Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр
(2015 оны 4 дүгээр сарын 23-ны байдлаар)
Хэлэлцээрт Оролцогч Талууд: Байгаль орчин болон хөгжлийн асуудлаарх 1992 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын бага хурал, тогтвортой хөгжлийн асуудлаарх 2002 оны даян дэлхийн дээд түвшний уулзалт, тогтвортой хөгжлийн асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Рио+20 бага хурлын үеэр ойн асуудлаар баталсан шийдвэр, түүнчлэн ган гачиг болон /эсхүл цөлжилт/ газрын доройтолд ноцтой өртсөн улсын Нэгдсэн Үндэстний Байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенц, РАМСАР-ын конвенц, Биологийн төрөл зүйлийн тухай конвенц болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн заалтыг ЭРГЭН САНАЖ, Ойн асуудлаарх Засгийн газар хоорондын ажлын хэсэг, ойн асуудлаарх Засгийн Газар хоорондын форумаас гаргасан үйл ажиллагааны санал болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын ойн асуудлаарх форумаас гаргасан шийдвэр, тогтоол, түүнчлэн заавал хуулиар дагаж мөрдөх албагүй бүх төрлийн ойн асуудлаарх баримт бичгийг МӨН САНАЖ, Рио+20, эсхүл тогтвортой хөгжлийн талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын бага хурлаас гарсан бөгөөд цаашид Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2015 оноос хойших хөгжлийн зорилтод тусгахаар тогтсон тогтвортой хөгжлийн зорилтыг ХҮЛЭЭН АВЧ, Ойн сан бүхий талбайг нэмэгдүүлэх, ойн аж ахуй, ойн нөхөн сэргээлт болон ойн талаарх ахисан шатны сургалт болон уур амьсгалын өөрчлөлттэй тулгарч буй улсын чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахад Ази дахь Оролцогч Талууд ойр хамтран ажиллах зайлшгүй шаардлагатайг ХАРГАЛЗАН ҮЗЭЖ, Доройтсон газрыг сэргээх, сайжруулах, тогтвортой ойн менежментийг хөхиүлэн дэмжих, цөлжилт болон газрын доройтолтой тэмцэхэд Оролцогч Талууд бүгд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд энэ тал дээр ахиц гарах эсэх нь үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнтэй хэрэгжилтээс хамаарна гэдгийг ОЙЛГОЖ, Ногоон өсөлт санаачилгын их нөөц бололцоо, ойжуулалт болон ойн нөхөн сэргээлтийн талаарх өмнөх ололт амжилт, ирээдүйн боломж, тогтвортой ойн менежментийн туршлагыг хөгжүүлэхэд гарсан ахиц болон Ази дахь хэмжээнд ойн засаглалыг сайжруулах боломж байгааг ТЭМДЭГЛЭЖ,
Жэжү арал дээр 2009 оны 6 дугаар сарын 1-нээс 2-ны хооронд зохиогдсон АСЕАН-БНСУ-ын дээд түвшний уулзалтын үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай санал дэвшүүлснийг ЭРГЭН САНАЖ,
Зүүн өмнөд Азийн үндэстний холбооны гишүүн улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын 2012 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүчин төгөлдөр болсон хэлэлцээр(цаашид “АОХАБ”-ын хэлэлцээр гэх)-ийн хүрээнд Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага үүсгэн байгуулах тухай яриа нь үр дүнтэй, амжилттай байсныг ТЭМДЭГЛЭЖ,
АОХАБ-ын хэлэлцээрийн удирдах Зөвлөлөөс АСЕАН-ны гишүүн улс, Бутан, Казахстан, Монгол, Тимор-Лесте, Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг улсыг Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага үүсгэн байгуулах тухай яриа, хэлэлцээнд урих тухай шийдвэр гаргасныг ЭРГЭН САНАЖ.
