Журам батлах тухай № 342
146. Журам батлах тухай Дугаар 342 729
147. Журам шинэчлэн батлах тухай Дугаар 343 741
2019 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 342 хот
Журам батлах тухай
Ашигт малтмалын тухай хуулийн 47.6, 47.12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоолоор баталсан журамд нийцүүлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг шинэчлэн баталж, мөрдүүлэхийг Татварын ерөнхий газар (Б.Заяабал)-т даалгасугай.
3. Энэ тогтоолыг мөрдөж ажиллахыг Татварын ерөнхий газар (Б.Заяабал), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 220 дугаар тогтоол, “Аргачлал баталж, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн борлуулалтын үнэлгээг тооцох, төлбөр ногдуулах, төлөх, тайлагнахад энэ журмыг мөрдөнө.
Хоёр. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцох
2.1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээг дараах байдлаар тооцно:
2.1.1. тухайн сард дотоодын зах зээлд худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн; 2.1.2. тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан; 2.1.3. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд худалдсан алт болон мөнгөний борлуулалтын үнэлгээг Монголбанкнаас тухайн өдөр зарласан үнийг баримтлан.
2.2. Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний агуулгын хувь нь Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн тухайн ашигт малтмалын агуулгын хувиас ялгаатай бол нийтэд мэдээлсэн үнийн мэдээлэлд заасан агуулгын хувиас нэгж агуулгад ногдох үнэд үндэслэн хувь тэнцүүлэх зарчмаар борлуулалтын үнэлгээг тооцно.
2.3. Дотоод зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно. Лаборатори нь Монгол Улсын, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байна.
2.4. Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно.
2.5. Гаалийн лаборатори нь энэ журмын 2.4-т заасан дүгнэлтийг гаргахад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж болно.
2.6. Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно.
2.7. Энэ журамд заасны дагуу тооцсон борлуулалтын үнэлгээнээс тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах, хайлуулах, цэвэршүүлэх, тээвэрлэхтэй холбогдон гарах зардал болон аж ахуйн үйл ажиллагааны бусад зардлыг хасаж тооцохгүй.
Гурав. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах
3.1. Энэ журмын 2 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээнд Ашигт малтмалын тухай хуулийн 47.3-47.5 дахь хэсэгт заасан хувь, хэмжээгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна.
3.2. Ашигт малтмалын бүтээгдэхүүнд дагалдах металл болон эрдэс бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан боловсруулалтын түвшний “бүтээгдэхүүн” ангиллын хувь хэмжээгээр тооцож ногдуулна.
3.3. Хувь хүн, хуулийн этгээд нь ашигт малтмалыг “уурхайн ам” (EXW) нөхцөлөөр оршин суугч бус этгээдэд худалдсан, худалдахаар ачуулсан тохиолдолд тухайн ашигт малтмалыг экспортлосонд тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1.2-т хэсэгт заасны дагуу тодорхойлно.
3.4. Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд борлуулах, эсхүл боловсруулалт хийж дотоод, гадаадын зах зээлд борлуулахад тухайн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим баримтлах бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч өмнөх шатанд ногдуулсан төлбөрийг хасаж тооцно.
3.5. Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч дамжуулан борлуулагч этгээдийн дамжуулан борлуулсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад анх борлуулсан
этгээдийн тухайн бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан тайлагнасан дүнг татварын төлбөрийн баримтаар баталгаажуулан бууруулж тооцно.
3.6. Олборлосон бүтээгдэхүүнээ өөрийн хэрэгцээнд ашигласан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд борлуулсантай адилтгаж олборлогч этгээд нь тухайн бүтээгдэхүүнд энэ журмын 2.1.1-д заасны дагуу тодорхойлсон үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна.
3.7. Эдэлбэр талбайд орших ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдоогүй ашигт малтмалыг өөр бусад этгээдэд худалдах, ашиглуулах замаар боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад, дотоодын зах зээл дээр борлуулсан нь түүнийг тухайн ашигт малтмалын нөөцөд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүргээс чөлөөлөхгүй.
3.8. Засгийн газрын тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг тухайн үнэ зарласан сарын өмнөх сард экспортлосон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахад ашиглана.
Дөрөв. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт төлөх, тайлагнах
4.1. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээдээс бусад этгээд нь худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор улсын төсөвт төлнө.
