Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар /цаашид хамтад нь “Талууд” гэх/ хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр болон БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын уялдааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх зорилгоор тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх үзэл санааг баримтлан, эрх тэгш, харилцан ашигтай хөгжих зарчмын үндсэн дээр “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг /цаашид “хамтын ажиллагааны бүс” гэх/ байгуулахаар тохиролцов.
1 дүгээр зүйл Зорилго
1.1 Талууд Монгол, Хятадын хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг тус тус харилцан уялдаатай хөгжүүлэх, хамтын ажиллагааны бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлснээр Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагааны жишиг бүс болгон хөгжүүлнэ.
2 дугаар зүйл Хамтын ажиллагааны зарчим
Талууд дараах зарчмын үндсэн дээр хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Үүнд: 2.1. Харилцан ашигтай, тэнцвэртэй хөгжих.
Талууд өөрсдийн нөөц боломж, давуу талд тулгуурлан, хоёр талын эдийн засгийн ашиг сонирхлыг харгалзан, хөрөнгө оруулалт болон бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох замаар нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэнэ.