Журам батлах тухай № 5
2018 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 5 хот
Журам батлах тухай
Газрын тосны тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.
Засгийн газрын 2018 оны 5 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь газрын тосны нөөц ашигласны төлбөр болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Газрын тосны нөөц ашигласны төлбөр
2.1. Газрын тосны нөөц ашигласны төлбөрийг газрын тос олборлож худалдахаар хэмжсэн болон ашигласан тухай бүр нь бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хувиар тооцож ногдуулна.
2.2. Гэрээлэгч тухайн сард олборлож худалдахаар хэмжсэн болон ашигласан газрын тосны хэмжээ, үнийг үндэслэн нөөц ашигласны төлбөрийг тооцсон тайлан, мэдээг дараа сарын 20-ны дотор гарган газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
2.3. Гэрээлэгч тухайн сард олборлож худалдахаар хэмжсэн болон ашигласан газрын тосны нөөц ашигласны төлбөрийг дараа сарын 25-ны дотор газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын валютын дансанд, эсхүл түүнтэй тэнцэх төгрөгийг тухайн өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшийг баримтлан төгрөгийн дансанд төлнө.
2.4. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 2.2-т заасан тайлан, мэдээг хянаж, гэрээлэгч газрын тосны нөөц ашигласны төлбөр төлснөөс хойш ажлын 5 хоногийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлнэ.
2.5. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн сард төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлсэн нөөц ашигласны төлбөрийн нийт дүн мэдээг бүтээгдэхүүн хуваах гэрээт талбай тус бүрээр гарган дараа сарын 10-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Гурав. Тусгай зөвшөөрлийн төлбөр
3.1. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн хэмжээнд үндэслэн Газрын тосны тухай хуулийн 30.2, 30.3, 30.4, 30.5-д заасан болон бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг тооцож, төлбөрийн нэхэмжлэлийг гэрээлэгчид хүргүүлнэ.
3.2. Гэрээлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг Газрын тосны тухай хуулийн 30.7-д заасан хугацаанд газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дансанд төлнө.
3.3. Газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийгдэж дансанд орсон өдрөөр тооцно.
3.4. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн төлбөрийн тооцоог хянаж, тухай бүр төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлнэ.
3.5. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Газрын тосны тухай хуулийн 30.6-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайн харьяалах аймаг, нийслэл, сум, дүүрэгт хамрах талбайн хэмжээнд үндэслэн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуваарилах тооцоо хийж, дүн мэдээг тусгай зөвшөөрлийн төлбөр төлсний дараах сарын 10-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.6. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг бүхэлд нь болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тодорхой хэсгийг буцаан өгсөн, эсхүл Газрын тосны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалсан нь өмнө төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах, буцаан олгох үндэслэл болохгүй.
Дөрөв. Газрын тосны нөөц ашигласны төлбөр болон хайгуул, ашиглалтын талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуваарилах
4.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тухай хуулийн 23.4.11, 23.4.12, 23.6.9, 23.8.13, 59.1.5 болон Газрын тосны тухай хуулийн 30.6, 31.3-т заасны дагуу газрын тосны нөөц ашигласны төлбөр болон хайгуул, ашиглалтын талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төрийн сангийн нэгдсэн данснаас хуваарилна.
4.2. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сард төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрсөн нөөц ашигласны төлбөрийн орлогыг энэхүү журмын 2.5-д заасан дүн мэдээнд үндэслэн орлого төвлөрсөн өдрөөс хойш 30 хоногт багтаан Газрын тосны тухай болон Төсвийн тухай хуулийн дагуу хуваарилна.
4.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн сангийн нэгдсэн дансанд тусгай зөвшөөрлийн төлбөр төвлөрсөн өдрөөс хойш энэхүү журмын 3.5-д заасан дүн мэдээнд үндэслэн ажлын 10 хоногт багтаан тухайн аймаг, нийслэлийн төсөвт хуваарилна. 4.4. Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь энэхүү журмын 4.3-т заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэхүү журмын 3.5-д заасан дүн мэдээнд үндэслэн төлбөр төвлөрсөн өдрөөс хойш 10 хоногт багтаан тухайн сум, дүүргийн төсөвт хуваарилна.
Тав. Газрын тосны нөөц ашигласны төлбөр болон хайгуул, ашиглалтын талбайн тусгай зөвшөөрлийн төлбөрийг зарцуулах
5.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хуваарилсан газрын тосны нөөц ашигласны төлбөр болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг аймаг, нийслэл, сум, дүүрэг төсвийн орлогод бүртгэн хууль тогтоомжид заасны дагуу захиран зарцуулна.