Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1296)
— 3804 —

Журам батлах тухай № 344

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр Улаанбаатар

сарын 13-ны өдөр Дугаар 344 хот

Журам батлах тухай

Хүнсний тухай хуулийн 6.2-т заасныг үндэслэн Монгол Улсын

Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах

журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах

зардлыг жил бүрийн орон нутгийн төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулан 2024 онд нөөцийн

мах бэлтгэхтэй холбогдуулан 2023 оны 10-12 дугаар сард аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулах замаар шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг батлагдсан төсвийн багцдаа зохицуулалт хийж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд зөвшөөрсүгэй.

4.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж

ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН

Засгийн газрын 2023 оны 09 дүгээр

сарын 13-ны өдрийн 344 дүгээр

тогтоолын хавсралт

СТРАТЕГИЙН ХҮНСНИЙ УЛИРЛЫН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХ,
ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой хангах

зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөц (цаашид “нөөц” гэх)-ийг бүрдүүлэх, зарцуулахад энэ журмыг баримтална.

1.2.Энэ журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ

хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд дагаж мөрдөнө.

1.3.Нөөц бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааг зохион байгуулахад

хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжил арга зүйн зөвлөмж, нэгдсэн удирдлагаар хангана.

1.4.Энэ журам гамшгийн үеийн нөөц бүрдүүлэх, зарцуулах үйл

ажиллагаанд хамаарахгүй.

Хоёр.Нөөц бүрдүүлэлт, хадгалалт

2.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяалах нутаг

дэвсгэрийнхээ онцлог, цаг агаар, уур амьсгал болон үйлдвэр, хадгалах агуулахын багтаамж, хүн амын тоо, өсөлт, бууралтыг харгалзан хэрэгцээ, эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан Хүнсний тухай хуулийн 3.1.6-д заасан хүнсний нөөцийг бүрдүүлэх ажлыг дараах байдлаар зохион байгуулна:

2.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ бүрдүүлэх болон бусад

аймаг, нийслэлээс авах нөөцийн нэр төрөл, тоо хэмжээг энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан хүснэгтийн дагуу тогтоох;

2.1.2.бусад аймаг, нийслэлд нийлүүлэх боломжтой нөөцийн

нэр төрөл, тоо хэмжээг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан хүснэгтийн дагуу тогтоох;

2.1.3.дараа жилийн бэлтгэх нөөцийн нэр төрөл, тоо

хэмжээний саналыг өмнөх жилийн нөөцийн зарцуулалтын тайлангийн хамт хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлэх.

2.2.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

аймаг, нийслэлээс ирүүлсэн саналыг нэгтгэж, улсын хэмжээнд бүрдүүлэх нөөцийн мэдээллийг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Засгийн газарт танилцуулж нөөцийн нэр төрөл, тоо хэмжээг тогтоож болно.

2.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тогтоосон тоо хэмжээний

нөөцийг бүрдүүлэхэд шаардагдах санхүүжилтийг орон нутгийн тухайн жилийн төсөвт тусгуулах арга хэмжээг авна.

2.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн орон нутгийн нөөц

бэлтгэх боломжтой бэлтгэн нийлүүлэгчтэй холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулалтын үндсэн дээр гэрээ байгуулан нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

2.5.Энэ журмын 2.4-т заасан нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг

зээлийн хүүгийн хөнгөлөлт буюу татаас, эсхүл Хүнсний тухай хуулийн 8.5-д заасны дагуу урамшуулал өгөх хэлбэрээр дэмжлэг үзүүлж болно.

2.6.Энэ журмын 2.4-т заасан гэрээнд нөөцийн нэр төрөл, тоо

хэмжээ, чанар, аюулгүй байдлын үзүүлэлт, бэлтгэх болон худалдах хугацаа, борлуулалтын төлөвлөгөө, хуваарь, эрсдэлээс шалтгаалан гэрээний заалт үл биелэгдэх нөхцөл үүсэх, түүнээс гарах үр дагавар, хариуцлагын талаар тусгасан байна.

2.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь бэлтгэсэн нөөцийн

мэдээллийг доор дурдсан хугацаанд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

2.7.1.мах, ундны усны нөөцийн мэдээллийг дараа оны 02

дугаар сарын 15-ны өдрийн дотор;

2.7.2.сүүний нөөцийн мэдээллийг тухайн жилийн 10 дугаар

сарын 15-ны өдрийн дотор;

2.7.3.улаанбуудай, тарианы үр, гурилын нөөцийг тухайн

жилийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор.

2.8.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

нь энэ журмын 2.7-д заасан мэдээллийг нэгтгэн холбогдох байгууллага, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.

