Дүрэм батлах тухай № 142
2024 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 23-ны өдөр Дугаар 142 хот
Дүрэм батлах тухай
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20.12-т заасныг үндэслэн Монгол
Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрэм”-ийг
хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142 дугаар тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах
байцаагч, улсын байцаагч (цаашид “Хүүхдийн эрхийн улсын байцаагч” гэх) гэр бүл, нийгмийн орчинд хүүхдийн эрх хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих, урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалт хийх, шийдвэр гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд энэ дүрмийг баримтална.
1.2.Хүүхдийн эрхийн улсын байцаагч нь хяналт шалгалтын үйл
ажиллагааг Захиргааны ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Засгийн газраас баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”, энэ дүрмийг удирдлага болгон хэрэгжүүлнэ.
Хоёр.Хүүхдийн эрхийн хяналтын зарчим, чиглэл
2.1.Хүүхдийн эрхийн улсын байцаагч үйл ажиллагаандаа
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмаас гадна Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-д заасан “хүний хувийн мэдээлэл”, 4.1.12-т заасан “хүний эмзэг мэдээлэл”-ийг үл задруулах, хууль дээдлэх, хараат бус, хөндлөнгийн нөлөөлөл, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтална.
2.2.Хүүхдийн эрхийн улсын байцаагч энэ дүрмийн 1.1-д заасан
хяналт шалгалтын хүрээнд дараах чиглэлийг хэрэгжүүлнэ:
2.2.1.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20.4, 20.11 дэх
хэсгийн хэрэгжилт;
2.2.2.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25.10, 26.4, 26.5,
34.1.15, 47.4, 47.5, 55 дугаар зүйлийн хэрэгжилт;
2.2.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 142.5 дахь хэсгийн
хэрэгжилт;
2.2.4.хууль тогтоомжид заасан бусад.
Гурав.Улсын байцаагчийн эрх олгох, цуцлах,
улсын байцаагчийг сургах
3.1.Улсын байцаагчийн эрх олгох, цуцлах
3.1.1.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20.2-т заасны
дагуу хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагч (цаашид “улсын ерөнхий байцаагч” гэх) байна.
3.1.2.Улсын ерөнхий байцаагч нь улсын ахлах байцаагч,
улсын байцаагчийн эрх олгох, цуцлах шийдвэрийг гаргана.
3.1.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагын хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын даргад тус тус улсын ахлах байцаагчийн эрх олгоно.
3.1.4.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20.3, Засгийн
газраас баталсан “Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам”-д заасан шаардлагыг хангасан албан хаагчид улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрх олгоно.
3.1.5.Засгийн газраас баталсан “Хяналтын улсын
байцаагчийн эрх олгох, цуцлах журам”-д заасан үндэслэлээр улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг цуцална.
3.1.6.Улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь улсын
ерөнхий байцаагчаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг хэрэглэнэ.
3.2.Улсын байцаагчийг сургах, мэргэшүүлэх
3.2.1.Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг
мэргэшүүлэх, давтан сургах сургалтын хөтөлбөрийг улсын ерөнхий байцаагч батална.
3.2.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан нэгж нь улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
3.2.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан
төрийн захиргааны байгууллага улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг мэргэшүүлэх, давтан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, батлагдсан хөтөлбөрийн дагуу улсын байцаагчдыг мэргэшүүлэх сургалт зохион байгуулна.
Дөрөв.Хүүхдийн эрхийн улсын
байцаагчийн бүрэн эрх
4.1.Улсын байцаагчийн бүрэн эрх
4.1.1.Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай
хуулийн 10.9, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 55.2-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.1.хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон,
орсон байж болзошгүй тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламж, ажлын байр, орон байранд эзэмшигчид нь урьдчилан мэдэгдэхгүйгээр нэвтэрч хүүхдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
4.1.1.2.энэ дүрмийн 4.1.1.1, 5.3-т зааснаас бусад
тохиолдолд хяналт шалгалтыг улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагчаас баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэх;
4.1.1.3.хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй
хэлбэр, хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн, өртөх эрсдэлтэй хүүхдэд шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ авах;
4.1.1.4.хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан
сэргийлэх, илрүүлэх зорилгоор хүүхдийн амьдарч буй орчин, орон байр болон сургалтын орчинтой танилцах, хүүхэд болон бусад холбогдох хүн, албан хаагчтай ярилцлага хийх, асуулга авах;
4.1.1.5.худалдаа, үйлчилгээний газар,
боловсролын сургалтын байгууллагаас гадуурх сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдээс хүүхдийн эрх зөрчиж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг арилгуулах, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсан бол зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах;
4.1.1.6.хүүхдийн хэвийн өсөлт, хөгжил, эрүүл
мэнд, аюулгүй байдалд хохирол учруулах байдлаар үйл ажиллагаа явуулсан хүн, хуулийн этгээдэд олгосон зөвшөөрлийг түдгэлзүүлэх,
хүчингүй болгох, үйл ажиллагааг нь хязгаарлах, зогсоох талаарх саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
4.1.1.7.согтуурч, мансуурсны улмаас хүүхдэд
аюул учруулах эрсдэлтэй хүний талаарх мэдээллийг сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлэх;
4.1.1.8.хяналт шалгалтад мэргэжилтэн, хуулийн
этгээдийг оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах, дүгнэлт гаргуулах саналыг улсын ахлах байцаагч, улсын ерөнхий байцаагчид уламжлах;
4.1.1.9.хуулиар харьяалуулсан зөрчлийг шалган
шийдвэрлэх.
