Журам батлах тухай № 133
2022 оны 3 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 133 хот
Журам батлах тухай
Кино урлагийг дэмжих тухай хуулийн 17.6-д заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Кино бүтээх зардлын буцаан олголтын хүсэлт гаргах, төслийг
хянах, бүртгэх, гэрээ байгуулах, үнэлэх, тайлагнах, зардлын тодорхой хувийг буцаан олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын
сайд Ч.Номинд даалгасугай.
Засгийн газрын 2022 оны 133
дугаар тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд
дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Кино бүтээх зардлын буцаан олголт (цаашид “буцаан олголт”
гэх)-ын үйл ажиллагааны эрх зүйн үндэс нь Төсвийн тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмаас бүрдэнэ.
1.3.Буцаан олголтын үйл ажиллагаанд хууль дээдлэх, улс төрийн
нөлөөллөөс ангид, нээлттэй, ил тод, тэгш шударгаар өрсөлдөх боломжтой, хялбаршуулсан зохицуулалт бүхий, хэрэгжихүйц, тодорхой байх зарчмыг баримтална.
1.4.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 15.2, 15.3-т заасны дагуу
буцаан олголтын зардлыг өмнөх оны төсөвт тусгагдсанаас бууруулахгүй байх бөгөөд тухайн төсвийн жилд ашиглагдаагүй төсвийн үлдэгдлийг дараагийн төсвийн жилд үргэлжлүүлэн зарцуулна.
1.5.Кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан олгох үйл
ажиллагааг Кино урлагийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) зохион байгуулна.
1.6.Энэ журмын 1.5-д заасан үйл ажиллагааг цахим хэлбэрээр
зохион байгуулах бөгөөд цахим үйлчилгээний технологи хэрэгслийг нэвтрүүлэх, ашиглах нөхцөл, холбогдох заавар, аргачлалыг Зөвлөл тогтооно.
1.7.Зөвлөл буцаан олголтын хүсэлт, төсөл хүлээн авах,
бүртгэх, гэрчилгээ олгох, мэдүүлэг гаргахтай холбоотой маягт, загвар болон бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг баталж, цахим хуудсанд байршуулна.
1.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зардлын
тодорхой хувийг буцаан авах нөхцөлтэйгөөр хүсэлт гаргах этгээд (цаашид “хүсэлт гаргах этгээд” гэх) нь Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн гадаадын хуулийн этгээд, эсхүл гадаадын хуулийн этгээдтэй Кино урлагийг дэмжих тухай хуулийн 4.1.3-т заасны дагуу хамтарсан кино бүтээхээр, эсхүл кино зураг авалт хийхэд нь хамтран ажиллахаар гэрээ байгуулсан Монгол Улсын хуулийн этгээд байна.
1.9.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 4.1.3-т заасны дагуу
хамтарсан кино бүтээх тохиолдолд кино бүтээх нийт санхүүжилтийн 20-оос илүүгүй хувийг Монгол Улсын кино продюсер, эрх эзэмшигч санхүүжүүлэхээр холбогдох гэрээндээ тусгасан байна.
1.10.Зөвлөлөөс кино зураг авалт хийх зардлын тодорхой хувийг
буцаан олгохтой холбоотой төсөв, шалгуур, холбогдох мэдээллийг монгол болон олон улсын өргөн хэрэглэгддэг гадаад хэлээр бэлтгэн олон улсад сурталчлах, таниулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Хоёр.Кино бүтээх зардлын тодорхой хувийг буцаан
олгоход тавигдах нөхцөл
2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд
зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан олгоход дараах нөхцөл тавигдана:
2.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд
Кино урлагийг дэмжих тухай хуулийн 15.4-т заасан 500 000 америк доллар
буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг энэ журмын 4.2-т заасан гэрээ байгуулсан өдрөөс хойш Кино урлагийг дэмжих тухай хуулийн 15.4, 16.1 дэх хэсэг болон энэ журамд заасан шаардлага хангасан зардалд зарцуулсан байх;
2.1.2.Монгол Улсын Кино урлагийг дэмжих сангаас
санхүүжилт аваагүй байх.
2.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт киноны эвлүүлэг, дуу, дүрсний
найруулга хийсэн зардлын 30 хувийг буцаан олгоход энэ журмын 2.1-д заасан нөхцөлөөс гадна Кино урлагийг дэмжих тухай хуулийн 17.2-т заасан шаардлагыг хангасан байх нөхцөл тавигдана.
