталгаажсан байна.
4.2.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага нь зөвшөөрлийн нэгдсэн сангаас QR кодоор баталгаажсан зөвшөөрөл болон лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж, иргэн, хуулийн этгээд үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлнэ.
Тав.Бусад зүйл
5.1.Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага нь зөвшөөрлийн нэгдсэн сангийн тайлан, мэдээг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
5.2.Энэ журмыг зөрчсөн буруутай төрийн албан хаагчид хууль
тогтоомжид өөрөөр заагаагүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах бөгөөд бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----о0о----