Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай № 15
2026 оны 05 дугаар Улаанбаатар
сарын 01-ний өдөр Дугаар 15 хот
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах
талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох
баримтыг бүрдүүлэх, үнэлэхэд гарч байгаа алдаа дутагдал, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, хязгаарлаж байгаа явдал, хүний халдашгүй байх эрх зөрчигдөх нөхцөл арилахгүй байгаа төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зөрчсөн шийдвэр, шүүхийн хараат бус байдалд эргэлзээ үүсгэх нөхцөл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэтрүүлэн хэрэглэж байгаа явдал нь тухайн тохиолдол бүрийн алдаа бус, системийн шинжтэй доголдол мөн болохыг тэмдэглэж, тэдгээрийг арилгах, хүний эрхийн баталгааг бодитой хангах зорилгоор дараах бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т үүрэг болгосугай.
1/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний
эрхийн суурь баталгааг бодитой хангах зорилгоор дараах арга хэмжээг шалгуур үзүүлэлт, тогтмол хяналт, шинжилгээ, хариуцлагын тогтолцоонд тулгуурлан хэрэгжүүлэх:
а/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд
өмгөөлөгчгүйгээр байцаалт явуулах, мэдүүлэг авах хууль бус явдлыг бүрэн таслан зогсоож, байцаалт бүрийг өмгөөлөгчийн оролцоотой явуулсан эсэхийг бүртгэлжүүлэх, зөрчлийн тохиолдлыг улирал тутам тайлагнах, илэрсэн зөрчилд сахилгын болон хууль, эрх зүйн хариуцлага ногдуулах нэгдсэн журам баталж мөрдүүлэх;
б/цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний
хэрэглээг хуульд заасан үндэслэл, шалгуурт нийцүүлэн хатуу хязгаарлах, цагдан хорих шийдвэрийн үндэслэл, хугацаа, сунгалтыг нэгдсэн сангаар бүртгэх, сар бүрийн хяналт, шинжилгээгээр шалгуурт нийцээгүй тохиолдлыг илрүүлж, бууруулах зорилтот үзүүлэлт тогтоох, үндэслэлгүй хэрэглэсэн тохиолдолд хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх;
в/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад
эрүү шүүлт тулгах болон бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангаж, ийнхүү олж авсан нотлох баримтыг шүүхийн шатанд хассан тохиолдлын тоо, үндэслэл, шалтгаан, холбогдох этгээдэд хариуцлага тооцсон эсэх талаар тогтмол нэгтгэн дүгнэж байх, прокурорын хяналтын шатанд нотлох баримтын хууль ёсны байдлыг урьдчилан хянах механизмыг бүрдүүлэх;
г/эрүүгийн хэрэг хаах, сэргээх, хөөн хэлэлцэх хугацаа
тооцох асуудлаарх хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор нэгдсэн тайлбар, аргачлал батлан мөрдүүлэх, шүүх, прокурорын байгууллагын практикт гарч буй зөрүүг хагас жил тутам нэгтгэн дүгнэж, шаардлагатай тохиолдолд тайлбар, аргачлалыг шинэчлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах;
д/прокурор, мөрдөгчийн хүний эрхийн мэдлэг, мэргэжлийн
ур чадварыг системтэйгээр дээшлүүлэх хүрээнд сургалтыг жил бүрийн батлагдсан хөтөлбөрөөр тогтмол зохион байгуулах, оролцоо, үнэлгээ, ахицын шалгуур үзүүлэлт тогтоох, хяналт, шинжилгээ, гүйцэтгэлийн үнэлгээг хүний эрхийн шалгуур үзүүлэлттэй уялдуулж, сахилга,
хариуцлагын тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх.
