Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(1405)
— 591 —

Зорилт шинэчлэн батлах тухай № 91

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 10-ны өдөр Дугаар 91 хот

Зорилт шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн

2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний тодорхойлсон

хувь нэмрийн зорилт”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэх арга

хэмжээний төлөвлөгөө боловсруулан баталж, салбар дундын уялдааг хангаж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нарт, шинэчлэн баталсан зорилтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт тус тус үүрэг болгосугай.

3.Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох салбар

тус бүрийн зорилтыг эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зорилт батлах тухай”

Засгийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 407 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ

᠒᠐᠒᠕ ᠣᠨ ᠤ᠋ ᠐᠙ ᠳ᠋ᠣᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐ -ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠙᠑ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ

ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠣᠯᠠᠨ

ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ᠂ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ

ᠲᠤᠬᠠᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ ᠻᠣᠨᠧᠧᠨᠼ ᠤ᠋ᠨ ᠫᠠᠷᠢᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ᠋ ᠪᠠᠷ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ

ᠭᠠᠵᠠᠷ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠬᠤ ᠨᠢ:

᠑᠂«ᠫᠠᠷᠢᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠢ᠋ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠪᠢ ᠨᠡᠮᠡᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ»᠆ᠶ᠋ᠢ ᠬᠠᠪᠰᠤᠷᠤᠯᠲᠠ ᠶᠣᠰᠤ ᠪᠠᠷ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ

ᠪᠠᠲᠤᠯᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠒᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ᠋ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠪᠣᠯᠪᠠᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ

ᠳᠤᠮᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭ ᠠ᠋ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠷᠢᢉᠦᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠥᢉᠡᠳ ᠡᠳ᠋ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ᠂ ᢈᠥᢉᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠨᠢ ᠂ᠤᠴᠠᠷᠠᠯ᠂

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠢᠳᠠᠷ ᠰᠠᠶᠢᠳ ᠰᠠ ᠂ᠠᠮᠤᠷᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠨᠠᠷ ᠲᠤ᠂ ᠰᠢᠨᠡᠴᠢᠯᠡᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ ᠦ᠋ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢ

ᠻᠣᠨᠧᠧᠨᠼ ᠤ᠋ᠨ ᠨᠠᠷᠢᠨ ᠪᠢᠴᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠋ ᠨᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠲᠤ ᢈᠥᠷᢉᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠋᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠠᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠪᠠᠷ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ

ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠠ ᠂ᠪᠠᠲᠤᠪᠠᠭᠠᠲᠤᠷ ᠲᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠣᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠓᠂ᢈᠥᠯᠡᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠯᠭᠠᠷᠠᠯ ᠢ᠋ ᠪᠠᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠳᠠᠰᠤᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠬᠤ ᠰᠠᠯᠪᠣᠷᠢ ᠲᠤᠰ ᠪᠥᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠷᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ

ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠵᠦ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ᠋ ᠨᠠᠷ ᠲᠤ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠪᠣᠯᠭᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

᠔᠂ᠡᠨᠡ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠣᠭᠳᠠᠭᠤᠯᠤᠨ «ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠪᠠᠲᠤᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ» ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠒᠐᠑᠙ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ᠋ ᠶ᠋ᠢᠨ

᠑᠙᠆ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠦ᠋ᠨ ᠔᠐᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠯ ᠢ᠋ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ

ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠰᠠᠶᠢᠳ ᠭᠣ ᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ᠋

ᠪᠠᠶᠢᠭᠠᠯᠢ ᠣᠷᠴᠢᠨ᠂ ᠠᠭᠤᠷ ᠠᠮᠢᠰᠬᠤᠯ ᠤ᠋ᠨ

ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠠᠶᠢᠳ ᠪᠠ ᠂ᠪᠠᠲᠤᠪᠠᠭᠠᠲᠤᠷ

Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дүгээр тогтоолын хавсралт

ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ
ТОДОРХОЙЛСОН ХУВЬ НЭМРИЙН ЗОРИЛТ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний

Байгууллагын суурь конвенц, түүний Парисын хэлэлцээрийн зорилт болох дэлхийн дулаарлыг 1.5oC-д хязгаарлахад хувь нэмэр оруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, эрсдэлийг даван туулах, дасан зохицоход чиглэсэн арга хэмжээг хөгжлийн бодлого, стратегитай уялдуулан авч хэрэгжүүлэх шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байна.