Дараах зүйлийг хэлэлцэн тохиролцов:
1 дүгээр зүйл Нэр томьёоны тодорхойлолт
1. Энэхүү хэлэлцээрийн зорилгоор: a) “Хэлэлцээр” гэдэг нь Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг; b) “Байгууллага” гэдэг нь энэхүү хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг (АОХАБ); c) “Ассамблей” гэдэг нь энэхүү хэлэлцээрт Оролцогч Талуудаас сонгогдсон гишүүдээс бүрдсэн бөгөөд тус байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий хамгийн дээд шатны нэгжийг; d) “Гүйцэтгэх Захирал” гэдэг нь Ассамблейгаас томилсон байгууллагын Гүйцэтгэх захирлыг; e) “Нарийн бичгийн дарга нарын газар” гэдэг нь байгууллагад захиргааны дэмжлэг үзүүлэх, түүнчлэн Ассамблейгаас чиглүүлж өгсөн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь туслах үүрэгтэй байгууллагыг; f) “Гарын үсэг зурсан орон” гэдэг нь гарын үсэг зурсан боловч, энэхүү хэлэлцээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан тухай баримт бичгийг хараахан хадгалуулахаар өгөөгүй орныг; g) “Оролцогч Талууд” гэдэг нь гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хэлэлцээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн, эсхүл энэхүү хэлэлцээрт нэгдэн орсон орныг; h) “Ажиглагч” гэдэг нь Ассамблейгаас ажиглагчийн эрх олгосон орон, эсхүл байгууллагыг;
i) “Төлөөлөл” гэдэг нь энэхүү хэлэлцээрийн Оролцогч Талаас байгууллагын Ассамблейд Оролцогч Талыг төлөөлүүлэн сонгосон ойн ахлах албан тушаалтныг; j) “Хүлээн авагч улс” гэдэг нь байгууллагын төв байр байрладаг орныг; k) “Үйл ажиллагааны зардал” гэдэг нь Ассамблей, Нарийн бичгийн дарга нарын газар болон байгууллагын харьяа байгууллагын үйл ажиллагааг явуулахад гарах зардлыг хэлнэ.
2 дугаар зүйл Үүсгэн байгуулах
1. Тус байгууллага нь энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага байна. 2. Байгууллагын төв байр болон Нарийн бичгийн дарга нарын газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсад байрлана. Бүгд Найрамдах Солонгос Улс болон байгууллагын хооронд “Төв байрны хэлэлцээр” гэсэн тусдаа хэлэлцээр байгуулна.
3 дугаар зүйл Зорилго
1. Тус байгууллага нь батлагдсан тодорхой технологи, бодлогыг тогтвортой ойн менежменттэй уялдуулан бодит үйл хэрэг болгох, түүнчлэн ойн салбар дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах замаар бүс нутгийн ойн хамтын ажиллагааг бэхжүүлнэ. 2. Тус байгууллага нь Ази дахь үйл ажиллагаанд чиглэсэн ойн хамтын ажиллагааны дараахь хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хөхиүлэн дэмжинэ. Үүнд:
a) Тогтвортой ойн менежмент, биологийн төрөл зүйлийг хамгаалах, эко системийн үйлчилгээг сайжруулах, ойн нөхөн сэргээлт болон ойжуулалт хийх; b) Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох арга хэмжээ, REDD+ буюу “Хөгжиж байгаа орон дахь ойн хомсдол, доройтлоос үүдсэн хүлэмжийн хийг бууруулах бодлогын аргачлал, урамшуулал нь тэдгээр орон дахь ой хамгаалал, ойн тогтвортой менежментийг хөгжүүлж, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих; c) Ойн хомсдол, ойн доройтол, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, тэдгээрийн сөрөг нөлөөг арилгах; d) Судалгаа хийх, технологи болон туршлага солилцох, боловсролын болон солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх замаар оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх; болон e) Ойтой холбоотой олон улсын хэлэлцээр болон байгууллагын
одоогийн санал санаачилгын хүрээнд Оролцогч Талууд хоорондын түншлэл болон бусад аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.
