Дүрэм батлах тухай № 257
4.4.Журмын хэрэгжилтэд хөдөлмөрийн харилцааны асуудлаар
мэргэшсэн төрийн бус байгууллага хууль тогтоомжийн дагуу олон нийтийн хяналт тавьж болно.
4.5.Энэ журмыг зөрчсөн буруутай албан тушаалтан, хуулийн
этгээд, хүнд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---o0o---
2022 оны 6 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 257 хот
Дүрэм батлах тухай
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15.1.1, 15.1.3-т заасныг
тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны
дүрэм”-ийг 1 дүгээр хавсралт, “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг 2 дугаар хавсралт, “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-ийг 3 дугаар хавсралт, “Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны дүрэм”-ийг 4 дүгээр хавсралт, “Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харвааны дүрэм”-ийг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолын 1-д заасан дүрмийг хэрэгжүүлж, биелэлтэд нь
хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай”
Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр, “Дүрэмд өөрчлөлт оруулах тухай” 2004 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 151 дүгээр, “Дүрэм шинэчлэн батлах тухай” 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр, “Үндэсний их баяр наадмын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр, “Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар, “Дүрэм шинэчлэн батлах тухай” 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2022 оны 257 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмээр Үндэсний их баяр наадмыг хууль тогтоомж,
уламжлалт ёс заншил, өв соёл, орчин үеийн технологид тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид
“Хороо” гэх) нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний их баяр наадмын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай, Биеийн тамир спортын тухай хууль бусад хууль тогтоомж, энэ дүрэм, холбогдох стандартыг мөрдөж ажиллана.
1.3.Хороо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх
бөгөөд Төрийн санд харилцах данстай байна.
Хоёр.Хорооны удирдлага, зохион байгуулалт
2.1.Хороо нь орон тооны бус байх бөгөөд дарга, дэд дарга, нарийн
бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ. 2.2.Хорооны Ажлын албаны үүргийг Нийслэлийн Засаг даргын
тамгын газар гүйцэтгэнэ.
2.3.Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх
бөгөөд хуралдаанд нийт гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно.
2.4.Хорооны дарга нь хуралдааны дэгийг тогтоож, хуралдааныг
удирдах бөгөөд түүний эзгүйд дэд дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ.
2.5.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг олонхын саналаар
шийдвэрлэж тогтоол гаргаж, тогтоолд Хорооны дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
2.6.Хуралдааны явцын тэмдэглэл хөтөлж, Хорооны нарийн
бичгийн дарга, тэмдэглэл хөтөлсөн албан тушаалтан гарын үсэг зурна.
2.7.Хороо нь Салбар хороог аль нэг гишүүнээр ахлуулан байгуулж
ажиллуулах бөгөөд дараах салбар хороотой байна:
2.7.1.Үндэсний бөхийн салбар хороо;
2.7.2.Хурдан морины салбар хороо;
2.7.3.Сурын харвааны салбар хороо;
2.7.4.Шагайн харвааны салбар хороо;
2.7.5.Урлаг, соёлын салбар хороо;
2.7.6.Төрийн ёслол, хүндэтгэлийн салбар хороо;
2.7.7.Хэв журмын салбар хороо;
2.7.8.Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар
хороо; 2.7.9.Хэвлэл, мэдээллийн салбар хороо.
2.8.Салбар хороо нь Хорооноос өгсөн үүрэг, даалгавар, батлагдсан
төлөвлөгөө, төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
2.9.Салбар хороо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг
хэрэглэнэ.
Гурав.Хорооны бүрэн эрх
3.1.Хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.1.1.Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн
өнгөрүүлэх ажлыг хариуцан баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, төрийн ёслол, хүндэтгэл, соёлын арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу зохион байгуулах; 3.1.2.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар
зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, Засгийн газрын өмнө ажлаа хариуцан тайлагнах; 3.1.3.Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэрэгжүүлэх
талаар Засгийн газраас гарах шийдвэрийн төсөл боловсруулах;
3.1.4.Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй
холбоотой зарим үйл ажиллагаа, арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зохицуулах үйл ажиллагааны журам батлах; 3.1.5.салбар хорооны бүрэлдэхүүнийг батлах;
3.1.6.хорооны болон салбар хорооны үйл ажиллагааны
төлөвлөгөөг баталж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлж, тайланг хэлэлцэх; 3.1.7.Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд
шаардагдах төсвийн төслийг хуульд заасан хугацаанд боловсруулан батлуулж, зориулалтын дагуу зарцуулах, шаардлагатай бол төсвийн тодорхой хэсгийг салбар хороодод хуваарилж, зарцуулалтад нь хяналт тавих; 3.1.8.салбар болон дэд хорооноос баяр наадмыг
тэмдэглэн өнгөрүүлэх талаар зохион байгуулсан ажил, санхүүгийн тайланг баяр наадам дууссанаас хойш ажлын 7 өдөрт багтаан авч нэгтгэн үнэлэлт, дүгнэлт өгөх; 3.1.9.аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх
нийтлэг журмын хэрэгжилтэд хяналт тавих; 3.1.10.Үндэсний их баяр наадамд оролцож байгаа бөх,
уяач, харваач, уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон холбогдох бусад этгээдээс гаргасан гомдол, саналыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх; 3.1.11.баяр наадмын бэлгэдэл бүхий тэмдэг, цолны болон
шагналын үнэмлэх, урилга, тасалбар, зөвшөөрлийн загварыг батлах. 3.2.Хороо нь дараах асуудлаар холбогдох төрийн байгууллагад
санал гаргах эрхтэй:
3.2.1.Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх
хөтөлбөрийн төсөл боловсруулж, санал авах;
3.2.2.салбар хороодын төсөвт өөрчлөлт оруулах;
3.2.3.Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд
идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан хүмүүст мөнгөн шагнал олгох, бусад хэлбэрээр урамшуулах, төр, засгийн шагналаар шагнуулах тухай саналаа холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх;
3.2.4.Хороо болон салбар, дэд хорооноос өгсөн үүрэг
даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гишүүн, албан тушаалтанд хариуцлага тооцуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд санал хүргүүлэх.
Дөрөв.Хариуцлага
4.1.Хороо нь ёс зүй, сахилга хариуцлагын дүрмийг зөрчсөн хүн,
хуулийн этгээдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
---o0o---
Засгийн газрын 2022 оны 257 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Үндэсний их баяр наадам (цаашид “Баяр наадам” гэх)-ын
үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэ дүрмийг мөрдөнө.
1.2.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг Үндэсний
их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид “Хороо” гэх)-оос байгуулсан үндэсний бөхийн салбар хороо (цаашид “Салбар хороо” гэх) зохион байгуулна.
Хоёр.Улс, аймаг, сумын баяр наадамд барилдах
бөхийг бүртгэх, эрэмбэлэх
2.1.Салбар хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, аймаг,
сумын салбар хороо болон тухайн орон нутгийн бөхийн салбар холбооноос томилсон гарын даа нар баяр наадамд барилдах бөхийг нээлттэйгээр бүртгэнэ.
2.2.Улсын баяр наадмын бөхийн барилдааны бүртгэлийг
барилдаан эхлэхээс дөрөв хоногийн өмнө тогтоосон цагт эхлүүлж, барилдаан эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу 7 дугаар сарын 9-ний өдрийн 19.00 цагт дуусгана.
2.3.Аймгийн баяр наадмын бөхийн барилдааны бүртгэлийг
барилдаан эхлэхээс хоёр хоногийн өмнө тогтоосон цагт эхлүүлж, барилдаан эхлэхээс нэг хоногийн өмнө дуусгана.
2.4.Сумын баяр наадмын бөхийн барилдааны бүртгэлийг
барилдаан эхлэхээс 1 хоногийн өмнө тогтоосон цагт эхлүүлж, тухайн өдрийн 20.00 цагт дуусгана.
