Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг тайлбарлах тухай № 19
2023 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 19 хот
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг тайлбарлах тухай
Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв. Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “шүүхийн шийдвэр, практикт үндэслэн” хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар заасан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8, 36.9 дэх хэсгийг нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлага дараах шүүхийн шийдвэр, практикаар тогтоогдов.
2.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Ерөнхий шүүгчийг томилох тухай” 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгожээ.
Үүнтэй холбогдуулан тус шүүхийн шүүгчээс “ ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд Ерөнхий шүүгчид гурван шүүгч өрсөлдөж, холбогдох мөрийн хөтөлбөр, танилцуулгаа танилцуулж, нууц санал хураалтыг явуулж хэн аль нь олонхын санал аваагүй тул тус шүүхийн шүүгч ...-ийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.9-д заасныг үндэслэн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчээр томилж, өнөөдрийг хүртэлх хугацаанд үүрэгт ажлаа хийж, холбогдох эрхийн актууд болон шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг хууль болон журмын дагуу албажуулсан байна.