Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/
2021 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино.
2 дугаар зүйл.Хөдөлмөрийн хууль тогтоомж
2.1.Хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ:
2.3.1.энэ хууль; 2.3.2.Монгол Улсын бусад хууль; 2.3.3.захиргааны хэм хэмжээний акт; 2.3.4.салбар, салбар дундын хамтын хэлэлцээр; 2.3.5.хамтын гэрээ; 2.3.6.хөдөлмөрийн гэрээ; 2.3.7.аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ.
2.4.Хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг холбогдох талууд дагаж мөрдөх үүрэгтэй.
1 Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.