2.5.Улс, аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөх
нь ослын даатгалд даатгуулсан, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.2, 9.5-д заасны дагуу 16 насанд хүрсэн байх бөгөөд иргэний үнэмлэх, цолтой бөх нь цолны үнэмлэх зэрэг баримт бичигтэй өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
2.6.Гамшиг, ослын үед улс, аймаг, сумын баяр наадмын бөхийн
барилдааны бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
2.7.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.7-д заасны дагуу
улс, аймаг, сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлахгүйгээр нээлттэйгээр ил тод бүртгэж, барилдуулна.
2.8.Энэ дүрмийн 2.2, 2.3, 2.4-т заасан хугацаанаас хойш бөхийг
бүртгэхгүй бөгөөд бүртгүүлсэн бөхийг цол болон амжилтаар нь эрэмбэлсэн жагсаалтыг Монголын үндэсний бөхийн холбооны цахим хуудаст байршуулна.
2.9.Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд гоц мөргөх
тооны бөх бүртгэхгүй.
2.10.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу
Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараах журмаар эрэмбэлнэ:
2.10.1.ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо
олон биелүүлснийг, энэ нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь эрэмбэлэх бөгөөд энэ журмаар начин цолны даваа хүртэл тооцоход амжилт нь ижил байвал хэн түрүүлж одоогийн цолоо хүртсэн хугацаагаар, энэ нөхцөл мөн ижил байвал доод цолыг хүртсэн хугацааг тус тус харгалзаж;
2.10.2.нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар
ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр;
2.10.3.энэ дүрмийн 2.10.1, 2.10.2-т заасан нөхцөл
ижил буюу өмнө нь цолгүй байсан бол тулгаж, барилдуулах жагсаалтад бичигдсэн дарааллаар;
2.10.4.энэ дүрмийн 2.10.1, 2.10.2, 2.10.3-т заасан журмаар
эрэмбэ тогтоох боломжгүй бол шодож;
2.10.5.улсын аварга цолтны эрэмбийг улсад хоёр удаа
ес даван түрүүлсэн улсын аварга, улсад нэг удаа ес даван түрүүлж, мөн нэг удаа ес даван үзүүрлэсэн улсын аварга, улсад нэг удаа арав даван түрүүлсэн улсын аварга гэсэн дарааллаар;
2.10.6.улсын аварга цолны болзол ижил бол энэ дүрмийн
2.10.1-д заасан журмын дагуу.
Гурав.Улс, аймаг, сумын баяр наадмын бөхийн
барилдаанд барилдах бөхийг тулгаж
барилдуулах, амлах
3.1.Бөхийг улс, аймаг, сумын баяр наадмын үндэсний бөхийн
барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд цолны болон амжилтын эрэмбээр тулгаж, бусад даваанд энэ дүрмийн 2.8-д заасан цолны эрэмбээр ам авхуулж барилдуулна.
3.2.Ижил цолтой бөхчүүд энэ дүрмийн 2.10-т заасан журмаар
тогтоосон эрэмбээр ам авна.
3.3.Улсын баяр наадамд аймаг, цэрэг, сумын цолтой бөх энэ
дүрмийн 2.8-д заасан цолны эрэмбээр ам авна.
3.4.Сумын цолтой бөх аймгийн баяр наадамд энэ дүрмийн 2.8-д
заасан цолны эрэмбээр ам авна.
3.5.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны өмнөх давааны
барилдаан дуусаж, тухайн бөхийн нэрийг ам авхуулахаар зарласнаас хойш ам авах хугацаа 5 минутаас илүүгүй байна.
3.6.Энэ дүрмийн 3.5-д заасан хугацаанд ам аваагүй бол цолны
эрэмбээр дараагийн бөх ам авна.
Дөрөв.Бөхийн барилдаан
4.1.Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд талбай дээр хоёр
бөх барилдахаар өрснөөр барилдаан эхлэх цагийг тооцно.
4.2.Бөхийн цээжин хэсэг давамгай буюу бүтэн биеэрээ дээр байх
үед уг бөхийг давсанд тооцно.
4.3.Барилдаж буй бөхчүүд ойролцоо унавал хэн урьтаж толгой,
тохой, өвдөг зэрэг биеийн аль нэг хэсгээр газарт түрүүлж хүрсэн бөхийг унасанд тооцно.
4.4.Барилдааны явцад барьц тавиулах шаардлага гарвал
засуулууд өөрийн бөхийн элэг бүс, гараас барих буюу тэврэн “тавилц” хэмээн тодоор хэлж, барилдааныг зогсоох бөгөөд барилдааныг цааш үргэлжлүүлэхдээ барьц тавилцах үеийн барьцаар бариулж, байрлалаар золгуулна.
4.5.Энэ дүрмийн 4.4-т зааснаар барьц тавилцсан хоёр бөхийн
санал нийлсэн тохиолдолд заавал анхны барьц, байрлалыг хангуулахгүй байж болно.
4.6.Бөхийг дараах тохиолдолд дахин барилдуулна:
4.6.1.хаялцах үед давж байгаа бөхийн элэг бүс алдуурах,
тасрах; 4.6.2.учраа бөхөө ямар нэгэн саад болох зүйл рүү түрж
барьцанд хүрэх, улмаар мэх хийх, эсхүл тээглүүлж унагах; 4.6.3.хайнцах;
4.6.4.гутлын хүлэг, боолт, оймсны түрийнээс барьж унагах;
4.6.5.гутлын өлмий дээр гишгэж унагах;
4.6.6.засуул барилдааныг түр зогсоох үед, эсхүл учраагаа
өмсгөлөө засаж байхад болон барилдаан удааширсан үед барьц бариулж байхад мэх хийж унагах.
4.7.Барилдааны явцад унаж байгаа бөх хаяж байгаа бөхийн элэг
бүсийг татаж тайлсан бол энэ дүрмийн 4.6.1-д заасан нөхцөл хамаарахгүй.
4.8.Барилдаан өрнөж байхад барилдаанаа зогсоох, учраа
бөхийнхөө ирийг дарах зорилгоор өрөлтөө орхин өндийх, эргэн явахад нь мэх хийж унагавал дахин барилдуулахгүй.
4.9.Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёр
бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацааг дараах байдлаар тогтооно:
4.9.1.нэгээс дөрвийн даваа тус бүр 15 минут;
4.9.2.таваас арвын даваа тус бүр 20 минут.
4.10.Аймаг, сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны
хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацаа нэгээс дөрвийн даваанд 15 минут, аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацаа таваас долоогийн даваанд 20 минут, сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёр бөхийн барилдааны үргэлжлэх үндсэн хугацаа тав, зургаагийн даваанд 20 минут тус тус байна.
4.11.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үндсэн хугацаа
дуусахад хаялцаагүй бөхчүүдийн барилдааныг зогсоож, хөлийн цэц шодож, дараах барьцыг хоёр бөхөөр ээлжлэн бариулж барилдуулах бөгөөд учраа бөхчүүд санал нийлсэн тохиолдолд дараах барьцын дарааллыг баримтлахгүйгээр аль нэгийг сонгон барилдуулж болно: 4.11.1.сэнжигдэн элэг бүсдэх;
4.11.2.дан шуудагдах;
4.11.3.давхар шуудагдах.
4.12.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны барилдах үндсэн
хугацаа дуусахад дан болон давхар шуудагны барьцтай барилдуулах, санаачилга харах хугацааг дараах байдлаар тогтооно:
4.12.1.дан болон давхар шуудагны барьцтай барилдах
хугацаа даваа тус бүрд 30 минут;
4.12.2.дан болон давхар шуудагны барьцтай санаачилга
харан барилдуулах хугацаа даваа тус бүрд 10 минут.
4.13.Тухайн дүйз барилдаан эхэлснээс хойш 10 минут өнгөрөхөд
талбайд гарч ирээгүй бөхийг унасанд, учраа бөхийг давсанд тооцно.