2/“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны
хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.1.1.1-д “Иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх ... чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодотгоно.” гэж, 4.2.1.14-т “Гэрч, хохирогчийг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах алба шинээр байгуулж, хохирогчийн эрхийг хангах, хохирол барагдуулах үйл ажиллагааг шинэ шатанд гаргана.” гэж заасныг тус тус хэрэгжүүлэх хүрээнд дараах асуудлыг тусган холбогдох хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх:
а/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг
гэмт хэргийг мөрдөн шалгах бие даасан албыг шинээр байгуулах асуудлыг тусган холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;
б/хохирогчийн эрхийг сэргээх зохицуулалтын хүрээнд
эрүү шүүлт, хууль бус баривчилгаа, хилс ял, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлөөс үүдэн хохирсон иргэдийн эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн үйлчилгээ үзүүлэх.
3/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллах чиг
баримжаа давамгайлсан тэнцвэр алдагдсан тогтолцоог өөрчилж, хүний эрхийн баталгааг бодитойгоор хангах зорилгын хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цогц шинэчлэх асуудлаар дараах саналыг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулах:
а/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээд
шатны прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлэх зохицуулалтыг өөрчилж, прокурорын зарим чиг үүргийг шүүхэд шилжүүлэн, мөрдөн шалгах ажиллагаанд шүүхийн хяналтыг тодорхой болгож, прокурор, өмгөөлөгчийн шүүхийн өмнө тэгш байх зарчмыг хангах;
б/өмгөөллийн үйл ажиллагааг эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаанд бодит нөлөө үзүүлэх, хүний эрхийн хамгаалалтын бие даасан механизм болох чиглэлд өөрчилж, өмгөөлөгчийн оролцооны зайлшгүй байдлыг хангах, хууль зүйн туслалцааг бодитойгоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
в/мөрдөгч, прокурорын зүгээс эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүний эрхийн болон хуулийн зөрчилд ногдуулах хариуцлага зайлшгүй байх механизмыг бий болгож, ил тод, үр нөлөөтэй хяналт, шинжилгээ, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх.
4/Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид
төрөөс нөхөн олгосон төлбөрийг тухайн гэмт хэргийг үйлдсэн буруутай этгээдээр буцаан бүрэн төлүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийн мэдээллийн нэгдсэн бүртгэлийг бий болгон хуульд нийцүүлэн хөтлөх, ашиглах журмыг баталж, мөрдүүлэх.
5/Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг эрүүдэн шүүх гэмт
хэрэг болон хүний эрх, эрх чөлөөний зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний эрх, мэргэжлийн ёс зүй, хууль дээдлэх зарчимд суурилсан тасралтгүй сургалт, давтан бэлтгэлийг тогтмол зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаанд хууль бус арга хэрэглэхийн хууль зүйн үр дагавар, хүний эрхэд учруулах хор уршгийг бодит жишээ, практикт тулгуурлан ойлгуулах, байцаалт, мэдүүлэг авах ажиллагаанд дуу-дүрсний бичлэг хийх, өмгөөлөгчийн оролцоог хангах талаарх сургалт, дотоод хяналтыг сайжруулах, алба хаагчдыг хууль зөрчих нөхцөлд хүргэдэг ажлын ачаалал, гүйцэтгэлийн дарамт зэрэг хүчин зүйлийг бууруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах.