4.2. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь худалдан авсан алт, мөнгөнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татвар төлөгчийн дугаарт үндэслэн энэ журмын 2.1.3-т заасан борлуулалтын үнэлгээнээс суутган авч, тухайн өдөрт багтаан төсөвт шилжүүлнэ.
4.3. Монголбанкнаас эрх олгосон арилжааны банк нь худалдан авсан алт, мөнгийг гадаад зах зээлд борлуулах тохиолдолд тухайн бүтээгдэхүүнд ногдох нэмэлт төлбөрийг энэ журмын 2.1.2-т заасан үнэлгээнээс тооцож Ашигт малтмалын тухай хуулийн 47.5 дахь хэсэгт заасан хувь, хэмжээгээр ногдуулан энэ журмын 4.1-д заасан хугацаанд төсөвт төлж, тайланг хуульд заасан хугацаанд гаргаж Татварын албанд тушаана.
4.4. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээдээс бусад ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг Татварын албанаас баталсан маягт, түүний хавсралт мэдээний дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус байгууллагад хүргүүлнэ. 4.4.1. Энэ журмын 4.4-т заасан хавсралт мэдээнд ашигт малтмалыг дамжуулан борлуулагч этгээдэд ашигт малтмал борлуулагч этгээдийн нэр, татвар төлөгчийн дугаар, тайлант хугацаа, тусгай зөвшөөрлийн дугаар, тус хоёр этгээдийн хооронд борлуулсан ашигт малтмалын нэр төрөл, агуулгын хувь, тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөр ногдуулсан хувь, ногдуулсан татварын дүн, борлуулалтын цахим төлбөрийн баримтын мэдээллийг тусгана.
4.4.2. Хавсралт мэдээг ирүүлээгүй, үнэн зөв бөглөөгүй, мөн ирүүлсэн боловч анх борлуулагч этгээд тайлагнаагүй, тухайн ашигт малтмалыг дамжуулан борлуулаагүй өөрийн хэрэгцээнд ашигласан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг бууруулж ногдуулахгүй.
4.5. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь энэ журмын 4.3-т заасны дагуу төсөвт шилжүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, мэдээг Татварын албанаас баталсан маягтын дагуу гаргаж, дараа сарын 20-ны өдрийн дотор тус албанд хүргүүлнэ.
4.6. Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээдээс бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус байгууллагад хүргүүлнэ. 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална.
Тав. Хяналт тавих
5.1. Тухайн сард экспортлосон ашигт малтмалын бүтээгдэхүүний мэдээг Гаалийн ерөнхий газар дараа сарын 5-ны өдрийн дотор Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газарт албан бичгээр болон цахимаар хүргүүлнэ.
Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцоход энэ журмыг мөрдөнө.
Хоёр. Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээг тооцох
2.1. Аж ахуйн нэгж нь тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан бүх төрлийн нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4, 7-д заасан зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжид нийтэлсэн үнийн мэдээллийг үндэслэн тооцно.
2.2. Аж ахуйн нэгж нь тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайлан, мөн журамд заасан мэдээ, мэдээллийн хамт харьяалах Татварын албанд хүргүүлнэ. 2019 оны III улирлын тайланд энэ журмыг баримтална.
2.3. Аж ахуйн нэгжийн нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээний үнэд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Монгол Улсын хилийн өртөө хүртэл бараа нийлүүлэх нөхцөлөөр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хэлцлийн үнийн аргаар тодорхойлно.
2.4. Энэ журмын 2.3-т заасан хэлцлийн үнийн аргаар борлуулалтын үнэлгээг тодорхойлоход гэрээний үнэд Монгол Улсын хилийн өртөө хүртэл хүргэхэд дараах зардал, төлбөр ороогүй бол түүнийг нэмж тооцно:
2.4.1. тээврийн зардал;
2.4.2. тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой тээврийн болон экспортын баримт бичиг, бүрдүүлэлтийн хураамж, даатгалын шимтгэл, түүнчлэн барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихад гарсан зардал.
2.5. Аж ахуйн нэгж нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ашигт малтмал борлуулах гэрээ, 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.11 дэх хэсэгт заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол Татварын алба уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна.