4.14.Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа нийт 3 минутаас
хэтрэхгүй байх бөгөөд хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг давсанд тооцно.
4.15.Учраа бөхөд энэ дүрмийн 5.3, 5.4-т заасныг зөрчиж
гэмтэл учруулсны улмаас 4.14-т зааснаас илүү хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон бол гэмтэл учруулсан бөхийг барилдаанаас хасаж, эмчилгээ хийлгэж байгаа бөхийг давсанд тооцно.
4.16.Хоёр бөх барилдан хаялцсаны дараа хэн унаснаас үл
хамааран бага цолтой бөх нь илүү цолтой бөхөд ирж, тахим өгч, авалцана.
4.17.Хөлийн цэц маргаантай барилдааны шүүлтэд албан ёсны
эрхтэй шууд дамжуулж байгаа телевизийн дуу-дүрсний бичлэгийг ашиглаж болно.
4.18.Хөлийн цэцийн олонхын саналаар гаргасан шийдвэр эцсийн
шийдвэр байх бөгөөд унасан бөх барилдааны талбайг чөлөөлнө.
Тав.Бөхийн эрх, үүрэг
5.1.Баяр наадамд барилдах бөх дараах эрхтэй:
5.1.1.энэ дүрэмд заасны дагуу цол, амжилтынхаа
эрэмбээр ам авах;
5.1.2.барилдааны үед гарсан аливаа асуудал, маргааныг
засуул, хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх;
5.1.3.Дархан аварга цолтой бөх зодог тайлах хүсэлт
гаргавал тавын даваа эхлэхийн өмнө түүний цолыг дуудан Есөн хөлт цагаан тугийг тойруулж, зодог тайлах ёслол үйлдүүлж, хүндэтгэл үзүүлж болно.
5.2.Баяр наадамд барилдах бөх дараах үүрэгтэй:
5.2.1.энэ дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх;
5.2.2.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 13.1-д
заасан стандартад нийцүүлэн хийсэн малгай, зодог, шуудаг, гутал, хүлэг боолт хэрэглэх;
5.2.3.бөхийн барилдаан эхлэхэд цол, амжилтын эрэмбээр
жагсан талбайд гарч, үзэгч олноо хүндэтгэн харилцах, барилдааны үед засуул, хөлийн цэцээс дүрмийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлэх;
5.2.4.бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн
дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх;
5.2.5.бөхийн барилдааны шуурхай байдлыг ханган,
дайчин шалмаг барилдах; 5.2.6.энэ дүрмийн 5.1.3-т заасан зодог тайлсан бөх дахин
баяр наадамд барилдахгүй байх.
5.3.Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх
дараах хориотой, эсхүл буруу барьц барихгүй:
5.3.1.шуудагнаас цавчиж удаан барих;
5.3.2.элэг бүснээс, эсхүл нэг сэнжигний ар, өврөөс хоёр
гараар удаан зуурах; 5.3.3.зодогны ар, өврийн сэнжигийг нийлүүлэн атгах;
5.3.4.гутлын түрий, оймс, хүлэгнээс барих;
5.3.5.зодогны ханцуйны амсрыг эргүүлэн дарж барих.
5.4.Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх
дараах гэмтээх барьц барих болон хөдөлгөөн хийхгүй:
5.4.1.цохиж халах, даллан цохих, шуугаар халах;
5.4.2.хоолой шахах;
5.4.3.зориуд мөргөх;
5.4.4.ямар нэг байдлаар алгадах, цохих;
5.4.5.өшиглөх, тийрэх;
5.4.6.унасан бөхийн дээрээс өвдөглөх, тохойлдох,
нидрэх, биеийн жингээр дарж жинлэх;
5.4.7.өвдөглөж барьц тавиулах;
5.4.8.хоёр гарыг давхар хөших;
5.4.9.сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө
гараар элэг бүснээс барьж тохой хөших; 5.4.10.бусад хэлбэрээр үений эсрэг хөших;
5.4.11.өлмий дээр гишгэж унагах.
Зургаа.Жаяг дэгийн баг
6.1.Ерөнхий цэц, хөлийн цэц, гарын даа, засуул, тайлбарлагч,
эмч, хаяавч, холбогч, зохион байгуулагч зэрэг бүрэлдэхүүнтэй жаяг дэгийн багийг Салбар хорооноос томилох бөгөөд уг жаяг дэгийн багийг Ерөнхий цэц удирдана.
6.2.Энэ дүрмийн 6.1-д заасан хаяавч, холбогч нь зөвхөн улсын
баяр наадамд ажиллана.
6.3.Монголын үндэсний бөхийн холбоо Хөлийн цэцээр Үндэсний их
баяр наадмын тухай хууль болон Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн бүрэн мэдлэгтэй, цэгц шударга, хурц хараа, шалмаг хөдөлгөөнтэй бөх, бөхийн зүтгэлтнээс сонгон санал болгосноор Салбар хороо томилж, гэрээ байгуулан ажиллуулна.
6.4.Хөлийн цэц дараах эрхтэй:
6.4.1.бөхийн өмсгөлийн шаардлагыг хангуулах;
6.4.2.энэ дүрмийн 5.3, 5.4-т заасныг зөрчсөн бөх, дүрэмд
заасан үүргийг зөрчсөн гарын даа, хаяавч, засуул, тайлбарлагч, эмчид энэ дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх;
6.4.3.ам авах бөх дүрэмд заасан хугацаанд ам авахаар
ирээгүй, эсхүл бэлэн биш бол түүнийг 5 минут хүлээж, хугацаа дуусмагц дараагийн бөхөөр ам авхуулах зөвшөөрлийг Ерөнхий цэц Ахлах гарын даад олгох;
6.4.4.хөлийн цэцийн шийдвэр гараагүй байхад малгайгаа
авч өмсөх, туг тойрох, эсхүл шийдвэр гарсан үед тахимаа өгөөгүй тохиолдолд учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрч, тухайн бөхийн бай шагналыг хасах.
6.5.Хөлийн цэц дараах үүрэгтэй:
6.5.1.энэ дүрмийг чанд сахин биелүүлэх;
6.5.2.үүргээ биелүүлэх, дүрмээ зөрчихгүй байхыг бөх,
гарын даа, засуул, тайлбарлагч, эмчээс шаардах;
6.5.3.будилаантай барилдааныг хөлийн цэцийн
бүрэлдэхүүнээр шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, гарсан шийдвэрийг тухай бүр тайлбарлагчид хэлж, олон түмэнд мэдээлэх;
6.5.4.бөхчүүдийг тогтоосон хугацаанд ам авхуулах;
6.5.5.барилдааны үед гарсан зөрчил, түүнийг шийдвэрлэсэн
байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлын талаарх саналаа Салбар хороонд албан ёсоор гаргах;
6.5.6.бөхийн барилдааны үндсэн хугацаа болон дан,
давхар шуудагны барьцтай барилдах хугацаа дууссаны дараа барилдааны санаачилга харах 10 минутад хоёр бөхийн идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах зэрэг үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй барилдсан бөхөд хоёр удаа сануулж, улмаар барилдаанаас хасаж, учраа бөхийг давсанд тооцох эсэхийг бүх цэцүүд зөвлөлдөн олонхын саналаар шийдвэрлэх;
6.5.7.Ерөнхий цэц жаяг дэгийн багийн бүрэлдэхүүн дэх
эмчийг удирдан ажиллах бөгөөд эмч нь шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлэх, эрүүл мэндийн хувьд барилдах боломжгүй болсон бөхөд магадалгаа олгох, барилдааны талбай, байрны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах.