4.2.Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагчийн бүрэн эрх
4.2.1.Улсын ахлах байцаагч Төрийн хяналт шалгалтын
тухай хуулийн 10.12-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4.2.2.Улсын ерөнхий байцаагч Төрийн хяналт шалгалтын
тухай хуулийн 10.12-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.2.2.1.хүүхдийн эрхийн талаарх хууль тогтоомж,
Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор албан даалгавар гаргах;
4.2.2.2.хүүхдийн эрхийн асуудлаар нийтлэг
зөвлөмж гаргах;
4.2.2.3.хяналтын салбарын чиглэл тус бүрээр
хөтлөх хяналтын хуудасны маягт, хөтлөх заавар батлах;
4.2.2.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 142.5-д
заасны дагуу 15 нас хүрээгүй хүнийг урлаг, спортын үзүүлбэр, зар сурталчилгаанд оролцуулах зөвшөөрөл олгох маягтыг батлах.
Тав.Хяналт шалгалт хийх
5.1.Хяналтын шалгалтын төрөл
5.1.1.Хүүхдийн эрхийн улсын байцаагч Төрийн хяналт
шалгалтын тухай хуульд заасны дагуу дараах төрлийн хяналт шалгалтыг хийнэ:
5.1.1.1.төлөвлөгөөт хяналт шалгалт;
5.1.1.2.төлөвлөгөөт бус хяналт шалгалт;
5.1.1.3.урьдчилан сэргийлэх хяналт шалгалт;
5.1.1.4.гүйцэтгэлийн шалгалт.
5.1.2.Улсын байцаагч энэ дүрмийн 5.1.1.2-т зааснаас
бусад хяналт шалгалт хийхээс өмнө хяналт шалгалтын удирдамжийг Засгийн газраас баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-д заасны дагуу батлуулсан байна.
5.1.3.Улсын байцаагч хяналт шалгалт хийх тухай мэдэгдэх
хуудсыг хуульд заасан хугацаанд шалгуулагч этгээдэд шуудангаар, утсаар, эсхүл цахимаар урьдчилан мэдэгдэнэ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тохиолдолд урьдчилан мэдэгдэх шаардлагагүй.
5.2.Төлөвлөгөөт хяналт шалгалт
5.2.1.Улсын ерөнхий байцаагч энэ дүрмийн 2.2-т заасан
чиглэлийн хүрээнд тухайн жилд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын төлөвлөгөөг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.1-д заасны дагуу Хяналт, үнэлгээний Үндэсний хороонд хүргүүлж, батлуулна.
5.2.2.Улсын ерөнхий байцаагч энэ дүрмийн 5.2.1-д
заасан төлөвлөгөөнд нийцүүлэн хяналт шалгалтад хамрагдах объект, хяналт шалгалт хийх чиглэлийн жагсаалтыг батална.
5.3.Төлөвлөгөөт бус хяналт шалгалт
5.3.1.Улсын байцаагч төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг
дараах үндэслэлээр хийнэ:
5.3.1.1.хүүхдийн эрхийн зөрчлийн талаар хүн,
хуулийн этгээдээс үндэслэл бүхий өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлсэн;
5.3.1.2.эрх бүхий байгууллагын шийдвэрээр.
5.4.Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт
5.4.1.Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хүүхдийн
амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учрах, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хийнэ.
5.4.2.Худалдаа, үйлчилгээ, олон нийтийг хамарсан
арга хэмжээ, соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээн, үндэсний спорт, жагсаал, цуглаан, бусад арга хэмжээ эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж болно.
5.4.3.Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тухайн
асуудлыг хариуцсан салбарын хяналт шалгалтын нэгж, байгууллагатай хамтран хийж болно.
5.5.Гүйцэтгэлийн шалгалт
5.5.1.Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад
илэрсэн зөрчлийг арилгуулах талаар улсын байцаагчаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах, хангуулах зорилгоор хийнэ.
Зургаа.Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн
шийдвэр, түүнд гомдол гаргах
6.1.Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн шийдвэр
6.1.1.Хүүхдийн эрхийн улсын байцаагч хяналт шалгалтын
бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газраас баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”, “Хяналт шалгалтын баримт бичгийн загвар”-ын дагуу хяналт шалгалтын удирдамж, хяналт шалгалтын танилцуулга, шалгалтын тэмдэглэл хөтөлж, хяналтын хуудас, мэдэгдэх хуудас, албан шаардлага, зөвлөмж, дүгнэлт, акт үйлдэнэ.