4 дүгээр зүйл Эрх зүйн чадамж
1. Тус байгууллага нь хуулийн этгээд байх бөгөөд дараахь эрх зүйн чадамжтай байна.
a) Хэлэлцээр болон гэрээнд нэгдэх ; b) Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах ; c) Хууль, шүүхийн үйл ажиллагаа эхлүүлэх, өмгөөлөх.
5 дугаар зүйл Гишүүнчлэл
1. Хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд холбогдох дотоодын журмыг биелүүлсэн орон энэхүү хэлэлцээрт Оролцогч Тал болно. 2. Аль нэг орныг хэлэлцээрт Оролцогч Тал болгон албан ёсоор элсүүлэх асуудлыг Ассамблейгаас баталж, хэлэлцээрт нэгдэн орох тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсний дагуу элсүүлнэ. 3. Хэлэлцээрт Оролцогч Тал болж элсэн орох аливаа орон нь газар зүйн хувьд Азид байрладаг улс байна.
6 дугаар зүйл
Ажиглагч
1. Ассамблейгаас дараахь этгээдэд Ажиглагчийн эрх олгож болно. Үүнд:
a) Хэлэлцээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан тухай баримт бичгийг хадгалуулахаар өгөөгүй орон; b) Ажиглагч болох хүсэлтээ ирүүлсэн Азийн бусад орон; болон c) Ойн салбарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллага;
2. Ажиглагчийн оролцоотой холбоотой бусад асуудлыг байгууллагын дотоод журмын дагуу Ассамблей шийдвэрлэнэ.
7 дугаар зүйл Байгууллагын үндсэн бүтэц
1. Байгууллагын үндсэн бүтэц нь Ассамблей болон Нарийн бичгийн дарга нарын газар байна. 2. Энэхүү хэлэлцээрийн 8 дугаар зүйлд заасны дагуу Ассамблейгаас баталсны дагуу бусад харьяа байгууллагыг үүсгэн байгуулж болно.
8 дугаар зүйл Ассамблей
1. Ассамблей нь бүх Оролцогч Талуудын төлөөллөөс бүрдэнэ. 2. Оролцогч Тал бүр нэг төлөөллийг Ассамблейд томилно. Ассамблей нь чуулган бүрээр Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг нэг жилийн хугацаатайгаар сонгоно. 3. Ассамблей нь жилд 1 удаа хуралдах бөгөөд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд мөн хуралдана. Тусгай чуулганыг Ерөнхийлөгч Оролцогч Талуудын олонхийн саналаар зарлан хуралдуулна. 4. Ассамблей нь анхны чуулганаар байгууллагын дотоод журмыг батална. Дотоод журамд Ассамблей нэмэлт, өөрчлөлт оруулж болно. 5. Ассамблей нь анхны чуулганаар Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирлыг сонгож, томилно. 6. Ассамблей нь:
a) Байгууллагын дотоод журмыг батлах, шаардлагатай үед нэмэлт, өөрчлөлт оруулах; b) Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захирлыг томилох; c) Байгууллагын зорилгыг биелүүлэхэд шаардлагатай харьяа байгууллагыг үүсгэн байгуулахыг батлах; d) Байгууллагын үйл ажиллагааны төсөв, хөтөлбөрийг батлах; e) Харьяа байгууллага болон Гүйцэтгэх захирлын тайланг хянаж, тэдэнд зааварчилгаа өгөх; f) Хүчин чармайлтыг давхардуулахгүйгээр холбогдох бусад байгууллагатай харилцаагаа бэхжүүлэхийг хөхиүлэн дэмжих; g) Байгууллагын зорилгод хүрэхэд шаардлагатай бусад үүргийг хэрэгжүүлэх; h) Ажиглагчийн статус хүссэн өргөдлийг батлах ажлыг зохион байгуулах; i) Аливаа Оролцогч Тал/Талууд хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулахаар гаргасан саналыг 20 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн төлөвлөж, батлах; 7. Ассамблей нь хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах болон шинэ Оролцогч Тал элсүүлэх асуудлыг зөвшилцлөөр шийдвэрлэнэ. 8. Ассамблей аль болох бүх шийдвэрийг зөвшилцлөөр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. 7 дахь хэсэгт зааснаас бусад асуудлыг зөвшилцлөөр шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Ассамблей нь шийдвэрт хүрэх өөр уян хатан шийдлийг тодорхойлно.