6.6.Салбар хороо Ерөнхий цэцийн саналыг үндэслэн үүргээ
хангалтгүй биелүүлсэн цэцэд ажлын хөлсийг олгохгүй бөгөөд дараах тохиолдолд цаашид цэцээр ажиллуулахгүй:
6.6.1.аливаа асуудлыг шийдвэрлэхдээ байгууллага,
хувийн болон нутаг усны явцуу үзэл гаргах;
6.6.2.асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бөхчүүдийг
маргалдуулах, үзэгчдийг чилээх.
6.7.Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг үндэсний
бөхийн мэргэжлийн тайлбарлагч наадамчид, үзэгчдэд тайлбарлана.
6.8.Тайлбарлагч дараах эрхтэй:
6.8.1.барилдааны явцад бөх, засуул, үзэгч бөхийн
барилдааны дүрэм, ёс жудгийг зөрчсөн тохиолдолд түүнийг засуулах зорилгоор анхааруулах;
6.8.2.зарлаж мэдээлэх зүйл нь албан ёсны бөгөөд хэл
найруулгын хувьд зөв байх, тухайн барилдаантай холбоотой хөтөлбөр, лавлагааг шаардах.
6.9.Тайлбарлагч дараах үүрэгтэй:
6.9.1.энэ дүрмийг судалж, бүрэн мэдлэгтэй болох, сахин
биелүүлэх; 6.9.2.радио, телевизийн нэвтрүүлэгчид тавигддаг
мэргэжлийн шаардлагыг хангасан байх;
6.9.3.бөхийн нэр алдар, харьяалал, цол, чимэг, амжилт,
барилдааны ур чадвар, онцлог, тухайн барилдааны явцад хоёр бөхийн харилцан хийж байгаа мэхийн нэр, хувилбар, даац, үлдэц зэргийг үзэгч, сонсогч олонд үнэн зөв, уран яруу, ойлгомжтой тайлбарлах;
6.9.4.байгууллага, хувь хүнээс ирүүлсэн зарлал,
мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийг үндэслэн зарлах, мэдээлэх;
6.9.5.монгол бөхийн талаарх мэдлэг, нэвтрүүлэгчийн ур
чадвараа байнга дээшлүүлэх; 6.9.6.барилдааны явцад холбогдох хууль, дүрэм, журам
болон монгол бөхийн ёс жудгийн талаар үзэгч, сонсогчдод товч тодорхой тайлбарлан таниулж байх;
6.9.7.тухайн барилдааны үеэр тайлбарлан таниулах
баримт сэлтийг уншин судалж, бэлдсэн байх.
6.10.Тайлбарлагч нь энэ дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн
тохиолдолд гарын даа, Ерөнхий цэц түүнд сануулах, тухайн барилдааныг тайлбарлуулахаас татгалзах, ажлын хөлсийг хасах зэрэг хариуцлага хүлээлгэх бөгөөд Салбар хороо дараах тохиолдолд баяр наадмын бөх тайлбарлагчаар ажиллуулахгүй:
6.10.1.барилдсан хоёр бөхийн хэн давсан нь тодорхойгүй,
маргаан шийдвэрлэгдээгүй байхад давсан, унасныг зарлах;
6.10.2.барилдаж буй бөхчүүдэд хандан мэх заах, зөвлөх,
тэднийг хувь хүний хувьд доромжилсон, зохисгүй үг, хэллэгээр тодорхойлох;
6.10.3.бөхийн барилдааны маргаанд оролцох;
6.10.4.барилдааны үед улс төр, бизнесийн сурталчилгаа
болон барилдаанд хамааралгүй бусад зүйлийг дур мэдэн ярих, мэдээлэх, зарлах;
6.10.5.зохих зөвшөөрөл, эрхгүй хүнд чанга яригчийг
шилжүүлэх.
6.11.Засуул нь Үндэсний их баяр наадмаар бөхийн барилдаанд
бөхийг засаж, цолыг дуудна.
6.12.Засуул дараах эрхтэй:
6.12.1.Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн
барилдаанд засуулаар ажиллах, цол дуудах; 6.12.2.бөхийн өмсгөл стандартад нийцэж байгаа эсэхийг
шалгах, засуулах, шаардлагатай тохиолдолд хөлийн цэцэд мэдүүлж шийдвэрлүүлэх; 6.12.3.дүрмийн шаардлагыг биелүүлээгүй болон өмсгөл
нь шаардлага хангаагүй бөхийг засахаас татгалзах;
6.12.4.үүргээ биелүүлээгүй, дүрэм зөрчсөн бөхийн
барилдааныг зогсоож, тухайн бөхийг барилдаанаас хасах саналыг хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх.
6.13.Засуул дараах үүрэгтэй:
6.13.1.энэ дүрмийг судлан мэдэж, дүрмийн шаардлагад
нийцүүлэн шударга ажиллах;
6.13.2.бөхийн цолыг энэ дүрмийн дагуу зөв дуудах;
6.13.3.бөхийн мэх, барилдааны ур чадварыг судлан
мэдэж, засаж байгаа бөхдөө барилдааны арга мэхийг зааж зөвлөх;
6.13.4.барилдааны явцад анхааралтай байж, зөв
шийдвэр гаргах, маргаан гарвал бөхөө төлөөлж хөлийн цэцэд үнэн зөвөөр мэдүүлэх.
6.14.Энэ дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн тохиолдолд
засуулд Ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллахгүй байх, ажлын хөлсийг хасах шийтгэл хүлээлгэж, үүргээ удаа дараа, эсхүл дараах байдлаар ноцтой зөрчвөл Салбар хороо засуулчаар ажиллуулахгүй:
6.14.1.барилдааны явцад бөх тэнцвэр алдах, эсхүл унах
үед хүч нэмэн дэмжсэн байдлаар бөхөө түлхэх, алгадах, түших;
6.14.2.хувийн харилцаа, нутаг усны явцуу үзэл, шударга
бус хандлага гаргах;
6.14.3.маргаантай барилдааны шийдвэр гараагүй байхад
бөхийн малгайг өмсүүлэх;
6.14.4.дүрэм зөрчсөн бөхтэй эвлэрэнгүй хандах;
6.14.5.бөхөд дүрмийн бус шаардлага тавих, бөх болон
жаяг дэгийн багийн гишүүд, наадамчидтай зүй бус харьцах;
6.14.6.өөрийн засаагүй бөхийн барилдааны маргаанд
хөндлөнгөөс оролцох.
6.15.Баяр наадамд Гарын даа ажиллах бөгөөд ахлагчтай байна.
Гарын даагийн ахлагч нь хаяавч, холбогчийг удирдан ажиллана.
6.16.Гарын даа дараах эрхтэй:
6.16.1.барилдаан товлосон цагаас өмнө бүртгүүлсэн
бөхчүүдийн ирцийг хянах;
6.16.2.бөхийн ам авсан байдалд хяналт тавьж,
хэрэгжилтийг хангах;
6.16.3.шаардлагатай үед бөхийн цолны үнэмлэхийг үзэж
шалгах, зөрчилтэй бол зохих журмын дагуу шийдвэрлүүлэх. 6.17.Гарын даа дараах үүрэгтэй:
6.17.1.энэ дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх;
6.17.2.барилдаан товлосон хугацаанаас өмнө ирж,
бүртгэлийн дагуу оноолт хийх;
6.17.3.оноолт хийх, ам авхуулахдаа бөхчүүдийн цол,
амжилтын эрэмбийг хатуу баримтлах;
6.17.4.Гарын даагийн ахлагч ам авч байгаа бөхөд ам
бөхчүүдийн нэр, цолыг тод хэлж танилцуулах;
6.17.5.Ерөнхий цэцийн өгсөн албан ёсны зөвшөөрлийг
үндэслэн ам авах хугацаанд ирээгүй бөхийг хүлээхгүйгээр дараагийн бөхөөр ам авхуулж, амлах дарааллаас хоцорч ирсэн бөхийг тухайн үед нь ам авхуулах;
6.17.6.бөхийн оноолт, ам авсан байдлыг бөхийн
тайлбарлагч нарт шуурхай хүргэх;
6.17.7.барилдааны дараа зохих баримт бичгийг эмхлэн
бүрдүүлж, Салбар хороонд өгөх.
