Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр
Нэг талаас Европын Комиссоор төлөөлүүлсэн Европын Холбоо (цаашид “Комисс” гэх)
Нөгөө талаас Монгол Улсын Сангийн яамаар төлөөлүүлсэн Монгол Улсын Засгийн газар (цаашид “Түншлэгч орон”, хамтад нь “Талууд” гэх) нар дараах зүйлийг тохиролцов:
Энэхүү Ерөнхий хэлэлцээрийн зорилго нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ эсхүл тодорхой хэсэг нь санхүүжих төслүүдэд (цаашид “Төслүүд” гэх) үйлчлэх Түншлэгч орны татварын болон гаалийн зохицуулалтыг тодорхойлоход оршино. Энэхүү хэлэлцээр нь дараах нөхцөлийн хүрээнд зохих журмын дагуу тодорхойлогдоно:
- Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдийн хувьд хөгжлийн төсөл хөтөлбөрүүдтэй холбоотойгоор Түншлэгч орноос бусад орон, олон улсын байгууллагад ногдуулдаг нэн тааламжтай гаалийн тариф, татварын нөхцөл байна. - Түншлэгч орон дээр дурдсан хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд хэрэглэгдэх нэн тааламжтай татвар, гаалийн нөхцөл болон томоохон өөрчлөлтүүдийн тухай Европын Комисст жил бүр мэдээлж байхаар тохиров. - Илүү тааламжтай гэрээний нөхцөл байхгүй тохиолдолд хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд үйлчлэх боломжтой Түншлэгч орны үндэсний нэн тааламжтай хууль тогтоомж.
1) Татвар болон гаалийн зохицуулалт нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс бүхэлдээ эсхүл хэсэгчилсэн санхүүжилтээр Түншлэгч оронд хэрэгжих бүх төслүүдэд үйлчлэх ба гэрээлэгч тал хэн байхаас үл хамааран энэхүү зохицуулалт нь Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж байгаа төслийн бүх гэрээлэгч, тусламж хүлээн авагч, туслан гүйцэтгэгч, түншлэгч, харилцан хамаарал бүхий этгээд болон тусламжийг дамжуулан хүртэж буй этгээдүүдэд мөн хамаарна. Гэрээлэгч тал гэдэгт дараах этгээд хамаарч болно:
- төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч; - тусламжийн хүрээнд хэрэгжих төслийг хэрэгжүүлэх зорилгоор гэрээнд гарын үсэг зурсан тусламж хүлээн авагч; - хувь оруулах тухай хэлэлцээр эсхүл тусламж олгох тухай гэрээнд гарын үсэг зурсан олон улсын байгууллага; - Европын Комисс, эсхүл - Европын Комиссыг төлөөлөх эрх бүхий этгээд.