2.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан зохион байгуулалт болон
хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинээр бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллах, тогтоолын
хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ
᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠑᠕ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠢᠯᠡᠷᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠦ᠋ᠨ
ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ
ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠠᠪᠬᠤ ᠵᠠᠷᠢᠮ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠤᠬᠠᠢ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠠ᠋ᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:
᠑᠂ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠭᠠᠷᠴᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠠᠯᠳᠠᠭ ᠠ ᠳᠤᠲᠠᠭᠳᠠᠯ᠂
ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠠᠪᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᠵᠦ᠂ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠵᠤ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠳᠠᠯ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠬᠠᠯᠳᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠳᠡᢈᠦ
ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠠᠷᠢᠯᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠲᠡᠳᠦᠢ ᠦᢉᠡᠢ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠠᠭᠠᠲᠤ
ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠳ᠋ᠤ ᠡᠷᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠡ ᠡᢉᠦᠰᢈᠡᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠲᠦᠷᠡᢉᠦᠯᠦᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠭ ᠠ ᠶᠠᠪᠦᠳᠠᠯ ᠨᠢ
ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠳᠠᠭ ᠠ ᠪᠦᠰᠤ᠂ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠢ ᠳᠣᠭᠤᠯᠳᠠᠯ ᠮᠥᠨ ᠪᠦᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠡᠮᠳᠡᢉᠯᠡᠵᠦ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋
ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠳᠠᠲᠠᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠴᠤ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠨᠢ ᠂ᠤᠴᠠᠷᠠᠯ/᠆ᠲᠤ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠦᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠑/ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠳᠠᠲᠠᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠷ
ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ:
ᠠ /ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠡᠷ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠯᠲᠠ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢉᠡ ᠠᠪᠬᠤ
ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠰᠤ ᠶᠠᠪᠦᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠨ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠵᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠯᠲᠠ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠠᠲᠠᠢ ᠶᠠᠪᠦᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠂
ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠢ᠋ ᠤᠯᠠᠷᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠂ ᠢᠯᠡᠷᠡᢉᠰᠡᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ
ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠵᠢᠷᠤᠮ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
ᠪ/ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠲᠤ
ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠬᠠᠲᠠᠭᠤ ᢈᠢᠵᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ᠂ ᠴᠠᠭᠳᠠᠨ ᠬᠣᠷᠢᠬᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ᠂ ᠰᠤᠩᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠰᠠᠩ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠰᠠᠷ ᠠ
ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠪᠡᠷ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠲᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠢ᠋ ᠢᠯᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠᠲᠤ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ ᠦᢉᠡᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
ᠸ/ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠲᠤᠯᠭᠠᠬᠤ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᢈᠡᠯᠪᠠᠷᠢ ᠪᠡᠷ ᢈᠦᠮᠦᠨᠯᠢᢉ
ᠪᠦᠰᠤ᠂ ᢈᠡᠷᠴᠡᢉᠡᠢ ᠬᠠᠷᠢᠴᠠᠵᠤ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢉᠡ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠨᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠳᠠᠪᠠᠯ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠪᠡᠷ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ ᠡᠶᠢᠨ ᢈᠦ ᠣᠯᠵᠤ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠰᠤᠭᠰᠠᠨ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ᠂
ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠨ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠲᠦ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠲᠣᠭᠠᠴᠠᠭᠰᠠᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠬᠤ᠂ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠤ᠋ᠨ
ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠠᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶᠣᠰᠤᠨ ᠤ᠋ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᢈᠢᠨᠠᠬᠤ ᠮᠧᠬᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
ᢉ/ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᠬᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ᠂ ᢈᠦᢉᠡᢉᠡᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢈᠦ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠣᠭᠠᠴᠠᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᢈᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋
ᠵᠥᠷᠢᢉᠦᠦ ᠶ᠋ᠢ ᠠᠷᠢᠯᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠷ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠰᠢᢉᠦᢈᠦ᠂ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠫᠷᠠᠻᠲ᠋ᠢᠭ ᠲᠤ
ᠭᠠᠷᠴᠤ ᠪᠦᠢ ᠵᠥᠷᠢᢉᠦᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠭᠠᠰ ᠵᠢᠯ ᠲᠤᠲᠤᠮ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠵᠦ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠶᠢᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠠᠷᠭᠠᠴᠢᠯᠠᠯ ᠢ᠋ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ᠂
ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ;
ᠳ/ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ᠂ ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᠯᢉᠡ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠷ ᠠ ᠴᠢᠳᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠰᠲ᠋ᠧᠮ ᠲᠡᠢ ᠪᠡᠷ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ
ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠪᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ᠂ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ᠂ ᠠᢈᠢᠴᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ
ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠯᠭᠠᠭᠤᠷ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠲᠡᠢ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠰᠠᢈᠢᠯᠭ ᠠ᠂
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠪᠡᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ᠃
᠒/«ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔᠆᠒᠐᠒᠘ ᠣᠨ ᠤ᠋ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠦᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠔ ᠣᠨ ᠤ᠋ ᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠔᠂᠑᠂᠑᠂᠑᠆ᠳ᠋ᠤ «ᠢᠷᢉᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠷᠭᠤᠭᠠᠨ ᠢ᠋
ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠂᠂᠂ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠳᠬᠠᠨ ᠠ᠃» ᢉᠡᠵᠦ᠂᠔᠂᠒᠂᠑᠂᠑᠔᠆ᠳ᠋ᠤ «ᢉᠡᠷᠡᠴᠢ᠂ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠯᠪᠠ ᠰᠢᠨ ᠡ ᠪᠡᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠪᠠᠷᠠᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠰᠢᠨ ᠡ ᠱᠠᠲᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠨ ᠠ᠃» ᢉᠡᠵᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ
ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠬᠠᠪᠦᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ
ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ:
ᠠ /ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠡᠰᠡᠷᢉᠦ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠠᠯᠪᠠ ᠶ᠋ᠢ
ᠰᠢᠨ ᠡ ᠪᠡᠷ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ ᠲᠤᠰᠬᠠᠨ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠥᠰᠦᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠖
ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠷᢉᠦᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢈᠦ;
ᠪ/ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠰᠤ ᠪᠠᠷᠢᠪᠴᠢᠯᠠᠭ ᠠ᠂ ᢈᠢᠯᠢᠰ ᠶᠠᠯ ᠠ᠂
ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠨᠣᠴᠤᠲᠠᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ ᠡᢉᠦᠳᠦᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠡᠷᢉᠦᢉᠡᢈᠦ᠂ ᠨᠥᢈᠦᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ
ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠰᠡᠳᢈᠢᠯ ᠵᠦᠢ᠂ ᠨᠡᠶᠢᢉᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠓/ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠶᠠᠯᠠᠯᠠᠬᠤ ᠴᠢᢉ ᠪᠠᠷᠢᠮᠵᠢᠶ ᠠ ᠳᠠᠪᠠᠮᠠᠭᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠩᠴᠡᠪᠦᠷᠢ ᠠᠯᠳᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠵᠦ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠳᠠᠲᠠᠢ ᠪᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠦᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠴᠣᠭᠴᠠ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠨᠠᠮᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ
ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ:
ᠠ /ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠲᠤ ᠭᠣᠮᠤᠳᠠᠯ ᠭᠠᠷᠭᠠᠵᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ
ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠷᠢᠮ ᠴᠢᢉ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠳ᠋ᠦ ᠰᠢᠯᠵᠢᢉᠦᠯᠦᠨ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠢ ᠪᠦᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠲᠡᢉᠰᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ;