6.18.Энэ дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн тохиолдолд Гарын
даа, хаяавчид Ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллахгүй байх, ажлын хөлсийг хасах шийтгэл хүлээлгэж, үүргээ удаа дараа, эсхүл дараах байдлаар ноцтой зөрчвөл Салбар хороо Гарын даагаар ажиллуулахгүй:
6.18.1.бөхийн цол, эрэмбийг санаатай зөрчиж оноолт хийсэн;
6.18.2.ам авахаар нэр сонсож буй бөхөд ам бөхчүүдийн
нэрийг бүрэн сонсгохгүй, санаатай нуун дарагдуулах, ам авч байгаа бөхөд зөвлөх нэрээр хэн нэгнийг амлуулахаар албадах, ятгах, бөхийн барилдааны маргаанд оролцох, давсан унасан бөхийг буруу тэмдэглэх, давсан бөхийн нэрийг санаатай нуун дарагдуулсан.
Долоо.Бөхөд цол, чимэг олгох
7.1.Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд таваас
дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан цолыг олгоно.
7.2.Улсын баяр наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн улсын
цолтой бөхөд дараах чимгийг дэс дарааллаар олгоно:
7.2.1.тав давсан бөхөд өсөх идэр, улам нэмэх, хурц
шаламгай, уран мэхт, өрнөн дэлгэрэх, улам өрнөх, цог нэмэх, идэр шаламгай, хурдан гарамгай;
7.2.2.зургаа давсан бөхөд үнэн зоригт, цогт гарамгай,
үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, саруул шаламгай, өнөд амгалант, чин хүчит, идэвхит итгэлт, бат ерөөлт;
7.2.3.долоо давсан бөхөд саруул сайжрах, хууринан
шуугигч, өлзий бадрах, үлэмж хичээнгүй, онц бярдагч, бат нягт, чин зоригт, бахдам гарамгай, хичээнгүй нягт;
7.2.4.найм давсан бөхөд үлэмж бадрах, бууршгүй хүчит,
тод сонин, баатар зоригт, бат өлзийт, тонж гарамгай, нэн дуурсгалт, харилтгүй жавхлант, хэтэрхий хурц, өнөд түвшин;
7.2.5.ес давсан бөхөд баяр наадмын манлай, түмнээс
төгөлдөр, улс даяар гайхамшигт, тод сонин үзэсгэлэнт, олныг баясуулагч, бүхнээ дуурсгалт, үнэхээр бишрэлт, өнөд баясгалант, уламжлан дуурсах;
7.2.6.арав давсан бөхөд хотлоорыг баясуулагч, харилтгүй
үзэсгэлэнт, үлэмж хэтэрхий, тонж гарамгай жавхлант, аугаа хүчит, бүхнээ сонсголонт.
7.3.Аймгийн баяр наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн
аймаг, цэргийн цолтой бөхөд дараах чимгийг олгоно:
7.3.1.тав давсан бөхөд өсөх, өрнөх, өлзийт, нэмэх, зоригт,
шаламгай;
7.3.2.зургаа давсан бөхөд цогт, хичээнгүй, хүчит, идэвхит,
гарамгай, сайжрах, нягт, баясгалант;
7.3.3.долоо давсан, эсхүл долоо даван түрүүлсэн бөхөд
хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт, харилтгүй, дуурсгалт, сонсголонт, бишрэлт, жавхлант.
7.4.Сумын баяр наадамд үзүүрлэсэн, түрүүлсэн бөхөд чимэг
олгохгүй.
Найм.Хүүхдийн барилдаан
8.1.Улсын баяр наадмаар 16 хүртэлх насны хүүхдийн барилдааныг
зохион байгуулж болно. 8.2.Хүүхдийн барилдааныг энэ дүрмийг баримтлан зохион
байгуулах бөгөөд түрүүлсэн хүүхдэд улсын шонхор, үзүүрлэсэн хүүхдэд улсын шандас цол олгоно.
8.3.Аймгийн баяр наадмаар 16 хүртэлх насны хүүхдийн
барилдааныг зохион байгуулж болох бөгөөд түрүүлсэн хүүхдэд аймгийн шонхор, үзүүрлэсэн хүүхдэд аймгийн шандас цол олгоно.
8.4.Сумын баяр наадмаар 16 хүртэлх насны хүүхдийн
барилдааныг зохион байгуулж болох бөгөөд түрүүлсэн хүүхдэд сумын шонхор, үзүүрлэсэн хүүхдэд сумын шандас цол олгоно.
8.5.Баяр наадмын хүүхдийн барилдааны бүртгэлийг бөхийн
барилдаан эхлэхээс дөрөв хоногийн өмнө тогтоосон цагт эхлүүлж, барилдаан эхлэхээс хоёр хоногийн өмнө дуусгана.
Ес.Бөхөд хүлээлгэх хариуцлага
9.1.Хөлийн цэц тахим өгөлцөх, авалцах үедээ бие биенээ цохисон,
нударсан тохиолдолд учраа бөхтэйгөө гар бариагүй, эсхүл дүрмийн дагуу дахин тахим өгөлцөж, авалцаагүй, үзэгчдэд хандаж мэхийн уучлал гуйгаагүй тохиолдолд тухайн бөхийн давааны бай шагналыг хасна.
9.2.Хөлийн цэц дараах тохиолдолд бөхийг барилдаанаас хасаж,
учраа бөхийг давсанд тооцсон шийдвэр гаргана:
9.2.1.энэ дүрмийн 5.3, 5.4-т заасан хориотой буюу гэмтээх
барьц барьсан нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд сануулга өгөх бөгөөд сануулснаас хойш хоёр дахь удаагаа зөрчих, нэг дор хоёр зөрчлийг зэрэг гаргасан;
9.2.2.ам авсан бөх амаа солих, өөрөөсөө хойно эрэмбэтэй
бөхийг өмнө ам авахыг зөвшөөрөх болон албадах, эсхүл амлан авах бөхийг нэр заан бусад бөхөд тулгасан;
9.2.3.хөлийн цэц, засуулаас дүрмийн дагуу тавьсан
шаардлага, гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах, олон нийтийн өмнө ёс жудаггүй зан авир гаргасан;
9.2.4.бөхийн өмсгөлийн стандартын шаардлагыг зөрчих,
эсхүл элэг бүсээ хэт чанга, хэт сул болон гүйж саарах, алдуурч сулрахаар уясныг засуулах шаардлагыг биелүүлэхгүй байсан;
9.2.5.энэ дүрмийн 4.9, 4.10, 4.12-т заасан хугацаанд
санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга болон барьц барих, хорьж барих, илт хамгаалах зэрэг хөдөлгөөний үйлдлийг харгалзан идэвх санаачилгагүй барилдсан бөхөд хоёр удаа сануулж, улмаар барилдаанаас хасаж, учраа бөхийг давсанд тооцно.
9.3.Салбар хороо доор дурдсан тохиолдолд дараах шийдвэрийг
гаргаж, тухайн бөхөд хариуцлага хүлээлгэнэ:
9.3.1.хөлийн цэцийн шийдвэр гараагүй байхад засуулын
гараас малгайгаа авах, туг тойрох зэргээр дүрмийн бус үйлдэл хийсэн бөхийн учраа бөхийг давсанд тооцож, зөрчил гаргасан бөхийн давааны бай шагналыг хасах шийдвэрийг хөлийн цэцийн саналыг үндэслэн гаргах;
9.3.2.хөлийн цэц болон засуулаас тавьсан шаардлагыг
биелүүлэхгүй удаа дараа хориотой болон буруу, гэмтээх барьц барих, эсхүл гэмтээх хөдөлгөөн хийх үйлдэл гаргасан бөхийг барилдаанаас хасах; 9.3.3.наадамчин олон, баяр наадмыг үл хүндэтгэх, төрийн
ёслол, зан уламжлалыг зөрчсөн үйлдэл хийсэн, учраа бөхөө санаатай гэмтээх тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах;
9.3.4.хүч үзэн барилдалгүй бууж өгсөн, буулгасан
тохиолдолд хөлийн цэцийн саналыг үндэслэн хоёр бөхийн тухайн барилдааны бай шагналыг олгохгүй бөгөөд баяр наадамд барилдах эрхийг нэг удаа түдгэлзүүлэх;
9.3.5.допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн
лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн баяр наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
9.3.6.олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан
допингийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага оногдуулах.
