Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1061)
— 262 —

Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2019 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр хот

ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 31-ний өдөр хот

ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хооронд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ИРГЭНИЙ БОЛОН АЖ АХУЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, цаашид “талууд” гэх,

хууль зүйн салбарт хамтран ажиллах шаардлагатайг хүлээн зөвшөөрч,

эрх зүйн харилцан туслалцааны асуудлаар харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлэхийг эрмэлзэн,

дараахь зүйлсийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

1 ДҮГЭЭР БҮЛЭГ Ерөнхий нөхцөл

1 дүгээр зүйл

1. Талууд өөр хоорондоо иргэний болон аж ахуйн асуудлаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлнэ.

Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэдэгт баримт бичиг хүргэх ба гардуулах, нотлох баримт авах ба бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба гүйцэтгэх, түүнчлэн талуудын холбогдох үндэсний хууль тогтоомжид нийцэх бусад туслалцаа үзүүлэх хэлбэрийг хэлнэ.

Энэхүү гэрээнд хэрэглэж буй «иргэний болон аж ахуйн хэрэг» гэсэн нэр томьёонд аж ахуйн (эдийн засгийн), худалдааны болон гэр бүлийн харилцааны үр дүнд үүссэн хэргийг оруулан ойлгоно.

2. Энэхүү гэрээгээр заасан үүргийг биелүүлэх эрх бүхий төв байгууллага нь:

Монгол Улсын хувьд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монгол Улсын Дээд шүүх байна.

Бүгд Найрамдах Беларусь Улсын хувьд Бүгд Найрамдах Беларусь Улсын Хууль зүйн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Дээд шүүх байна.

3. Талуудын эрх бүхий төв байгууллага өөрчлөгдсөн, эсхүл бүрэн эрх нь өөр байгууллагад шилжсэн тохиолдолд тухайн тал нөгөө талдаа дипломат шугамаар нэн даруй мэдэгдэнэ.

4. Эрх бүхий төв байгууллага хоорондоо англи хэлээр шууд харилцана.

2 дугаар зүйл

1. Хэрэв эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлт нь хүсэлт хүлээн авагч талын үндэсний хууль тогтоомж, үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журамд нийцэхгүй байвал түүнийг гүйцэтгэхээс татгалзаж болно.

2. Хүсэлт хүлээн авагч талын эрх бүхий төв байгууллага нь хүсэлт гүйцэтгэхээс татгалзсанаа хүсэлт гаргагч талын эрх бүхий төв байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. Энэ тохиолдолд аливаа хүсэлтэд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзсан шалтгааныг мөн мэдэгдэнэ.

3 дугаар зүйл

Эрх бүхий төв байгууллага өөрийн улсын хууль тогтоомж болон шүүхийн практикийн талаар холбогдох мэдээллийг хүсэлтийн дагуу өгнө.

2 ДУГААР БҮЛЭГ Шүүхэд хандах

4 дүгээр зүйл

1. Аль нэг талын иргэн нөгөө талын нутаг дэвсгэрт өөрийн эрх, ашиг сонирхлоо тухайн улсын иргэний адил нөхцөлөөр хамгаалуулах зорилгоор шүүхэд хандах эрхтэй бөгөөд мөн адил эрх зүйн хамгаалалт эдлэх эрхтэй.

2. Энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт заасан төв байгууллага нь нутаг дэвсгэрт нь оршин буй аль нэг талын хуулиар үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсан байдал, зорилго нь нөгөө талын үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа бүх хуулийн этгээдэд хамаарна.

5 дугаар зүйл

1. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлт нь дараахь зүйлийг агуулна: Үүнд:

a/ хүсэлт гаргагч болон хүсэлт хүлээн авагч эрх бүхий байгууллагын нэр; b/ эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлтэд заасан хэргийн баримт;

c/ хүсэлтэд холбогдох хүний овог нэр, түүний иргэншил, ажил мэргэжил, байнга болон түр оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээдийн хувьд түүний нэр, бүртгэлийн хаяг болон байршил;

d/ талуудын төлөөлөгчдийн овог нэр, хаяг болон тэдгээрийн бүрэн эрхийг нотолсон баримт бичиг;

e/ талуудын хууль тогтоомжийн дагуу хүсэлтийн агуулга болон түүнийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл.

2. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлт гаргагч талын эрх бүхий этгээдийн гарын үсэг, эрх бүхий байгууллагын албан ёсны тамгаар баталгаажсан байна. Хүсэлт болон түүний дагалдах баримт бичгийг хүсэлт гаргагч талын албан ёсны аль нэг хэлээр үйлдэн, хүсэлт хүлээн авагч талын албан ёсны аль нэг хэлээр хөрвүүлсэн баталгаат орчуулгыг хавсаргана.

3. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлтийг энэхүү гэрээний 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх бүхий төв байгууллагаар, эсхүл дипломат шугамаар уламжилна.

4. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллага шуурхай, үнэ төлбөргүйгээр хүлээн авна, шилжүүлнэ, шийдвэрлэнэ.

3 ДУГААР БҮЛЭГ Баримт бичиг гардуулах, дамжуулах

6 дугаар зүйл

Шүүхийн болон шүүхийн бус баримт бичиг нь аль нэг талын нутаг дэвсгэрт байгаа хүнд холбогдолтой бол хүсэлт гаргагч талын хуулийн дагуу болон энэхүү гэрээний дагуу эрх бүхий байгууллага, эсхүл албан тушаалтан хүсэлтийг эрх бүхий төв байгууллагаараа дамжуулан хүсэлт хүлээн авагч талын эрх бүхий төв байгууллагад хүргүүлнэ. Баримт бичиг гардуулах хүсэлтэд баримт бичгийн эх, эсхүл түүний баталгаат хувийг хавсаргана.

7 дугаар зүйл

1. Хүсэлт хүлээн авагч талын эрх бүхий төв байгууллага нь баримт бичиг гардуулахад дэмжлэг үзүүлнэ.

2. Баримт бичиг гардуулсан тухай баримт үйлдэх бөгөөд түүнд гардуулсан арга, хэлбэр, газар, огноо болон баримт бичгийг гардаж авсан этгээдийн талаар тусгана.

3. Баримт нь баримт бичгийг гардуулан өгсөн этгээд болон хүлээн авсан этгээдийн гарын үсэг, түүнчлэн баримт бичиг гардуулсан шүүхийн албан ёсны тамгыг агуулсан байна.

4. Хүсэлт хүлээн авагч тал баримт бичиг гардуулснаар татвар, үнийн аливаа төлбөр, эсхүл нөхөн төлбөр авахгүй.

8 дугаар зүйл

Аль ч тал нөгөө талын нутагт буй өөрийн улсын иргэдэд зориулсан баримт бичгийг саадгүйгээр дипломат болон консулын ажилтнаар дамжуулан шууд гардуулан өгч болно.

4 ДҮГЭЭР БҮЛЭГ Нотлох баримт олж авах, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа явуулах

9 дүгээр зүйл

1. Энэхүү гэрээний 10 дугаар зүйлд заасны дагуу аль нэг талын шүүхийн байгууллага нь нөгөө талын шүүхийн байгууллагад нотлох баримт олж авах, эсхүл бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэх тухай хүсэлт гаргаж болно.

2. Хүсэлтэд дараахь мэдээллийг тусгана. Үүнд:

a/ хүсэлт гаргагч шүүхийн байгууллагын нэр, боломжтой бол хүсэлт хүлээн авагч шүүхийн байгууллагын нэр;

b/ боломжтой бол талуудын болон тэдгээрийн төлөөлөгчдийн нэрс, хаяг;

c/ хүсэлтийн мөн чанар, зорилго болон хэргийн баримтын хураангуй;

d/ хүсэж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа.

3. Хүсэлтэд гарын үсэг зурж, хүсэлт гаргагч шүүхийн байгууллагын тамгаар баталгаажуулсан байна. Энэхүү хүсэлтийг хүсэлт гаргагч талын албан ёсны аль нэг хэлээр үйлдэн хүсэлт хүлээн авагч талын албан ёсны аль нэг хэлээр хөрвүүлсэн баталгаат орчуулгыг хавсаргана.

