Журам батлах тухай № 465
2022 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 14-ний өдөр Дугаар 465 хот
Журам батлах тухай
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 15.1.4-т заасныг үндэслэн
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Улсын өмгөөлөгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг
хавсралт ёсоор баталсугай.
2.Улсын өмгөөлөгчийн мөнгөн урамшуулалд шаардагдах зардлын
эх үүсвэрийг хуулиар тогтоосон хугацаатай нь уялдуулан улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.
Засгийн газрын 2022 оны 465 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 19.1.3-т заасны дагуу
улсын өмгөөлөгчид таван жил тутамд мөнгөн урамшуулал олгоход энэ журмыг баримтална.
1.2.Улсын өмгөөлөгчийн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн
19.1.3-т заасан ажилласан жилийг тооцохдоо Хууль зүйн туслалцааны тухай хуулийн (шинэчилсэн найруулга) хүчин төгөлдөр болсон 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тоолно.
Хоёр.Мөнгөн урамшуулал олгоход
тавигдах шаардлага
2.1.Улсын өмгөөлөгчийн тасралтгүй таван жил ажилласан
хугацааг тоолохдоо түүнийг ажилд томилсон тушаал, шаардлагатай бол нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, архивын лавлагаа зэрэг баримтыг үндэслэнэ.
2.2.Энэ журмын 2.1-д заасан ажилласан хугацааг тоолохдоо
дараах хугацааг хамааруулж тооцно:
2.2.1.ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг шүүхийн
шийдвэрээр эргүүлэн тогтоосон бол уг шалтгаанаар ажилгүй байсан хугацаа;
2.2.2.баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг
үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан, шүүхээс цагаатгах тогтоол гаргасан, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хугацаа;
2.2.3.гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд
дайчлагдан ажилласан хугацаа.
2.3.Энэ журмын 2.1-д заасан хугацааг тоолохдоо улсын
өмгөөлөгчийн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил, аймгийн төв, алслагдсан дүүрэгт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа хугацааг оруулан тооцно.
Гурав.Мөнгөн урамшуулал олгох
3.1.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 19.1.3-т заасан
шаардлагыг хангасан улсын өмгөөлөгч мөнгөн урамшуулал авах хүсэлтээ Хууль зүйн туслалцааны төвийн төсвийн шууд захирагчид бичгээр гаргана.
3.2.Энэ журмын 3.1-д заасан хүсэлтийг Хууль зүйн туслалцааны
төвийн хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж хүлээн авч, холбогдох баримт бичиг, ажилласан хугацааг тодорхойлон мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргуулах саналыг байгууллагын захиралд уламжлан шийдвэрлүүлнэ.
3.3.Хууль, энэ журамд заасан шаардлага хангасан улсын
өмгөөлөгчид байгууллагын захирлын тушаалаар мөнгөн урамшууллыг олгоно.
Дөрөв.Бусад
4.1.Хууль зүйн туслалцааны төв нь мөнгөн урамшуулал
олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгуулан хэрэгжүүлнэ.
4.2.Улсын өмгөөлөгчид мөнгөн урамшуулал давтан олгох
хугацааг мөнгөн урамшуулал авах эрх үүссэн өдрөөс эхлэн тоолно. Хугацааг тоолохдоо Иргэний хуулийн Наймдугаар бүлэгт заасан хугацаа тодорхойлох, тоолох журмыг баримтална.
4.3.Улсын өмгөөлөгчийн үндсэн цалин болон ажилласан хугацааг
албаны бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглаж буруу тодорхойлох, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр мөнгөн урамшууллыг хууль бусаар тогтоож олгосон албан тушаалтан, түүнийг хууль бусаар бүрдүүлэхэд оролцсон өмгөөлөгч, эрх бүхий албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---