Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 36
2022 оны 03 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 36 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Грек Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Грек Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянааг томилсугай.
2021 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 3-ны өдөр Дугаар 340 хот
Журам шинэчлэн батлах тухай
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2021 оны 340 дүгээр
тогтоолын хавсралт
Нэг.Ерөнхий зүйл
1.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2, 12.4, 12.6, 12.8.4, 12.9-д заасны дагуу иргэн, аж ахуйн нэгжид жижиг зээл олгох, зээлд батлан даалт гаргах, зээлийн хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон тэдгээртэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7-д заасан бусад төсөл, хөтөлбөрийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд энэ журмыг баримтална.
1.3.Энэ журмын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулах, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тэдгээрийг өргөтгөх, ажлын байр шинээр бий болгох, хадгалах боломжийг бүрдүүлэхэд чиглэнэ.
Хоёр.Жижиг зээл олгох
2.1.Ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор жижиг зээлийг тодорхой хугацаатай, хүүтэй, эргэн төлөх нөхцөлтэйгээр хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэн (цаашид “зээл хүсэгч” гэх)-д олгоно.
2.2.Зээл хүсэгч нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан иргэн, аж ахуйн нэгж байх бөгөөд нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн нь байгуулж буй нөхөрлөл, хоршоогоо Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлсэн иргэдийн эрх бүхий төлөөлөгч, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэн нь гадаад улсад суралцахаас бусад зорилгоор ажиллаж, амьдарч байгаад эх орондоо буцаж ирээд 48 хүртэл сар болж байгаа иргэн тус тус байна.
2.3.Зээл хүсэгч нь Өрийн мэдээллийн нэгдсэн сан, Зээлийн мэдээллийн сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй, шүүхийн
шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргүй, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өргүй этгээд байна.
2.4.Зээл хүсэгч дараах баримт бичиг, төслийг аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтанд хүргүүлнэ:
2.4.1.зээл хүссэн өргөдөл (батлагдсан загварын дагуу);
2.4.2.иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
2.4.3.Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй талаарх тодорхойлолт;
2.4.4.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
2.4.5.татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өргүй тухай тодорхойлолт;
2.4.6.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөө аж ахуйг дэмжих санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй тухай тодорхойлолт;
2.4.7.барьцаалах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
2.4.8.ажлын байр нэмэгдүүлэх, хадгалах, үйл ажиллагаагаа өргөтгөх зорилго бүхий доорх шаардлагыг хангасан төсөл:
2.4.8.1.зорилт, хүрэх үр дүн тодорхой байх;
2.4.8.2.ажиллах хүч, техник, тоног төхөөрөмжийн нөөц болон үйл ажиллагаа явуулах ажлын байр, орчныг тооцсон байх;
2.4.8.3.төслийн хүрээнд орон нутгийн онцлог, давуу талд түшиглэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байх;
2.4.8.4.хүсч буй зээлийн мөнгөн дүнгийн 40 болон түүнээс дээш хувьд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
2.4.8.5.төслийн хүрээнд байнгын ажлын байр бий болгож, цаашид хадгалах боломжтой байх.
2.5.Энэ журмын 2.4-т заасан баримт бичгийг төрийн мэдээлэл солилцооны системээс шалгах боломжтой тохиолдолд зээл хүсэгчээс шаардахгүй байж болно.
2.6.Сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан зээл хүсэгчээс ирүүлсэн энэ журмын 2.4-т заасан баримт бичиг, төслийг аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажлын 3 хоногийн дотор цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
2.7.Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын дарга зээл хүсэгчийн баримт бичиг, төслийн бүрдэл шаардлага хангасан эсэхэд урьдчилсан байдлаар дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид “Ажлын хэсэг” гэх)-ийг байгуулна.
