Эрдэнэсийн сангийн тухай /Шинэчилсэн найруулга/
2022 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Эрдэнэсийн сан /цаашид “Эрдэнэсийн сан” гэх/-г эрхлэх, бүрдүүлэх, хамгаалах, захиран зарцуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эрдэнэсийн сангийн хууль тогтоомж
2.1.Эрдэнэсийн сангийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль2, Соёлын өвийг хамгаалах тухай хууль3, Ашигт малтмалын тухай хууль4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Валютын зохицуулалт, гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
З дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“эрдэнэс” гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, байгалийн төрцийг;
1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 2Төв банк /Монголбанк/-ны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1996 оны 11 дугаарт нийтлэгдсэн. 3Соёлын өвийг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 23 дугаарт нийтлэгдсэн. 4Ашигт малтмалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2006 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
3.1.2.“үнэт металл” гэж алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг;
3.1.3.“үнэт чулуу” гэж доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ, индранил, сувдыг;
3.1.4.“Эрдэнэсийн сан” гэж төрийн нэрийн өмнөөс Монголбанк эрхэлж, бүрдүүлж, хамгаалж, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа эрдэнэс, түүний дагалдах зүйл, хөрөнгийн хуримтлалыг;
3.1.5.“байгалийн төрц” гэж онцгой чамин дүрс хэлбэртэй, ховор өнгөтэй, байгалийн тогтцоороо олдсон үнэт металл, эрдэнийн чулууг;
3.1.6.“эрдэнийн чулуу” гэж олон улсад хэвшсэн ангиллыг харгалзан эрх бүхий байгууллагаас тодорхойлсон ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг.
4 дүгээр зүйл.Эрдэнэсийн сан, түүний ангилал
4.1.Эрдэнэсийн сан төрийн өмчид байна.
4.2.Эрдэнэсийн санг үндсэн болон гүйлгээ санд хуваана.
4.3.Үндсэн сан байнгын болон байнгын бус хэсгээс бүрдэнэ.
4.4.Үндсэн сангийн байнгын хэсэгт Монгол Улсын хуваагдашгүй өмч болох эрдэнэс байх бөгөөд тэдгээрийг худалдах, шилжүүлэх, захиран зарцуулахыг хориглоно.
4.5.Үндсэн сангийн байнгын бус хэсэгт олон улсын жишгээр цэвэршүүлсэн үнэт металл, засаж өнгөлсөн эрдэнийн чулуу, түүх, соёлын үнэт дурсгалт зүйл, үнэт болон бусад металлаар хийж нөөцөд авсан зоос байна.
4.6.Үндсэн сангийн байнгын хэсэгт байх түүх, соёлын дурсгалт зүйл нь хосгүй үнэт зэрэглэлтэй байна.
4.7.Гүйлгээ санд энэ хуулийн 4.4, 4.5-д зааснаас бусад үйлдвэрлэл, судалгаа, дурсгалын зориулалтаар гүйлгээнд оруулах эрдэнэс хамаарна.
5 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх
5.1.Улсын Их Хурал Эрдэнэсийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.үндсэн сангийн байнгын болон байнгын бус хэсэгт байх эрдэнэсийн нэр төрөл, хэмжээг тогтоох;
5.1.2.Эрдэнэсийн сангийн жилийн орлого, зарлагын хэмжээ болон гүйцэтгэлийн тайланг батлах;
5.1.3.үндсэн сангийн байнгын бус хэсгээс үнэт металл, үнэт чулуу худалдах, худалдан авах шийдвэр гаргах;
5.1.4.олборлосон үнэт металл, үнэт чулууг Эрдэнэсийн санд худалдан авах доод хэмжээг тогтоох;
5.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
6 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх
6.1.Засгийн газар Эрдэнэсийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.Улсын Их Хурлаас тогтоосон хэмжээнд гүйлгээ сангаас үнэт металл, үнэт чулуу худалдах асуудлыг Монголбанктай хамтран шийдвэрлэх;
6.1.2.Монголбанкны хүсэлтийн дагуу түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг Эрдэнэсийн санд шилжүүлэх шийдвэр гаргах;
6.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
7 дугаар зүйл.Монголбанкны бүрэн эрх
7.1.Монголбанк Эрдэнэсийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.Эрдэнэсийн санг эрхлэх;
7.1.2.Эрдэнэсийн сангийн эрдэнэс, хөрөнгийн хөдөлгөөний бүртгэл хийж, төлбөр тооцоог гүйцэтгэх;
7.1.3.энэ хуулийн 5.1.3-т заасан саналыг боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэх;
7.1.4.Эрдэнэсийн санд эрдэнэс худалдан авах, гүйлгээ сангаас эрдэнэс худалдах, арилжих болон үнийг тогтоох;
7.1.5.эрдэнэсийн зах зээлийн үнийн судалгааг гаргах; 7.1.6.үнэт болон бусад металлаар хийсэн дурсгалын зоос гаргах;
7.1.7.Эрдэнэсийн санг эрхлэхтэй холбоотой журам батлах, холбогдох шийдвэр гаргах;
7.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
8 дугаар зүйл.Эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаа
8.1.Эрдэнэсийн санг эрхлэхэд дараах үйл ажиллагаа хамаарна:
8.1.1.худалдах, худалдан авах; 8.1.2.хадгалах, хадгалуулах; 8.1.3.хамгаалах, байршуулах; 8.1.4.нэмэгдүүлэх, зарцуулах; 8.1.5.үйлдвэрлэх, үйлдвэрлүүлэх; 8.1.6.үнэлэх, үнэлүүлэх; 8.1.7.цэвэршүүлэх; 8.1.8.сэргээн засварлах, арчлах; 8.1.9.үзэсгэлэн зохион байгуулах; 8.1.10.мэдээлэх, хэвлэх, нийтлэх, сурталчлах; 8.1.11.бүртгэх, тоолох; 8.1.12.бусад.