9 дүгээр зүйл Нарийн бичгийн дарга нарын газар
1. Хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц Гүйцэтгэх захирлаар удирдуулсан Нарийн Бичгийн дарга нарын газрыг байгуулна. Гүйцэтгэх
захирал 2 жилийн хугацаатайгаар сонгогдох бөгөөд энэ хугацааг дахин нэг (1) жилээс дээшгүй хугацаагаар сунгаж болно. 2. Ассамблейгаас баталсан дотоод журмын дагуу Гүйцэтгэх захирал нь Нарийн бичгийн дарга нарын газрын бие бүрэлдэхүүнийг томилно. Байгууллагын зорилгод хүрэхэд шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс өөр үүрэг бүхий орон тооны бус ажилтныг Гүйцэтгэх захирал томилно. 3. Ассамблейн зааварчилгааны дагуу, Гүйцэтгэх захирал байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай захиргааны болон гэрээний тохиролцоог байгууллагын нэрийн өмнөөс хийнэ. 4. Нарийн бичгийн дарга нарын газар нь:
a) Шаардлагатай тохиолдолд, Ассамблейгаар хэлэлцүүлэхээр Нарийн бичгийн дарга нарын газрын дотоод журмыг бэлтгэх, санал оруулах; b) Ассамблейн болон байгууллагын бусад харьяа байгууллагын чуулганыг зохион байгуулах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх; c) Ассамблейгаас баталсан төсөв, хөтөлбөрийг удирдаж, хэрэгжүүлэх; d) Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон төсвийн зарцуулалтын талаар Ассамблейд тогтмол тайлагнах; e) Үйл ажиллагаагаа холбогдох бусад байгууллага болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай уялдуулах, f) Ассамблейн баталсан ажлын төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн дагуу хувийн болон төрийн байгууллага, нийгэмлэг, төрийн бус байгууллага, олон улсын, бүс нутгийн болон үндэсний байгууллагатай ойн чиглэлээр хамтын ажиллагаа болон хэлэлцээр, эсхүл хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулах; g) Ассамблейгаар хэлэлцүүлэх саналыг бэлтгэх, тэдгээрт үнэлгээ дүгнэлт хийхэд тус дөхөм болох; h) Ассамблейгаас шийдвэрлэсний дагуу нарийн бичгийн дарга нарын газрын бусад үүргийг гүйцэтгэнэ. 5. Хүлээн авагч улс болох Бүгд Найрамдах Солонгос Улс нь өөрийн төсвийн нөөц бололцоо, дотоодын хууль тогтоожийн дагуу энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох болон Нарийн бичгийн дарга нарын газар байгуулах хүртэлх хугацаанд байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй эхлүүлэхэд шаардлагатай тусламж, дэмжлэгийг өгч ажиллана.
10 дугаар зүйл Албан ёсны хэл
Байгууллагын албан ёсны хэл нь англи хэл байна.
11 дүгээр зүйл Бэлгэ тэмдэг
Байгууллага нь Ассамблейгаас баталсан далбаа болон бэлгэ тэмдэгтэй байна.
