Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(752)
— 2022 —

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль тогтоомж

2.1.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Хөдөлмөрийн тухай2, Нийгмийн даатгалын тухай3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” гэж нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995- 2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг.

1Монгол Улсын Үндсэн хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2Хөдөлмөрийн тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн 3Нийгмийн даатгалын тухай хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн 4Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль- “Төрийн мэдээлэл”эмхтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна:

4.1.1.аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн5 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон;

4.1.2.аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотголд орсон;

4.1.3.өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан;

4.1.4.мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан.

5 дугаар зүйл.Тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох шимтгэлийн хувь хэмжээ

5.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тогтооно.

6 дугаар зүйл. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох

6.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний ажилласан хугацааг нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулж гүйцэтгэнэ.

6.2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний нэгдсэн бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төвлөрүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөн батална.

5Иргэний хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 8 дугаарт нийтлэгдсэн

Төрийн мэдээлэл · 2012 · № 35 (752)2022–2023-р хуудас