Арав.Бусад зүйл
10.1.Бөхийн барилдаантай холбогдон гарсан маргааныг
Хөлийн цэцийн шийдвэрийг үндэслэн Салбар хороо шийдвэрлэнэ. Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд хандан эцэслэн шийдвэрлүүлнэ.
10.2.Дүрэм зөрчсөн, үүргээ биелүүлээгүй бөх, засуул, цэц, гарын
даа, тайлбарлагчид хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг Салбар хороо барилдаан дууссанаас хойш 21 хоногийн дотор хуралдаж шийдвэрлэнэ. 10.3.Баяр наадмаар ажилласан жаяг дэгийн багийн гишүүдэд
ажлын хөлс, барилдсан бөхчүүдэд бай шагналыг холбогдох журмын дагуу олгоно.
---o0o---
Засгийн газрын 2022 оны 257 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан
(цаашид “хурдан морины уралдаан” гэх)-ыг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль, холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмийг дагаж мөрдөнө.
1.2.Энэ дүрэм нь зөвхөн Үндэсний их баяр наадмын хурдан
морины уралдааныг зохион байгуулахад хамаарна.
1.3.Энэ дүрмээр зохицуулаагүй бусад асуудлыг Үндэсний их баяр
наадмын тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар зохицуулна.
Хоёр.Хурдан морины уралдааны салбар хороо
2.1.Хурдан морины уралдааныг Хурдан морины уралдааны
салбар хороо (цаашид “Салбар хороо” гэх) хариуцан зохион байгуулна. 2.2.Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг
зохион байгуулах хороо (цаашид “Хороо” гэх) батална.
2.3.Салбар хороо хурдан морины нас бүрийн уралдааныг
хариуцсан даамал, дэд даамал, цуваа бүртгэлийн ахлагч, цуваа бүртгэгч, шүдлэгч, манлайлагч, морь бариач, цоллогч, хүний эмч, хүүхдийн эрхийн ажилтан, малын эмч бүхий баг (цаашид “шүүгчид” гэх) болон шаардлагатай бусад хянах хэсгийг томилно.
2.4.Тухайн насанд уралдах морь, уралдаанч хүүхэд (цаашид
“уралдаанч хүүхэд” гэх)-ийг бүртгэх, дугаар олгох Бүртгэлийн дэд хороог Хороо байгуулна.
2.5.Тухайн насны хурдан морины уралдааныг хариуцсан даамал нь
гараа, бариаг зохион байгуулах, түрүүлсэн, айрагдсан морьдыг цоллуулах, уяач, уралдаанч хүүхэд, морины бай шагналыг олгох, уралдаантай холбоотой гарсан санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хариу өгөх, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан гаргах ажлыг хариуцна.
2.6.Салбар хорооны автомашин өөрийн таних тэмдэгтэй байна.
2.7.Салбар хороо уралдаан зохион байгуулахаас өмнө дараах
арга хэмжээг хэрэгжүүлнэ:
2.7.1.Баяр наадам эхлэхээс 10 хоногийн өмнө морины
бэлчээр, худаг ус, морь шүдлэх цэг, уралдах замыг (замын дагуух бартаа, гуу жалга гэх мэт) үзэж засаж сайжруулах, цэвэрлэх болон холбогдох бусад арга хэмжээг авах, морь барианы газар хэрэглэх эрчим хүч, холбооны эх үүсвэрийг зохицуулах, Салбар хорооны гишүүд, шүүгчдийн ажиллах нөхцөлийг хангах;
2.7.2.Хурдан морины гарааны зурхайг хурдан морины нас
бүрийн ангиллаар тогтоох;
2.7.3.Уралдаанч хүүхдийг ослын даатгалд хамруулсан
эсэх, тусгай зориулалтын хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойны хамгаалалт, эмээлтэй бол хүүхдийн гуталд таарсан хамгаалалт бүхий дөрөөтэй эсэхийг хянаж, уралдааны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
2.8.Энэ дүрмийн 2.7.3-т заасныг хангасан эсэхэд Үндэсний их баяр
наадмын тухай хуулийн 10.3-т заасны дагуу хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянана.
Гурав.Уяачид тавих шаардлага
3.1.Уяач нь Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэ
дүрэмд заасан эрхийг эдэлж, доорх үүргийг ёсчлон биелүүлнэ:
3.1.1.хууль тогтоомж, энэ дүрмийг сахин биелүүлэх;
3.1.2.хурдан морийг 8 болон түүнээс дээш настай, морь
унаж, давхиулж сурсан, бие эрүүл хүүхдээр унуулах;
3.1.3.уралдаанч хүүхдийг ослын даатгалд заавал
хамруулсан байх;
3.1.4.хурдан морины эмээл, энэ дүрмийн 2.7.3-т заасан
хамгаалах хэрэгслийг тухайн морь, хүүхдийн биед тохируулж, аюулгүй байдлыг хангасан байх;
3.1.5.уралдаанч хүүхдэд морины зурхайд хүрч, зөвхөн
даамлын дохиогоор морио эргүүлэх, морийг замын дундаас оруулахгүй, уралдааны замыг товчлохгүй, гүйцэж ирсэн моринд саад учруулахгүй, бусад хүүхэдтэй хүндэтгэлтэй харьцах талаар заавар, зөвлөгөө өгч ойлгуулсан байх;
3.1.6.уралдааны үед морины эзэн, уяач, уралдаанч
хүүхэд холбооны техник хэрэгсэл ашиглан уралдааныг удирдахгүй байх, хүний биеийг гэмтээх эд зүйл авч яваа эсэхийг шалгах, тийм зүйл өгч явуулахгүй байх;
3.1.7.уралдаанч хүүхэд тухайн морийг унаж уралдахаас
татгалзвал албадахгүй байх, морь унуулах зөвшөөрлийг уралдаанч хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагчаас авсан байх;
3.1.8.уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон эрүүл
мэндийн даатгалын гэрчилгээг бүрдүүлсэн байх;
3.1.9.уралдааны үед мориноос унаж бэртэж гэмтсэн
уралдаанч хүүхдийн талаар эрүүл мэндийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад заавал мэдэгдэж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байх;
3.1.10.мориноос унаж бэртэж гэмтсэн уралдаанч хүүхдэд
анхны тусламж үзүүлэх, шаардлагатай эм, тариа, бусад зүйлээр хангах, учирсан хохирлыг нөхөн төлөх, авсан арга хэмжээний талаар баяр наадмын салбар хороо, түүний эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх.
Дөрөв.Хурдан морь уралдуулах зай
4.1.Хурдан морийг насны ангиллаар нь дараах зайд уралдуулна:
4.1.1.Азарга - 22-24 км;
4.1.2.Их нас - 24-26 км;
4.1.3.Соёолон - 22-24 км;
4.1.4.Хязаалан - 15-17 км;
4.1.5.Шүдлэн - 12-14 км;
4.1.6.Даага - 10-12 км.
4.2.Салбар хороо нь тухайн жилийн цаг агаарын байдал, малын
тарга хүчийг харгалзан спортын холбоо, Мал эмнэлгийн ерөнхий газраас гаргасан саналыг үндэслэн уралдааны зайг өөрчлөн тогтоож болно.
