Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай № 32
2020 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 32 хот
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.
2.Доoр дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:
1/мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хүрээнд хууль, эрх зүйн орчныг Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмжтэй нийцүүлэн боловсронгуй болгох, Монгол Улсын үнэлгээний үр дүнтэй байдлыг дээшлүүлэх зорилгоор олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах, үндэсний хөтөлбөрийг батлах;
2/санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулж, санхүүгийн маргааныг олон улсын шилдэг туршлагад үндэслэн шийдвэрлэх оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
3/санхүүгийн гэрээ, хэлцэлд оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, тэдгээрийн хооронд үүссэн маргааныг шүүхээс богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэх, барьцаалагчийн шаардах эрхийг хангуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулах;
4/банкны салбарын актив хөрөнгийг ангилж, эрсдэлийн сан байгуулж, зарцуулах эрх зүйн зохицуулалтыг олон улсын шилдэг туршлага, зөвлөмж, Монгол Улсын банкны салбарын онцлогт тулгуурлан боловсронгуй болгож, үе шаттайгаар мөрдүүлэх;
5/банк, санхүүгийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэх;
6/олон улсын шилдэг туршлагад үндэслэн орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх;
7/Монгол Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”- ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангах;
8/цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлийн үед импортыг орлох, экспортыг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг идэвхжүүлэхэд чиглэсэн мөнгө, санхүү, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх.
3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолын хавсралт
1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:
1.1.Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулна.
1.2.Банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
1.3.Төв банкны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлж, зах зээлд оролцогчдын хүлээлтийг удирдах зорилгоор олон нийтийг мэдээллээр хангаж ажиллана.
2.Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:
2.1.Санхүүгийн мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарт учирч болзошгүй сөрөг нөлөөг бууруулж, банкны эрсдэл даах чадварыг хадгална.
2.2.Банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг олон улсын стандарт, зөвлөмжид нийцүүлэн сайжруулж, банкны хяналт шалгалт, зохицуулалтын орчныг боловсронгуй болгоно.
2.3.Банк, санхүүгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлнэ.
3.Санхүүгийн захын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд:
3.1.Үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлнэ.
3.2.Төв банкны суурь бүртгэлийн болон дотоод удирдлагын цогц системийг нэвтрүүлж, бүртгэл, удирдлага, хяналт, тайлагналд олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлнэ.
3.3.Санхүүгийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ.