Гурав.Шаардлага

3.1.Бэлтгэн нийлүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

3.1.1.Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3,

Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.4, 7.5-д заасан шаардлагыг бүрэн хангах;

3.1.2.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах

тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3-т заасан үүргийг биелүүлэх.

3.2.Нөөц нь дараах шаардлагыг хангасан байна:

3.2.1.Эрүүл ахуйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.4,

8.5, 8.6-д заасан шаардлагыг хангах;

3.2.2.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах

тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.4-т заасан шаардлагад нийцсэн байх.

Дөрөв.Нөөцийг хадгалах

4.1.Бэлтгэсэн нөөцийг Монгол Улсын болон олон улсын стандарт,

техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн агуулахад хадгална.

4.2.Бэлтгэсэн нөөцийг бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний

үндсэн дээр түүний агуулахад хадгалж болно.

Тав.Зарцуулалт

5.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь бэлтгэсэн нөөцийг

стандартын шаардлага хангасан байр бүхий тухайн орон нутгийн хүнсний чиглэлийн худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан худалдах замаар зарцуулалтыг зохион байгуулна.

5.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь нөөц зарцуулах үйл

ажиллагааны явцын (худалдсан тоо хэмжээ, үнэ, нөөцийн үлдэгдэл гэх мэт) мэдээг худалдаж эхэлсэн хугацаанаас эхлэн 14 хоног тутамд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

5.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

нь нөөцийн мэдээлэлд үндэслэн боломжит нөөцийг бусад орон нутагт шилжүүлэх саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж болно.

Зургаа.Хяналт

6.1.Аймаг, нийслэл дэх хүнсний хяналт хэрэгжүүлэх байгууллага

болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны

байгууллагын улсын байцаагч нь холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу тухайн бэлтгэсэн нөөцийн чанар, аюулгүй байдал, баталгаажилт, гарал үүсэл, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт тавина.

6.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь бэлтгэн нийлүүлэгч, хүнсний

худалдаа эрхлэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавина.

6.3.Төрийн бус байгууллага нөөцийн бүрдүүлэлт, хадгалалт,

зарцуулалт, үнэд хөндлөнгийн хяналт тавьж болно.

6.4.Аймаг, нийслэл дэх татварын байгууллага нь нөөцийг татварын

цахим системээр дамжуулан борлуулж байгаа эсэхэд хяналт тавина.

Долоо.Хариуцлага

7.1.Нөөц бэлтгэхэд бүрдүүлсэн баримт бичиг, гэрээ, санхүүгийн

баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх ба үүнтэй холбоотой үүссэн хохирлыг буруутай тал хариуцна.

7.2.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль

тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

----о0о----

Хүснэгт 1

ХАРЬЯАЛАХ НУТАГ ДЭВСГЭРТЭЭ БҮРДҮҮЛЭХ БОЛОН БУСАД АЙМАГ, НИЙСЛЭЛЭЭС
АВАХ НӨӨЦИЙН НЭР ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭНИЙ САНАЛ

№ Аймаг, нийслэл Өөрийн орон нутагт бүрдүүлэх нөөцийн Бусад аймаг, нийслэлээс авах нөөцийн

нэр төрөл тоо хэмжээ (тонн) нэр төрөл тоо хэмжээ (тонн)

1. Улаанбаатар

Мах

Сүү

Гурил

2. Архангай

3. Баян-Өлгий

4. Баянхонгор

5. Булган

6. Говь-Алтай

7. Говьсүмбэр

8. Дархан-Уул

9. Дорноговь

10. Дорнод

11. Дундговь

12. Завхан

13. Орхон

14. Өвөрхангай

15. Өмнөговь

16. Сүхбаатар

17. Сэлэнгэ

18. Төв

19. Увс

20. Ховд

21. Хөвсгөл

22. Хэнтий

Хүснэгт 2

БУСАД АЙМАГ, НИЙСЛЭЛД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
НӨӨЦИЙН НЭР ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭНИЙ САНАЛ

№ Аймаг, нийслэл Бусад аймаг, нийслэлд нийлүүлэх боломжтой нөөцийн Нийлүүлэх аймаг

1. Улаанбаатар

нэр төрөл тоо хэмжээ (тонн)

Мах

Сүү

Гурил

2. Архангай

3. Баян-Өлгий

4. Баянхонгор

5. Булган

6. Говь-Алтай

7. Говьсүмбэр

8. Дархан-Уул

9. Дорноговь

10. Дорнод

11. Дундговь

12. Завхан

13. Орхон

14. Өвөрхангай

15. Өмнөговь

16. Сүхбаатар

17. Сэлэнгэ

18. Төв

19. Увс

20. Ховд

21. Хөвсгөл

22. Хэнтий

Төрийн мэдээлэл · 2023 · № 48 (1296)3804–3810-р хуудас