Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай № 67
2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 67 хот
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.4, 114.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 19, 20 дахь илтгэлийг хэлэлцээд хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр дараах асуудалд анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр:
а/Улсын онцгой комиссоос цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хүний эрх, эрх чөлөөнд тодорхой хязгаарлалт хийх аливаа шийдвэр гаргахдаа Хүний эрхийн Үндэсний Комиссоос санал авах, өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, Улсын онцгой комиссын хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг оролцуулж байх;
б/Улсын онцгой комисс болон эрх бүхий байгууллага гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг иргэн, олон нийт, нийгмийн бүлгүүдэд тэгш хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар тайлбарлах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллаж салбар хоорондын ажлын уялдааг сайжруулах;
в/нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, орон нутгийн онцгой комисс болон төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс халдвар авсан иргэнтэй хүнлэг бус харьцах, ялгаварлан гадуурхсан шинжтэй шийдвэрийг гаргаж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг ноцтой зөрчиж байгаа тул уг үйлдлийг таслан зогсоож холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцон ажиллах;