Нийслэл хотын албан татварын тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь нийслэл хотын албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төвлөрүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Нийслэл хотын албан татварын тухай хууль тогтоомж 2.1.Нийслэл хотын албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль1, Төсвийн тухай хууль2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, энэ хуулийн 4.1.3-т заасан барааг худалдан авсан этгээдэд нийслэл хотын албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг; 4.1.2.“нийслэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн4 Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг;
1Татварын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 22 дугаарт нийтлэгдсэн. 2Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 03 дугаарт нийтлэгдсэн. 3Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 09 дугаарт нийтлэгдсэн. 4Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.
4.1.3.“бараа” гэж жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг;
4.1.4.“зочид буудал” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;
4.1.5.“амралтын газар” гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
4.1.6.“ресторан” гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
4.1.7.“баар” гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг.
5 дугаар зүйл.Нийслэл хотын албан татвар төлөгч
5.1.Нийслэл хотын албан татвар суутгагч /цаашид “албан татвар суутгагч” гэх/-аас энэ хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байна.
6 дугаар зүйл.Албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах
6.1.Энэ хуулийн 4.1.1-д заасан этгээдийг улсын бүртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бүртгэл, мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн харьяалах татварын алба албан татвар суутгагчаар бүртгэнэ.
6.2.Татварын алба албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
7 дугаар зүйл.Нийслэл хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ
7.1.Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд нийслэл хотын албан татвар ногдуулна:
7.1.1.энэ хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн согтууруулах ундаа;
7.1.2.энэ хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн тамхи.
7.2.Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна:
7.2.1.энэ хуулийн 4.1.4-т заасан зочид буудлын үйлчилгээ; 7.2.2.энэ хуулийн 4.1.5-д заасан амралтын газрын үйлчилгээ; 7.2.3.энэ хуулийн 4.1.6-д заасан рестораны үйлчилгээ; 7.2.4.энэ хуулийн 4.1.7-д заасан баарны үйлчилгээ.
8 дугаар зүйл.Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээ
8.1.Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно.
8.2.Дараах тохиолдолд нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн бодит үнэд үндэслэн тодорхойлно:
8.2.1.борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнэ тодорхойгүй;
8.2.2.бараа, үйлчилгээг харилцан солилцсон буюу арилжсан;
8.2.3.харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийн бодит үнээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн, эсхүл үнэ төлбөргүй шилжүүлсэн;
8.2.4.өр төлбөрийг бараа шилжүүлэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаасан.
8.3.Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол гүйлгээ хийгдсэн өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.
9 дүгээр зүйл.Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээ
9.1.Татвар төлөгчийн худалдан авсан энэ хуулийн 7.1, 7.2-т заасан бараа, үйлчилгээнд энэ хуулийн 8.1-д заасан үнийн дүнг үндэслэн
энэ хуулийн 9.2-т заасан хувь, хэмжээгээр тооцож нийслэл хотын албан татвар ногдуулна.
9.2.Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
10 дугаар зүйл.Нийслэл хотын албан татвараас чөлөөлөх
10.1.Энэ хуулийн 7.2.1-7.2.4-т зааснаас бусад үйлчилгээг нийслэл хотын албан татвараас чөлөөлнө.
11 дүгээр зүйл.Нийслэл хотын албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөх, тайлагнах
11.1.Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг тусгана.
11.2.Албан татвар суутгагч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана.
11.3.Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй.
11.4.Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
12 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
12.1.Энэ хуулийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.