9 дүгээр зүйл.Эрдэнэсийн санг эрхлэх нэгж
9.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааг эрхлэх нэгж Монголбанкны бүтцэд байна. 9.2.Монголбанкны Ерөнхийлөгч Эрдэнэсийн санг эрхлэх нэгжийн бүтэц, орон тоо, цалингийн санг Монголбанкны төсөвт багтаан тогтооно.
9.3.Эрдэнэсийн сан нь эрдэнэс худалдан авахад санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлтэй байна.
9.4.Энэ хуулийн 9.3-т заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.
10 дугаар зүйл.Эрдэнэсийн сангийн орлого
10.1.Эрдэнэсийн сангийн орлого нь иргэн, хуулийн этгээдээс төрд худалдсан, бэлэглэсэн, хандивласан болон хууль тогтоомжийн дагуу шилжүүлсэн эрдэнэсээс бүрдэнэ.
11 дүгээр зүйл.Эрдэнэсийн сангийн гүйлгээ сангийн зарлага
11.1.Эрдэнэсийн сангийн гүйлгээ сангаас дараах байдлаар зарлага гаргана:
11.1.1.үнэт металл, эрдэнийн чулуу, зоосыг Монголбанкнаас тогтоосон үнээр худалдах;
11.1.2.үнэт металл, эрдэнийн чулууг засах, цэвэршүүлэх явцад гарсан хорогдлыг хасах.
12 дугаар зүйл.Эрдэнэсийн сангийн бүртгэл
12.1.Монголбанк Эрдэнэсийн сангийн эрдэнэс, бусад хөрөнгийн хувийн хэргийг хөтөлж, Эрдэнэсийн сангийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэнэ.
12.2.Монголбанк Эрдэнэсийн сангийн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, өөрийн санхүүгийн тайланд тусгана.
12.3.Энэ хуулийн 12.1-д заасан бүртгэл, мэдээллийн сангийн журмыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.
13 дугаар зүйл.Эрдэнэсийн хадгалалт
13.1.Эрдэнэсийн чанар байдлыг нь алдагдуулахгүйгээр тусгай зориулалтын байр, саванд хадгална.
13.2.Монголбанк эрдэнэсийг эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хадгалах, түүнтэй холбоотой ажил, үйлчилгээг үзүүлж болно.
14 дүгээр зүйл.Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалт
14.1.Эрдэнэсийн сан төрийн тусгай хамгаалалтад байна.
14.2.Эрдэнэсийн сангийн хамгаалалтыг Монголбанктай байгуулсан гэрээний дагуу Төрийн тусгай хамгаалалтын газар эрхлэн гүйцэтгэнэ.
14.3.Эрдэнэсийн сангаас эрдэнэсийг бусад газар шилжүүлэх, байршуулах, тээвэрлэх ажлыг энэ хуулийн 14.4-т заасан журмын дагуу гүйцэтгэнэ.
14.4.Эрдэнэсийн сангийн тээвэрлэлт, харуул, хамгаалалтын журмыг
Монголбанкны Ерөнхийлөгч болон Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хамтран батална.
15 дугаар зүйл.Хүн, хуулийн этгээд, бусад байгууллагын эрх, үүрэг
15.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт эрдэнэс эзэмшигч хүн, хуулийн этгээд, бусад байгууллага нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэс, тэдгээрээр хийсэн эдлэлийг сорьц тогтоох эрх бүхий хуулийн этгээд, эсхүл сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх үүрэгтэй.
15.2.Хүн, хуулийн этгээд, бусад байгууллага нь эрдэнэсийн санд худалдах болон хадгалуулах эрдэнэсийн үнийг хэлэлцэн тохирох, нэхэмжлэн авах эрхтэй.
15.3.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монголбанкны хүсэлтийн дагуу түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлийн бүртгэл, мэдээллийг гаргаж өгнө.
16 дугаар зүйл.Хяналт шалгалт
16.1.Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаанд Монголбанкны дотоод хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий нэгж, эрх бүхий этгээд хяналт шалгалт хийнэ.
16.2.Монголбанк жил бүр Эрдэнэсийн санд тооллого явуулж, тайланг Улсын Их Хуралд танилцуулна.
17 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
17.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль5, холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
17.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль6, эсхүл Зөрчлийн тухай хуульд7 заасан хариуцлага хүлээлгэнэ.
18 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
18.1.Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
5Төрийн албаны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 01 дугаарт нийтлэгдсэн. 6Эрүүгийн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 07 дугаарт нийтлэгдсэн. 7Зөрчлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 24 дугаарт нийтлэгдсэн.