4.3.Улсын баяр наадмын хурдан морины уралдааныг дараах
өдрүүдэд зохион байгуулна:
4.3.1.Хязаалан, шүдлэн нас - 7 дугаар сарын 10-ны өдөр;
4.3.2.Азарга, их нас - 7 дугаар сарын 11-ний өдөр;
4.3.3.Соёолон, даага - 7 дугаар сарын 12-ны өдөр.
4.4.Аймаг, сумын баяр наадмын хурдан морины уралдааныг
зохион байгуулах өдрийг аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулах хороо тогтооно.
Тав.Хурдан морийг шүдлэх, сэрвээг хэмжих,
сэрвээний дээд хэмжээ
5.1.Уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага
гэсэн 6 насны ангиллаар зохион байгуулна.
5.2.Уралдахаар шүдлэгээ, хэмжилтийн хэсэгт ирсэн морийг
шүдэлж, түүний дараа сэрвээний өндрийг хэмжинэ.
5.3.Баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морины
сэрвээний өндөр нь нас тус бүрд дараах хэмжээтэй байна:
5.3.1.Азарга, соёолон - 140 см;
5.3.2.Их нас -141 см;
5.3.3.Хязаалан - 137 см;
5.3.4.Шүдлэн - 132 см;
5.3.5.Даага - 127 см.
5.4.Сэрвээний өндөр хэмжих Ажлын хэсгийг хөдөө аж ахуйн
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбооны саналыг үндэслэн Салбар хорооны дарга томилно. 5.5.Сэрвээний өндрийг автомат төхөөрөмж (лазер хэмжигч)-өөр
хэмжих бөгөөд төхөөрөмжийг Стандарт, хэмжил зүйн газраар баталгаажуулсан байна.
5.6.Сэрвээний өндөр хэмжих ажиллагаа, уралдаанд бүртгүүлсэн
морь, уяач, уралдаанч хүүхэдтэй холбоотой мэдээллийг дэлгэцээр болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй харуулна.
Зургаа.Уралдах морьдыг бүртгэх, дугаар олгох
6.1.Хурдан морины уралдаанд энэ дүрмийн шаардлагыг хангасан
уралдаанч хүүхэд, уяачийг оролцуулна.
6.2.Уралдаанч хүүхэд, уралдах морийг Салбар хорооноос
тогтоосон хугацаанд, заасан газарт дараах баримт бичгийг үндэслэн бүртгэж, дугаар олгоно:
6.2.1.хурдан морь унахыг зөвшөөрсөн тухай уралдаанч
хүүхэд, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн тодорхойлолт;
6.2.2.уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ болон
хүүхдийг ослын даатгалд даатгуулсан тухай бичиг баримт;
6.2.3.уралдах морины нас, угшлын талаарх үнэн зөв
тодорхойлолт.
6.3.Бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу уралдаанч хүүхдийн
аюулгүй байдлыг бүрэн хангаагүй тохиолдолд тухайн уяачийн морийг уралдаанд оролцуулахгүй.
6.4.Уяач Салбар хорооноос олгосон дугаарыг уралдаанч хүүхдийн
биед хойд, урд талаас нь харагдахуйц бэхэлсэн байна.
6.5.Бүртгэх цагаас хоцорсон уралдаанч хүүхэд, уралдах морийг
бүртгэхгүй, уралдаанд оролцуулахгүй.
Долоо.Уралдааны гарааны үеийн зохион байгуулалт
7.1.Манлайлагч уралдах морьд цуглармагц төрийн далбааг
мандуулан, бүх морьдыг дагуулан нэгдсэн журмаар гарааны зүг хөдөлнө.
7.2.Их насны мориноос бусад насны морийг бэлтгэсэн талбайд
шүдлэх бөгөөд тухайн насны морины шүдлэгээнд тэнцээгүй морийг тусгай хашаанд оруулж, уралдаанч хүүхдэд олгосон дугаарыг хураан авч уралдаанд оролцуулахгүй.
7.3.Морьдыг гарааны зурхайд хүргэж эргүүлэхийг тухайн насны
морины уралдааны даамал, дэд даамал, тусгайлан бэлтгэсэн хүмүүс хамтран гүйцэтгэнэ.
7.4.Уралдааныг гарааны зурхайгаас даамлын дохиогоор эхлүүлнэ.
7.5.Гарааны зурхайд хүрээгүй байхад морь эргүүлэх, замын
дундаас морь оруулахыг хориглоно.
7.6.Гарааны зурхайд хүрч, даамлын дохиогоор эргээгүй болон
замын дундаас оруулсан морийг барианд барихгүй, байр эзлүүлэхгүй.
Найм.Уралдааны үеийн зохион байгуулалт
8.1.Уралдааны үед тухайн насны хурдан морины уралдааныг
хариуцсан даамал төрийн далбааг мандуулан, эхний мориноос 100 метрээс холгүй зайд өмнө нь явж замчилна.
8.2.Хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсэг уралдааны замд
өртөөчлөн байрлаж, мориноос унасан хүүхэд, уралдааны замд гэмтсэн моринд шаардлагатай тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлнэ.
8.3.Уралдах морийг гарааны зурхайд урьдчилан аваачих, замаас
оруулах, хөөх, саад хийх, уралдаж байгаа морьдыг тосон цулбуурдаж хөтлөхийг хориглох бөгөөд эдгээр зөрчил гаргасан тохиолдолд дүрс бичлэг, баримт нотолгоо зэргийг үндэслэн тухайн морийг уралдаанаас хасна.
8.4.Хурдан морины уралдааныг Салбар хорооноос олгосон
зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл дагана.
8.5.Уралдааныг дагах авто машины тоог 8 хүртэл байхаар зөвхөн
Салбар хорооны дарга тогтооно.
8.6.Хэвлэл мэдээллийн ажилтан Салбар хорооны зөвшөөрөлтэйгээр
уралдаанд саад болохгүйгээр, аюулгүй байдлыг хангаж, 30 метрээс доошгүй зайнаас уралдааныг дагаж нэвтрүүлэг, бичлэг хийж болно. Уралдааны морьдтой хэт ойртохгүй, Салбар хорооны болон эмнэлгийн болон бусад автомашинд саад болохгүй байна.
Ес.Барианы үеийн зохион байгуулалт
9.1.Барианы зурхайг цагаан шугамаар тэмдэглэсэн байна.
9.2.Уралдаж ирсэн эхний таван морийг морь бариач барих бөгөөд
бусад морийг дүрс, дуу бичлэгийн техник хэрэгсэл ашиглан барианы зурхайд орсон дараалал, хүүхдийн дугаараар нь байр эзлүүлнэ.
9.3.Барианд орсон морьдыг дөрвөөс доошгүй дуудагчийн цуваа
болон зурхайн баруун, зүүн талаас бичсэн дүрс бичлэгийг харгалзан бүртгэлийн цувааг гаргах бөгөөд маргааныг тухайн насны уралдааны даамал, Салбар хороо шийдвэрлэнэ.
9.4.Хүүхэдгүй уралдаж ирсэн морийг таван байраар ухрааж
барина. Жолоог нь дэл, сойлго, эмээлд нь уяж бэхлэх зэрэг зориуд хүүхэдгүй уралдуулсан морийг хасна. 9.5.Морьд барианд нэгэн зэрэг орсон бол барианы зурхайд
түрүүлж хошуу нь давсан морийг, морьдын хошуу нэгэн зэрэг давсан тохиолдолд зөв талын морийг барих бөгөөд үүнийг дуудагчийн цуваа болон дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан тогтооно.
Арав.Морь цоллох, бай шагнал олгох журам
10.1.Баяр наадамд түрүүлсэн, айрагдсан морьдыг эзэн,
уяач, уралдаанч хүүхдийн нэрээр цоллон алдаршуулж, бай шагналыг наадамчдын өмнө олгоно.