2.3.Бүтээсэн кино нь энэ журмын 2 дугаар хавсралтад заасан
соёлын шалгуур хангасан этгээдэд кино зураг авалтын зардлын 10 хувийг нэмж буцаан олгоход энэ журмын 2.1-д заасан нөхцөлөөс гадна Кино урлагийг дэмжих тухай хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангасан байх нөхцөл тавигдана. Энэ журмын 2 дугаар хавсралтад заасан үзүүлэлтээс 21 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд Соёлын шалгуурыг хангасанд тооцно.
2.4.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийсэн зардлыг
буцаан олгохдоо эхний ээлжид гадаад улсын уран бүтээлч, зураг авалтын багийн гишүүдийн Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлсний зардлын хувийг тооцон гаргана. Гадаад улсын уран бүтээлч, зураг авалтын багийн гишүүдийн Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлсний 5 хувийг шууд буцаан олгоно.
2.5.Уран бүтээлийн болон зураг авалтын багийн цалин хөлс нь
Кино урлагийг дэмжих тухай хуулийн 15.4-т заасан шаардлага хангасан нийт зардлын 40 хувиас хэтрэхгүй байна.
2.6.Гадаад улсын уран бүтээлийн болон зураг авалтын багийн
Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлс нь нийт уран бүтээлийн болон зураг авалтын багийн цалин хөлсний 50 хувиас хэтрэхгүй байна.
2.7.Монгол Улсад байхгүй нь нотлогдсон мэргэжлийн техник,
тоног төхөөрөмжийг гадаад улсаас түрээслэн ашигласны зардал нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн 15.4-т заасан нийт зардлын 10 хувиас хэтрэхгүй байна.
Гурав.Буцаан олголтын хүсэлт гаргах
3.1.Хүсэлт гаргах этгээд энэ журамд заасан нөхцөл, шаардлагыг
хангасан хүсэлтээ Зөвлөлөөс баталсан маягтын дагуу гаргах бөгөөд хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргасан байна:
3.1.1.Монгол Улсад хийгдэх зураг авалтын нэгдсэн болон
нарийвчилсан төсөв;
3.1.2.кино төслийн болон кино зохиолын хураангуй;
3.1.3.санхүүгийн төлөвлөгөө, хөрөнгө оруулагчдын
хөрөнгө оруулалтын хувь;
3.1.4.хуулийн этгээдийн гэрчилгээ;
3.1.5.кино түгээлтийн мэдээлэл;
3.1.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт хийх кино зураг
авалтын хуваарь;
3.1.7.кино зураг авалтад оролцох гадаад улсын уран
бүтээлийн болон зураг авалтын багийн дэлгэрэнгүй жагсаалт, тэдгээрийн Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлсний тооцооны мэдээлэл;
3.1.8.эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх хуваарь,
хэрэв Монгол Улсад хийх бол тухайн эвлүүлэг, дуу, дүрсний найруулгын зардлын мэдээлэл, Монгол Улсын уран бүтээлч, ажилтны мэдээлэл;
3.1.9.хэрэв Кино урлагийг дэмжих тухай хуулийн 17.2,
17.3-т заасан буцаан олголт авах бол энэ тухай хүсэлт;
3.1.10.шаардлагатай бусад мэдээлэл.
3.2.Хүсэлт гаргах этгээд буцаан олголтын хүсэлт гаргахдаа кино
бүтээх нийт зардлын 60-аас доошгүй хувийг бүрдүүлсэн байна.
3.3.Хүсэлт гаргах этгээдийн гаргасан хүсэлт, хэрэгжүүлэх төсөл
нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй, монголын түүхийг илт гуйвуулах болон дайн, түрэмгийлэл, садар самуун, хүчирхийллийг сурталчлах агуулгагүй байна.
3.4.Зөвлөлийн ажлын алба хүсэлт, баримт бичгийн бүрдүүлбэрийг
хянан үзэж, шаардлага хангасан бол Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Бүрдүүлбэрийн шаардлага хангаагүй баримт бичгийг хүсэлт гаргасан этгээдэд буцаах буюу хугацаа зааж холбогдох баримт бичиг нэмж гаргуулж авна. Заасан хугацаанд холбогдох баримт бичгийг нэмж гаргаж өгөөгүй бол ирүүлсэн баримт бичгийг хүсэлт гаргасан этгээдэд буцаана.
3.5.Зөвлөл буцаан олголтыг хүсэлтийг улирал бүр хэлэлцэнэ.
