Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(1291)
— 3322 —

Журам батлах тухай № 156

2023 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 26-ны өдөр Дугаар 156 хот

Журам батлах тухай

Музейн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг үндэслэн

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн

шилжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд

Ч.Номинд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Засгийн газрын 2023 оны 04 дүгээр

сарын 26-ны өдрийн 156 дугаар

тогтоолын хавсралт

МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙГ ГАМШИГ БОЛОН АЮУЛЫН
ҮЕД НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед түр хугацаагаар

нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

1.2.Музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 24.1-д заасан хүч хэрэгслийг дайчлан өөр барилга байгууламж, эсхүл аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 19.2-т заасан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг дагаж мөрдөнө.

1.3.Музейн сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд

дараах зарчмыг баримтална:

1.3.1.шуурхай байх;

1.3.2.нэгдмэл удирдлагатай байх;

1.3.3.хариуцлагатай байх;

1.3.4.дэвшилтэд техник, технологи, багаж хэрэгсэлд тулгуурлах;

1.3.5.ажилтан, албан хаагчдын тэгш оролцоог хангах.

1.4.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх

хэлбэрийн музей энэ журмыг дагаж мөрдөнө.

1.5.Гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлснээс үүдэн гарах

хохирлыг тооцоход Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20.3-т заасан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ыг, гамшиг болон аюулын хор уршгийг арилгах үйл ажиллагаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 20.4-т заасан “Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”-ыг баримтлан зохион байгуулна.

Хоёр.Нэр томьёо

2.1.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар

ойлгоно:

2.1.1.“музейн сан хөмрөг” гэж Музейн тухай хуулийн 4.1.6-д заасныг;

2.1.2.“гамшиг” гэж Гамшгийн тухай хуулийн 4.1.1-д заасныг;

2.1.3.“аюул” гэж Гамшгийн тухай хуулийн 4.1.5-д заасныг.

Гурав.Нүүлгэн шилжүүлэх бэлэн байдал

3.1.Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн

шилжүүлэх бэлэн байдлын төлөвлөгөө (цаашид “бэлэн байдлын төлөвлөгөө” гэх) болон гамшиг болон аюулын үед ажиллах нарийвчилсан төлөвлөгөө (цаашид “нарийвчилсан төлөвлөгөө” гэх)-г музейн захирал харьяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын байгууллагатай хамтран Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Музейн тухай хуулийг үндэслэн боловсруулж, музейг үүсгэн байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр батална.

3.2.Энэ журмын 3.1-д заасан бэлэн байдлын төлөвлөгөө болон

нарийвчилсан төлөвлөгөө нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8.1-д заасан гамшгаас хамгаалах төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсэг болгон хавсаргана.

3.3.Энэ журмын 3.1-д заасан төлөвлөгөөг 5 хувь үйлдэж, музейг

үүсгэн байгуулагч, музейн захирал, харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, онцгой байдлын байгууллага болон музейн аюулгүй байдлыг хариуцсан нэгж, албан тушаалтан тус бүрд нэг хувийг хүлээлгэн өгч, төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцуулна.

3.4.Музейн захирал бэлэн байдлын төлөвлөгөө болон нарийвчилсан

төлөвлөгөөг музейн албан хаагчдад танилцуулж, байгууллагын хэмжээнд болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран дадлага сургуулилт явуулж, чадавхжуулах арга хэмжээ авна.

3.5.Бэлэн байдлын төлөвлөгөө болон нарийвчилсан төлөвлөгөөг

хэсэгчлэн болон бүтнээр нь хувилан олшруулахгүй, энэ журмын 3.3-т зааснаас бусад этгээдэд дамжуулахгүй, нийтийн хэрэгцээнд зориулан хэвлэн нийтлэхгүй байх үүрэг хүлээнэ.

3.6.Бэлэн байдлын төлөвлөгөө, нарийвчилсан төлөвлөгөө

байгууллагын нууцад хамаарна.

Дөрөв.Бэлэн байдлын төлөвлөгөө

4.1.Музейн бэлэн байдлын төлөвлөгөө нь музейн сан хөмрөгийг

гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэхэд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.24-т заасан “бэлэн байдал”-ыг хангахад чиглэсэн удирдлагын баримт бичиг байна.

4.2.Бэлэн байдлын төлөвлөгөөнд дараах мэдээллийг тусгана:

4.2.1.музейн үзмэр, цуглуулгын байршлын зураглал;

4.2.2.сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх аюулгүй байршил;

4.2.3.сан хөмрөгийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлэх

маршрут;

4.2.4.үзмэр, цуглуулгыг ороож боох, хайрцаглах, зөөх зааварчилгаа;

4.2.5.үзмэр цуглуулгыг аюулгүй хэсэгт байршуулах зураглал;

4.2.6.үзмэр, цуглуулгыг нүүлгэн шилжүүлэхэд ашиглах техник,

тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн байршил, тэдгээрийг ашиглах зааварчилгаа;

4.2.7.холбогдох бусад мэдээлэл.

4.3.Бэлэн байдлын төлөвлөгөөнд гамшиг болон аюулын шинж

байдлыг харгалзан сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх аюулгүй орчны байршлыг 2-оос ихгүй хувилбартайгаар тусгаж болно.

4.4.Музейн захирал бэлэн байдлын төлөвлөгөөнд байнгын хяналт

тавьж, холбогдох баримт бичиг, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг заасан байршилд байгаа эсэхийг тухай бүр шалгана.