2.8.Энэ журмын 2.7-д заасан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тухайн аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, жижиг зээлийг дамжуулан олгох банкны тухайн аймаг, дүүрэг дэх салбарын төлөөлөл болон сүүлийн 3 жилийн турш бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, тухайн орон нутгийн иргэний төлөөлөл (нээлттэй зарласны үндсэн дээр) байна.
2.9.Ажлын хэсэгт орох этгээд нь ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргана.
2.10.Ажлын хэсэг сард 2-оос доошгүй удаа хуралдан зээл хүсэгчийн баримт бичгийг судалж, дүгнэлт гарган аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад тухай бүр хүргүүлнэ.
2.11.Ажлын хэсэг нь зээл хүсэгчийн хүсэлтийн дагуу хэрэгжүүлэх төслийн талаарх мэдээллийг Ажлын хэсэгт биечлэн танилцуулах боломжийг бүрдүүлж, шаардлагатай гэж үзвэл Ажлын хэсгийн хуралдааны үйл явцыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зохион байгуулж болно.
2.12.Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын дарга энэ журмын 2.10-т заасан дүгнэлтийг үндэслэн шаардлага хангасан зээл хүсэгчийн баримт бичиг, төслийг Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн хамт жижиг зээл дамжуулан олгох банкинд цаасан болон цахим хэлбэрээр тухай бүр хүргүүлнэ.
2.13.Банк зээл хүсэгчийн баримт бичиг, төслийг судалж, ажлын 10 хоногт багтаан зээл олгох эсэх талаар эцсийн шийдвэрийг гаргаж, зээлдэгчтэй зээлийн гэрээ байгуулна.
2.14.Банк нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд зээл олгохдоо Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу тухайн нөхөрлөл, хоршоог улсын бүртгэлд бүртгүүлсэн тохиолдолд зээл олгоно.
2.15.Банкнаас жижиг зээл олгох шийдвэр гарсны дараа аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан зээлдэгчид ажлын байр бий болгох, өргөтгөх, тогтвортой хадгалах, санхүүгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх сургалт, уулзалтыг зохион байгуулж, аж ахуйн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллана.
2.16.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг дамжуулан олгох банкийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулах бөгөөд сонгон шалгаруулах ажиллагаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг оролцуулна.
2.17.Жижиг зээлийг дамжуулан олгох банк дараах шаардлагыг хангасан байна:
2.17.1.Монголбанкнаас тогтоосон арилжааны банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, заавал байлгах нөөцийн шаардлагыг сүүлийн 12 сарын хугацаанд хангасан байх;
2.17.2.олгосон зээлийн эрсдэлийг бүрэн хариуцаж, жижиг зээлийг дамжуулан олгох гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг тухайн банкны Монголбанк дахь харилцах данснаас гаргасан байх;
2.17.3.жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс бага байх;
2.17.4.өмнө нь жижиг зээлийг дамжуулан олгох үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан бол гэрээний үүргийн биелэлтийг хангалттай сайн биелүүлсэн байх;
2.17.5.энэ журмын 2.16-д заасан сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгасан бусад шаардлагыг хангасан байх.
2.18.Жижиг зээлийг дамжуулан олгох банкинд тавих бусад шаардлага, түүнийг сонгон шалгаруулах удирдамж, банктай байгуулах гэрээний жишиг загвар, жижиг зээлийн санхүүжилтийг аймаг, дүүрэгт хуваарилах аргачлалыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.19.Сонгон шалгаруулалтаар шалгарсан банктай хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон байгууллага 36 сарын хугацаатай жижиг зээл дамжуулан олгох гэрээ байгуулж, гэрээний дагуу үе шаттайгаар жижиг зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг тухайн банкинд байршуулна.
2.20.Энэ журмын 2.19-д заасан гэрээнд жижиг зээлийн хөрөнгийг банкны дансанд байршуулах, зээл олгох нөхцөл, зээлийн хөрөнгийн үлдэгдлийг эргүүлэн татах хугацаа, талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгасан байна.