Дөрөв.Төслийг бүртгэх, гэрчилгээ олгох
4.1.Зөвлөл хүсэлт, төслийг хэлэлцэж, хууль, журамд заасан
шаардлага хангасан тохиолдолд бүртгэн гэрчилгээ олгоно. Гэрчилгээг төслийн хугацаанаас хамаарч хоёроос дөрөв хүртэлх жилийн хугацаатай олгоно.
4.2.Зөвлөл нь гэрчилгээ авсан этгээдтэй кино зураг авалт хийх
зардлын тодорхой хувийг буцаан олгох гэрээг гэрчилгээ олгосноос хойш 3 сарын дотор байгуулна. Гэрээнд гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгана.
4.3.Гэрчилгээ авсан этгээд энэ журмын 4.2-т заасан хугацаанд
гэрээ байгуулаагүй бол Зөвлөл гэрчилгээг хүчингүй болгоно.
4.4.Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал,
урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсөл хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд гэрчилгээ авсан этгээд нь Зөвлөлд нэн даруй мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээр гэрчилгээ хүчингүй болж, гэрээ цуцлагдсанд тооцно.
4.5.Зөвлөлөөс Кино урлагийг дэмжих тухай хуулийн 18.5-д заасан
дээд хязгаарт багтаан гэрчилгээний хугацааг сунгаж болно. Гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэрийг үндэслэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна.
Тав.Шаардлага хангасан зардал, зардлын зарцуулалт
5.1.Энэ журмын 4.2-т заасан гэрээ байгуулсан этгээд гэрээнд
заасан хугацаанд багтаан кино зураг авалтыг хийж, мөн журмын 2.1.1-д заасан хөрөнгийг гэрээ байгуулсан өдрөөс хойш гэрчилгээ, гэрээнд заасан дансаар дамжуулан зарцуулна. Уг данс нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хийх кино зураг авалтыг санхүүжүүлэх, ашиглах, буцаан олголтыг шилжүүлэх данс байна.
5.2.Зардлын тодорхой хувийг буцаан олгох гэрээ байгуулсан
өдрөөс хойш Монгол Улсын нутаг дэвсгэрт зарцуулсан зардлыг буцаан олголтод тооцно.
5.3.Кино зураг авалт хийхэд Кино урлагийг дэмжих тухай хуулийн
15.4, 16.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан зардалд энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан “Шаардлага хангасан зардлын дэлгэрэнгүй жагсаалт”-д заасан зардлыг тооцно.
5.4.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 16.2-т зааснаас гадна
дараах зардлыг шаардлага хангасан зардалд тооцохгүй:
5.4.1.гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авах зардал;
5.4.2.зураг авалтын явцад ашиглах компьютер худалдан
авахаас бусад албан тасалгааны тавилга, албан тасалгааны тоног төхөөрөмж худалдан авах зардал;
5.4.3.элэгдлийн зардал;
5.4.4.байгууллагын үйл ажиллагаанд ашиглахад
хамаарах (оффисын) программ хангамжийг худалдан авах, хөгжүүлэх зардал.
5.5.Эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсын нутаг
дэвсгэрт хийх зардлыг тооцохдоо энэ журмын 5.3-т заасныг харгалзан үзнэ.
Зургаа.Мэдүүлэг гаргах, үнэлгээ хийх
6.1.Гэрээ байгуулсан этгээд кино зураг авалтыг хийж, 500 000
америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг Монгол Улсад зарцуулсан бол эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг хийх, энэ журмын 2 дугаар хавсралтад заасан соёлын шалгуур хангасан эсэхээс үл хамааран Кино урлагийг дэмжих тухай хуулийн 17.1-д заасан буцаан олголт авах мэдүүлгийг гаргаж болно.
6.2.Энэ журмын 6.1-д заасан мэдүүлэг гаргасан этгээд Кино
урлагийг дэмжих тухай хуулийн 17.2-т заасан буцаан олголт авах мэдүүлгийг Монгол Улсад дуу, дүрсний найруулгыг хийж дууссаны дараа гаргана.
6.3.Энэ журмын 6.1-д заасан мэдүүлэг гаргасан этгээд бүтээсэн
кино нь энэ журмын 2 дугаар хавсралтад заасан соёлын шалгуурыг хангасан гэж үзсэн тохиолдолд Кино урлагийг дэмжих тухай хуулийн 17.2-т заасан буцаан олголт авах мэдүүлгийг кино бүтээсний дараа гаргана.
