Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
“3.Засгийн газрын бүтцэд дор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн
1/Байгаль орчин, ногоон хөгжлийн яам; 2/Гадаад харилцааны яам; 3/Сангийн яам; 4/Хууль зүйн яам;
Чиглэлийн
5/Барилга, хот байгуулалтын яам; 6/Батлан хамгаалах яам; 7/Боловсрол, шинжлэх ухааны яам; 8/Зам, тээврийн яам; 9/Соёл, спорт, аялал жуулчлалын яам; 10/Уул уурхайн яам; 11/Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам; 12/Хөдөлмөрийн яам; 13/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; 14/Эдийн засгийн хөгжлийн яам; 15/Эрүүл мэндийн яам; 16/Эрчим хүчний яам.”
2/20 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг:
“4.Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудал хамаарна:
- улсын тогтвортой хөгжлийн бодлого; - улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого; - мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал; - тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал; - цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал; - газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого; - жендерийн хөгжлийн асуудал.
5.Засгийн газрын гишүүн дор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ:
1/Монгол Улсын Шадар сайд:
- гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал; - хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал; - тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал; - стандартчилал, хэмжил зүйн асуудал; - шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал; - хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал; - төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа; - оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал.
2/Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:
- шинэтгэлийн бодлого; - орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого; - төрийн албаны хүний нөөцийг давтан сургах асуудал; - Засгийн газрын шийдвэрийн биелэлт; - Засгийн газрын дотоод мэдээлэл; - Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал; - орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага; - иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа; - Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал.
3/Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд:
- байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого; - цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал; - усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал; - ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан; - байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал; - биоаюулгүй байдлын бодлогын асуудал; - ногоон хөгжлийн бодлого.
4/Гадаад харилцааны сайд:
- гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа; - гадаад эдийн засгийн харилцаа; - гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал; - дипломат, албан зэргийн виз, консулын асуудал; - гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа; - гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт; - гадаад сурталчилгаа.
5/Сангийн сайд:
- нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт; - улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт; - нягтлан бодох бүртгэлийн бодлого; - гаалийн бодлого; - татварын бодлого; - даатгалын бодлого; - санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал; - төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үйл ажиллагаа; - төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах бодлого.
6/Хууль зүйн сайд:
- эрх зүйн шинэтгэлийн бодлого; - хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа; - эрх зүйн туслалцаа; - архивын талаар төрөөс баримтлах бодлого; - шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа; - энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал; - иргэний харьяалал, цагаачлалын асуудал; - улсын хил хамгааллын асуудал; - хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл; - төрөөс сүм хийдтэй харилцах асуудал; - Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал; - цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал; - төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт; - иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.
7/Батлан хамгаалахын сайд:
- улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого; - зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого; - энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал.
8/Барилга, хот байгуулалтын сайд:
- барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого; - хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал; - орон сууцны бодлогын асуудал; - нийтийн аж ахуйн асуудал; - газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал.
9/Боловсрол, шинжлэх ухааны сайд:
- боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал; - ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого;
- шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал; - шинжлэх ухаан, технологийн мэдээлэл.
10/Зам, тээврийн сайд:
- тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт; - төмөр замын тээврийн асуудал; - иргэний нисэхийн асуудал; - авто тээврийн асуудал; - авто замын асуудал; - далай ашиглах болон усан замын тээврийн асуудал.
11/Соёл, спорт, аялал жуулчлалын сайд:
- соёл, урлагийг хөгжүүлэх асуудал; - түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого; - нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого; - мэргэжлийн спортын хөгжлийн асуудал; - аялал жуулчлалын бодлого.
12/Уул уурхайн сайд:
- геологи, эрдэс баялгийн бодлого; - газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого; - олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал; - ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого.
13/Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд:
- хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал; - аж үйлдвэрийн паркийн асуудал; - төрийн өмчийн бодлого; - хүн амын хүнсний хангамжийн бодлого; - хүнсний аюулгүй байдлын асуудал; - мал аж ахуй болон газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого; - мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого; - мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал; - бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал; - мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал;
- хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого; - малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого.
14/Хөдөлмөрийн сайд:
- хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого; - хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал; - хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал; - хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт; - хөдөлмөрийн биржийн асуудал; - Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал; - гадаадад ажиллах хүч гаргах асуудал; - жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал; - мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал.
15/Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд:
- хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал; - хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал; - нийгмийн халамжийн бодлого; - нийгмийн даатгалын бодлого; - хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал.
16/Эдийн засгийн хөгжлийн сайд:
- хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого; - улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал; - улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хөгжлийн төлөвлөлт хийх, салбар хоорондын бодлогын уялдааг хангах асуудал; - эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал;
- зээл, тусламжийн нэгдсэн бодлого; - худалдааны бодлого, зохицуулалт; - экспорт, импортын асуудал; - гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл; - эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого, зохицуулалт; - өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал - чөлөөт бүсийн хөгжлийн асуудал; - концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого.
17/Эрчим хүчний сайд: - эрчим хүчний нэгдсэн бодлого; - эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал; - сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал; - эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого. - түлш /эрчим хүчний нүүрс/-ний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт.
18/Эрүүл мэндийн сайд
- хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого; - эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого; - эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого; - хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ.”
2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “14-т заасан” гэснийг “2-т заасан” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.