Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(1388)
— 2135 —

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай № 97

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 17-ны өдөр Дугаар 97 хот

Төрөөс мөнгөний бодлогын талаар

2026 онд баримтлах үндсэн

чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн

1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн

чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Х.БУЛГАНТУЯА

Монгол Улсын Их Хурлын 2025 оны

97 дугаар тогтоолын хавсралт

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР
2026 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Цахим шилжилт, олон улсын худалдаа, олон улсын харилцаанд

гарч байгаа өөрчлөлт, түүний нөлөөгөөр олон улсын мөнгө, санхүүгийн тогтолцооны хувьсан өөрчлөгдөж байгаа орчинд макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжсэн мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлнэ.

1.Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд:

1.1.Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих,

иргэдийн бодит орлогыг хамгаалах хүрээнд инфляцыг дунд хугацаанд 5 хувь (+/-2 нэгж хувийн интервалтай)-ийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын одоогийн голч зорилт болох 6 хувийг 2027 оноос 5 хувь болгон бууруулна.

1.2.Макро-санхүүгийн харилцан нөлөөг харгалзан санхүүгийн

системийн болзошгүй эрсдэлийг үнэлж, удирдахад чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.

1.3.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн

засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг баримтална.

1.4.Төв банкны бодлого, шийдвэрийг хүртээмжтэй хүргэх,

хүлээлтийг удирдахад чиглэсэн олон нийттэй харилцах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:

2.1.Банкны өөрийн хөрөнгийн бүтэц, бүрэлдэхүүнийг үр ашигтай

байдлаар төрөлжүүлэн банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх замаар банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хяналт шалгалтын олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг үргэлжлүүлнэ.

2.2.Монгол Улсын эрсдэлийн үнэлгээ болон Санхүүгийн хориг

арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж стандартуудын өөрийн үнэлгээний үр дүнд суурилан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх (МУТСТ) үндэсний бодлогыг шинэчилнэ.

2.3.Банк, санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэх хүрээнд

иргэдийн санхүү, эдийн засгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг

бэхжүүлэх хүрээнд:

3.1.Цахим шилжилтийн хүрээнд үндэсний төлбөрийн системийн

эрх зүйн орчныг сайжруулах замаар төлбөрийн системийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж,

“Стэйблкойн”-ийг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судалж, олон улсын зарчмын дагуу төлбөрийн систем дэх хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.2.Банкны салбарын эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн

хөгжлийн түгээмэл хандлага, олон улсын сайн туршлагад тулгуурлан холбогдох хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлж, үнэлгээний үр дүнд тулгуурлан шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах бөгөөд чанаргүй зээлийг бууруулах хүрээнд актив удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

3.3.Бизнесийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд банкны

зээл олголтын нөхцөл, шаардлагыг судалж, зээлдэгчийн хэрэгцээ, салбарын онцлогт нийцсэн зээлийн бүтээгдэхүүний нэр төрөл, хүрээг өргөжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны бодлогын арга хэмжээг боловсруулна.

---оОо---

«Төрийн мэдээлэл» № 43, 2138-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 43, 2139-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 43, 2140-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 43, 2141-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 43 (1388)2135–2141-р хуудас