2.6. Аж ахуйн нэгжийн энэ журмын 2.1-д заасны дагуу тооцож, тухайн сард төсөвт төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5-д заасны дагуу борлуулалтын гэрээний үнэд үндэслэж тооцсон хэмжээнээс илүү гарсан тохиолдолд илүү төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг буцаан авах, эсхүл суутган тооцуулна.
2.7. Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын энэ журмын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.2 дахь заалт, мөн зүйлийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлно.
Гурав. Гэрээнд тавигдах шаардлага
3.1. Аж ахуйн нэгжийн нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээ нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
3.1.1. экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын үнэ, тоо хэмжээг тодорхой тусгасан байх;
3.1.2. Монгол Улс болон экспортоор гаргах улсад мөрдөгдөж байгаа нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын төрөл, чанар, ангиллын талаарх мэдээллийг агуулсан байх;
3.1.3. худалдааны болон тээвэр, даатгалын нөхцөлийг заасан байх;
3.1.4. экспортын баримт бичиг, бүрдүүлэлтийн хураамж, бараа ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачихтай холбогдон гарах зардлыг хариуцах нөхцөлийг тусгасан байх;
3.1.5. төлбөрийн нөхцөл, төлбөр хүлээн авах, шилжүүлэх дансны мэдээллийг тусгасан байх;
3.1.6. гэрээлэгч талуудын мэдээллийг тусгасан байх.
3.2. Аж ахуйн нэгжийн нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээ, энэ журмын 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбар нь энэ журамд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй тохиолдолд экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлох бөгөөд. 2.5-д заасан тооцоог хийхгүй.
3.3. Гэрээ, түүнийг дагалдах санхүүгийн болон холбогдох бусад баримт бичгийг монгол хэл дээр үйлдэж Татварын албанд ирүүлнэ. Хэрэв баримт бичгийг монгол хэл дээр үйлдээгүй бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг эх баримт бичигт хавсаргаж өгөх бөгөөд орчуулахтай холбогдсон зардлыг татвар төлөгч өөрөө хариуцна.
Дөрөв. Хяналт тавих
4.1. Санхүү, төсвийн болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татвар, гааль, ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, салбарын мэргэжлийн холбоод нь олон улсын зах зээл дээрх нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын үнийн мэдээллийг холбогдох албан ёсны эх сурвалжаас авч, тухайн ашигт малтмалын үнийн хөдөлгөөн, өсөлт, бууралтад сар бүр хийсэн дүн шинжилгээнд үндэслэн борлуулалтын үнэлгээнд хяналт тавина.
4.2. Экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын агуулга, түүний хувь, найрлага, чанар, ангиллыг гаалийн лабораторийн дүгнэлтээр тодорхойлно. Гаалийн лаборатори нь дүгнэлт гаргахад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улс, эсхүл олон улсад итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж болно.
4.3. Нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч аж ахуйн нэгж нь хувийн хэвшлийн лабораторийн шинжилгээний дүнд
үндэслэн гаалийн лабораторийн дүгнэлт гаргуулах тохиолдолд тухайн ашигт малтмалын лабораторийн шинжилгээний дүгнэлтийг ангилал тус бүрээр сар тутам гаалийн лабораторид хүргүүлнэ.
4.4. Энэ журмын 4.3-т заасан лаборатори нь Монгол Улсын, эсхүл олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байна.
4.5. Гаалийн байгууллага нь нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч этгээдийн тухайн сард экспортлосон нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын лабораторийн дүгнэлтийг нэгтгэн Татварын албанд дараа сарын 5-ны өдрийн дотор хүргүүлж байна.
Тав. Мэдээ тайлан, тайлбар хүргүүлэх
5.1. Нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал экспортлогч аж ахуйн нэгж тухайн сард хамаарах дараах мэдээллийг дараа сарын 5-ны өдрийн дотор харьяа Татварын албанд цахимаар хүргүүлнэ.