ᠪ/ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠨᠥᠯᠦᢉᠡ ᠦᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋
ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶ ᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠧᠬᠠᠨᠢᠰᠮ ᠪᠦᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠵᠦ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋
ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠰᠠᠯᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠳᠠᠲᠠᠢ ᠪᠡᠷ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ;
ᠸ/ᠮᠥᠷᠳᠡᢉᠴᠢ᠂ ᠫᠷᠣᠻᠦ᠋ᠷᠣᠷ ᠤ᠋ᠨ ᠵᠦᢉ ᠠ᠋ᠴᠡ ᠡᠷᠡᢉᠦᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉ ᢈᠢᠨᠠᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋
ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠵᠠᠶᠢᠯᠠᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠪᠠᠶᠢᠬᠤ ᠮᠧᠬᠠᠨᠢᠰᠮ ᠢ᠋ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠵᠤ᠂ ᠢᠯᠡ ᠲᠣᠳᠤ᠂ ᠦᠷ ᠡ ᠨᠥᠯᠦᢉᠡᠲᠡᠢ
ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ᠃
᠔/ᠡᠷᠡᢉᠦᠤ ᠰᠢᢉᠦᠯᠲᠡ ᠲᠤᠯᠭᠠᠬᠤ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠠᠮ ᠠ᠋ᠴᠠ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠰᠠᠨ ᠬᠣᢈᠢᠷᠠᠭᠴᠢ ᠳ᠋ᠤ ᠲᠥᠷᠦ ᠠ᠋ᠴᠡ ᠨᠥᢈᠦᠨ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠲᠥᠯᠦᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ
ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠷᠤᠭᠤᠲᠠᠢ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠪᠦᠴᠠᠭᠠᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠲᠥᠯᠦᢉᠦᠯᢈᠦ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠤᠭ
ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠢ᠋ ᠤᠶᠢᠯᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠡᠲᠡᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠪᠦᠢ ᠪᠦᠯᠭᠠᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᢈᠦᠲᠦᠯᢈᠦ᠂ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋
ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᢈᠦ᠃
᠕/ᠴᠠᠭᠳᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠢ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠳᠡᠨ ᠰᠢᢉᠦᢈᠦ ᢉᠡᠮᠲᠦ ᢈᠡᠷᠡᢉ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᠷᢈᠡ ᠴᠢᠯᠦᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠥᠷᠢᠴᠡᠯ ᠠ᠋ᠴᠡ
ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠷ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠶᠣᠰᠤ ᠵᠦᠢ᠂ ᠬᠠᠤᠯᠢ ᠳᠡᢉᠡᠳᠦᠯᠡᢈᠦ ᠵᠠᠷᠴᠢᠮ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠰᠤᠷᠠᠯᠲᠠ ᠦᢉᠡᠢ
ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠳᠠᠪᠲᠠᠨ ᠪᠠᠯᠡᠳᢈᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᠭᠲᠠᠮᠠᠯ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠰᠢᠯᠭᠠᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠰᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠷ ᠡ
ᠳᠠᠭᠠᠪᠦᠷᠢ᠂ ᢈᠦᠮᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᢈᠡ ᠳ᠋ᠦ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠬᠣᠣᠷ ᠤᠷᠰᠢᠭ ᠢ᠋ ᠪᠦᠳᠠᠲᠤ ᠵᠢᠱᠢᠶ ᠡ᠂ ᠫᠷᠠᠻᠲ᠋ᠢᠭ ᠲᠤ ᠲᠤᠯᠭᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠨ ᠣᠶᠢᠯᠠᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠪᠠᠶᠢᠴᠠᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᢉᠡ
ᠠᠪᠬᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠤ᠆ᠳᠦᠷᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠢᠴᠢᠯᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠥᠮᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠰᠤᠷᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠳᠣᠲᠤᠭᠠᠳᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠯᠪᠠ ᠬᠠᠭᠠᠭᠴᠢᠳ ᠢ᠋ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠥᠷᠢᠴᠡᢈᠦ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠳ᠋ᠦ ᢈᠦᠷᢉᠡᠳᠡᢉ ᠠᠵᠢᠯ ᠤ᠋ᠨ ᠠᠴᠢᠶᠠᠯᠠᠯ᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠮᠲᠠ ᠵᠡᠷᢉᠡ ᢈᠦᠴᠦᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠢ᠋
ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠠᠪᠬᠤ᠃
᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠠᠤᠯᠢ᠂ ᠡᠷᢈᠡ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠴᠢᠨ ᠢ᠋ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂
ᠰᠢᠨ ᠡ ᠪᠡᠷ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠒᠖ ᠣᠨ ᠤ᠋ ᠬᠠᠪᠦᠷ ᠤ᠋ᠨ
ᠡᢉᠡᠯᠵᠢᠲᠦ ᠴᠢᠭᠤᠯᠭᠠᠨ ᠤ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠨᠢᠯᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ /ᠨᠢ ᠂ᠤᠴᠠᠷᠠᠯ/᠆ᠲᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠓᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠪᠠᠶᠡᠯᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠣᠨᠤᠰᠬᠠᠯ ᠢ᠋ ᠵᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠨᠢᢉᠡ ᠠ᠋ᠴᠡ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠦᢉᠡᠢ ᠤᠳᠠᠭ ᠠ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠵᠦᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠠᠶᠢᠩᠭᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠶ ᠠ /ᠳᠠ ᠂ᠴᠣᠭᠲᠤᠪᠠᠭᠠᠲᠤᠷ/᠆ᠳ᠋ᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠰᠠ ᠂ᠪᠢᠮᠪᠠᠴᠣᠭᠲᠤ