2.21.Жижиг зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг банкинд байршуулах хугацааг зөвхөн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт бүрэн, эсхүл хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн тохиолдолд 12 хүртэл сараар сунгаж болно.
2.22.Энэ журмын 2.21-д заасан сунгалтын хугацааг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Засгийн газар тогтооно.
2.23.Жижиг зээлийг зээлдэгчид 36 хүртэл сарын хугацаатай олгох бөгөөд үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа 6 сар байна.
2.24.Жижиг зээлийн хэмжээ нь хувиараа хөдөлмөр эрхлэгч болон малчинд 10.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 25.0 сая хүртэл төгрөг, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид 50.0 сая хүртэл төгрөг байна.
2.25.Зээлийн гэрээг зөрчсөн болон зээлээ төлж дууссан боловч ашиглалтын явцад зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон зээлдэгчид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээлийг дахин олгохгүй.
2.26.Энэ журмын 2.25-д заасан зээлийн гэрээг зөрчсөн болон зээлээ төлж дууссан боловч ашиглалтын явцад зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон баримт, материалыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хөтөлнө.
2.27.Зээлийг ашиглалтын явцад зориулалтын бусаар зарцуулсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон тохиолдолд зээлийг үл маргах журмаар буцаан төлүүлж, учирсан хохирлыг барагдуулна.
Гурав.Жижиг зээлд батлан даалт гаргах
3.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2-т заасан иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зориулалтаар банкны зээл олгох бусад шалгуур үзүүлэлтийг хангасан ч барьцаа хөрөнгийн дутагдалтай зээл хүсэгчийн авч байгаа жижиг зээлд батлан даалт гаргах бөгөөд нэг зээлдэгчид гаргах батлан даалтын хэмжээ түүнд олгох зээлийн 60 хүртэл хувьтай тэнцүү байна. Батлан даалт нь эрсдэлийг бууруулах зорилгоор энэ журмын 3.2-т заасан багцын батлан даалтын гэрээний дагуу зохицуулагдана.
3.2.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 2.16-д заасан банктай “Багцын батлан даалтын гэрээ” байгуулж, жижиг зээлийн багцын батлан даалтын хөрөнгийг банкинд байршуулна.
3.3.Жижиг зээлийн багцын батлан даалтын хөрөнгийн хэмжээ нь банкаар дамжуулан олгох жижиг зээлийн хөрөнгийн эх үүсвэрийн 3 хувиас илүүгүй байна.
3.4.Жижиг зээлийн багцын батлан даалтын хөрөнгийн хувь хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл жил бүр тогтооно.
3.5.Жижиг зээлийн багцын батлан даалтын хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
3.5.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө;
3.5.2.гадаад, дотоодын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн хөрөнгө; 3.5.3.бусад.
3.6.Банк “Багцын батлан даалтын гэрээ”-ний дагуу жижиг зээл авах шалгуур үзүүлэлтийг хангасан, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ажлын байраа хадгалсан, барьцаа хөрөнгийн дутагдалтай зээлдэгчтэй “Батлан даалтын гэрээ” байгуулна.
3.7.Жижиг зээлд батлан даалт гаргах нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлага, батлан даалтын төлбөр төлөх, батлан даалтыг түдгэлзүүлэх, зогсоох, хяналт тавих, тайлагнахтай холбогдсон харилцааг энэ журмын 3.6-д заасан “Батлан даалтын гэрээ”-нд тусган хэрэгжүүлнэ.
3.8.“Батлан даалтын гэрээ”-ний загварыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
Дөрөв.Зээлийн хүүг нөхөн төлөх
4.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.7-д заасан ажил олоход хүндрэлтэй иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд мөн хуулийн 12.4-т заасны дагуу материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг худалдан авахад нь зориулж олгосон жижиг зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө.
4.2.Зээлдэгч нь энэ журмын 4.1-д заасан хүүгийн төлбөрийг нөхөн төлүүлэх хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтанд хүргүүлнэ.
4.3.Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага зээлдэгчийн хүсэлт, зээлийн гэрээ, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг банкинд төлсөн баримт, энэ журмын 4.1-д заасан зориулалтыг нотлох бусад санхүүгийн баримтыг үндэслэн зээлийн хэвийн төлөлттэй зээлдэгчид жижиг зээлийн хүүгийн төлбөрийг улирал тутам нөхөн төлнө.
Тав.Санхүүгийн дэмжлэг үзүүлэх
5.1.Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28.8.2-т заасны дагуу баталсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дараах санхүүгийн дэмжлэг олгоно:
5.1.1.малгүй болон цөөн малтай малчинг малжуулах төсөлд 5.0 сая хүртэл төгрөг;
5.1.2.хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэний төсөлд 10.0 сая хүртэл төгрөг.
5.2.Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7-д заасан төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дараах санхүүгийн дэмжлэг олгоно:
5.2.1.шинэ технологи, инновац бүхий шинэлэг санаачилга гаргаж, аж ахуй эрхлэх төсөл боловсруулсан шилдэг “Старт-Ап” залуу болон залуучуудын багийн төсөлд 10.0-20.0 сая төгрөг;
5.2.2.хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохируулгатай ажлын байр бий болгох хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төсөлд 20.0 сая хүртэл төгрөг;
5.2.3.хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохируулгатай ажлын байр бий болгох ажил олгогчийн төсөлд 30.0 сая хүртэл төгрөг; 5.2.4.бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байр бий болгох төсөлд 50.0 сая хүртэл төгрөг.
5.3.Санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлт дараах нөхцөлтэй байна:
5.3.1.энэ журмын 5.1.2-т заасан төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэрэгжүүлэх бол төсөлд олгосон санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг 50 хүртэл хувиар хөнгөлнө;
5.3.2.энэ журмын 5.2.1-д заасан төсөлд олгосон санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг 100 хүртэл хувиар хөнгөлнө;
5.3.3.энэ журмын 5.2.2-т заасан төсөлд олгосон санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийг 50 хүртэл хувиар хөнгөлнө;
5.3.4.энэ журмын 5.3.1-5.3.3-т зааснаас бусад төсөлд олгосон санхүүгийн дэмжлэг 100 хувь эргэн төлөгдөнө.
5.4.Энэ журмын 5.3-т заасан санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хувь хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл тогтоож, төсөл, хөтөлбөрт тусган батална.
5.5.Санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж дараах баримт бичгийг өөрийн харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтанд, эсхүл энэ журмын 5.4-т дурдсан төсөл, хөтөлбөрт заасан байгууллагад хүргүүлнэ:
5.5.1.санхүүгийн дэмжлэг хүссэн өргөдөл;
5.5.2.иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
5.5.3.холбогдох чиглэлээр боловсруулсан төсөл;
5.5.4.Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөрийн хүрээнд шаардагдах бусад баримт бичиг.
5.6.Энэ журамд заасан эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хугацаа 48 хүртэл сар байх бөгөөд хүн амын бүлгийн онцлог, төслийн үйл ажиллагааг харгалзан эргэн төлөлтийн хугацааг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл тогтооно.
5.7.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага нь санхүүгийн дэмжлэгт хамрагдах этгээдтэй санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулах, тайлан мэдээг гаргах, эргэн төлөлт, хариуцлага, хяналтын асуудлыг тусгасан төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулж, хэрэгжилтийг дүгнэнэ.
5.8.Энэ журамд заасан жижиг зээл авсан зээлдэгчид болон энэ журмын 2.25-д заасан этгээдэд санхүүгийн дэмжлэг олгохгүй.
5.9.Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, тайлан, мэдээг гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, хяналт шалгалт хийлгэхээс татгалзсан тохиолдолд олгосон санхүүгийн дэмжлэгийг хугацаанаас нь өмнө эргүүлэн төлүүлнэ.