Парисын хэлэлцээрт оролцогч Талуудын Бага хурлын шийдвэр,

зөвлөмжийн дагуу Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох талаар 2035 он хүртэл авах арга хэмжээ Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН3.0-NDC3.0)-ийн зорилтоо шинэчлэн тодорхойлов.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн ихээр

өртөх орны нэг бөгөөд ган, зуд, усны нөөцийн хомсдол, газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг сөрөг үр дагавар улам нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ, Монгол Улсын эдийн засаг нь нүүрс, ашигт малтмалын олборлолт, эрчим хүчний салбарын нүүрснээс хамааралтай хэвээр байгаа нь хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэх гол шалтгаан болж байна.

Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.09 хувийг Монгол Улс

дангаараа бүрдүүлдэг ч нэг хүнд болон нэгж дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох ялгарлын хэмжээ дэлхийн дундажтай харьцуулахад хэд дахин өндөр үзүүлэлттэй хэвээр байна.

Иймд Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ

эдийн засгийн тэргүүлэх салбаруудын тогтвортой хөгжлийг хангах, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх талаар бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Эдгээр нөхцөл байдалд үндэслэн Монгол Улсын Засгийн газар

Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн дагуу өмнө нь дэвшүүлсэн ҮТХН2.0-ийн зорилтоо ахиулан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсэх сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах, түүнд дасан зохицоход чиглэсэн зорилт, арга хэмжээг төлөвлөв.

Дээрх арга хэмжээ авч хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн нийт

ялгарлыг суурь түвшинтэй харьцуулахад 2025 онд 4.9 хувь, 2030 онд 23.0 хувь, 2035 онд 30.3 хувиар бууруулах бөгөөд Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг 2025 онд 54.8 сая.тн, 2030 онд 56.6 сая.тн, 2035 онд 56.9 сая.тн нүүрстөрөгчийн давхар ислийн эквивалент (СО₂-экв)-аас тус тус хэтрүүлэхгүй байх боломж бүрдэнэ. Эдгээр зорилтыг арга хэмжээний төрлөөр ялган авч үзвэл:

1.Үндсэн зорилт (нөхцөлт бус): 2035 он гэхэд хүлэмжийн хийн

ялгарлын суурь түвшинтэй харьцуулахад 30.3 хувь бууруулах;

2.Хүлэмжийн хийн ойн шингээлтийг тооцсон зорилт: 2035 он

гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн суурь түвшинтэй харьцуулахад 46.3 хувь бууруулах;

3.Үндсэн зорилт (нөхцөлт), хүлэмжийн хийн шингээлт, олон улсын

дэмжлэгийг тооцсон дүнгээр: 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал ба шингээлтийн суурь түвшинтэй харьцуулахад 52.8 хувь бууруулах боломжтой байна.

Нэг.Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг

бууруулах зорилт, арга хэмжээ

Үндэсний хэмжээний хүлэмжийн хий ялгарлыг (суурь нөхцөл)

эдийн засгийн хөгжлийн өнөөгийн нөхцөлөөр хамгийн их ялгаруулагч тэргүүлэх зургаан салбарын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгасан арга хэмжээнд үндэслэн тооцоолж үзэхэд 2010 онд 26.4 сая.тн байсан бол 2035 онд 81.7 сая.тн нүүрстөрөгчийн давхар ислийн эквивалент (СО₂-экв)-тай тэнцэх хэмжээтэй болж 3.2 дахин өсөх төлөвтэй байна.

Үндэсний хүлэмжийн хийн ялгарлын өсөлтийг 2035 он хүртэл

бууруулах зорилт, арга хэмжээг салбар бүрээр тодорхойлов:

1.Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн салбарт 2030 он

гэхэд 5,556.3 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 8,264.9 мян.тн СО₂-экв-аар бууруулна. Үүнд:

-Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх (усан

цахилгаан станц, салхин цахилгаан станц, нарны цахилгаан станц, нарны дулааны станц, дулааны насос суурилуулах)-2030 он гэхэд 2,769.2 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 4,688.4 мян.тн СО₂-экв;

-Эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх (дамжуулалт,

түгээлтийн алдагдлыг бууруулах, дулааны цахилгаан станцуудын дотоод

цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах, дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх)-2030 он гэхэд 2,630.1 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 3,395.1 мян.тн СО₂-экв;

-Хатуу түлш солих (Улаанбаатар хотын дулаан хангамжид болон

гэр хороололд хийн түлш ашиглах)-2030 он гэхэд 157.0 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 181.4 мян.тн СО₂-экв.