10.2.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.10-т заасны
дагуу зургаагаас аравдугаар байр эзэлсэн бүх насны морийг хурдан морины салбар хороо орон даяар нийтэд зарлана.
10.3.Улсын баяр наадмын хурдан морины уралдааны нас тус
бүрийн уралдаанд уралдсан нийт морьдын 30 хүртэл хувийг барьж, бай шагналыг 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдөр Салбар хорооны байранд олгоно.
10.4.Түрүүлсэн, айрагдсан хурдан моринд олгох мөнгөн шагналын
20-оос доошгүй хувь нь уралдаанч хүүхдэд ногдоно.
Арван нэг.Хурдан морины уралдааны мэдээ, тайлан
11.1.Тухайн насны хурдан морины уралдааныг хариуцсан даамал
уралдаанд оролцсон морьд, уралдаанч хүүхдийн тоо, түрүүлсэн, айрагдсан, барианд орсон морьдын бүртгэл, олгосон бай шагнал, эмнэлгийн тусламж үзүүлсэн хурдан морь, уралдаанч хүүхдийн талаар болон дараа жилийн уралдаанд анхаарах асуудлын тухай тодорхой санал, дүгнэлт бүхий тайланг Салбар хороонд ирүүлнэ. 11.2.Салбар хороо тайланг нэгтгэж баяр наадмын “Хурдан морины
уралдаан зохион байгуулсан тухай” нэгдсэн тайлан гаргаж, зардлын зарцуулалтыг хавсарган Хороонд хүргүүлнэ.
Арван хоёр.Бусад зүйл
12.1.Хурдан морины уралдаантай холбогдон гарсан маргааныг
Салбар хороо шийдвэрлэнэ. 12.2.Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд,
Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно. 12.3.Хууль тогтоомж, энэ дүрмийг зөрчсөн буруутай этгээдэд
холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---o0o---
Засгийн газрын 2022 оны 257 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа (цаашид
“Сурын харваа” гэх)-г зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэ дүрмийг мөрдөнө.
1.2.Баяр наадмын сурын харвааны энэ дүрэмд заагаагүй харилцааг
Үндэсний их сурын цуваа харвааны дүрэмд зааснаар зохицуулна.
Хоёр.Сурын харвааны салбар хороо
2.1.Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааг Сурын
харвааны салбар хороо (цаашид “Салбар хороо” гэх) хариуцан зохион байгуулна. 2.2.Салбар хорооны бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмыг
зохион байгуулах хороо (цаашид “Хороо” гэх) батална.
2.3.Сурын харвааны шүүлтийг Монголын үндэсний харваачдын
холбооны шүүгчдийн зөвлөл гүйцэтгэнэ.
Гурав.Харваачдыг бүртгэх
3.1.Баяр наадмын сурын харваанд оролцох харваачид нь аюулгүй
ажиллагааны зааварчилгаатай танилцсаны үндсэн дээр тогтоосон өдөр, хугацаанд харьяа холбоо, багаар бүртгүүлнэ.
3.2.Бүртгэлээс хоцорсон харваачийг харваанд оролцуулахгүй.
Дөрөв.Сурын харваанд хориглох зүйл
4.1.Сурын харвааны үед дараах зүйлсийг хориглоно:
4.1.1.Үндэсний сурынхаас өөр төрлийн харвааны
хэрэгслээр харваанд оролцох; 4.1.2.эрхийвчлэхээс өөр арга барилаар харваа үйлдэх.
4.2.Салбар хороо нь баяр наадмын сурын харваанд эхний 8
байр эзэлсэн харваачаас сэргээшийн шинжилгээнд сорьц авах ажлыг Хорооноос баталсан журмын дагуу Допингийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулна.
Тав.Харвааны дүнг гаргах
5.1.Харваачдыг хана болон хасаа суранд оносон онооны
нийлбэрээр цуваагаар байр эзлүүлнэ. 5.2.Ижил оноотой харваачдыг товх харвуулж шалгаруулна.
5.3.Түрүүлсэн болон байр эзэлсэн харваачдад Үндэсний их баяр
наадмын тухай хуульд заасан цол олгоно.
5.4.Түрүүлсэн харваачийн онооны 50 хувиас дээш оноотой
харваачдад бай шагнал хүртээнэ.
5.5.Сурын харваатай холбогдон гарсан маргааныг Салбар хороо
шийдвэрлэнэ.
5.6.Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд,
Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд тус тус гомдол гаргаж болно.
Зургаа.Өсвөрийн харваа
6.1.Үндэсний их баяр наадмаар өсвөрийн сурын харвааг зохион
байгуулж болно.
Долоо.Хариуцлага
7.1.Энэ дүрмийг зөрчсөн салбар хорооны гишүүд, шүүгч,
харваачдад Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---o0o---
Засгийн газрын 2022 оны 257 дугаар
тогтоолын 5 дугаар хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харваа (цаашид
“Шагайн харваа” гэх)-г зохион байгуулахад энэ дүрмийг мөрдөнө.
1.2.Энэ дүрмийн зорилго нь Үндэсний их баяр наадмаар шагайн
харвааны уламжлалыг хадгалан явуулах, “ЮНЕСКО”-д бүртгэгдсэн Үндэсний өв соёлыг сурталчлахад оршино.
1.3.Баяр наадмын шагайн харвааг Үндэсний их баяр наадмыг
зохион байгуулах хороо (цаашид “Хороо” гэх)-оос байгуулсан Шагайн харвааны салбар хороо зохион байгуулна.
Хоёр.Шагайн харвааны үндсэн дүрэм
2.1.Шагайн харвааг ахмадын болон насанд хүрэгчдийн тус бүр 8
харваачтай багийн төрлөөр зохион байгуулна.
2.2.Шагайн харвааг Монголын шагайн харвааны холбоо (цаашид
“Холбоо” гэх)-ны дүрмийн дагуу баг тус бүрийн 15 хасааг зурхайд өрж, 2 өрөг харвах бөгөөд хоёр баг өөр өөрийн модон дээр тус бүр нэг өрөг харвана.
2.3.Хоёр өргийн эцэст нөгөө багаасаа хасаа татсан буюу хасаагаа
хоёр дахин түрүүлж онож дуусгасан баг хожих бөгөөд хоёр баг хасаагаа ээлжлэн түрүүлж дуусгавал дундын дүүжин тавина. Дүүжин нь 2 мм-ээс зузаангүй, цагаан, төмөр зоос байна.
2.4.Харваачдын сум тавих ээлжийг үе гэх бөгөөд баг тус бүрээс
хоёр харваач салаавчлан сууж харвана.
2.5.Харвааны өмнө багуудыг сугалаагаар 4-6 баг бүхий хэсэгт
хувааж, бүсчлэх буюу тойрч тоглуулах журмаар явуулна.
2.6.Багуудын тоглолтын хуваарийг зөвхөн сугалаагаар гаргана.
2.7.Шагай харвах үед архи, тамхи хэрэглэхийг хориглоно.
Гурав.Харвааны эдлэл, хэрэглэл
3.1.Баг, харваач тус бүр шагайн харвааны мод, тохой, хасаа,
хашлага, тулгуур-сандал, сумтай байна. Мод нь зурхай, аравч, суурь (сэнтий) гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
3.2.Шагайн харвааны эдлэл, хэрэглэл нь Холбооны дүрэмд заасан
стандартын дагуу, харвах зай нь 472.5 см байна.
Дөрөв.Харваачдад цол олгох
4.1.Баяр наадмын харваанд байр эзэлсэн багийн харваачид
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12.4-12.7-д заасан цолыг олгоно.
Тав.Бусад зүйл
5.1.Энэ журмаар зохицуулаагүй харилцааг Холбооны дүрмээр
зохицуулна.