Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөх тухай № 78
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр Дугаар 78 хот
Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг эрчимжүүлэх
талаар чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх
хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх хамрах
хүрээ, үндсэн зарчмыг хавсралтаар баталсугай.
2.Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг
нэгдсэн удирдлагаар хангаж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т үүрэг болгосугай:
1/“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл
ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.2.3.3 дахь дэд заалт, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 35 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.1.1 дэх дэд заалтад заасан төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг үргэлжлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийх бэлтгэл хангах ажлыг 2025 онд багтаан дуусгах;
2/төрийн байгууллагын албаны чиг үүргээ хэрэгжүүлдэг
нарийвчилсан процесс, төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийснээр бий болох бүтэц, зохион байгуулалт, төсөл, арга хэмжээ, холбогдох тайлан, төрийн байгууллагын аливаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг Төрийн болон албаны нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, нээлттэй их өгөгдлийн санг бий болгох;
3/төрийн байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, үр
ашиггүй зардлыг бууруулах, иргэнд очих төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай болгоход чиглэсэн төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл хийх ажлыг энэ тогтоолд заасан хамрах хүрээ, үндсэн зарчим, ерөнхий удирдамжийг баримтлан хийх, үр дүнд суурилсан удирдлагаар хангаж ажиллах;
4/төрийн үйлчилгээнд хийсэн процессын дахин
инженерчлэлийн үр дүнг салбар бүрээр ангилан нэгтгэж, цаашид авч
хэрэгжүүлэх саналын хамт 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах.
3.Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх
ерөнхий удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Ц.Сандаг-Очир/-нд даалгасугай.
4.Тухайн байгууллагаас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээнд
процессын дахин инженерчлэл хийх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газартай үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахыг Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /Ц.Сандаг-Очир/-нд даалгасугай.
6.Энэ тогтоолыг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны
78 дугаар тогтоолын хавсралт
1.Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг
дараах хүрээнд хийнэ:
1/төрөөс иргэнд үзүүлэх үйлчилгээний процесс;
2/төрөөс аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээний процесс;
3/төрийн албан хаагчтай холбогдох процессыг
тодорхойлох;
4/төрийн байгууллага хоорондын процессыг тодорхойлох.
2.Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх үндсэн
зорилго нь хүн төвтэй үзэл баримтлалд нийцүүлсэн төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид хүргэх, төрийн байгууллагын процессын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, иргэд, аж ахуйн нэгж болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үр ашигтай засаглалыг бэхжүүлэхэд оршино.
3.Төрийн байгууллагад процессын дахин инженерчлэл хийхэд
дараах үндсэн зарчмыг баримтална:
1/хүн төвтэй байх. Төрийн үйлчилгээг хэрэглэгчийн
(иргэн, аж ахуйн нэгж) хэрэгцээ, шаардлага, хүлээлтэд нийцүүлэн дахин загварчилснаар иргэд төрийн үйлчилгээг хялбар, ойлгомжтой, нэг цонхоор түргэн шуурхай, ил тод, чирэгдэлгүй, хүртээмжтэй авах боломж бүрдэх;
2/процессыг бүхэлд нь шинжлэх. Төрийн үйлчилгээн дэх
давхардсан, зөрчилтэй алхам, үйл ажиллагаа, үйл явцыг халж, хийдэл буюу орхигдуулсан процессыг олж тогтоож, дахин загварчилснаар төрийн байгууллагын стратегид нийцсэн гол үнэ цэнг бий болгож байгаа үе шатууд тодорхой болох;
3/үр ашиг, бүтээмжийг дээд хэмжээнд хүргэх. Иргэдийн
цаг хугацаа, зардлыг хэмнэх, хүний нөөцийг оновчтой хуваарилах, ашиглах болон алдаа гарах магадлалыг бууруулах. Төр, орон нутгийн байгууллагын боловсруулах төлөвлөгөө болон төсөл, арга хэмжээний бичиг баримтыг нэгтгэх, шалгуур үзүүлэлт болон түүнийг хариуцах байгууллагыг оновчтой тодорхойлж, хяналт-шинжилгээ болон үнэлгээний аргачлалын давхардлыг
арилгах, шалгуур үзүүлэлтийн нэгдсэн санг бий болгож олон нийтэд нээлттэй болгох;
4/төрийн үйл ажиллагаанд цахим шилжилт ба мэдээллийн
технологийг үр ашигтай, ухаалгаар ашиглах. Мэдээллийн систем, автоматжуулалт, цахим үйлчилгээний боломжуудыг ашиглан процессыг хялбарчлах, түргэтгэх. Төрийн үйлчилгээнд өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ, технологийн дэвшлийг ашиглан иргэдийн хэрэгцээг урьдчилан тодорхойлж, хүсэлт гаргахаас өмнө үйлчилгээг санал болгох аргачлалыг нэвтрүүлэх. Үүнтэй уялдуулан мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх;
5/хэд хэдэн байгууллагаас хамтран үзүүлдэг үйлчилгээний
хувьд байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог тодорхойлох, хамтын ажиллагааг сайжруулах;
6/төрийн үйлчилгээн дэх тасралтгүй сайжруулалт ба
хяналтыг тогтмол хэрэгжүүлж хэвших. Төрийн үйлчилгээний процессыг дахин загварчилсны дараа түүний хэрэгжилтийг тогтмол хянаж,
хэрэглэгчдийн санал, хүсэлтэд үндэслэн үйлчилгээг цаашид сайжруулах тодорхой санал боловсруулах;
7/удирдлагын манлайлал ба өөрчлөлтийн удирдлагаар
хангах. Өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд удирдлагын дэмжлэг, баг бүрдүүлэлт, ажилтнуудын оролцоог хангах.
---oOo---