2.Хөдөө аж ахуйн салбарт 2030 он гэхэд 5,277.7 мян.тн СО₂-экв,

2035 он гэхэд 9,781.2 мян.тн СО₂-экв-аар бууруулна. Үүнд:

-Мал, түүний гаралтай бүтээгдэхүүний эргэлтийг сайжруулж,

экспортыг нэмэгдүүлэх-2030 он гэхэд 4,151.5 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 7,481.8 мян.тн СО₂-экв;

-Дотоодын зах зээлд мах нийлүүлэлтийг нэмэгдүүлэх-2030 он

гэхэд 1,126.2 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 2,299.4 мян.тн СО₂-экв.

3.Аж үйлдвэрийн салбарт 2030 он гэхэд 1,163.6 мян.тн СО₂-экв,

2035 он гэхэд 1,313 мян.тн СО₂-экв-аар бууруулна. Үүнд:

-Цементийн үйлдвэрүүдийн хаягдал дулааныг ашиглах-2030 он

гэхэд 32.4 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 39.5 мян.тн СО₂-экв;

-Цементийн үйлдвэрлэлд нунтаг үнс ашиглах-2030 он гэхэд

33.7 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 81.0 мян.тн СО₂-экв;

-Эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлэх-2030 он гэхэд

511.5 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 564.0 мян.тн СО₂-экв;

-Эрчим хүчний хэрэглээний хэмнэлтийн менежмент (эрчим хүч

хэмнэх техникийн болон техникийн бус арга)-ийг сайжруулах-2030 он гэхэд 586.0 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 628.5 мян.тн СО₂-экв.

4.Зам, тээврийн салбарт 2030 он гэхэд 2,762.2 мян.тн СО₂-экв,

2035 он гэхэд 3,465.9 мян.тн СО₂-экв-аар бууруулна. Үүнд:

-Евро-5 стандартын шатахуунд шилжих-2030 он гэхэд 92.3 мян.тн

СО₂-экв, 2035 он гэхэд 113.5 мян.тн СО₂-экв;

-Нүүрсний экспортын тээврийг төмөр замын тээвэрт

шилжүүлэх-2030 он гэхэд 2,459.1 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 2,940.9 мян.тн СО₂-экв;

-Цахилгаан автомашин болон нийтийн тээврийн хэрэглээг

нэмэгдүүлэх-2030 он гэхэд 124.4 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 266.0 мян.тн СО₂-экв;

-Импортын автотээврийг төмөр замын тээвэрт шилжүүлэх-2030 он

гэхэд 86.4 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 145.5 мян.тн СО₂-экв.

5.Барилгын салбарт 2030 он гэхэд 633.5 мян.тн СО₂-экв, 2035 он

гэхэд 1,066.1 мян.тн СО₂-экв-аар бууруулна. Үүнд:

-Ногоон орон сууцны барилга барих-2030 он гэхэд 102.3 мян.тн

СО₂-экв, 2035 он гэхэд 146.6 мян.тн СО₂-экв;

-Эрчим хүчний хэмнэлттэй амины шинэ орон сууц барих-2030 он

гэхэд 57.0 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 108.0 мян.тн СО₂-экв;

-Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэл,

засвар хийх-2030 он гэхэд 68.8 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 131.2 мян.тн СО₂-экв;

-Төсөвт байгууллагын барилгын дулаан техникийн шинэчлэл

хийх-2030 он гэхэд 104.6 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 197.2 мян.тн СО₂-экв;

-Монгол гэрийн дулаан алдагдлыг бууруулах, халаалтыг

шинэчлэх-2030 он гэхэд 41.3 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 83.5 мян.тн СО₂-экв;

-Амины орон сууц (байшин)-ны дулаан алдагдлыг бууруулах,

халаалтыг шинэчлэх-2030 он гэхэд 206.8 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 300.7 мян.тн СО₂-экв;

-Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэл

хийх-2030 он гэхэд 52.7 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 98.9 мян.тн СО₂-экв.