12 дугаар зүйл Төсөв болон санхүүжилт
1. Байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөв нь заавал төлөх болон сайн дурын үндсэн дээр төлөх хураамжаас бүрдэнэ. 2. Заавал төлөх хураамжийг бэлэн мөнгө болон/эсхүл түүнийг орлох материаллаг хэлбэрээр төлнө. Бүгд Найрамдах Солонгос Улс нь жилийн үйл ажиллагааны зардлын 80%-ийг бүрдүүлэх бол бусад Оролцогч Талууд 1%-ийг бүрдүүлнэ, эсхүл жилд 30’000 ам.доллараас доошгүй хэмжээтэй тогтмол үнийн дүнг төлнө. Үлдсэн зардлыг өөр эх үүсвэрээс бүрдүүлнэ. Оролцогч Тал тус бүрээс заавал төлөх хураамжийн хэмжээг Ассамблейгаас тогтмол хянаж болно. 3. Материаллаг дэмжлэг гэдэг нь мөнгөн бус дэмжлэг юм. Энэ нь Ассамблейгаас баталсан болон тодорхойлсон албан ёсны уулзалт, арга хэмжээ болон бусад үйл ажиллагааг зохион байгуулах болон тэдгээрт оролцох зардлыг даах зэргээр үнэлэгддэг болно. 4. Оролцогч Талууд байгууллагад сайн дурын үндсэн дээр нэмэлт хураамж төлж болно. 5. Ассамблей нь санхүүгийн дүрэм, журам түүний дотор Оролцогч Талуудын заавал төлөх хураамжийн зохицуулалтын талаарх дүрмийг батлах бөгөөд үүнд санхүүжилтийг захиран зарцуулах нөхцөлийг тодорхой заасан байна. 6. Санхүүжилтэд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэнэ. Санхүүгийн жил дуусмагц аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг Оролцогч Талуудад нээлттэй танилцуулна.
13 дугаар зүйл Байгууллагын эрх ямба, дархан эрх
1. Байгууллага болон Хүлээн авагч улсын хооронд байгуулсан “Төв байгууллагын хэлэлцээр”-т заасны дагуу байгууллага нь зохистой үйл ажиллагааг явуулахад шаардлагатай эрх ямба болон дархан эрхийг эдэлнэ. 2. Байгууллага нь Оролцогч Талуудын нутаг дэвсгэрт эдлэх зохих эрх ямба, дархан эрхийг бататгах үүднээс, Хүлээн авагч улсаас өөр бусад холбогдох Оролцогч Талуудтай хэлэлцээр байгуулж болно.
14 дүгээр зүйл Оюуны өмчийн эрхийг хамгаалах
1. Аливаа судалгаа болон технологийн дэвшил, эсхүл бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжилтэй холбоотой оюуны өмчийн эрхийн тухайд:
a) Оролцогч Талууд хамтран хэрэгжүүлсэн, эсхүл хамтарсан үйл ажиллагааны хүчин чармайлтын үндсэн дээр хийгдсэн судалгааны
үр дүнг Оролцогч Талууд харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу хамтран эзэмшинэ. b) Оролцогч Тал дангаар хэрэгжүүлсэн, эсхүл судалгааны үр дүнг Оролцогч тал биечлэн гаргаж авсан тохиолдолд тухайн Оролцогч Тал дангаар эзэмшинэ. 2. Ассамблейн зөвшөөрөлгүйгээр байгууллагын албан ёсны нэр, лого болон/эсхүл бэлгэ тэмдгийг тус байгууллагатай холбоогүй аливаа нийтлэл,баримт бичиг болон сонин, сэтгүүлд хэвлэн ашиглахыг хориглоно.
15 дугаар зүйл Маргаан шийдвэрлэх
Энэхүү хэлэлцээрийг тайлбарлах, хэрэгжүүлэх болон эсхүл хэрэглэхтэй холбоотой үүссэн маргаан болон зөрүүг Оролцогч Талууд дипломат шугамаар харилцан зөвшилцөх, хэлэлцэх замаар шийдвэрлэнэ.
16 дугаар зүйл Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх болон батлах
Гарын үсэг зурсан орон энэхүү хэлэлцээрийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, эсхүл батлах үүрэгтэй.
17 дугаар зүйл Нэгдэн орох
Гарын үсэг зураагүй аливаа орон 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү хэлэлцээрт нэгдэн ороход нээлттэй байна.