10 дугаар зүйл

1. Хүсэлтийг эрх бүхий төв байгууллагаар дамжуулан хүргүүлнэ. Хүсэлтийг гүйцэтгэснийг нотлох баримт бичгийг хүсэлт гаргагч талд мөн адил шугамаар буцаан хүргүүлнэ.

2. Хүсэлт хүлээн авагч шүүхийн байгууллага хэрэв хүсэлтийг гүйцэтгэх нь түүний эрх мэдэлд хамаарахгүй бол хүсэлтийг эрх бүхий байгууллагад шилжүүлж энэ тухайгаа эрх бүхий төв байгууллагаар дамжуулан хүсэлт гаргагч шүүхийн байгууллагад мэдээлнэ.

11 дүгээр зүйл

1. Хүсэлтийг гүйцэтгэх шүүхийн байгууллага нь өөрийн улсын хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжийг хэрэглэнэ. Гэхдээ энэхүү шүүхийн байгууллага нь хүсэлт хүлээн авагч талын үндэсний хууль тогтоомжтой харшлахгүй бол хүсэлтийг тухайн хүсэлтэд заасан арга замаар биелүүлж болно.

2. Хүсэлтийг боломжтой бол нэн даруй гүйцэтгэнэ.

12 дугаар зүйл

Хүсэлтийг гүйцэтгэхэд татвар төлөх, эсхүл аливаа төрлийн зардлыг төлөхийг шаардахгүй. Гэхдээ энэхүү шүүхийн байгууллага нь хүсэлтийг гүйцэтгэхэд шинжээч ажиллуулах, эсхүл энэхүү гэрээний 11 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх тусгай ажиллагаа явуулах шаардлагатай бол хүсэлт гаргагч талаас зардлыг төлөх, мөн зардлын урьдчилгааг гаргахыг хүсэж болно.

13 дугаар зүйл

Аль ч тал өөрийн дипломат болон консулын ажилтнаар дамжуулан өөрийн иргэнтэй холбоотой хүсэлтийг саадгүй гүйцэтгэх эрхтэй.

5 ДУГААР БҮЛЭГ Баримт бичгийг гэрчлэхээс чөлөөлөх

14 дүгээр зүйл

Аль нэг талын шүүх байгууллага болон бусад эрх бүхий байгууллага өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргасан баримт бичгийг нөгөө талд

хүргүүлэхдээ гэрчлэхээс, эсхүл бусад адил төрлийн албажуулалт хийхээс чөлөөлөгдөнө. Гэхдээ тус баримт бичгийг эрх бүхий төв байгууллагаар дамжуулах бөгөөд эрх бүхий байгууллага гарын үсэг зурж, тамга дарсан байна.

6 ДУГААР БҮЛЭГ Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх

15 дугаар зүйл

Талууд энэхүү гэрээний дагуу нөгөө талын нутаг дэвсгэрт гаргасан дараахь шүүхийн шийдвэрийг өөрийн нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрч, гүйцэтгэнэ. Үүнд:

а/ иргэний болон аж ахуйн хэргийн шүүхийн шийдвэр;

b/ эрүүгийн хэргийн хүрээнд иргэний нэхэмжлэлийн талаар гаргасан шүүхийн шийдвэр.

Энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт хэрэглэсэн “шүүхийн шийдвэр” гэсэн нэр томьёонд шүүхээр баталсан эвлэрлийн гэрээ, гадаадын элемент оролцсон хувийн, гэр бүлийн буюу эд хөрөнгийн хэргийн талаар тухайн нутаг дэвсгэрт шүүхийн шийдвэр буюу эвлэрлийн гэрээнд тооцогдох бусад байгууллагын шийдвэрийг ойлгоно.