6.1.2.Хүүхдийн эрхийн улсын байцаагч хүүхдийн эрхийн
тухай хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандартыг таниулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хүүхдийн эрхийг зөрчиж болзошгүй шалтгаан нөхцөлийг арилгуулах зорилгоор зөвлөмж үйлдэнэ.
6.1.3.Хүүхдийн эрхийн улсын байцаагч хяналт шалгалтаар
илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай албан шаардлага үйлдэнэ.
6.1.4.Хүүхдийн эрхийн улсын байцаагч хяналт шалгалтад
хамрагдсан барилга, байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдал нь хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт, техникийн зохицуулалт, стандарт шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт үйлдэнэ.
6.1.5.Хүүхдийн эрхийн улсын байцаагч Засгийн газраас
баталсан “Хяналт шалгалт хийх нийтлэг журам”-ын 26.1-д заасан үндэслэлээр акт үйлдэнэ.
6.1.6.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар
харьяалуулсан зөрчлийг шалган шийдвэрлэж, шийтгэлийн хуудас үйлдэнэ.
6.1.7.Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргах акт,
албан шаардлага, дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т заасан шаардлагыг хангасан байна.
6.2.Шийдвэрт гомдол гаргах
6.2.1.Холбогдох этгээд энэ дүрмийн 6.1.6-д заасан
шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор харьяалах шүүхэд гомдол гаргах эрхтэй.
6.2.2.Энэ дүрмийн 6.2.1-д зааснаас бусад тохиолдолд
улсын байцаагч, улсын ахлах байцаагчийн шийдвэрт холбогдох гомдлыг дээд шатны улсын байцаагчид гаргана. Гомдлыг дээд шатны улсын байцаагч хуульд заасан хугацаанд шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
Долоо.Хүүхдийн эрхийн улсын байцаагчаас
бусад байгууллагатай харилцах
7.1.Хүүхдийн эрхийн улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ
хяналт шалгалтын бусад байгууллагатай хамтран ажиллах, үйл
ажиллагаагаа уялдуулан зохицуулна.
7.2.Хүүхдийн эрхийн улсын байцаагч өргөн нэвтрүүлгийн
үйлчилгээ, цахим орчинд хүүхдэд хортой агуулгыг хянах, хязгаарлах, хаах талаар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллана.
7.3.Хүүхдийн эрхийн улсын байцаагч гамшиг, гамшгийн онцгой
нөхцөл байдалд байгаа хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлд өртсөн хүүхдийн эсэн мэнд, аюулгүй амьдрах, хөгжих, оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай, тасралтгүй хүргэх чиглэлээр онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, орон нутгийн онцгой комисс, бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллана.
7.4.Цагдаагийн байгууллага нь цахим орчинд хүүхдийн эрхийг
зөрчсөн этгээдийг олж тогтоох, цахим орчинд үйлдэгдсэн хүүхдийн эрхийн зөрчлийг шалгахад Хүүхдийн эрхийн улсын байцаагчид туслалцаа үзүүлнэ.
7.5.Хүүхдийн эрхийн улсын байцаагч эрх нь зөрчигдсөн, эрсдэлт
нөхцөлд байгаа хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргах, сураггүй алга болсон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн талаарх лавлагаа мэдээллийг цагдаагийн байгууллагаас гаргуулж авна.
7.6.Хүүхдийн эрхийн улсын байцаагчаас хилийн чанад дахь
Монгол Улсын харьяат хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулахад тухайн улсад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар туслалцаа үзүүлж, хамтран ажиллана.
Найм.Хүүхдийн эрхийн төлөөллийг хэрэгжүүлэх
8.1.Улсын байцаагч хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд
заасан журмын дагуу төрийн байгууллагад өргөдөл, гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.
8.2.Хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон
тохиолдолд Хүүхдийн эрхийн улсын байцаагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг), Арван зургадугаар бүлэг (Хүүхдийн эсрэг гэмт хэрэг)-т заасан гэмт хэргийн хохирогч хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хуульд заасан шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.
8.3.Хүүхдийн эрхийн улсын байцаагч хүүхэд асрах хувилбарт
үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн хөрөнгө, өвлөгдөх хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоолгох тухай хүсэлт, нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргаж, шийдвэрлүүлнэ.
Ес.Улсын байцаагчийн бүрэн эрхээ
хэрэгжүүлэх баталгаа
9.1.Хүүхдийн эрхийн улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11.1-д заасан баталгаагаар хангагдах бөгөөд шаардагдах зардлыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн төсөвтөө тусгаж, шийдвэрлүүлнэ.
9.2.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага хүүхдийн эрхийн улсын байцаагчаас зөрчил
шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад шаардагдах зардлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газраас баталсан журмын дагуу тооцож, жил бүрийн төсөвтөө тусгаж, шийдвэрлүүлнэ.
Арав.Хариуцлага
10.1.Хүүхдийн эрхийн улсын байцаагч энэ дүрмийг зөрчсөн бол
түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----о0о----