6.4.Энэ журмын 6.1-6.3-т заасан мэдүүлгийг гэрчилгээнд заасан
хугацаа дуусахаас 60-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлд хандан гаргана.
6.5.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 17.5-д заасан монгол
киноны эрх эзэмшигч дараах шалгуурыг хангасан тохиолдолд буцаан олголт авах мэдүүлэг гаргана:
6.5.1.кино бүтээхэд 500 000 америк доллар буюу түүнээс дээш
хэмжээний хөрөнгийг зарцуулсан;
6.5.2.сүүлийн 2 жилийн хугацаанд бүтээсэн кино нь
Монгол Улсыг олон улсад эергээр сурталчлан таниулж, энэ журмын 2 дугаар хавсралтад заасан “Соёлын шалгуур”-ыг хангасан;
6.5.3.кино продюсерын нийгэмлэгүүдийн олон улсын
холбооноос баталсан олон улсын кино наадамд амжилттай оролцсон.
6.6.Энэ журмын 6.5-д заасан мэдүүлгийг үнэлэхэд мөн журмын
6.7-6.18-д заасныг мөрдөнө.
6.7.Мэдүүлэг гаргагч мэдүүлэг гаргахын өмнө нягтлан бодох
бүртгэлийн баримт бичгийн эх хувийг бүрдүүлж, аудит хийлгэн тайлангаа шалгуулсан байна. Аудит нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан төлбөрийн баримтын зардлын дүнг тодорхойлсон байна.
6.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхдээ
зарцуулсан шаардлага хангасан зардлын тайлан болон дараах баримт бичгийг Зөвлөлөөс баталсан мэдүүлэг гаргах маягтад хавсаргана:
6.8.1.аудитаар баталгаажуулсан хураангуй болон
зардлын нарийвчилсан тайлан, аудитын дүгнэлт;
6.8.2.Монгол Улсад зарцуулсан зардалтай холбоотой
баримт, нотолгоо, зардлыг тусгасан банкны дансны хуулга, бусад баримт;
6.8.3.нягтлан бодох бүртгэлийн цахим тайлан;
6.8.4.жүжигчид болон кино төслийн багийн бүрэн
жагсаалт, гэрээ, түгээлтийн гэрээ;
6.8.5.үзвэр/театрын дэлгэцэд гаргахад тохиромжтой
стандартад нийцүүлэн бэлдэж дууссан бол түүнийг нотлох Зөвлөлийн бэлгэдэл болон Монголын кино багийг баталгаажуулсан кино бүтээгчийн тамга бүхий киноны хуулбар (Blu-ray);
6.8.6.Зөвлөлөөс баталгаажуулан олгосон хүчинтэй
буцаан олголтын гэрчилгээний эх хувь.
6.9.Эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсын нутаг
дэвсгэрт хийсэн бол багийн бүрэлдэхүүний 50-аас доошгүй хувь нь Монгол Улсын уран бүтээлч, ажилтан оролцсон эсэхийг батлах хөдөлмөрийн гэрээ, төлбөрийн баримтын хуулбар, холбогдох татвар төлсөн баримт зэрэг нэмэлт баримт бичгийг ирүүлнэ.
6.10.Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэгтээ кино зураг авалт, эвлүүлэг,
дуу, дүрсний найруулга хийхэд зарцуулсан зардлын баримтын эх хувьтай танилцах, зардлыг шалгах эрхийг олгохоо хүлээн зөвшөөрсөн байна.
6.11.Монгол Улсад зарцуулсан зардлын талаарх мэдээллийг
татварын болон холбогдох байгууллагаас авах ажлыг Зөвлөл зохион байгуулна.
6.12.Зөвлөл зардлын баримтыг судалж, Монгол Улсын нутаг
дэвсгэрт кино зураг авалт хийхдээ зарцуулсан шаардлага хангасан зардлын тооцоо, тайланг баталгаажуулах эсэх болон эвлүүлэг, дуу, дүрсний найруулгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хийхэд багийн бүрэлдэхүүний 50-аас доошгүй хувь нь Монгол Улсын уран бүтээлч, ажилтан оролцсон эсэх, энэ журмын 2 дугаар хавсралтад заасан соёлын шалгуурын дагуу оноо өгч, онооны шаардлага хангасан эсэх, Кино урлагийг дэмжих тухай хуулийн 19.5-д заасан буцаан олголтын хувь тооцох дүгнэлтийг тус тус гарган соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
6.13.Зөвлөл дараах тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт
кино зураг авалт хийхдээ зарцуулсан шаардлага хангасан зардлын тооцоо, тайланг баталгаажуулахгүй буцаана:
6.13.1.мэдүүлэг шаардлага хангаагүй;
6.13.2.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 19.7-д заасан
нөхцөл үүссэн;
6.13.3.хуурамч баримт бичиг үйлдсэн нь тогтоогдсон.