5.10.Энэ журмын 5.1, 5.2-т заасан эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг авсан этгээд гэрээнд заасны дагуу санхүүгийн дэмжлэгийг эргэн төлж, хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан бол эргэн төлөлтийг төлж барагдуулснаас хойш 24 сарын дараа дахин санхүүгийн дэмжлэг авч болно.
5.11.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7-д заасан төсөл, хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас тусгайлан зохион байгуулах хөдөлмөрт бэлтгэх, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлийн сургалтын тэтгэлэг болон хувьсах зардалд санхүүгийн дэмжлэг олгож болох бөгөөд түүнийг эргэн төлөх эсэх болон бусад нөхцөл, шаардлагыг тухайн төсөл, хөтөлбөрт тодорхой тусгана.
5.12.Энэ журмын 5.11-д заасан төсөл, хөтөлбөрт хамрагдах иргэнд сургалтын тэтгэлэг хэлбэрээр олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь 1.0 сая хүртэл төгрөг байна.
5.13.Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд шаардагдах богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэг болох барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй 1.0 сая хүртэл төгрөгийг санхүүгийн шинэ технологи (финтек) ашиглан цахим хэлбэрээр дамжуулан олгож болно.
5.14.Энэ журмын 5.13-т заасан богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг банк, санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, тодорхой туршлага бүхий санхүүгийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлнэ.
5.15.Энэ журмын 5.14-т заасан санхүүгийн байгууллагад тавигдах шаардлага, түүнийг сонгон шалгаруулах удирдамж, хамтран ажиллах гэрээний жишиг загвар, санхүүгийн дэмжлэгийн хөрөнгийг аймаг, дүүрэгт хуваарилах аргачлалыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох байгууллагын саналыг авч батална.
5.16.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилсон Ажлын хэсэг холбогдох удирдамжийн хүрээнд богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүгийн дэмжлэгийг дамжуулан олгох байгууллагыг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллийг оролцуулж болно.
Зургаа.Тайлагнал, ил тод байдал, хяналт
6.1.Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага болон бусад холбогдох байгууллага нь олгосон жижиг зээл, гаргасан батлан даалт, нөхөн төлсөн хүүгийн болон үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн тухай мэдээллийг маягтын дагуу гаргаж, сар бүрийн 3-ны өдрийн дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэдээллийг нэгтгэн мөн сарын 10-ны өдрийн дотор хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
6.2.Энэ журмын 6.1-д заасан мэдээллийн маягтын загварыг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
6.3.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 6.1-д заасан мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 17.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухай бүр оруулж, мэдээллийн сан үүсгэж олон нийтэд мэдээлнэ.
6.4.Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, сумын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан улирал тутам нийт зээлдэгчийг хамруулан жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд хяналт хийж, дүн мэдээг тухай бүр хөдөлмөр
эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дүн мэдээг нэгтгэн хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Хяналт хийх үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагын болон иргэдийн бүлгийн төлөөллийг оролцуулж болно.
6.5.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, дамжуулан олгох банк болон зээлдэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой дүрэм, журам, удирдамж, бусад баримт бичиг, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалтыг цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлж, мэдээллийг тогтмол шинэчилнэ.
6.6.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтэд хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, аймаг, дүүргийн салбар зөвлөл хяналт тавьж ажиллана. Шаардлагатай тохиолдолд уг үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагаар хяналт, шалгалт хийлгэж болно.
6.7.Энэ журмын 6.4-6.6-д заасан хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүргийг гэрээ байгуулсан талууд хариуцна.
6.8.Жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын бусаар зарцуулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тохиолдолд олгосон жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг буцаан төлүүлнэ.
6.9.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.10.Жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байна.
6.11.Жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг хууль бусаар ашигласан, эргэн төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн этгээдийн бүртгэл хөтөлж олон нийтэд мэдээлнэ.
---о0о---