18 дугаар зүйл Эх хадгалагч
Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан, эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газарт хадгалуулахаар өгөх бөгөөд албан ёсны баталгаажсан хувийг хэлэлцээрт Оролцогч Тал тус бүрт нэн даруй хүргүүлнэ. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсны дараа эх хадгалагчийн үүргийг Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх захиралд даалгана.
19 дүгээр зүйл Хүчин төгөлдөр болох
1. Бүгд Найрамдах Солонгос Улсыг оролцуулан тав дахь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан, тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш 30 дахь өдөр энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болно.
2. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэлэлцээрийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, эсхүл нэгдэн орсон орны хувьд, тухайн орон баримт бичгээ хадгалуулахаар өгсөнөөс хойш 30 хоногийн дараа энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
20 дугаар зүйл Нэмэлт, өөрчлөлт оруулах
1. Аливаа Оролцогч Тал хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр гаргаж болно. Нарийн бичгийн дарга нарын газар нь нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг Ассамблейгаар хэлэлцэхээс хамгийн багадаа 60 хоногийн өмнө бүх Оролцогч Талуудад мэдэгдсэн байх ёстой. Хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг 8 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн дагуу батална. 2. Нэмэлт, өөрчлөлт нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөнөөс хойш 30 дахь өдрөөс хүчин төгөлдөр болно. Нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, эсхүл баталсан, бусад Оролцогч Талын хувьд, холбогдох баримт бичгийг хадгалуулахаар өгсөнөөс хойш 30 хоногийн дараа нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
21 дүгээр зүйл Хэлэлцээрээс гарах
1. Аливаа Оролцогч Тал Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэл хүргүүлж энэхүү хэлэлцээрээс гарч болох бөгөөд Нарийн бичгийн дарга нарын газар нь уг мэдэгдлийг бүх Оролцогч Талуудад хүргүүлнэ. Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэл хүргүүлсэнээс хойш 60 хоногийн дараа хэлэлцээрээс гарах хүсэлт хүчин төгөлдөр болно. 2. Хэлэлцээрээс гарч буй Оролцогч Тал нь өмнөх санхүүгийн өр, тооцоог гарах асуудал хүчин төгөлдөр болохоос өмнө дуусгавар болгоно.
22 дугаар зүйл Цуцлах
1. Ассамблейн нэгдсэн шийдвэрээр энэхүү хэлэлцээрийг цуцалж болно. 2. Ассамблейгаас өөрөөр шийдвэрлээгүй тохиолдолд 1 дэх хэсгийн
Бутаны Вант Улсын Засгийн газрыг төлөөлж
Бруней Даруссалам Улсын Засгийн газрыг төлөөлж
Камбожийн Вант Улсын Засгийн газрыг төлөөлж
Бүгд Найрамдах Индонези Улсын Засгийн газрыг төлөөлж
Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газрыг төлөөлж
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрыг төлөөлж
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрыг төлөөлж
Малайз Улсын Засгийн газрыг төлөөлж
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газрыг төлөөлж
Бүгд Найрамдах Филиппин Улсын Засгийн газрыг төлөөлж
Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газрыг төлөөлж
Тайландын Вант Улсын Засгийн газрыг төлөөлж
Бүгд Найрамдах Ардчилсан Тимор-Лесте Улсын Засгийн газрыг төлөөлж
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газрыг төлөөлж
дагуу гарсан аливаа шийдвэр нь 12 сарын дараагаас хүчин төгөлдөр болно. 3. Ассамблейгаас өөрөөр шийдвэрлээгүй тохиолдолд энэхүү хэлэлцээрийг цуцлах нь энэхүү хэлэлцээрийг цуцлах үед хараахан хэрэгжиж дуусаагүй аливаа төсөл, хөтөлбөр болон энэхүү хэлэлцээрийн дагуу хэрэгжих тэдгээрийн хэрэгжилтэд нөлөөлөхгүй.
Дээрхийг нотолж доор дурдсан нэр бүхий төлөөлөгчид тус тусын Засгийн газраас олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурав.
Сөүл хотноо 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр англи хэлээр үйлдэв.