4.5.Музейн захирал шаардлагатай бол бэлэн байдлын төлөвлөгөөнд

харьяалах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа онцгой байдлын байгууллагатай зөвшилцөж зохих тодотгол хийж болно. Тодотголыг тухай бүр энэ журмын 3.3-т заасан этгээдэд хүргүүлнэ.

Тав.Нарийвчилсан төлөвлөгөө

5.1.Музейн нарийвчилсан төлөвлөгөө нь музейн сан хөмрөгийг

гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангахад чиглэсэн удирдлагын баримт бичиг байна.

5.2.Нарийвчилсан төлөвлөгөөнд дараах мэдээллийг тусгана:

5.2.1.гамшиг болон аюулын талаар мэдээлэх албан хаагч,

хуулийн этгээдийн нэрс, холбогдох утасны дугаар, хаяг;

5.2.2.сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд

оролцох албан хаагчдын нэрс, холбогдох утасны дугаар (2-оос доошгүй), гэрийн хаяг;

5.2.3.сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд

оролцох албан хаагчдын цуглах байршил, үүрэг гүйцэтгэх замын зураг;

5.2.4.үзмэр, цуглуулгыг нүүлгэн шилжүүлэхэд ашиглах техник,

тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг албан хаагчдад хуваарилсан жагсаалт;

5.2.5.сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаанд

оролцох албан хаагчийг эзгүй үед түүнийг орлох албан хаагчийн нэрс, холбогдох утасны дугаар (2-оос доошгүй), гэрийн хаяг;

5.2.6.албан хаагчийн аюулгүй байршилд очих маршрутын

зураглал (план);

5.2.7.нүүлгэн шилжүүлсэн үзмэр, цуглуулгад тавих хяналт.

5.3.Нарийвчилсан төлөвлөгөөнд албан хаагчдын музейн сан

хөмрөгийг нүүлгэн шилжүүлэхэд гүйцэтгэх үүрэг, хариуцах ажлыг давхцахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, тусгана.

Зургаа.Нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг

зохион байгуулах

6.1.Музейн аюулгүй байдлын ажилтан, эсхүл харуул хамгаалалтын

ажилтан гамшиг болон аюулын нөхцөл байдал тогтоогдмогц дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ:

6.1.1.музейн захирал болон харьяалах нутаг дэвсгэрийн Засаг

дарга, онцгой байдлын болон цагдаагийн байгууллагад мэдэгдэх;

6.1.2.үйлчлүүлэгчдийг музейн танхимаас гаргах;

6.1.3.холбогдох бусад арга хэмжээг авах.

6.2.Нарийвчилсан төлөвлөгөөнд сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх

үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр томилогдсон албан хаагчид гамшиг

болон аюулын нөхцөл байдлын талаар мэдсэн даруйд товлосон газарт яаралтай цуглах үүрэгтэй.

6.3.Музейн албан хаагчид нарийвчилсан төлөвлөгөөнд заасны дагуу

тус тусын хүлээсэн үүргийг гүйцэтгэнэ.

6.4.Гамшиг болон аюулын нөхцөл байдал хүний амь нас, эрүүл

мэндэд хохирол учруулахуйц хэмжээнд хүрсэн бол музейн албан хаагч нэн тэргүүнд гамшиг болон аюулын бүсийг орхин, аюулгүй байршилд очиж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээ авна.

Долоо.Нүүлгэн шилжүүлсний дараах үйл ажиллагаа

7.1.Музейн захирал сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлсний дараа

дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ:

7.1.1.аюулгүй орчинд байршуулсан үзмэр, цуглуулгад хяналтын

тооллого хийх;

7.1.2.нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны улмаас үзмэр,

цуглуулгад учирсан хохирлыг үнэлгээний байгууллагатай хамтран тооцож гаргах;

7.1.3.хяналтын тооллого болон хохирлын талаарх мэдээллийг

үүсгэн байгуулагч, харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргад танилцуулах;

7.1.4.нүүлгэн шилжүүлсэн үзмэр, цуглуулгад харуул, хамгаалалтын

болон хяналтын ажилтан томилж ажиллуулах.

7.2.Музейн захирал гамшиг болон аюулын улмаас үүссэн хохирлыг

арилгах, нүүлгэн шилжүүлсэн үзмэр, цуглуулгыг анхны байрлалд буцаан байршуулах арга хэмжээг зохион байгуулна.

7.3.Гамшиг болон аюулын улмаас үүссэн хохирлыг арилгахад цаг

хугацаа шаардлагатай болсон, эсхүл бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нүүлгэн шилжүүлсэн үзмэр, цуглуулгыг анхны байршилд буцаан байршуулах боломжгүй болсон бол музейн захирал музейн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, музейн үйлчилгээг хязгаарлах, хаах арга хэмжээ авч болно.

7.4.Музейн захирал гамшиг болон аюулын талаар мэргэжлийн

байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн музейн сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэхэд гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлэх арга хэмжээ авна.

Найм.Бусад зүйл

8.1.Сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх, үйлчлүүлэгч, музейн

ажилтныг гамшгаас хамгаалах болон гамшгийн үеийн үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх дадлага, чадвартай болгох, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх зэрэг гамшиг болон аюулын үеийн бэлэн байдлыг хангахад шаардагдах зардлыг жил бүр төсөвтөө тусган санхүүжүүлнэ.

8.2.Энэ журмыг зөрчсөн бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн

тухай хуульд заасан хариуцлага оногдуулна.

----о0о----

Төрийн мэдээлэл · 2023 · № 43 (1291)3322–3328-р хуудас