Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай № 147
2020 оны 10 дугаар Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 147 хот
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай” Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 350 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2020 оны 147 дугаар тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмийн зорилго нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн эрх, үүрэг, удирдлага, зохион байгуулалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл (цаашид “Үндэсний зөвлөл” гэх) нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, удирдлага, зохицуулалтаар хангах нийгмийн зөвшилцлийн байгууллага мөн. Хоёр. Үндэсний зөвлөлийн баримтлах зарчим
2.1. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
2.1.1. Үндэсний зөвлөлийн шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байх;
2.1.2. Үндэсний зөвлөлийн шийдвэр нь ил тод, нээлттэй байх;
2.1.3. Нийгмийн түншлэлийн болон төр, хувийн хэвшлийн оролцоог хангах;
2.1.4. Үндэсний зөвлөлийн гишүүд нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хувийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
2.1.5. Бие даасан, хараат бус байдлыг хангасан байх.
Гурав. Үндэсний зөвлөлийн эрх, үүрэг
3.1. Үндэсний зөвлөл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 28.8-д заасан бүрэн эрхээс гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих чиглэлээр төрийн захиргааны байгууллагуудад дэмжлэг үзүүлэх;
3.1.2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрийн болон төрийн бус байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллага, иргэдийн санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах;
3.1.3. Хөдөлмөр эрхлэлтийн аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн дүрмийг батлах;
3.1.4. Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
Дөрөв. Үндэсний зөвлөлийн удирдлага, зохион байгуулалт
4.1. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд хуралдааныг гишүүдийн дийлэнх олонх (бүрэлдэхүүний 75-аас доошгүй хувь) нь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно.
4.2. Аливаа асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
4.3. Үндэсний зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Тогтоолд Үндэсний зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
4.4. Үндэсний зөвлөлийн хуралдааны явцад тэмдэглэл хөтөлж, тэмдэглэлд Үндэсний зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
4.5. “Зөвлөлийн хуралдааны дэг”-ийг Үндэсний зөвлөлийн хурлаар баталж мөрдөнө.
4.6. Үндэсний зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга зарлан хуралдуулна.
4.7. Үндэсний зөвлөл нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
4.8. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
4.9. Үндэсний зөвлөлийн ажлын албаны үүргийг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын холбогдох нэгж гүйцэтгэнэ. Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудлыг хариуцсан ажилтан байна.