16 дугаар зүйл

Энэхүү гэрээний 15 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг дараахь нөхцөлийг биелүүлснээр хүлээн зөвшөөрч, гүйцэтгэнэ. Үүнд:

а/ хэрэв шийдвэр гаргасан талын хууль тогтоомжийн дагуу энэхүү шийдвэр нь хүчин төгөлдөр болж гүйцэтгэх шаардлагатай бол;

b/ хэрэв шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, эсхүл гүйцэтгэх хүсэлтийг хандан гаргасан талын хууль тогтоомжийн дагуу хэрэг нь энэхүү талын үндэсний шүүх буюу бусад байгууллагын онцгой бүрэн эрхэд үл хамаарах бол;

c/ хэрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд өөрийнх нь эсрэг шийдвэр гарсан тал нь шийдвэр гаргасан шүүхийн хууль тогтоомжийн дагуу болон энэхүү гэрээний дагуу зохих

ёсоор шүүхэд дуудагдан мэдэгдэл хүлээн авсан бол, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн чадамжтай тал нь шүүхийн шийдвэр гаргасан талын хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бол;

d/ хэрэв хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх талд энэхүү эрх зүйн маргаанаар, энэхүү талуудын хооронд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр өмнө нь гараагүй, эсхүл энэхүү хэргээр гуравдагч улсын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол;

e/ хэрэв хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх талаар хүсэлт хүлээн авсан талын шүүхэд энэхүү талуудын хооронд энэхүү хэргийн зүйлээр шүүхэд хэрэг үүсгээгүй, холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй бол;

f/ хэрэв хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх нь хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх хүсэлт хүлээн авсан талын нийтийн хэв журамтай зөрчилдөхгүй бол;

g/ хэрэв хүлээн зөвшөөрөх ба гүйцэтгэх нь хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх хүсэлт хүлээн авсан талын хууль тогтоомжийн дагуу шийдвэрийг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй бол.

17 дугаар зүйл

1. Хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх хүсэлтийг нутаг дэвсгэрт нь хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх ажиллагаа хийгдэх талын эрх бүхий шүүхэд, хэргийн шийдвэрийг гаргасан анхан шатны шүүхэд шууд гаргаж болно. Хэргийн шийдвэрийг анхан шатанд гаргасан шүүх нөгөө талын холбогдох шүүхэд энэхүү гэрээний 1 дүгээр зүйлд заасан аргаар хүсэлтийг хүргүүлнэ.

Хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх хүсэлтийг хүлээн зөвшөөрүүлж, гүйцэтгүүлэх хууль ёсны сонирхол бүхий, зохих эрх бүхий дурын этгээд гаргаж болно.

2. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх тухай хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана. Үүнд:

а/ шүүхийн шийдвэрийн, эсхүл эвлэрлийн гэрээний эх буюу баталгаажуулсан хуулбар, хэрэв шийдвэрийн агуулгаас ойлгогдохгүй бол хүчин төгөлдөр болсныг нотлох батламжийн хамт;

b/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бөгөөд өөрийнх нь эсрэг шийдвэр гарсан тал нь шийдвэр гаргасан байгууллагын харьяалах талын хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор урьдчилан хэрэг хянан шийдвэрлэхэд уригдсан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн чадамжгүй тал нь зохих ёсоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоны батламж;

c/ хүсэлтийг гардуулах үед шийдвэрийг хэсэгчлэн гүйцэтгэснийг баталгаажуулсан баримт бичиг.

3. Хүсэлт болон баримт бичиг нь хүсэлт хүлээн авагч талын албан ёсны (төрийн) хэлээр үйлдсэн баталгаат орчуулгатай байна. 18 дугаар зүйл

1. Нутаг дэвсгэрт нь хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх талын хууль тогтоомжийн дагуу шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэнэ.

2. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх хүрээнд шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх хүсэлтийн дагуу шийдвэр гаргах шүүх энэхүү гэрээний 15-17 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянана.

7 ДУГААР БҮЛЭГ Төгсгөлийн заалт

19 дүгээр зүйл

Энэхүү гэрээг тайлбарлах, эсхүл хэрэглэхэд үүссэн аливаа маргааныг дипломат шугамаар, эсхүл талуудын эрх бүхий төв байгууллага шийдвэрлэнэ.

20 дугаар зүйл 1. Энэхүү гэрээг соёрхон батална.

2. Энэхүү гэрээ нь соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг солилцсон өдрөөс хойш 30 (гуч) хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

Төрийн мэдээлэл · 2019 · № 8 (1061)262–270-р хуудас