6.Хог хаягдлын салбарт 2030 он гэхэд 641.6 мян.тн СО₂-экв,

2035 он гэхэд 844.4 мян.тн СО₂-экв-аар бууруулна. Үүнд:

-Хог хаягдлыг дахин боловсруулах, дахивар нөөцийн

хэрэглээг нэмэгдүүлэх-2030 он гэхэд 9.7 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 114.3 мян.тн СО₂-экв;

-Төвлөрсөн хог хаягдлын цэгээс ялгарах метан хийг

хоргүйжүүлэх-2030 он гэхэд 499.0 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 590.2 мян.тн СО₂-экв;

-Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, өргөтгөх-2030 он гэхэд

132.9 мян.тн СО₂-экв, 2035 он гэхэд 139.9 мян.тн СО₂-экв.

-Нэгдсэн дүнгээр Монгол Улс үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг

нийт ялгаруулах суурь нөхцөлтэй харьцуулахад 2030 он гэхэд 16,034.9 мян.тн, 2035 он гэхэд нийт 24,735.5 мян.тн нүүрстөрөгчийн давхар ислийн эквивалент (СО₂-экв)-тай тэнцэх хэмжээгээр бууруулна.

Үүнээс гадна ойн шингээлтийг нэмж тооцсоноор Монгол Улсын

хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн хэмжээ 2030 онд 48.6 сая.тн СО2-экв, 2035 он гэхэд 60.1 сая.тн СО2-экв тус тус байхаар байна. Ойн шингээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар үндэсний түвшинд нүүрстөрөгчийн хийн шингээлтийг 3.3 сая.тн-оор нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Үүнийг тооцож үзвэл Монгол Улс нийт хүлэмжийн хийн ялгарлыг 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн суурь түвшинтэй нь харьцуулахад 46.3 хувиар бууруулах боломжтой.

Хоёр.Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах

нөхцөлт арга хэмжээ

Дээрх эрчим хүчний болон эрчим хүчний бус салбаруудад

хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнээс гадна Монгол Улс өөрийн хүчин чармайлтаар хэрэгжүүлэх боломж одоогоор байхгүй боловч хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлэх зарим арга хэмжээг “нөхцөлт арга хэмжээ” байдлаар тодорхойлов.

1.Эрчим хүч: Дараах усан цэнэгт цахилгаан станц (УЦЦС) барих

төслийг хэрэгжүүлснээр 2035 он гэхэд 386.2 мян.тн СО₂-экв-аар бууруулна. Үүнд:

-Сэлэнгэ аймгийн Жавхлант УЦЦС (100 МВт): 193.1 мян.тн СО₂-экв;

-Хэнтий аймгийн Цэнхэрмандал УЦЦС (100 МВт): 193.1 мян.тн

СО₂-экв.

2.Барилга: Эрчим хүчний үр ашигтай, ногоон барилга, сэргээгдэх

эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлснээр 2035 он гэхэд 613.9 мян.тн СО₂-экв-аар бууруулна. Үүнд:

-Ногоон барилга, ногоон орон сууц: 215.1 мян.тн СО₂-экв;

-15-100 кВт усан халаалтын зуух шинэчлэх: 174.8 мян.тн СО₂-экв;

-Барилгын дулаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх:

224.1 мян.тн СО₂-экв.

3.Хөдөө аж ахуй: Малын эдийн засгийн эргэлт, үүлдэр, ашиг

шимийг сайжруулах замаар 2035 он гэхэд 1,881.4 мян.тн СО₂-экв-аар бууруулна. Үүнд:

-Хонины мах, ноос экспортлох: 398.4+99.6=498.0 мян.тн СО₂-экв;

-Ямааны мах, ноолуур экспортлох: 631.3+157.8=789.1 мян.тн СО₂-экв;

-Адууны мах экспортлох: 594.2 мян.тн СО₂-экв.

4.Аж үйлдвэр: Технологийн шинэчлэл, CO₂ барих технологи

нэвтрүүлснээр 2035 он гэхэд 974.9 мян.тн СО₂-экв-аар бууруулна. Үүнд:

-Цементийн үйлдвэрт нунтаг жонш ашиглах: 197.5 мян.тн СО₂-экв;

-CO₂ ялган авч, газрын гүнд булшлах (CCS): 777.4 мян.тн СО₂-экв.

5.Хог хаягдал: Дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх болон

цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хийснээр 2035 он гэхэд 85.7 мян.тн СО₂-экв-аар бууруулна. Үүнд:

-Бүсийн төвүүдэд дахин боловсруулах үйлдвэрүүд барих:

13.9 мян.тн СО₂-экв;

-6-аас доошгүй аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих:

71.8 мян.тн СО₂-экв.