6.14.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын
6.12-т заасан дүгнэлтийг үндэслэн зардлын тодорхой хувийг буцаан олгох шийдвэр гаргана.
6.15.Энэ журмын 6.14-т заасан шийдвэрийг үндэслэн Зөвлөл
буцаан олголтыг гэрээнд заасан дансанд шилжүүлнэ.
6.16.Гэрээнд заасан бол Монгол Улсад кино зураг авалт хийсэн
зардлын буцаан олголтын 70 хүртэл хувийг киноны эхний эвлүүлэг хийх үед, үлдсэн хувийг киног түгээсний дараа олгох байдлаар хуваан шилжүүлж болно.
6.17.Зөвлөлийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн нь буцаан олголтын
талаар олгосон гэрчилгээ, гэрээ, холбогдох баримтад өөрчлөлт оруулах, нэмэлт нөхцөл шаардах үндэслэл болохгүй.
6.18.Буцаан олголт авсан этгээд киноны төгсгөлийн киноны
жүжигчид болон багийн гишүүдийн мэдээллийн хэсэгт (титр) Монголын Кино урлагийн зөвлөл гэсэн бичиг, түүнийг илэрхийлэх бэлгэдэл, мэдээллийг байршуулна.
Долоо.Хариуцлага
7.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасан
хариуцлага хүлээлгэнэ.
7.2.Энэ журмыг зөрчсөний улмаас учирсан хохирлыг буруутай
этгээдээр нөхөн төлүүлнэ.
---о0о---
Журмын 1 дүгээр хавсралт
1.Найруулагч, ерөнхий зураглаач, ерөнхий зураач, кино продюсер
(гүйцэтгэх продюсер, продюсер, лайн продюсер), зургийн дарга, хөгжмийн зохиолч болон уран бүтээл, зураг авалтын багийн цалин хөлс, түүнтэй холбоотойгоор Монгол Улсад төлсөн холбогдох татвар;
2.Киноны хөгжим зохиох зардал, дотоодын хөгжимчид болон
хөгжим, дуу, бүжгийн чуулга, хөгжмийн зохиолчийн зардал, түүнтэй холбоотойгоор Монгол Улсад төлсөн холбогдох татвар;
3.Энэ жагсаалтын 1-д зааснаас бусад зураглаачийн баг (зураглаач,
туслах зураглаач, фокус тохируулагч гэх мэт), гэрэлтүүлгийн баг, дууны багийн цалин хөлс, түүнтэй холбоотойгоор Монгол Улсад төлсөн холбогдох татвар;
4.Зураачийн багийн туслах зураач, тайзны болон жижиг
хэрэглэлийн зураач, тайз засалч, тайз чимэглээч, мужаан, цахилгаанчин, гагнуурчин, тайзны бусад ажилтны цалин хөлс, түүнтэй холбоотойгоор Монгол Улсад төлсөн холбогдох татвар болон тайз засалд шаардлагатай тоног төхөөрөмж, материал (барилгын материал, зургийн талбай бэлтгэх зардал, жижиг хэрэглэлийн түрээс, тайз барих хөлс, мужааны хэрэглэл, будаг, даавуу гэх мэт)-ын зардал;
5.Хувцас, нүүр хувиргах (хувцас худалдан авах, оёх, түрээслэх
зардал, хувцасны дизайнер, хувцасны зураач ба эрхлэгч, нүүр хувиргагчийн
болон үс засалтын багийн ажлын хөлс, холбогдох бусад)-тай холбоотой зардал;
6.Монгол Улсын нутаг дэвсгэрт байхгүй мэргэжлийн болон тусгай
эффектийн төхөөрөмжийг түрээслэн ашиглахтай холбоотой зардал;
7.Техникийн баг, зураг хяналтын баг, тэдгээртэй холбоотой засвар,
үйлчилгээний зардал, компьютер графикч, мэдээллийн дата менежерийн цалин хөлс, холбогдох тоног төхөөрөмж болон харилцаа холбоо, гар утас, интернэтийн зардал;
8.Уран бүтээлчдийн хоёрдугаар баг буюу дотоодын орлон
