Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс (Цаашид “Хэлэлцэн тохиролцогч талууд” гэх) хоорондын хэлэлцээрээр дараахь зүйлийг харилцан тохиролцов. Үүнд:
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Ерөнхий заалт
1 дүгээр зүйл Нэр томъёо
1. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд:
(1) “Хууль тогтоомж” гэж энэхүү хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заасан нийгмийн хамгааллын салбарын хууль болон бусад холбогдох эрх зүйн актыг хэлнэ.
(2) “Эрх бүхий этгээд” гэж 1) Монгол Улсын тухайд нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн сайд,(яам)-ыг; 2) Бүгд Найрамдах Польш Улсын тухайд нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн сайдыг тус тус хэлнэ. (3) “Эрх бүхий байгууллага” гэж энэхүү хэлэлцээрт хамаарч буй хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагыг хэлнэ. (4) “Харилцагч байгууллага” гэж энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Хэлэлцэн тохиролцогч талуудын байгууллага хоорондын харилцааг удирдан зохион байгуулах, мэдээлэл солилцоог хангах үүрэг бүхий байгууллагыг хэлнэ. (5) “Оршин суух газар” гэж Хэлэлцэн тохиролцогч талуудын холбогдох хууль тогтоомжийн дагуу байнга оршин суудаг газрыг хэлнэ. (6) “Түр оршин суух газар” гэж түр оршин суух газрыг хэлнэ. (7) “Даатгуулсан хугацаа” гэж Хэлэлцэн тохиролцогч талуудын хууль тогтоомжийн дагуу хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа болон шимтгэл төлснөөр тооцох хугацааг хэлнэ. (8) “Даатгуулагч” гэж Хэлэлцэн тохиролцогч талуудын хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалд хамрагдсан эсхүл хамрагдаж буй иргэдийг хэлнэ. (9) “Тэтгэвэр, тэтгэмж” гэж Хэлэлцэн тохиролцогч талуудын холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох тэтгэвэр болон бусад мөнгөн тэтгэмж, түүнчлэн тэдгээрийн нэмэлт болон нэмэгдлүүдийг хэлнэ.