Журам батлах тухай № 37
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 37 хот
Журам батлах тухай
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Эрүүл мэндийг дэмжих санд олгох хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус тус даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм, журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 82 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.1-д заасан “Эрүүл мэндийг дэмжих сан” (цаашид “Сан” гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Сан нь үйл ажиллагаандаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг баримтална.
Хоёр. Сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт
2.1. Сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
2.1.1. улсын төсвийн хөрөнгө;
2.1.2. хандив, тусламж; 2.1.3. архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь;
2.1.4. эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь;
2.1.5. тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө.
2.2. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.3 дахь хэсэгт заасан дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
2.2.1. халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх; 2.2.2. халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх; 2.2.3. орчны эрүүл мэндийг хамгаалах; 2.2.4. осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл, аюулгүй амьдралын орчныг бүрдүүлэх;
2.2.5. сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх;
2.2.6. эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах; 2.2.7. эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх.
2.3. Сангийн хөрөнгөөс аливаа татаас, урамшуулал, тусламж олгохыг хориглоно.
Гурав. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр арга хэмжээг шалгаруулах, санхүүжүүлэх
3.1. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санал нь энэ журмын 2.2-т заасан чиглэлээс гадна дараах шаардлагад нийцсэн байна:
3.1.1. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтод нийцсэн;
3.1.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тусгасан зорилтод нийцсэн;
3.1.3. төсөл, хөтөрбөр, арга хэмжээ хэрэгжих боломжтой, үр дүнгийн урьдчилсан төсөөлөлтэй;
3.1.4. төсөл хэрэгжүүлэгчийн хүний нөөц, санхүүгийн чадавхын талаарх мэдээллийг хавсаргасан;
3.1.5. төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, санхүүгийн тооцоололтой.
3.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
3.3. Иргэн, хуулийн этгээд нь Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаарх хүсэлтийг тухайн төсвийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл, 6 дугаар сарын 1-ний өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр тус тус хүргүүлнэ.
3.4. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо болон холбогдох салбар зөвлөлийн төлөөллөөс оролцуулан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулна.
3.5. Энэ журмын 3.4-т заасан ажлын хэсэг нь Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх хүсэлтийг хүлээн авч дууссан хугацаанаас хойш ажлын 30 хоногт багтаан сонгон шалгаруулна.
3.6. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн дараах хэлбэрээр олгоно:
3.6.1. урьдчилгаа олгож гүйцэтгэлээр санхүүжүүлэх буюу тухайн ажил, үйлчилгээний онцлог, шаардагдах хөрөнгийн хэмжээтэй уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх;
3.6.2. шууд санхүүжүүлэх буюу ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа санхүүжилтийг бүрэн хэмжээгээр нэг удаа олгох.
3.7. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс эрх олгосон удирдах албан тушаалтан Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй холбогдох гэрээг байгуулж, хяналт тавина. Гэрээнд дараах зүйлийг заавал тусгана:
3.7.1. үйл ажиллагааны явцын тайлан ирүүлэх хугацаа; 3.7.2. Сангаас санхүүжилт олгох хэлбэр болон хуваарь; 3.7.3. санхүүгийн тайлан ирүүлэх хугацаа; 3.7.4. ажлын үр дүн, гүйцэтгэлийн тайлан ирүүлэх хугацаа.