тоглогч ажиллуулах, үндэсний найрал, симфони найрал хөгжим, урлагийн байгууллагууд, бусад тайз, дэлгэцийн урлагийн байгууллагуудаас болон нэмэлтээр хүний хүч ажиллуулах зардал;
9.Нэмэлт ажилчид буюу бүжиг дэглээч, зэвсэг хариуцагч, цэргийн
зөвлөх, хэл ярианы дасгалжуулагч, амьтан сургагч, жолооч, цэвэрлэгээний ажилтан, аюулгүй байдлын мэргэжилтэн, эмнэлгийн болон түргэн тусламжийн ажилтан, оффис менежер, зураг авалтын ажлын байрны аюулгүй байдал хариуцсан ажилтан болон ачигч, техникийн хэрэгсэл хариуцсан ажилтан, цагийн ажилчдын цалин хөлс, түүнтэй холбоотойгоор Монгол Улсад төлсөн холбогдох татвар;
10.Монгол дахь зураг авалтын явцад зарцуулсан кино багийн
байр, хоол, унааны зардал;
11.Монгол Улсын нутаг дэвсгэр доторх зураг авалт хийх байршил
судлах багийн ажилтан болон дамжин өнгөрөх жолооч нар зэрэг техникийн багийн байр, бусад түрээсийн зардал;
12.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалттай холбоотой
тээвэрлэлт (зураг авалтын байршил судлах, зөвшөөрөл авах ба дүр сонгох)-ийн зардал;
13.Зураг авалттай шууд холбоотой тавилга, машин механизм
(майхан, нарны хаалт, зөөврийн ширээ, хашаа, генератор гэх мэт)-ын түрээсийн зардал;
14.Зураг авалтын зориулалтаар объект, байршил түрээслэх
зардал;
15.Зураг авалтад зориулж амьтан, зэвсэг, түргэн тусламж, гал
командын машин түрээслэхэд гарсан зардал;
16.Кино зураг авалттай холбоотой кино сет буюу кино зураг авах
байгууламж барих зардал;
17.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа техник, тоног төхөөрөмж-
камер, гэрэл, дуу болон цахилгаан, тусгай эффектийн үйлчилгээний түрээсийн зардал;
18.Монголд байрлах бүх жүжигчид болон кино багийнхны байр,
хоол, Монгол Улсын нутаг дэвсгэр доторх тээвэрлэлтийн зардал;
19.Монгол дахь кино багтай холбоотой даатгалын зардал;
20.Монгол дахь зураг авалтад гал сөнөөгч машин, гал сөнөөгч
ажиллуулах, хамгаалалтын үйлчилгээ авах болон бусад байгууллагаас гэрээний дагуу ашиглах, түрээслэх бусад үйлчилгээний зардал;
21.Бусад кино зураг авалттай холбоотой үйлчилгээ, түрээсийн
зардал.
---о0о---
Журмын 2 дугаар хавсралт
№ Соёлын шалгуурыг илэрхийлэх үзүүлэлт Оноо (0-30)
1. Үйл явдал нь монголын түүх, домогт үндэслэсэн 0-3
2. Монгол хүнийг эергээр харуулсан 0-2
3. Монгол Улсыг төлөөлөх газар нутаг, хот, гудамж, барилга байгууламж болон бусад байршил, орчин
0-2
4. Монголын утга зохиол, урлагийн бүтээлээс сэдэвлэсэн 0-2
5. Монголын өнөөгийн нийгэм, улс төрийн асуудлыг хөндсөн, эсхүл түүхийн тодорхой үеийг онцолсон
0-2
6. Монгол Улсын үнэт зүйл, соёлын үнэт зүйл, соёлын олон төрөл, тэдгээрийн нэг хэсгийг эергээр илэрхийлсэн, харуулсан
0-2
7. Монголын ёс заншил, уламжлалыг онцлон харуулсан 0-2
8. Кино бүтээх үйл явц Монголын кино урлагийн хөгжилд нөлөөлөхүйц хувь нэмэр оруулсан
0-2
9. Кино бүтээж байгаа дараах голлох уран бүтээлчдийн аль нэг Монгол Улсын иргэн:
1. найруулагч;
2. продюсер;
3. кино зураглаач (DOP);
0-7
(уран
бүтээлч тус бүрд 0.5 оноо)