6.Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 129,339,500 га талбай

бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байна. Цөлжилт, газрын

доройтол болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бэлчээрийн хөрсний нүүрстөрөгч шингээх чадвар алдагдаж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газрын болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын олон жилийн судалгааны дүн нотолж байна.

Бэлчээрийн улирлын сэлгээ нүүдлийг эрчимтэй хийх, доройтсон

бэлчээрийг урт хугацаагаар өнжөөх, малын хөлийн ачааллыг зохицуулах уламжлалт арга технологийг үр дүнтэй хэрэгжүүлэн, ойт хээр, хээрийн доройтсон бэлчээрийн 10-аас доошгүй хувийг нөхөн сэргээж, хүлэмжийн хийн шингээх чадварыг нөхөн сайжруулах боломжтой.

Гурав.Дасан зохицсон зорилт, арга хэмжээ

Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эрсдэл, эмзэг

байдлыг бууруулж, дасан зохицох, нийгэм, эдийн засгийн тогтвортой

хөгжлийн зорилтыг хангахын тулд улсын хэмжээний бодлого, төлөвлөгөө, салбарын хөгжлийн хөтөлбөрүүдийг уур амьсгалын өөрчлөлтийн

эрсдэлийг харгалзан хэрэгжүүлэх, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн эмзэг салбаруудын уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг даван туулах чадамжийг сайжруулах зорилгоор дасан зохицох зорилт, арга хэмжээг дараах салбар бүрээр тодорхойлов. Үүнд:

1.Биологийн олон янз байдал: Экосистем, биологийн олон янз

байдлын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нөхцөлийг бүрдүүлж, хамгааллыг сайжруулна.

2.Усны нөөц: Усны нөөцийг оновчтой ашиглаж, хамгаалж, нөхөн

сэргээж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлнэ.

3.Ойн нөөц: Ойн тогтвортой менежмент хэрэгжүүлж, ойн

экосистемийн тэсвэрт чанарыг хамгаалж, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлнэ.

4.Гамшгаас хамгаалах: Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулж,

эрт сэрэмжлүүлэх тогтолцоог хөгжүүлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлнэ.

5.Мал аж ахуй, бэлчээр: Бэлчээрийн даацад нийцсэн, эрсдэл

даах чадавхтай, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлнэ.

6.Газар тариалан: Хөрсний үржил шимийг хамгаалж, уур амьсгалд

тэсвэртэй, бүтээмжтэй газар тариаланг хөгжүүлнэ.

7.Нийгмийн эрүүл мэнд: Уур амьсгалын өөрчлөлтийн эрүүл

мэндэд үзүүлэх эрсдэлийг судалж, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна.

8.Иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгаалал: Зорилтот бүлгийг

тодорхойлж, тэднийг чадавхжуулах, эрсдэлт байдлаас урьдчилан сэргийлэх, халамж, хамгааллын тогтолцоог бэхжүүлнэ.

9.Боловсрол: Уур амьсгалын талаарх мэдлэг, ойлголт, чадавхыг

нэмэгдүүлж, хүүхэд, залуусын оролцоо, манлайллыг дэмжинэ.

10.Соёлын салбар: Соёлын биет болон биет бус өв, уламжлалт

соёл, мэдлэгийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтолцоог бий болгоно.

Дөрөв.Салбар дундын зорилт, арга хэмжээ

1.Хууль, эрх зүй, бүтэц зохион байгуулалтын чадавх: Уур амьсгалын

өөрчлөлтийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалтын чадавхыг сайжруулна.

2.Санхүүжилт: Үндэсний болон олон улсын санхүүгийн эх үүсвэрийг

дайчлан, уур амьсгалын өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн тогтвортой механизмыг бүрдүүлнэ.

3.Жендэр ба нийгмийн оролцоо: Нийгмийн бүх бүлгийг

(эмэгтэйчүүд, хүүхэд залуучууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлэг г.м.) тэгш хамруулах, жендэрийн мэдрэмжтэй уур амьсгалын бодлого хэрэгжүүлнэ.

4.Мэдлэг ба боловсрол: Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх

судалгааг өргөжүүлж, түүний үр дүнд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжинэ.

---о0о---

Төрийн мэдээлэл · 2026 · № 10 (1405)591–600-р хуудас