Дүрэм батлах тухай № 401
2021 оны 12 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 401 хот
Дүрэм батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 79.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын дүрэм”-ийг
хавсралт ёсоор баталсугай.
2.Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар
хуралдааныг 2022 оны эхний хагас жилд багтаан зохион байгуулахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.
3.Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Засгийн газрын 2021 оны
401 дүгээр тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг
дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасан нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага (цаашид “Төлөөллийн байгууллага” гэх)-ын үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2.Энэ дүрмийг хуралдаан даргалагчаар сонгогдсон эрх бүхий
албан тушаалтан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр Төлөөллийн байгууллагыг байгуулагдсанд тооцно.
1.3.Төлөөллийн байгууллага нь нийтийн эрх зүйн этгээд байна.
1.4.Төлөөллийн байгууллага нь албан хэрэг хөтлөлтийн үйл
ажиллагаандаа албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга хэрэглэнэ.
Хоёр.Төлөөллийн байгууллагын гишүүнчлэл
2.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Төлөөллийн байгууллагын гишүүн байна.
2.2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ дүрмийн 2.1-д заасан
гишүүний эрх, үүргээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 79.2-т заасан өөрийн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлнэ.
Гурав.Төлөөллийн байгууллагын чиг үүрэг
3.1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн 79.1-д зааснаар Төлөөллийн байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1.нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын
нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх;
3.1.2.Засгийн газартай хэлэлцээр хийх;
3.1.3.нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд
төлөөлөн нэхэмжлэл гаргах.
3.2.Энэ дүрмийн 3.1.2-т заасан чиг үүргийг нутгийн өөрийн
удирдлагатай холбоотой хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах, нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх, Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах ажиллагаанд хэрэгжүүлнэ.
Дөрөв.Төлөөллийн байгууллагын үйл ажиллагаа
4.1.Төлөөллийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь
хуралдаан байна.
4.2.Орон нутгийн Хурлын сонгуулийн үр дүнгээр бүх шатны
иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Төлөөллийн байгууллагын хуралдааныг нэг удаа зарлан хуралдуулах бөгөөд нийт гишүүдийн 50 хувиас доошгүй нь санал гаргасан бол дахин нэг удаа хуралдаан зохион байгуулж болно.
4.3.Төлөөллийн байгууллагын хуралдаанд сум, дүүрэг бүрээс
тус бүр нэг төлөөлөгч, аймаг, нийслэлээс тус бүр хоёр төлөөлөгч тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөс сонгогдон оролцох ба тухайн Хурлаас баталж өгсөн удирдамжид заасан байр суурийг баримтална.
4.4.Энэ дүрмийн 4.2-т заасан хуралдаанд нийслэлийн нэг
төлөөлөгч, 5 дүүргийн төлөөлөгч, нийт аймаг болон сумын төлөөлөгчийн 50-аас доошгүй хувь нь оролцсон бол хүчинтэйд тооцно.
4.5.Төлөөллийн байгууллагын хуралдааныг тухайн хуралдаанаас
нэр дэвшүүлэн, сонгосон хуралдаан даргалагч удирдана.
4.6.Төлөөллийн байгууллагын хуралдаанаас гарах аливаа
шийдвэрийг дийлэнх олонхын саналаар батална.
4.7.Төлөөллийн байгууллага нь ажлын албатай байх бөгөөд
ажлын албаны чиг үүргийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.
4.8.Төлөөллийн байгууллагын хуралдаанд оролцох төлөөлөгч
хэлэлцэх асуудал санаачлах эрхтэй бөгөөд тухайн төлөөлөгчийн санаачилсан асуудлыг нийт сумын төлөөлөгчдийн гуравны нэг, нийт аймгийн төлөөлөгчдийн гуравны нэг, нийт дүүргийн төлөөлөгчдийн гуравны нэг, нийслэлийн нэг төлөөлөгч хамтран дэмжсэн бол хуралдааны хэлэлцэх асуудалд оруулна.
4.9.Энэ дүрмийн 4.8-д заасан хэлэлцэх асуудалтай холбоотой
шийдвэрийн төсөл, холбогдох тооцоо, судалгааг уг асуудлыг дэмжсэн төлөөлөгчид хамтран боловсруулж, бэлтгэнэ.
4.10.Төлөөллийн байгууллага нь өөрийн үйл ажиллагаанд
шаардагдах зардлыг гишүүний татвар хэлбэрээр бүрдүүлсэн хөрөнгөөр санхүүжүүлж болно.
Тав.Засгийн газартай харилцах
5.1.Төлөөллийн байгууллагын хуралдаанаас гарсан шийдвэрийн
талаар Засгийн газартай харилцахад Төлөөллийн байгууллагыг
тухайн хуралдааныг даргалагч төлөөлнө. Хуралдаан даргалагчийн эрх Төлөөллийн байгууллагын дараагийн хуралдааныг зарласнаар дуусгавар болно.
5.2.Энэ дүрмийн 5.1-д заасан Төлөөллийн байгууллагын
төлөөлөгч хуралдаанаас гарсан шийдвэрийг өөрийн гарын үсэг,
Төлөөллийн байгууллагын тамгаар албажуулан Засгийн газарт хүргүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд Засгийн газрын төлөөлөлтэй биечлэн уулзаж, шийдвэрийн талаар нэмэлт тайлбар, холбогдох мэдээлэл гаргаж өгөх эрхтэй.
5.3.Засгийн газар Төлөөллийн байгууллагын шийдвэрийн талаар
үндэслэл бүхий хариу хүргүүлэх ба Засгийн газрын шийдвэр гаргах ажиллагаанд харгалзан үзнэ.
---о0о---