5.1.1. экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын тоо хэмжээ, төрөл, чанарын үзүүлэлтийг батлагдсан ангилал тус бүрээр энэ журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу;
5.1.2. худалдан авагчтай байгуулсан гэрээний хувь, нэмэлт, өөрчлөлтийн хамт;
5.1.3. нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал худалдан авагчийн албан ёсны нэр, бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа хаяг;
5.1.4. нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал худалдан авагчтай шууд болон шууд бусаар харилцан хамааралтай эсэх талаар мэдээлэл, тодруулга;
5.1.5. энэ журмын 2.4-т заасан зардлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, баримт;
5.1.6. төлбөрийн нөхцөл;
5.1.7. экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалыг олборлосон уурхайн талбайн талаар болон түүнд хамаарах ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл;
5.1.8. экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын чанарын үзүүлэлтийг тодорхойлсон гаалийн лабораторийн дүгнэлт;
5.1.9. туслан гүйцэтгэгч, тээвэрлэгчээс ажил үйлчилгээ авч байгаа тохиолдолд холбогдох гэрээ, тээвэрлэсэн тоо хэмжээний мэдээлэл.
5.2. Энэ журмын 5.1.2-т заасан гэрээ бүрт мөн журмын хавсралтад заасан мэдээллийг хавсарган харьяа Татварын албанд ирүүлнэ.
5.3. Аж ахуйн нэгж нь нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах хүчин төгөлдөр гэрээ бүрийг татвар, гаалийн байгууллагад цахимаар хүргүүлсэн байна.
5.4. Аж ахуйн нэгж нь нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал борлуулах гэрээнд өөрчлөлт оруулсан, шинээр байгуулсан тухайн гэрээний баталгаажсан хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор татвар, гаалийн байгууллагад хүргүүлнэ.
5.5. Энэ журмын 5.4-т заасан хугацаанд ирүүлээгүй гэрээг шаардлага хангаагүй гэж үзэн тухайн гэрээний дагуу экспортлосон нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлох бөгөөд 2.5-д заасан тооцоог хийхгүй.
5.6. Татварын алба зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нэмэлт мэдээлэл, баримт материал, тайлбар, танилцуулгыг аж ахуй нэгжээс гаргуулан авах эрхтэй.
Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 1 дүгээр хавсралт
НҮҮРС ЭКСПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ Экспортлогч: ............................................
Өдөр
Худалдан авагчийн нэр
Нүүрсний төрөл
БТКУС-ийн код
Гэрээний дугаар
Хэмжээ (тн)
Бараа нийлүүлэх нөхцөл
Гэрээний үнэ (нэгж)
Гэрээний нийт үнэ
Авто тээврийн зардал
Төмөр замын зардал
АМНАТ тооцох үнэлгээ (төг)
Нүүрсний чанарын үзүүлэлт
Бөсөх индекс Gi
Үнслэг Ad (%) Хүхэр Std(%)
Нийт чийг Wt(%)
Илчлэг Qar
(ккал/кг)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12=9+10+11 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 30 31 Дүн
Тайлбар:
1. Мэдээлэл гаргагч нь экспортлосон, экспортлохоор ачуулсан нүүрсний төрөл тус бүрээр энэ хүснэгтийн мэдээллийг гаргана.
2. Энэхүү мэдээлэлд тухайн сард экспортлосон бүтээгдэхүүнд Гаалийн лабораторийн дүгнэлтийн хувийг хавсаргана.
Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2 дугаар хавсралт
ТӨМРИЙН ХҮДЭР, ТӨМРИЙН ХҮДРИЙН БАЯЖМАЛ ЭКСПОРТЛОГЧ АЖ АХУЙН НЭГЖИЙН БОРЛУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ Экспортлогч: .....................................................
Өдөр
Худалдан авагчийн нэр
Хүдэр, баяжмалын
төрөл
БТКУС-ийн код
Гэрээний дугаар
Экспортод ачуулсан хэмжээ (тн)
Бараа нийлүүлэх нөхцөл
Гэрээний үнэ (нэгж)
Гэрээний нийт үнэ
Авто тээврийн зардал (төг)
Төмөр замын зардал (төг)
АМНАТ тооцох үнэлгээ (төг)
Экспортын төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын үзүүлэлт
Төмрийн агуулга Fe (%)
Хүхрийн агуулга
S(%)
Чийгшлийн хэмжээ (%)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12=9+10+11
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 30 31 Дүн Тайлбар: 1. Мэдээлэл гаргагч нь тухайн сард экспортлосон, экспортлохоор ачуулсан төмрийн хүдэр, төмрийн баяжмалын төрөл тус бүрээр мэдээллийг гаргана. 2. Энэхүү мэдээлэлд тухайн сард экспортлосон бүтээгдэхүүнд Гаалийн лабораторийн дүгнэлтийн хувийг хавсаргана.