Журам батлах тухай № 124
2024 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр Дугаар 124 хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн
1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 8.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг хавсралт
ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт,
аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгасугай.
3.Энэ тогтоолын 1-д заасан журмыг хэрэгжүүлэх хүрээнд гарах
зардлыг батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлж байхыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд үүрэг болгосугай.
Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монголын орчин үеийн зохиолчдын байгууллагын суурийг
тавьж, залуучуудыг утга зохиолоор дамжуулан соён гэгээрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан их зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах, шагнал олгох үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.С.Буяннэмэхийн нэрэмжит шагналыг монголын тайз, жүжгийн
зохиол туурвигч залуу уран бүтээлчийг дэмжих, ирээдүйн зохиолчдын залгамж халааг бэлтгэх зорилгоор тайз, жүжгийн зохиол бүтээл туурвигч Монгол Улсын 15-34 насны 5 хүртэлх тооны иргэнийг 2 жил тутам сонгон шалгаруулж олгоно.
1.3.С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал хүртсэн бүтээлийг соёлын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүртгэж, Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгална.
Хоёр.Шагналд нэр дэвшүүлэх
2.1.Нэр дэвшигчийн бүтээлд дараах бичиг баримтыг хавсаргана:
2.1.1.бүтээлийн болон шагналд нэр дэвшигчийн
танилцуулга;
2.1.2.зохиогч өөрөө нэр дэвшүүлсэн тохиолдолд нэр
дэвшүүлэх үндэслэл, танилцуулга;
2.1.3.хамтын удирдлагын болон хэвлэн нийтлэх
байгууллага нэр дэвшүүлсэн тохиолдолд тухайн байгууллагын хуралдааны тэмдэглэл, нэр дэвшүүлэх үндэслэл, танилцуулга;
2.1.4.бүтээлийн онцлогийн талаарх Монголын зохиолчдын
эвлэлийн Шүүмж судлалын төвийн дүгнэлт, танилцуулга.
Гурав.Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах
3.1.С.Буяннэмэхийн нэрэмжит шагналд нэр дэвшигчийн бүтээлд
үнэлгээ өгөх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комиссыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр байгуулж, шагналд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах удирдамжийг батална.
3.2.Комисс нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
болон төрийн захиргааны байгууллага, зохиолчдын хамтын удирдлагын байгууллага, зохиолч, судлаач, шүүмжлэгч, эрдэмтэд, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдийн төлөөллөөс бүрдсэн дараах шаардлагыг хангасан 7-оос багагүй, сондгой тооны гишүүдтэй байна:
3.2.1.салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч, яруу
найрагч, судлаач, шүүмжлэгч, соёл судлалын эрдэмтэн болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын асуудал хариуцсан албан хаагч байх;
3.2.2.салбартаа 5-аас доошгүй жил ажилласан байх;
3.2.3.мэргэжлийн ёс зүйн болон зохиогчийн эрхийн
зөрчилгүй байх.
3.3.Комисс нь батлагдсан удирдамжийг сонгон шалгаруулалтаас
өмнө 30-аас доошгүй хоногийн хугацаатай олон нийтэд ил түгээж, шударга өрсөлдөөний зарчмыг баримтлан 30 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
3.4.Комиссын гишүүд хуралдаанд оролцох үүрэгтэй бөгөөд нийт
гишүүдийн дөрөвний гурваас доошгүй хувь нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд ирэх боломжгүй тохиолдолд хуралдаанаас өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг илээр хурааж, олонхын саналаар дүгнэлт, санал гаргана.
3.5.Хуралдаанд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурснаар
комиссын дүгнэлт баталгаажна.
3.6.Комиссын гишүүн нь өөрөө нэр дэвшсэн тохиолдолд ашиг
сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гишүүнээс татгалзах үүрэгтэй.
3.7.Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн шагнал олгох
шийдвэрийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тушаалаар баталгаажуулна.
3.8.Комисс нь нарийн бичгийн даргатай байх бөгөөд хуралдааны
тэмдэглэл, бүтээлд өгсөн үнэлгээ, санал, дүгнэлтийг холбогдох баримт бичгийн хамт зохих журмын дагуу байгууллагын архивд шилжүүлнэ.
Дөрөв.Шагнал гардуулах
4.1.Бүтээл нь шалгарсан тайз, жүжгийн зохиол бүтээл туурвигчдад
их зохиолч С.Буяннэмэхийн мэндэлсэн өдрөөр шагналыг гардуулна.
4.2.Шагналыг их зохиолч дүр бүхий тэмдэг, гэрчилгээ, мөнгөн
шагнал дагалдана. Мөнгөн шагналын хэмжээ 2,500,000.00 (хоёр сая таван зуун мянга) төгрөг байна.
----о0о----


